Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 130/ШШ2017/00548

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Т сумын 5 дугаар оршин суух, Ш овогт Т.Ш-ы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Т сумын Улаантуг нэгдэлд 1966 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1971 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

Хүсэлт гаргагч Т.Ш шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Т сумын Улаан туг нэгдэлд саальчнаар 1966 оны 01-р сарын 01-нээс 1971 оны 09-р сарын 30-ныг хүртэл ажилласан. Тухайн үеийн Хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал байгаа боловч Архивын лавлагаагаар гараагүй болно. Иймд Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний Т сумын Улаантуг нэгдэлд 1966 оны 01-р сарын 01-нээс 1971 оны 09-р сарын 30-ныг хүртэл нийт 5 жил 9 сар ажилласныг минь тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Т.Ш нь 60 нас хүрсэн эмэгтэй, 1966-1971 оны хооронд Т сумын Улаантуг нэгдэлд ажиллаж байсан ба тухайн үед ажилласан жилийг шүүхийн журмаар тогтоолгохоор хүсэлт гаргасан байгаа. Хүсэлтэд тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, авч байсан сайшаал, шагналуудыг хавсаргасан байгаа. Одоо хүүхдүүдийн хамт амьдарч байгаа бөгөөд бидний зүгээс ажилласан жилийн нотлох бүх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.Шерияздан нь Б аймгийн Т сумын Улаантуг нэгдэлд 1966 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1971 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Т.Шерияздан нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүсэж шүүхэд Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 506 дугаартай архивын лавлагаа, 869 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Т сумын Улаантуг нэгдлийн захиргаанаас 1969 оны 5 дугаар сарын 01-ний өдөр олгосон Сайшаалын үнэмлэхийн хуулбар, Т сумын Улаантуг нэгдлийн захиргаанаас 1967 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон баярын бичгийн хуулбар, Т сумын 1 дүгээр багийн иргэн С.Береке, Ш.Калихан, 6 дугаар багийн иргэн Т.Хатипа нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтыг гаргаж өгчээ.

Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 506 дугаартай архивын лавлагаанд Т сумын Улаан туг нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны 1971 оноос өмнөх баримтыг архивт шилжүүлээгүй тул иргэн Т.Шериязданд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй байна гэжээ.

Хүсэлт гаргагч өөрийн шаардлагаа үндэслэж байгаа хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн талаар тайлбарлаж байгаа байдал нь хоорондоо зөрүүтэй, мөн хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн С.Береке, Ш.Калихан, Т.Хатипа нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод дурьдсан үйл баримт бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Мөн хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн С.Береке, Ш.Калихан, Т.Хатипа нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод Т.Шерияздан нь чухам хэдээс хэдэн оны хооронд ямар хугацаагаар ямар ажил эрхэлж байсан талаар зөрүүтэй бичигдсэн, нотлох баримтын эх сурвалжийг зааж чадаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Т.Шерияздан нь шүүхэд 1966 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг гаргаж өгсөн ба уг хөдөлмөрийн дэвтэрт 1. 1966.01.01 Улаантуг нэгдлийн 4-р бригадад төлчин саальчнаар томилов гэж бичилт хийгдсэн бөгөөд ажлаас чухам хэзээ чөлөөлөгдсөн талаар бичилт хийгдээгүй, 1971 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл ажилласан хоног, авсан хөлсний талаар бичилт хийгдсэнээс харахад хүсэлт гаргагч Т.Шерияздан нь Б аймгийн Т сумын Улаантуг нэгдэлд 1966 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1971 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлчин, саальчнаар тасралтгүй ажиллаж байсан гэж дүгнэх боломжгүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолгоо гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Хүсэлт гаргагч Ш овогт Т.Ш- нь БЙ51052903 регистрийн дугаартай, 1951 оны 05 сарын 29-ний өдөр төрсөн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтэрт /төрсөн он 1951 он/ бичигдсэн бичилтээр тогтоогдох бөгөөд хүсэлт гаргагч Т.Шериязан нь 15 насанд хөдөлмөр эрхэлж байсан гэдэг нь эргэлзээтэй байна. Учир нь, тухайн үед 16 насанд хүрсэн иргэн хөдөлмөрлөх эрхтэй байсан.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүргээ биелүүлж ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно.

Хүсэлт гаргагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Т сумын Улаантуг нэгдлийн захиргаанаас 1969 оны 5 дугаар сарын 01-ний өдөр олгосон Сайшаалын үнэмлэхийн хуулбар, Т сумын Улаантуг нэгдлийн захиргаанаас 1967 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон баярын бичгийн хуулбараас үзэхэд ямар нэгэн тамга тэмдэг дарагдаагүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.

Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул үйл явдлыг тогтоох нотолгоо гэж үзэх боломжгүй байна.

Иймд хүсэлт гаргагч Т.Шериязданы Б аймгийн Т сумын Улаантуг нэгдэлд 1966 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1971 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Т.Ш-ы Б аймгийн Т сумын Улаантуг нэгдэлд 1966 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1971 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Т.Шериязданы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН