Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2018/00868

 

 

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2018/00868

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажлын байр /бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн/-аар хангахыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацаа 2016.10.01-нээс 2017.07.26-ны хүртэл 9 сар, 14 хоногийн цалин хөлс 14 743 739.4 төгрөг, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй саатуулсан хугацааны алданги 5 956 911.8 төгрөг, нийт 20 700 651.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, түүний өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж, Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Иргэн М.Э нь 2013 оны 6 сарын 19-ний өдрөөс СХХК-ийн Бизнес хөгжүүлэлтийн алба, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтэст урьдчилсан төлбөрт үйлчилгээ болон Скай лояалти үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Ингээд тасралтгүй ажиллаж байгаад 2015 оны 3 сарын 16-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралтаа авч, мөн өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөг хамтад нь авсан. Улмаар 2016 оны 10 сарын 1-нээс ажилдаа орох өргөдлийг байгууллагын дотоод журмын дагуу нэг сарын өмнө буюу 2016 оны 8 сарын 23-ны өдөр ажил олгогч байгууллагадаа бичгээр гаргаж, өөрийн биеэр аваачиж өгсөн. Өргөдөл өгснөөс хойш нэг сар гаруй хугацааны дараа буюу 2016 оны 9 сарын 28-ны өдөр Бизнес хөгжүүлэлтийн албаны захирал н.А, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн менежер н.Снартай ажлын ярилцлаганд ороход А захирал Манайд ийм гэр бүлтэй хүн хэрэгтэй. Наад зах нь хүүхдийн цэцэрлэг дээр камерь суурилуулахад хүүхэдтэй хүн туршлагатай хэрэгтэй байдаг. Бүтээгэдхүүн хөгжүүлэхэд зах зээлийг арай өөр өнцгөөс харна. Ийм хүн манай багт хэрэгтэй. Чиний удирдлага Сучраас Сэцсийн шийдвэр гаргана гэж хэлсэн. Ингээд ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид эргэж хариу өгөхөөр болсон. Энэ өдөрөс хойш ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчтэй дахин холбогдохгүй байсан учир 14 хоног хүлээсний эцэст хүний нөөцийн мэргэжилтэн Н утсаар холбогдоход өмнөх ажлын байранд буцаан авахаас татгалзсан хариу авсан. Нинжбадгар нь М.Эт хандаж хэлэхдээ А захирал нь доорхи гурван шалтгаануудын улмаас М.Эийг ажилд авах болосжгүй гэж хэлсэн. Үүнд: 18 цагаас хойш буюу шөнийн цагаар ажиллаж чадахгүй, шөнө оройн цагаар хийгдэх тестэнд байнга оролцож чадахгүй, хамт ажиллаж байсан ажилтгууд тушаал дэвшсэн, удирдлаган доор нь ажиллахад эхний үед хүндрэлтэй гэсэн.

Дараа нь нэхэмжлэгч 2016 оны 10 сарын ёүүлчээр А захиралтай уулзая гэхэд уулзахгүй гэсэн. Ингээд 2016 оны 11 сарын 20-иор дахин хүний нөөцийн албаны захирал байсан Т уулзахад Би ажлаа хүлээлгэж өгч байгаа миний оронд хуулийн хүн ирж байгаа. Хуулийн хүн чиний асуудлыг шийдээд өгчих байха. Чи түр хүлээ бай. Нинжбадгартай холбоотой байгаарай гэсэн. Мөн өдөр хүний нөөцийн менежер Солонготой уулзаж Миний асуудлыг шийдээд өгөөрэй гэхэд Би дөнгөж өнөөдөр ажилдаа орж байгаа материалтай чинь танилцаж амжаагүй байна би анхааралдаа авчихья гэж хэлсэн. Үүний дараа 2016 оны 12 сарын дундуур нүний нөөц Нинжбадгартай утсаар ярихад Одоо удахгүй оны дараа 1 сард том хэмжээний цомхотгол болно, холио солио хөдөлгөөн гарна. Түр хүлээж байгаарай. Хөдөлгөөн дууссаны дараа өөриян чинь асуудал шийдэгдэх байх гэж хэлсэн. Улмаар он гарч 2017 оны 1 сард нэхэмжлэгч рүү холбоо бариагүй тул 2017 оны 1 сарын сүүлээр нэхэмжлэгч нь Н дахин холбогдоход Яанаа уучлаарай би өөрөө ажлаас халагдсан чиний материалыг хүний нөөцийн менежер Солонгод хүлээлгэж өгсөн ажлаасаа гарсан тул мэдэх юм байхгүй болсон. Асуудал чинь шийдэгдэхгүй байгаа бол явдаг газраар нь яваад шийдүүлчих гэж хэлсэн. Ингээд ажил олгогчтойгоо холбогдох уулзах гэсэн боловч огт хариу өгөхгүй, ажлын байраар хангахгүй байсан. Ингэж байгаад 2017 оны 4 сарын 10-аар Солонго менежер нэхэмжлэгч рүү утсаар ярьж Теди төв дотор байрладаг байгууллагын борлуулалт үйлчилгээний албаны Бгэх захиралтай одоо 30 минутын дотор уулзаадах хурдан хүрээд ир гэж байна гэж хэлснийх нь дагуу Бзахиралтай очиж уулзсан. Бзахиралтай ярилцлаганд ороход тэрээр ийм боловсролтой хүн манайд ороод ажиллахад таатай байна. Нэг сургууль ч төгссөн юм байна. Тэгэхээр чи борлуулалтын шинжээчийг дор нь хийчихнэ. Цалин хөлс нь хуучнаараа байна. Би чамтай хамт ажиллаж болж байна гээд Солонго менежерт хэлчихье. С менежер хэзээнээс ажиллахыг чинь шийдэх байх. Манайд хүн бол яаралтай хэрэгтэй байгаа гэсэн. Үүний дараа хүний нөөцөөс эргэж хариу өгөөгүй тул нэхэмжлэгч өөрийн биеэр 2017 оны 5 сарын эхээр СХХК-ийн төв байранд очиж хүний нөөц хууль эрх зүйн албаны захирал Ө.Жтэй уулзаж бүх процессоо эхнээс нь ярьсан. Тэгэхэд Ө.Ж Өөрийн харьяалагдаж байгаа албаны захирал Цуулзах хэрэгтэй. Би уулзуулж өгье. Та бол хуулиар хамгаалагдсан хүн, бид ажлын байраар хангах ёстой. Энэ долоо хоногтоо багтааж энэ асуудлыг чинь нэг тийш нь шийдэж өгье гэж хэлсэн. Нэхэмжлэгчээс миний асуудлыг хурдан шийдүүлэхгүй бол надад хэцүү байна. Хуулиараа бол би өмнөх хугацааны цалингаа авах эрхтэй юм байна лээ гэхэд Жамбалсүрэн Хувь хүний хандлага орсон юм шиг байна. Сарнайгийн шийдээр л явчихаж. Доор ажиллаж байгаа ажилтнуудын гаргасан шийдвэр байна. Тэрнээс биш гүйцэтгэх захирал бол мэдээгүй явж байгаа, түүний шийдвэр биш шүү. Гүйцэтгэх захирлын шийдвэр гарч байж компанийг төлөөлсөн шийдвэр болно. Нөхөж цалин олгох шийдвэр гарвал тэр цалинг чинь Сл авна даа гэж хэлсэн. Улмаар нэхэмжлэгч нь СХХК-ийн маркетингийн албаны захирал Ц2017 оны 5 сарын 23-ны өдөр биечлэн уулзсан бөгөөд ЦЧиний харицаж байсан үйлчилгээнүүд намайг авахад алдагдал ихтэй, буруу шийдвьэр их гаргасан байсан. Тэгэхээр өөртэй чинь уулзах сонирхол байгаагүй. Ийм том гэдэстэй юм чинь нааш цааш нь явуулаад яахав. Манай дээр скай медиа үйлчилгээ байна. Түүнд орон тоо суларсан хүн байхгүй байгаа. Контент үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн ажлын байран дээр хүн хэрэгтэй байгаа.5 сарын 29-нд ажлын төлөвлөгөөг чинь гаргая. Би тэр өдөр чам руу ярья гэж хэлсэн. Ингээд ажил олгогч байгууллагын зүгээс урьд нь ажиллаж байсан ажлын байрнаас өөр ажлын байран дээр ажиллах саналыг тавьсан. Гэвч 5 сарын 29-ны өдөр утсаар яриагүй тул нэхэмжлэгч 5 сарын 30-ны өдөр Цруу залгахад утсаа аваагүй. Үүний дараа 2017 оны 6 сарын 5-ны өдөр СХХК-ийн хүний нөөц, хууль эрх зүйн албаны менежер Солонго нэхэмжлэгчтэй утсаар холбогдож санал болгож байгаа сүүлийн ажлын байран дээр гэрээр ажиллавал үндсэн цалингийн 70 хувь, оффис дээр ажиллавал үндсэн цалинг бүтнээр авах боломжтой гэж хэлсэн. 2017 оны 6 сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс ажил олгогч байгууллагынхаа хөдөлмөрийн маргаан таслах комисст урьдчилан хандаагүй байна гээд тус шүүх 2017.06.23-ны өдрийн 09319 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шүүгчийн энэхүү захирамжид заасны дагуу 2017 оны 7 сарын 4-ний өдөр СХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан бөгөөд 2017 оны 7 сарын 20-нд СХХК-ийн Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Жгээс Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хариуг гаргасан дээрх гомдлын хариуг авсан. Тухайн комиссын хариуг нэхэмжлэгч доорхи шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. СХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22-р тогтоолоор компанийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байрыг цомхотгосон гэж хариунд дурдсан. Нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад анх 2016 оны 8 сарын 23-ны өдөр ажилдаа эргэж орох хүсэлтээ ажил олгогчдоо өгөх үед цомхотгол хийгдээгүй байсан. Мөн 2016 оны 09 сарын 28-ны өдөр ажил олгогчийн төлөөлөлтэй уулзаж ажилдаа буцаж орох боломжтой гэж мэдэгдсэн үед ч мөн адил цомхотгол хийгдээгүй ажлын байр хэвээр байсан. Ажил олгогчийн зүгээс ажилтныг ажилд нь эргүүлж авах үүргээ биелүүлээгүй учраас энэхүү цомхотгол гэж яриад байгаа асуудал нэхэмжлэгчид хамааралгүй. Мөн цомхотгол болж нэхэмжлэгчийн өмнөх ажлын байрыг цомхотгосон тухай нэхэмжлэгчид өмнө нь мэдэгдэж байгаагүй ба 2019.07.19-ний өдөр хариу өгч мэдэгдэж байгаа нь нэхэмжлэгчийг хохироож байна.

2. Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байрыг цомхотгосон гэх боловч СХХК-ийн урьдчилсан төлбөрт болон дараа төлбөрт үйлчилгээ нь зах зээлд хэрэглэгчдэдээ хүрсээр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эдгээр үйлчилгээг хариуцан ажиллах хүний тоо хасагдах эсхүл цөөрөх бус харин ч эсэргээрээ нэмэгдсэн байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгчийг жирэмсэн гэдэг шалтгаанаар байгууллагын зүгээс дур мэдэн хуучин ажлын байрыг өөрчилж, цалингийн хэмжээг бууруулж, өөрчлөн санал болгон тулгах нь хөдөлмөрийн тухай хууль тогтоомжинд илт нийцэхгүй.

4. 2016 оны 8 сарын 23-ны өдөр ажилд буцаан орох өргөдлөө өгснөөс хойш өдийг хүртэлх хугацаанд ажил олгогчийн зүгээс хууль зөрчиж нэхэмжлэгчийг өмнөх ажлын байран дээр нь ажиллуулахгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ийнхүү ажил олгогч СХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4 дэх заалтыг зөрчиж байгаа ба ажил олгогчийн удирдлага, холбогдох албан тушаалтан, ажилтнууд нь зохион байгуулалтгүй, хууль зөрчсөн үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажлын байраараа хангагдаж чадахгүй, ажлын байран дээр авах ёстой цалин хөлсөө авч чадахгүйд хүрч, эрх ашиг нь ноцтой зөрчигдөж байна. Нэхэмжлэгч М.Э нь жирэмсэн бөгөөд ажлын байраараа хангагдаагүйгээс байнгын цалин хөлс орлогогүй маш хүнд байдалд орж хохирсон.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс 1. Урьд эрхэлж байсан ажлын байр (Урьдчилсан төлбөрт үйлчилгээ болон С үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн)-аар хангахыг СХХК-д даалгах,

2. 2016 оны 10 сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэлх нийт 9 сарын 14 хоногт хамаарах хугацааны цалин хөлс болох 14 743 739.4 төгрөг, цалин хөлсийг хугацаандаа олгоогүй, саатуулсан хугацааны алданги 5 956 911.8 төгрөг, нийт 10 700 651.2 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагын эхний хэсэг болох урьд эрхэлж байсан ажлын байрны нэршил өөрчлөгдсөн байх тул Бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байраар хангахыг даалгахаар өөрчлөн тодруулж байна. Бусад нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа тул бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч СХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Э нь анх СХХК-д гүйцэтгэх захирлын 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б-444 тоот тушаалаар Маркетинг борлуулалт үйлчилгээний газрын Маркетингийн албаны Сурталчилгаа олон нийттэй харилцах хэлтсийн Сувгийн сурталчилгаа хөгжүүлэлтийн мэргэжилтний албан тушаалд оросн бөгөөд гүйцэтгэх захирлын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б-740 тоот тушаалаар мөн албаны Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдсон. Ийнхүү ажиллаж байгаад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр мөн оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны урт хугацааны амралт авах тухай хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд түүний хүсэлтийн дагуу гүйцэтгэх захирлын 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б-291 тоот тушаалаар нэхэмжлэгчид 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө олгосон. Уг тушаал гарах үед гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А-717 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Скомпанийн бүтэц зохион байгуулалтын дагуу Маркетинг борлуулалт үйлчилгээний газрын Бизнес хөгжүүлэлтийн албаны Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн Бүтээгдэхүүн үйлчилгээ, брэндинг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Түүнийг ажиллаж байх хугацаанд буюу жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Маркетингийн газарт 1. Гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А-717 тоот тушаалаар компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталж, мөн тушаалын дагуу гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-741 тоот тушаалаар Маркетинг борлуулалт газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн.

2. Гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-807 тоот тушаалаар Маркетингийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн.

3. Гүйцэтгэх захирлын 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А-39 тоот тушаалаар Маркетингийн газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг шинэчлэн баталсан.

4. Гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А-658 тоот тушаалаар С үйлчилгээг зогсоосон. Ингэснээр нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан гэх С үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байр үгүй болсон.

5. Компанийн ТУЗ-ийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 тоот тогтоолоор Компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Үүний дагуу гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А-33 тоот тушаалаар Маркетингийн газрын бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, орон тоо, томилгоог шинэчлэн баталсан. Компанийн хэмжээнд бүтцийн оновчлол хийгдэхтэй холбоотойгоор БХА-ны Лояалти хэлтсийг татан буулгасан. Нийт орон тоо 38-аас 30 болж буурсан. Мобайл бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтэст орон тоо 7-оор бталсан. Сул орон тоо байхгүй. Иймд М.Эийн урьд нь эрхэлж байсан ажлын байр гэх Урьдчилсан төлбөрт үйлчилгээ болон С үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-ний ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй.

Манайхаас гаргасан бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн талаархи баримттай нэхэмжлэгч тал танилцсаны үндсэн дээр өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж урьд эрхэлж байсан ажлын байр Бүтээгдэхүүн, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-ээр хангахыг даалгуулах болгосон байна. Нэхэмжлэгчийн гаргасан энэхүү шаардлагыг манайх хүлээн зөвшөөрч байгаа, харин ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 01-нээс ажилдаа орох өргөдлөө 8 дугаар сарын 23-ны өдөр бичгээр гаргаж, компанид өөрийн биеэр аваачиж өгсөн гэдэг. Гэвч түүний өргөдөл компанийн ирсэн бичиг баримтын бүртгэлд байхгүй, мөн түүний хувийн хэрэгт хадгалагдаагүй байна. М.Э 9 дүгээр сарын 28-ны өдөр Бизнес хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Г.Амарчингүн, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн менежер н.Снартай уулзсаны дагуу ажил олгогчийн зүгээс эргэж хариу өгөхөөр болсон гэснээс үзэхэд нэхэмжлэгч ажил олгогчийг төлөөлөх эрхгүй этгээдүүдийг ажил олгогч гэж ойлгосон байна. Зүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.6-д ажил олгогчийн төлөөлөгч гэж аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага-ыг ойлгохоор заасан бөгөөд энэ нь Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар гүйцэтгэх удирдлага болно. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2-т заасны дагуу ажил олгогчид хүсэл зоригоо илэрхийлсэн эсэх нь тогтоогдохгүй байгаа учир ажил олгогчид нэхэмжлэгчийг ажилд нь авах үүрэг үүсээгүй. Харин 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Ж миний бие компанийн төв байранд нэхэмжлэгчтэй анх удаа биечлэн уулзах үед түүний хүүхэд асрах чөлөөгөө дуусган үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг хүлээн авч, Маркетингийн газрын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны Контент менежмент guad play хэлтэст нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилтай ойролцоо түвшний өөр ажлын байр санал болгосон. Гэвч нэхэмжлэгч чөлөөтөй байх хугацаанд дахин жирэмсэлсэн тухайгаа 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр надад утсаар мэдэгдсэн тул холбогдох удирдлагуудтайгаа дахин ярилцаад нэхэмжлэгчийн нөхцөл байдлын хүндэтгэн үзэж дараах 2 саналыг тавьсан. Үүнд: 1. Хоёр дахь удаагийн жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөгөө авах хүртэл хугацаанд санал болгосон ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах,

2. Ажил үүргээ компанийн ажлын байранд бус гэртээ гүйцэтгэх, энэ тохиолдолд үндсэн цалингийн 70 хувиар цалинжуулах.

Гэвч нэхэмжлэгч нь дээрх саналд хариу өгөхгүй байсаар 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр саналыг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа бичгээр ирүүлсэн. Үүний дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж миний бие 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/6300 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хариу өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажил олгогчийн зүгээс олгох үүрэгтэй. Гэтэл ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас халаагүй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хууль тогтомжийн дагуу түүний хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь жирэмсний болон хүүхэд асрах чөлөөгөө дуусган 2016 оны 8 сарын 23-ны өдөр ажил олгогчид өргөдлөө өгсөн гэж маргадаг боловч 2017 оны 4 сарын 25-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ж надтай анх удаа биечлэн уулзсан. Мөн шүүхэд 2017 оны 7 сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас үзэхэд дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгааг шүүх харгалзан үзэх нь зүйтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч СХХК-д холбогдуулан, урьд эрхэлж байсан ажлын байрны нэршил өөрчлөгдсөн тул Бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байраар хангахыг даалгаж, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 9 сарын 14 хоногт хамаарах хугацааны цалин хөлс 14 743 739.4 төгрөг, цалин хөлсийг хугацаандаа олгоогүй, саатуулсан хугацааны алданги 5 956 911.8 төгрөг, нийт 20 700 651.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн төлөөлөгч нар нь иргэн М.Этэй хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, түүний нэхэмжлэлийн шаардлагын урьд ажиллаж байсан ажлын байраар хангах үүрэг хуулиараа бидэнд олгогдсон, түүнийг ажлаас халаагүй, ажлын байр санал болгоход өөрөө ажлаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тус харьяаллын дагуу шийдвэрлэнэ мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэсэн хуульд заасан хугацааны дотор харьяаллын дагуу гомдлоо гаргасан байх тул шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргадаг боловч хэрэгт цугларсан бичгийн баримтууд, хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгч буюу ажилтан М.Эийг ажлын байраар хангаагүй эс үйлдэхүй нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс М.Эийг шүүхэд гомдол гаргах хүртэл хугацаанд үргэлжилсэн талаар гэрч Г.А мэдүүлэгт өгсөн үйл баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

СХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б-444 дүгээр тушаалаар М.Эийг 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Маркетинг борлуулалт үйлчилгээний газрын Маркетингийн албаны Сурталчилгаа олон нийттэй харилцах хэлтсийн Сувгийн сурталчилгаа хөгжүүлэлтийн мэргэжилтний албан тушаалд 3 сарын туршилтын хугацаатай авч ажиллуулсан байх бөгөөд тухайн туршилтын хугацаа дууссаны дараа буюу 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б-740 дугаар тушаалаар 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус албаны Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн албан тушаалд үндсэн ажилтнаар жинхлэн томилж ажиллуулсан байна.

М.Э нь тус компанид ажил үүрэг гүйцэтгэж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б-241 дугаар тушаалаар 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө олгогдсон байх бөгөөд өнгөрсөн хугацаанд тус албаны Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтнээр ажиллаж байсантай талууд маргахгүй байна.

Зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр бичгээр байгуулж, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байх тул талуудын хооронд үүссэн энэхүү маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах нь үндэстэй.

Хариуцагч нь М.Эийг 2016 оны 10 дугаар сарын 01-нээс ажилдаа орох өргөдлөө 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр бичгээр гаргаж, компанид өөрийн биеэр аваачиж өгсөн гэдэг боловч түүний өргөдөл компанийн ирсэн бичиг баримтын бүртгэлд байхгүй, мөн түүний хувийн хэрэгт хадгалагдаагүй, М.Э 9 дүгээр сарын 28-ны өдөр Бизнес хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Г.А, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн менежер н.Снартай уулзсаны дагуу ажил олгогчийн зүгээс эргэж хариу өгөхөөр болсон гэснээс үзэхэд нэхэмжлэгч ажил олгогчийг төлөөлөх эрхгүй этгээдүүдийг ажил олгогч гэж ойлгосон байна гэж тайлбарлан маргадаг боловч нэхэмжлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тус компани буюу ажил олгогчид 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орох өргөдлөө өгсөн үйл баримт гэрч Г.А мэдүүлэг, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбараар нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэл, тайлбар, гэрчийн мэдүүлгийг няцааж чадаагүй байна. Тухайлбал, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч болох ажил олгогч нь тухайн компанийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг өөрчлөх, өөрчлөлтийн дагуу нэгжүүдийн ажлын байруудын нэршил, орон тоо, ажилтнуудын томилгоог шинэчилж баталсан байх боловч энэ нь ажилтан М.Эийг ажлын байраар хангахгүй байх хууль зүйн үндэслэл болохгүй. Харин ч мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймээс, ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил, үүргийг нь гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг учиртай.

Ажлаас халсан шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн дундаж цалин хөлстэй тэнцэр олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтанд олгоно.

Нэхэмжлэгч буюу ажилтан М.Эийн хөдөлмөрийн үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болох Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолтын лавлагаа болон СХХК-иас 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 047 дугаартай шүүхэд гаргасан М.Эийн цалингийн тодорхойлолтыг харьцуулан, ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 555 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу дараах байдлаар тодорхойлов.

М.Эийн 2014 онд сард 1 111 000 төгрөгийн дундаж цалин хөлсийг /1 111 000 : 21,5 51 675/ тооцоход нэг өдрийн цалин 51 674 төгрөг болж байна. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 9 сар 14 өдрийн цалинд нийт 10 722 436 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнээд цалин олговорт илүү нэхэмжилсэн 4 021 303 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан алданги 5 956 911,8 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно гэж заасан боловч нэхэмжлэгчийг ажилуулаагүй, цалин хөлс олгоогүй энэ тохиолдолд тухайн хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговор олгох зохицуулалт нь ажил олгогч хууль бусаар ажилтныг ажлаас халсны улмаас ажилтанд учирсан хохирлыг арилгах зорилготой буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасан учруулсан хохирлыг арилгуулах хамгаалалтын аргаар зөрчигдсөн эрхийг сэргээх шаардах эрх тул тогтмол хугацаанд үүсэх үүрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл олговор шаардах эрх нь ажилгүй байсан хугацаанд сар бүр үүсдэггүй. Харин ажилгүй байсан хугацаагаар нь дундаж цалин хөлсөөр олговорыг тооцож байгаа нь хохирлыг тооцох арга юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 141 дүгээр зүйлийн 141.4-т заасныг үндэслэн М.Эийг Бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байраар хангахыг хариуцагч СХХК-д даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 10 722 436 төгрөгийг СХХК-иас гаргуулж М.Эт олгуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 9 378 215.2 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261 454 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч СХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид /70200+186509/ нийт 256 709 төгрөгийг гаргуулж, үүнээс 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж, үлдэх 186 509 төгрөгийг нэхэмжлэгч М.Эт олгуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг энэ хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

лөгч Э.Золзаяа, түүний өмгөөлөгч М.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Жамбалсүрэн, Ц.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Иргэн М.Энхцэцэг нь 2013 оны 6 сарын 19-ний өдрөөс Скайтел ХХК-ийн Бизнес хөгжүүлэлтийн алба, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтэст урьдчилсан төлбөрт үйлчилгээ болон Скай лояалти үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Ингээд тасралтгүй ажиллаж байгаад 2015 оны 3 сарын 16-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралтаа авч, мөн өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөг хамтад нь авсан. Улмаар 2016 оны 10 сарын 1-нээс ажилдаа орох өргөдлийг байгууллагын дотоод журмын дагуу нэг сарын өмнө буюу 2016 оны 8 сарын 23-ны өдөр ажил олгогч байгууллагадаа бичгээр гаргаж, өөрийн биеэр аваачиж өгсөн. Өргөдөл өгснөөс хойш нэг сар гаруй хугацааны дараа буюу 2016 оны 9 сарын 28-ны өдөр Бизнес хөгжүүлэлтийн албаны захирал н.Амарчингүүн, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн менежер н.Сарнай нартай ажлын ярилцлаганд ороход Амарчингүүн захирал Манайд ийм гэр бүлтэй хүн хэрэгтэй. Наад зах нь хүүхдийн цэцэрлэг дээр камерь суурилуулахад хүүхэдтэй хүн туршлагатай хэрэгтэй байдаг. Бүтээгэдхүүн хөгжүүлэхэд зах зээлийг арай өөр өнцгөөс харна. Ийм хүн манай багт хэрэгтэй. Чиний удирдлага Сарнай учраас Сарнай эцсийн шийдвэр гаргана гэж хэлсэн. Ингээд ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид эргэж хариу өгөхөөр болсон. Энэ өдөрөс хойш ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчтэй дахин холбогдохгүй байсан учир 14 хоног хүлээсний эцэст хүний нөөцийн мэргэжилтэн Нинжбадгартай утсаар холбогдоход өмнөх ажлын байранд буцаан авахаас татгалзсан хариу авсан. Нинжбадгар нь М.Энхцэцэгт хандаж хэлэхдээ Амарчингүүн захирал нь доорхи гурван шалтгаануудын улмаас М.Энхцэцэгийг ажилд авах болосжгүй гэж хэлсэн. Үүнд: 18 цагаас хойш буюу шөнийн цагаар ажиллаж чадахгүй, шөнө оройн цагаар хийгдэх тестэнд байнга оролцож чадахгүй, хамт ажиллаж байсан ажилтгууд тушаал дэвшсэн, удирдлаган доор нь ажиллахад эхний үед хүндрэлтэй гэсэн.

Дараа нь нэхэмжлэгч 2016 оны 10 сарын ёүүлчээр Амарчингүүн захиралтай уулзая гэхэд уулзахгүй гэсэн. Ингээд 2016 оны 11 сарын 20-иор дахин хүний нөөцийн албаны захирал байсан Тэгшжаргалтай уулзахад Би ажлаа хүлээлгэж өгч байгаа миний оронд хуулийн хүн ирж байгаа. Хуулийн хүн чиний асуудлыг шийдээд өгчих байха. Чи түр хүлээ бай. Нинжбадгартай холбоотой байгаарай гэсэн. Мөн өдөр хүний нөөцийн менежер Солонготой уулзаж Миний асуудлыг шийдээд өгөөрэй гэхэд Би дөнгөж өнөөдөр ажилдаа орж байгаа материалтай чинь танилцаж амжаагүй байна би анхааралдаа авчихья гэж хэлсэн. Үүний дараа 2016 оны 12 сарын дундуур нүний нөөц Нинжбадгартай утсаар ярихад Одоо удахгүй оны дараа 1 сард том хэмжээний цомхотгол болно, холио солио хөдөлгөөн гарна. Түр хүлээж байгаарай. Хөдөлгөөн дууссаны дараа өөриян чинь асуудал шийдэгдэх байх гэж хэлсэн. Улмаар он гарч 2017 оны 1 сард нэхэмжлэгч рүү холбоо бариагүй тул 2017 оны 1 сарын сүүлээр нэхэмжлэгч нь Нинжбадгартай дахин холбогдоход Яанаа уучлаарай би өөрөө ажлаас халагдсан чиний материалыг хүний нөөцийн менежер Солонгод хүлээлгэж өгсөн ажлаасаа гарсан тул мэдэх юм байхгүй болсон. Асуудал чинь шийдэгдэхгүй байгаа бол явдаг газраар нь яваад шийдүүлчих гэж хэлсэн. Ингээд ажил олгогчтойгоо холбогдох уулзах гэсэн боловч огт хариу өгөхгүй, ажлын байраар хангахгүй байсан. Ингэж байгаад 2017 оны 4 сарын 10-аар Солонго менежер нэхэмжлэгч рүү утсаар ярьж Теди төв дотор байрладаг байгууллагын борлуулалт үйлчилгээний албаны Болорчулуун гэх захиралтай одоо 30 минутын дотор уулзаадах хурдан хүрээд ир гэж байна гэж хэлснийх нь дагуу Болорчулуун захиралтай очиж уулзсан. Болорчулуун захиралтай ярилцлаганд ороход тэрээр ийм боловсролтой хүн манайд ороод ажиллахад таатай байна. Нэг сургууль ч төгссөн юм байна. Тэгэхээр чи борлуулалтын шинжээчийг дор нь хийчихнэ. Цалин хөлс нь хуучнаараа байна. Би чамтай хамт ажиллаж болж байна гээд Солонго менежерт хэлчихье. Солонго менежер хэзээнээс ажиллахыг чинь шийдэх байх. Манайд хүн бол яаралтай хэрэгтэй байгаа гэсэн. Үүний дараа хүний нөөцөөс эргэж хариу өгөөгүй тул нэхэмжлэгч өөрийн биеэр 2017 оны 5 сарын эхээр Скайтел ХХК-ийн төв байранд очиж хүний нөөц хууль эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэнтэй уулзаж бүх процессоо эхнээс нь ярьсан. Тэгэхэд Ө.Жамбалсүрэн Өөрийн харьяалагдаж байгаа албаны захирал Цолмонтой уулзах хэрэгтэй. Би уулзуулж өгье. Та бол хуулиар хамгаалагдсан хүн, бид ажлын байраар хангах ёстой. Энэ долоо хоногтоо багтааж энэ асуудлыг чинь нэг тийш нь шийдэж өгье гэж хэлсэн. Нэхэмжлэгчээс миний асуудлыг хурдан шийдүүлэхгүй бол надад хэцүү байна. Хуулиараа бол би өмнөх хугацааны цалингаа авах эрхтэй юм байна лээ гэхэд Жамбалсүрэн Хувь хүний хандлага орсон юм шиг байна. Сарнайгийн шийдээр л явчихаж. Доор ажиллаж байгаа ажилтнуудын гаргасан шийдвэр байна. Тэрнээс биш гүйцэтгэх захирал бол мэдээгүй явж байгаа, түүний шийдвэр биш шүү. Гүйцэтгэх захирлын шийдвэр гарч байж компанийг төлөөлсөн шийдвэр болно. Нөхөж цалин олгох шийдвэр гарвал тэр цалинг чинь Сарнайгаас л авна даа гэж хэлсэн. Улмаар нэхэмжлэгч нь Скайтел ХХК-ийн маркетингийн албаны захирал Цолмонтой 2017 оны 5 сарын 23-ны өдөр биечлэн уулзсан бөгөөд Цолмон Чиний харицаж байсан үйлчилгээнүүд намайг авахад алдагдал ихтэй, буруу шийдвьэр их гаргасан байсан. Тэгэхээр өөртэй чинь уулзах сонирхол байгаагүй. Ийм том гэдэстэй юм чинь нааш цааш нь явуулаад яахав. Манай дээр скай медиа үйлчилгээ байна. Түүнд орон тоо суларсан хүн байхгүй байгаа. Контент үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн ажлын байран дээр хүн хэрэгтэй байгаа.5 сарын 29-нд ажлын төлөвлөгөөг чинь гаргая. Би тэр өдөр чам руу ярья гэж хэлсэн. Ингээд ажил олгогч байгууллагын зүгээс урьд нь ажиллаж байсан ажлын байрнаас өөр ажлын байран дээр ажиллах саналыг тавьсан. Гэвч 5 сарын 29-ны өдөр утсаар яриагүй тул нэхэмжлэгч 5 сарын 30-ны өдөр Цолмон руу залгахад утсаа аваагүй. Үүний дараа 2017 оны 6 сарын 5-ны өдөр Скайтел ХХК-ийн хүний нөөц, хууль эрх зүйн албаны менежер Солонго нэхэмжлэгчтэй утсаар холбогдож санал болгож байгаа сүүлийн ажлын байран дээр гэрээр ажиллавал үндсэн цалингийн 70 хувь, оффис дээр ажиллавал үндсэн цалинг бүтнээр авах боломжтой гэж хэлсэн. 2017 оны 6 сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс ажил олгогч байгууллагынхаа хөдөлмөрийн маргаан таслах комисст урьдчилан хандаагүй байна гээд тус шүүх 2017.06.23-ны өдрийн 09319 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шүүгчийн энэхүү захирамжид заасны дагуу 2017 оны 7 сарын 4-ний өдөр Скайтел ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан бөгөөд 2017 оны 7 сарын 20-нд Скайтел ХХК-ийн Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэнгээс Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хариуг гаргасан дээрх гомдлын хариуг авсан. Тухайн комиссын хариуг нэхэмжлэгч доорхи шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Скайтел ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22-р тогтоолоор компанийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байрыг цомхотгосон гэж хариунд дурдсан. Нэхэмжлэгч хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад анх 2016 оны 8 сарын 23-ны өдөр ажилдаа эргэж орох хүсэлтээ ажил олгогчдоо өгөх үед цомхотгол хийгдээгүй байсан. Мөн 2016 оны 09 сарын 28-ны өдөр ажил олгогчийн төлөөлөлтэй уулзаж ажилдаа буцаж орох боломжтой гэж мэдэгдсэн үед ч мөн адил цомхотгол хийгдээгүй ажлын байр хэвээр байсан. Ажил олгогчийн зүгээс ажилтныг ажилд нь эргүүлж авах үүргээ биелүүлээгүй учраас энэхүү цомхотгол гэж яриад байгаа асуудал нэхэмжлэгчид хамааралгүй. Мөн цомхотгол болж нэхэмжлэгчийн өмнөх ажлын байрыг цомхотгосон тухай нэхэмжлэгчид өмнө нь мэдэгдэж байгаагүй ба 2019.07.19-ний өдөр хариу өгч мэдэгдэж байгаа нь нэхэмжлэгчийг хохироож байна.

2. Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байрыг цомхотгосон гэх боловч Скайтел ХХК-ийн урьдчилсан төлбөрт болон дараа төлбөрт үйлчилгээ нь зах зээлд хэрэглэгчдэдээ хүрсээр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эдгээр үйлчилгээг хариуцан ажиллах хүний тоо хасагдах эсхүл цөөрөх бус харин ч эсэргээрээ нэмэгдсэн байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгчийг жирэмсэн гэдэг шалтгаанаар байгууллагын зүгээс дур мэдэн хуучин ажлын байрыг өөрчилж, цалингийн хэмжээг бууруулж, өөрчлөн санал болгон тулгах нь хөдөлмөрийн тухай хууль тогтоомжинд илт нийцэхгүй.

4. 2016 оны 8 сарын 23-ны өдөр ажилд буцаан орох өргөдлөө өгснөөс хойш өдийг хүртэлх хугацаанд ажил олгогчийн зүгээс хууль зөрчиж нэхэмжлэгчийг өмнөх ажлын байран дээр нь ажиллуулахгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ийнхүү ажил олгогч Скайтел ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4 дэх заалтыг зөрчиж байгаа ба ажил олгогчийн удирдлага, холбогдох албан тушаалтан, ажилтнууд нь зохион байгуулалтгүй, хууль зөрчсөн үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажлын байраараа хангагдаж чадахгүй, ажлын байран дээр авах ёстой цалин хөлсөө авч чадахгүйд хүрч, эрх ашиг нь ноцтой зөрчигдөж байна. Нэхэмжлэгч М.Энхцэцэг нь жирэмсэн бөгөөд ажлын байраараа хангагдаагүйгээс байнгын цалин хөлс орлогогүй маш хүнд байдалд орж хохирсон.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс 1. Урьд эрхэлж байсан ажлын байр (Урьдчилсан төлбөрт үйлчилгээ болон Скай Лояалти үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн)-аар хангахыг Скайтел ХХК-д даалгах,

