Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/00549

 

 

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/00549

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02695 дугаар шийдвэртэй, М ХХК-ийн нэхэмжлэлтэй, КТМЗ ХХК-д холбогдох,

7 473 750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүрэнхүү, хариуцагчийн өмгөөлөгч М.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүрэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М ХХК нь өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Болор бизнес төвийн 2 дугаар давхарт байрлах талбайг 5227453 тоот регистрийн дугаартай КТМЗ ХХК-д түрээслүүлж байгаад, гэрээг 2017 онд дуусгавар болгон талууд тооцоо нийлж, түрээслэгч КТМЗ ХХК нь манайд нийт 33 330 000 төгрөгийн түрээсийн төлбөрийн өртэй гарсан. Улмаар төлбөрийг цувуулан төлж, одоо үлдэгдэл болох нийт 14 450 000 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Иймд КТМЗ ХХК-аас төлбөрийн үлдэгдэл 14 450 000 төгрөг, төлбөр төлөгдөөгүй хугацаанд тооцсон алданги 7.225.000 төгрөг буюу нийт 21 675 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгасан.

Шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтыг үндэслэж нэхэмжлэлийн үнийн дүнг ахин тооцоолоход КТМЗ ХХК-тай тооцоо нийлсэнээс хойш цувруулан төлсөөр одоо үлдэгдэл нь 4 982 500 төгрөг төлөгдөөгүй байна.

Талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 4.1-д нэг сарын түрээсийн хэмжээг, 4.4-т түрээслэгч нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 7 хоногийн эхний долоо хоногт багтаан түрээслүүлэгчийн харилцах дансанд хийнэ гэж тус тус тохирсон.

Мөн гэрээний 7.1-д ...Түрээслэгч түрээсийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн 0.3 хувьтай тэнцэх алдангийг түрээслүүлэгчид төлнө... гэж тохирсон тул бид алдангийг тооцож үзэхэд төлөгдөөгүй дүнгээс илүү гарч байсан тул Иргэний хуульд нийцүүлэн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алдангид 2 491 250 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд КТМЗ ХХК-аас үлдэгдэл төлбөрт 4 982 500 төгрөг төлөгдөөгүй байх бөгөөд төлөгдөөгүй хугацааны алданги нь 2 491 250 төгрөг, нийт 7 473 750 төгрөгийг гаргуулан өгнө үү.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Калкюлүс ХХК нь оноосон нэрээ КТМЗ ХХК болгон өөрчилсөн болохыг мэдэж Калкюлүс ХХК-ийг КТМЗ ХХК болгон өөрчлүүлэх хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн.

Хариуцагч нь Фидус аудит ХХК-ийн түрээсийн төлбөрийг хамтатган тооцоо нийлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, учир нь энэ тооцоо нийлсэн баримтад Фидус аудит ХХК гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй бөгөөд захирал нь өөр хүн байдаг, тус тусдаа бие даасан хуулийн этгээдүүд юм гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Баяраа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай К ХХК-нь оноосон нэрээ өөрчилж 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр КТМЗ ХХК болсон нь үнэн. К ХХК нь М ХХК-ийн Болор бизнес төвд 2008 оноос хойш ажлын байр түрээслэн үйл ажиллагаа явуулж ирсэн. 2014 оноос 201, 209 тоот, 46,5 м.кв талбайг 1 м.кв-ийг нь 35.000 төгрөгөөр (НӨАТ орсон), 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 204, 205 тоот, 69 м.кв талбайг 1м.кв-ийг нь 30 000 төгрөгөөр, 2017 оны 6 дугаар сараас эхлэн тус төвийн зөвхөн 204 тоот, 32,5м.кв байрыг түрээслэх болсон.

Хэрэгт авагдсан байгаа 33 330 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл гэдэг нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх К ХХК болон Фидус Аудит ХХК нарын түрээсүүдийн нийт өр төлбөр бөгөөд 17 880 000 төгрөг нь К ХХК -ийн түрээсийн өр юм.

Фидус Аудит ХХК, ККТМЗ ХХК-иуд нь тус тусдаа бие даасан хуулийн этгээдүүд бөгөөд Фидус Аудит ХХК-ийн түрээсийг КТМЗ ХХК төлж байсан нь ч үнэн. Тооцоо нийлсэн гээд байгаа баримт дээрх 33 330 000 төгрөгийн түрээс гэдэг нь энэ 2 компанийн түрээс юмаа. Нэхэмжлэгч өөрөө үүнийг салгаж Фидус аудит ХХК-аас нэхэмжлэх ёстой.

К ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 42 992 500 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөс нийт 50 112 500 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлсөн. Манай компани 2017 оны 9 дүгээр сарын дунд үеэс уг байрнаас нүүж гарсан.

М ХХК нь 2015 оны 2 дугаар сараас хойш 2016 оны 12 дугаар сарыг дуустал 23 сарын түрээсийн төлбөрт 37 432 500 төгрөгийг хүлээн авсан боловч үүнд орсон 3 402 955 төгрөгийн НӨАТатварын падааныг бичиж өгөөгүй, цуглуулсан НӨАТ-аа харьяа татварын албандаа тайлагнахгүй, бид хохирсоор байна.

Иймд КТМЗ ХХК нь М ХХК-д түрээсийн өргүй, НӨАТ-ын авлагатай байгаа, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн тооцоо нийлсэн баримтыг шахалтаар бичиж өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 232 дугаар зүйлийн 232.4. дэх хэсэгт зааснаар КТМЗ ХХК-аас түрээсийн зүйл ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 7 473 750 төгрөгийг гаргуулж М ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч КТМЗ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 134 530 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч  давж заалдах журмаар гаргасан гомдолд:

М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4982500 төгрөгийг хариуцагч КТМЗ ХХК нь бүрэн төлсөн, өр төлбөрийн үлдэгдэлгүй болох нь КТМЗ ХХК болон М ХХК нарын хооронд 2014/10/01-2017/12/31-ний хооронд байгуулсан түрээсийн гэрээ, КТМЗ ХХК-ийн 2015/07/01-2017/09/13-ны хооронд үүссэн түрээсийн төлбөр төлсөн тооцоолол (шүүхэд хариу тайлбарын хамт гарган өгсөн), мөн түрээсийн төлбөр хүлээн авсан Н. Алтанцэцэгийн 2015/01/01-2019/10/01-ний өдрийн дансны хуулгаар тодорхой нотлогдож байхад анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтыг хуулийн дагуу зохих ёсоор нягтлан шалгаагүй, үнэлж дүгнээгүй.

Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч М ХХК, хариуцагч КТМЗ ХХК нар нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тооцоо нийлж түрээсийн төлбөрийн үлдэгдэл 33000000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцож баримт үйлдсэн байна гэсэн нь хуульд нийцээгүй.

Учир нь энэ бичгээр нэхэмжлэгч М ХХК болон КТМЗ ХХК нарыг харилцан тохиролцсон гэж үзэхэд учир дутагдалтай, КТМЗ ХХК нь тухайн үед Моба ХХК-д тийм өртэй байсан нь хэрэгт цугларсан бусад баримтаар нотлогдоогүй тул энэ албан бичгээр хоёр байгууллагын хооронд тооцоо нийлсэн гэж үзэх үндэслэлгүй гэх бөгөөд 33000000 төгрөгийг түрээсийн үлдэгдэл гэдэгт хэднээс хэдний хугацааны түрээсийн үлдэгдэл болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, үүнийг тогтоогоогүй.

Хариуцагч удаа дараа шүүхэд өгсөн тайлбартаа нэхэмжлэгч М ХХК-д Фидус аудит ХХК-ийн түрээсийг төлбөрийг өмнөөс нь төлж байсан талаар тайлбарлаж, Фидус аудит ХХК-ийн түрээсийн гэрээ хэрэгт авагдсан, тус компанийн гэрээний дагуу түрээсийн төлбөрөө бие даан төлсөн эсэх нь тогтоогдоогүй байхад Фидус аудит ХХК-ийн төлөөгүй түрээсийн төлбөрийг КТМЗ ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм.

Тухайлбал анхан шатны энэхүү буруу шийдвэрээр КТМЗ ХХК нь Фидус аудит ХХК-ийн өмнөөс М ХХК-д түрээсийн төлбөр төлсөний үр дагаварыг Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй болгож байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

Анхан шатны шүүх М ХХК-ийн нэхэмжилж буй түрээсийн төлбөрийн үлдэгдэл гэх 4 982 500 төгрөгийн шаардлагад тусдаа хуулийн этгээдийн төлөх Фидус аудит ХХК-ийн түрээсийн төлбөр орсон эсэхийг нягталж шалгаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Түрээсийн гэрээнүүдийг М ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Алтанцэцэг хийсэн байх бөгөөд ... /шийдвэрийн 4 дэр талд/ гэсэн нь хууль болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй, учир дутагдалтай дүгнэлт болсон.

Учир нь хэрэгт авагдсан Моба ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш Н.Алтанцэцэг нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болохыг шүүх анхаараагүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн, 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байгуулсан гэх түрээсийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйл, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг шүүх хянаж шалгаагүй.

Анхан шатны шүүх хариуцагч КТМЗ ХХК-аас 4 982 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Моба ХХК-тай хэдийд байгуулсан ямар түрээсийн гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөр болохыг тогтоогоогүй, мөн хэзээнээс эхлэн алдангийг тооцсон нь тодорхой бус байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч КТМЗ ХХК холбогдуулан түрээсийн төлбөр 4 982 500 төгрөг, анз 2 491 250 төгрөг нийт 7 473 750 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд ажлын талбай түрээслүүлэх гэрээний харилцаатай байсан бөгөөд хариуцагч түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаад гэрээний хугацаа дуусгавар болж уг байрыг 2017 оны 9 дүгээр сарын 15-нд хүлээлгэн өгсөн, гэрээг бичгээр гэрээ байгуулсан, гэрээнд анзын талаар тохиролцсон, хариуцагч түрээсийн төлбөрт 33 330 000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тооцооны баримтыг үйлдсэн, уг тооцооны баримт үйлдсэн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 28 347 500 төгрөг төлж одоо 4 982 500 төгрөг үлдээд байгаад талууд маргаангүй.

Гагцхүү хариуцагч дээрх 33 330 000 төгрөгийн тооцоо дотор Фидус ХХК-ийн түрээсийн өр орж тооцогдсон, тооцооны үлдэгдэл гэх баримтад нэхэмжлэгч хүчээр гарын үсэг зуруулсан, уг 33 330 000 төгрөгийн өр хэдийнээс хэдий хугацаанд хамаарах өр болох нь тодорхойгүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Хариуцагч нь хэргийн 5 дугаар талд өөрийн хүсэл зоригийг тодорхой илэрхийлж түрээсийн төлбөрийн тооцоо, түүний үлдэгдлийг төлөхөө илэрхийлсэн, мөн хугацааг тохирч хэрэв хугацаа хэтрүүлвэл анз тооцохыг хүлээн зөвшөөрсөн байна. Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн. Хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээх тул эд хөрөнгө ашигласны хөлс 4 982 500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Талууд гэрээндээ анзын талаар бичгээр тохиролцсон. Хариуцагч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн тул 4 982 500 төгрөгийн үүргийн 50 хувиар анз тооцсоныг мөн буруутгах боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02695 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч КТМЗ ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ш.ОЮУНХАНД