Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2017/00119

 

    Ш-ын хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 548 дугаар шийдвэртэй, Ш-ын хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.С, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Т сумын Улаантуг нэгдэлд 1966 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1971 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

Хүсэлтийн агуулга:” Миний бие Т сумын Улаан туг нэгдэлд саальчнаар 1966 оны 01 дүгээр сарын 01-нээс 1971 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл ажилласан. Тухайн үеийн Хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал байгаа боловч Архивын лавлагаагаар гараагүй болно. Иймд Нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний Т сумын Улаантуг нэгдэлд 1966 оны 01 дүгээр сарын 01-нээс 1971 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл нийт 5 жил 9 сар ажилласныг минь тогтоож өгнө үү.” гэжээ. 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 548 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч “Ш-ын Б аймгийн Т сумын Улаантуг нэгдэлд 1966 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1971 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Б аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суудаг, Ш-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С би нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 548 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Ш нь Т сумын “Улаан туг” нэгдэлд саальчнаар 1966 оны 01 дүгээр сарын 01-нээс 1971 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл ажилласан нь Б аймгийн Засаг даргын газрын Архивийн тасгийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 506 тоот лавлагаа, тэр үед хамт ажиллаж байсан Б, К, Х нарын нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтууд, 1966 оны 01 дүгээр сарын 01-нд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн цалин хөлсний жагсаалт, нэхэмжпэгч Ш-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон юм. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ” гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 548 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, хүсэлт гаргагч Ш-ын улсад ажилласан байдлыг тогтоолгохоор гаргасан хүсэлтийг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Анхан шатны шүүх Ш-ын хүсэлттэй, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт авагдсан баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй учир шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. 

Хүсэлт гаргагч Ш нь Б аймгийн Т сумын Улаантуг нэгдэлд 1966 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1971 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч анхан шатны шүүхэд Б, Х, К нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн боловч шүүх эдгээр иргэдээс гэрчийн мэдүүлэг аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д заасан агуулгад нийцээгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн “Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр”-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бусад нотлох баримтуудтай харьцуулж хэрхэн үнэлсэн талаарх үндэслэлээ шүүхийн шийдвэрийн үндэслэлд дүгнээгүй нь мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй байна. 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 1969 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Сайшаалын үнэмлэхийн хуулбар,  1967 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Баярын бичгийн хуулбарууд ямар нэгэн тамга дарагдаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Уг баримтуудын эх хувийг шүүх нотлох баримтаар шаардаж аваагүй, 1967 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Баярын бичгийн хуулбарт Улаан туг нэгдлийн тамга дарагдсан байхад харьцуулж үзэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон уг үйл баримтыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэхгүйгээр хэрэгт хамааралгүй талаас нь үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцсэн гэж үзэх боломжгүй юм. 

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Хуульд зааснаар Ш-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, буцаан олгох нь зүйтэй байна. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5,- д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 548 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2,-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

Д.КӨБЕШ