2. 2016 оны 10 сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 сарын 26-ны өдрийг хүртэлх нийт 9 сарын 14 хоногт хамаарах хугацааны цалин хөлс болох 14 743 739.4 төгрөг, цалин хөлсийг хугацаандаа олгоогүй, саатуулсан хугацааны алданги 5 956 911.8 төгрөг, нийт 10 700 651.2 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагын эхний хэсэг болох урьд эрхэлж байсан ажлын байрны нэршил өөрчлөгдсөн байх тул Бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байраар хангахыг даалгахаар өөрчлөн тодруулж байна. Бусад нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа тул бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Скайтел ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Энхцэцэг нь анх Скайтел ХХК-д гүйцэтгэх захирлын 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б-444 тоот тушаалаар Маркетинг борлуулалт үйлчилгээний газрын Маркетингийн албаны Сурталчилгаа олон нийттэй харилцах хэлтсийн Сувгийн сурталчилгаа хөгжүүлэлтийн мэргэжилтний албан тушаалд оросн бөгөөд гүйцэтгэх захирлын 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б-740 тоот тушаалаар мөн албаны Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдсон. Ийнхүү ажиллаж байгаад 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр мөн оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны урт хугацааны амралт авах тухай хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд түүний хүсэлтийн дагуу гүйцэтгэх захирлын 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б-291 тоот тушаалаар нэхэмжлэгчид 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө олгосон. Уг тушаал гарах үед гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А-717 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Скайтел компанийн бүтэц зохион байгуулалтын дагуу Маркетинг борлуулалт үйлчилгээний газрын Бизнес хөгжүүлэлтийн албаны Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн Бүтээгдэхүүн үйлчилгээ, брэндинг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Түүнийг ажиллаж байх хугацаанд буюу жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Маркетингийн газарт 1. Гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А-717 тоот тушаалаар компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталж, мөн тушаалын дагуу гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-741 тоот тушаалаар Маркетинг борлуулалт газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн.

2. Гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-807 тоот тушаалаар Маркетингийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн.

3. Гүйцэтгэх захирлын 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн А-39 тоот тушаалаар Маркетингийн газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг шинэчлэн баталсан.

4. Гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А-658 тоот тушаалаар Скайлояалти үйлчилгээг зогсоосон. Ингэснээр нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан гэх Скайлояалти үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байр үгүй болсон.

5. Компанийн ТУЗ-ийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 тоот тогтоолоор Компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Үүний дагуу гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А-33 тоот тушаалаар Маркетингийн газрын бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, орон тоо, томилгоог шинэчлэн баталсан. Компанийн хэмжээнд бүтцийн оновчлол хийгдэхтэй холбоотойгоор БХА-ны Лояалти хэлтсийг татан буулгасан. Нийт орон тоо 38-аас 30 болж буурсан. Мобайл бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтэст орон тоо 7-оор бталсан. Сул орон тоо байхгүй. Иймд М.Энхцэцэгийн урьд нь эрхэлж байсан ажлын байр гэх Урьдчилсан төлбөрт үйлчилгээ болон Скай Лояалти үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-ний ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй.

Манайхаас гаргасан бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн талаархи баримттай нэхэмжлэгч тал танилцсаны үндсэн дээр өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж урьд эрхэлж байсан ажлын байр Бүтээгдэхүүн, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-ээр хангахыг даалгуулах болгосон байна. Нэхэмжлэгчийн гаргасан энэхүү шаардлагыг манайх хүлээн зөвшөөрч байгаа, харин ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 01-нээс ажилдаа орох өргөдлөө 8 дугаар сарын 23-ны өдөр бичгээр гаргаж, компанид өөрийн биеэр аваачиж өгсөн гэдэг. Гэвч түүний өргөдөл компанийн ирсэн бичиг баримтын бүртгэлд байхгүй, мөн түүний хувийн хэрэгт хадгалагдаагүй байна. М.Энхцэцэг 9 дүгээр сарын 28-ны өдөр Бизнес хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Г.Амарчингүн, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн менежер н.Сарнай нартай уулзсаны дагуу ажил олгогчийн зүгээс эргэж хариу өгөхөөр болсон гэснээс үзэхэд нэхэмжлэгч ажил олгогчийг төлөөлөх эрхгүй этгээдүүдийг ажил олгогч гэж ойлгосон байна. Зүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.6-д ажил олгогчийн төлөөлөгч гэж аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага-ыг ойлгохоор заасан бөгөөд энэ нь Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар гүйцэтгэх удирдлага болно. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106.2-т заасны дагуу ажил олгогчид хүсэл зоригоо илэрхийлсэн эсэх нь тогтоогдохгүй байгаа учир ажил олгогчид нэхэмжлэгчийг ажилд нь авах үүрэг үүсээгүй. Харин 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэн миний бие компанийн төв байранд нэхэмжлэгчтэй анх удаа биечлэн уулзах үед түүний хүүхэд асрах чөлөөгөө дуусган үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг хүлээн авч, Маркетингийн газрын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны Контент менежмент guad play хэлтэст нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилтай ойролцоо түвшний өөр ажлын байр санал болгосон. Гэвч нэхэмжлэгч чөлөөтөй байх хугацаанд дахин жирэмсэлсэн тухайгаа 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр надад утсаар мэдэгдсэн тул холбогдох удирдлагуудтайгаа дахин ярилцаад нэхэмжлэгчийн нөхцөл байдлын хүндэтгэн үзэж дараах 2 саналыг тавьсан. Үүнд: 1. Хоёр дахь удаагийн жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөгөө авах хүртэл хугацаанд санал болгосон ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах,

2. Ажил үүргээ компанийн ажлын байранд бус гэртээ гүйцэтгэх, энэ тохиолдолд үндсэн цалингийн 70 хувиар цалинжуулах.

Гэвч нэхэмжлэгч нь дээрх саналд хариу өгөхгүй байсаар 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр саналыг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа бичгээр ирүүлсэн. Үүний дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Жамбалсүрэн миний бие 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/6300 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хариу өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажил олгогчийн зүгээс олгох үүрэгтэй. Гэтэл ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас халаагүй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хууль тогтомжийн дагуу түүний хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь жирэмсний болон хүүхэд асрах чөлөөгөө дуусган 2016 оны 8 сарын 23-ны өдөр ажил олгогчид өргөдлөө өгсөн гэж маргадаг боловч 2017 оны 4 сарын 25-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Жамбалсүрэн надтай анх удаа биечлэн уулзсан. Мөн шүүхэд 2017 оны 7 сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас үзэхэд дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгааг шүүх харгалзан үзэх нь зүйтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Энхцэцэг нь хариуцагч Скайтел ХХК-д холбогдуулан, урьд эрхэлж байсан ажлын байрны нэршил өөрчлөгдсөн тул Бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байраар хангахыг даалгаж, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 9 сарын 14 хоногт хамаарах хугацааны цалин хөлс 14 743 739.4 төгрөг, цалин хөлсийг хугацаандаа олгоогүй, саатуулсан хугацааны алданги 5 956 911.8 төгрөг, нийт 20 700 651.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн төлөөлөгч нар нь иргэн М.Энхцэцэгтэй хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, түүний нэхэмжлэлийн шаардлагын урьд ажиллаж байсан ажлын байраар хангах үүрэг хуулиараа бидэнд олгогдсон, түүнийг ажлаас халаагүй, ажлын байр санал болгоход өөрөө ажлаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тус харьяаллын дагуу шийдвэрлэнэ мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэсэн хуульд заасан хугацааны дотор харьяаллын дагуу гомдлоо гаргасан байх тул шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргадаг боловч хэрэгт цугларсан бичгийн баримтууд, хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгч буюу ажилтан М.Энхцэцэгийг ажлын байраар хангаагүй эс үйлдэхүй нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс М.Энхцэцэгийг шүүхэд гомдол гаргах хүртэл хугацаанд үргэлжилсэн талаар гэрч Г.Амарчингүний мэдүүлэгт өгсөн үйл баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б-444 дүгээр тушаалаар М.Энхцэцэгийг 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Маркетинг борлуулалт үйлчилгээний газрын Маркетингийн албаны Сурталчилгаа олон нийттэй харилцах хэлтсийн Сувгийн сурталчилгаа хөгжүүлэлтийн мэргэжилтний албан тушаалд 3 сарын туршилтын хугацаатай авч ажиллуулсан байх бөгөөд тухайн туршилтын хугацаа дууссаны дараа буюу 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б-740 дугаар тушаалаар 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус албаны Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн албан тушаалд үндсэн ажилтнаар жинхлэн томилж ажиллуулсан байна.

М.Энхцэцэг нь тус компанид ажил үүрэг гүйцэтгэж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б-241 дугаар тушаалаар 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө олгогдсон байх бөгөөд өнгөрсөн хугацаанд тус албаны Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтнээр ажиллаж байсантай талууд маргахгүй байна.

Зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр бичгээр байгуулж, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байх тул талуудын хооронд үүссэн энэхүү маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах нь үндэстэй.

Хариуцагч нь М.Энхцэцэгийг 2016 оны 10 дугаар сарын 01-нээс ажилдаа орох өргөдлөө 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр бичгээр гаргаж, компанид өөрийн биеэр аваачиж өгсөн гэдэг боловч түүний өргөдөл компанийн ирсэн бичиг баримтын бүртгэлд байхгүй, мөн түүний хувийн хэрэгт хадгалагдаагүй, М.Энхцэцэг 9 дүгээр сарын 28-ны өдөр Бизнес хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Г.Амарчингүн, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн менежер н.Сарнай нартай уулзсаны дагуу ажил олгогчийн зүгээс эргэж хариу өгөхөөр болсон гэснээс үзэхэд нэхэмжлэгч ажил олгогчийг төлөөлөх эрхгүй этгээдүүдийг ажил олгогч гэж ойлгосон байна гэж тайлбарлан маргадаг боловч нэхэмжлэгчийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тус компани буюу ажил олгогчид 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орох өргөдлөө өгсөн үйл баримт гэрч Г.Амарчингүний мэдүүлэг, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбараар нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэл, тайлбар, гэрчийн мэдүүлгийг няцааж чадаагүй байна. Тухайлбал, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч болох ажил олгогч нь тухайн компанийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг өөрчлөх, өөрчлөлтийн дагуу нэгжүүдийн ажлын байруудын нэршил, орон тоо, ажилтнуудын томилгоог шинэчилж баталсан байх боловч энэ нь ажилтан М.Энхцэцэгийг ажлын байраар хангахгүй байх хууль зүйн үндэслэл болохгүй. Харин ч мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймээс, ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил, үүргийг нь гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг учиртай.

Ажлаас халсан шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн дундаж цалин хөлстэй тэнцэр олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтанд олгоно.

Нэхэмжлэгч буюу ажилтан М.Энхцэцэгийн хөдөлмөрийн үйл ажиллагааны үндсэн баримт бичиг болох Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолтын лавлагаа болон Скайтел ХХК-иас 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 047 дугаартай шүүхэд гаргасан М.Энхцэцэгийн цалингийн тодорхойлолтыг харьцуулан, ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 555 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу дараах байдлаар тодорхойлов.

М.Энхцэцэгийн 2014 онд сард 1 111 000 төгрөгийн дундаж цалин хөлсийг /1 111 000 : 21,5 = 51 675/ тооцоход нэг өдрийн цалин 51 674 төгрөг болж байна. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 9 сар 14 өдрийн цалинд нийт 10 722 436 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнээд цалин олговорт илүү нэхэмжилсэн 4 021 303 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан алданги 5 956 911,8 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно гэж заасан боловч нэхэмжлэгчийг ажилуулаагүй, цалин хөлс олгоогүй энэ тохиолдолд тухайн хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговор олгох зохицуулалт нь ажил олгогч хууль бусаар ажилтныг ажлаас халсны улмаас ажилтанд учирсан хохирлыг арилгах зорилготой буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасан учруулсан хохирлыг арилгуулах хамгаалалтын аргаар зөрчигдсөн эрхийг сэргээх шаардах эрх тул тогтмол хугацаанд үүсэх үүрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл олговор шаардах эрх нь ажилгүй байсан хугацаанд сар бүр үүсдэггүй. Харин ажилгүй байсан хугацаагаар нь дундаж цалин хөлсөөр олговорыг тооцож байгаа нь хохирлыг тооцох арга юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 141 дүгээр зүйлийн 141.4 заасныг үндэслэн М.Энхцэцэгийг Бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байраар хангахыг хариуцагч Скайтел ХХК-д даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 10 722 436 төгрөгийг Скайтел ХХК-иас гаргуулж М.Энхцэцэгт олгуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 9 378 215.2 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261 454 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Скайтел ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид /70200+186509/ нийт 256 709 төгрөгийг гаргуулж, үүнээс 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж, үлдэх 186 509 төгрөгийг нэхэмжлэгч М.Энхцэцэгт олгуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг энэ хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