Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01381

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг  даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00868 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Э,

Хариуцагч “С” ХХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байраар хангахыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацаа 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 9 сар, 14 хоногийн цалин хөлс 14 743 739.4 төгрөг, цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй саатуулсан хугацааны алданги 5 956 911.8 төгрөг, нийт 20 700 651.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, өмгөөлөгч М.Мөнхжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Жамбалсүрэн, Ц.Эрдэнэбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Э нь 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс “С” ХХК-ийн Бизнес хөгжүүлэлтийн алба, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтэст урьдчилсан төлбөрт үйлчилгээ болон Скайлояалти үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралтаа авч, мөн өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөг хамтад нь авсан. Улмаар 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орох өргөдлийг байгууллагын дотоод журмын дагуу нэг сарын өмнө буюу 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ажил олгогч байгууллагадаа бичгээр гаргаж, өөрийн биеэр аваачиж өгсөн.

Өргөдөл өгсний дараа 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Бизнес хөгжүүлэлтийн албаны захирал н.Амарчингүүн, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн менежер н.Сарнай нартай ажлын ярилцлаганд ороход н.Амарчингүүн захирал ийм хүн манай багт хэрэгтэй. Чиний удирдлага н.Сарнай эцсийн шийдвэр гаргана гэж хэлсэн. Ингээд ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид эргэж хариу өгөхөөр болсон. 14 хоног хүлээсний эцэст хүний нөөцийн мэргэжилтэн н.Нинжбадгартай утсаар холбогдоход өмнөх ажлын байранд буцаан авахаас татгалзсан хариу өгсөн. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр дахин хүний нөөцийн албаны захирал байсан н.Тэгшжаргалтай уулзахад би ажлаа хүлээлгэж өгч байгаа, хуулийн хүн чиний асуудлыг шийдээд өгчих байх, чи түр хүлээж бай гэсэн. Үүний дараа 2016 оны 12 дугаар сарын дундуур хүний нөөц н.Нинжбадгартай утсаар ярихад одоо удахгүй оны дараа 1 сард том хэмжээний цомхтгол болно түр хүлээж байгаарай, хөдөлгөөн дууссаны дараа өөрийн чинь асуудал шийдэгдэх байх гэж хэлсэн. Улмаар он гарч 2017 оны 1 дүгээр сард нэхэмжлэгч рүү холбоо бариагүй тул 2017 оны 1 дүгээр сарын сүүлээр н.Нинжбадгартай дахин холбогдоход би өөрөө ажлаас халагдсан, чиний материалыг хүний нөөцийн менежер н.Солонгод хүлээлгэж өгсөн гэсэн. Ингээд ажил олгогчтойгоо холбогдож уулзах гэсэн боловч огт хариу өгөхгүй, ажлын байраар хангахгүй байсан.

Улмаар нэхэмжлэгч нь “С” ХХК-ийн маркетингийн албаны захирал н.Цолмонтой 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр биечлэн уулзсан бөгөөд н.Цолмон манай дээр скай медиа үйлчилгээ байна. Түүнд орон тоо суларсан хүн байхгүй байгаа. Контент үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн ажлын байран дээр хүн хэрэгтэй байгаа. 5 дугаар сарын 29-ний өдөр ажлын төлөвлөгөөг чинь гаргая. Би тэр өдөр чам руу ярья гэж хэлсэн. Ингээд ажил олгогч байгууллагын зүгээс урьд нь ажиллаж байсан ажлын байрнаас өөр ажлын байран дээр ажиллах саналыг тавьсан. Гэвч 5 дугаар сарын 29-ний өдөр утсаар яриагүй тул нэхэмжлэгч 5 дугаар сарын 30-ны өдөр н.Цолмон руу залгахад утсаа аваагүй. Үүний дараа 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр “С” ХХК-ийн хүний нөөц, хууль эрх зүйн албаны менежер н.Солонго нэхэмжлэгчтэй утсаар холбогдож санал болгож байгаа сүүлийн ажлын байран дээр гэрээр ажиллавал үндсэн цалингийн 70 хувь, оффис дээр ажиллавал үндсэн цалинг бүтнээр авах боломжтой гэж хэлсэн.

2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс ажил олгогч байгууллагынхаа хөдөлмөрийн маргаан таслах комисст урьдчилан хандаагүй байна гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “С” ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан ба 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “С” ХХК-ийн Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэнгээс Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хариуг гаргасан дээрх гомдлын хариуг авсан.

Ажил олгогч “С” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг зөрчиж байгаа ба ажил олгогчийн удирдлага, холбогдох албан тушаалтан, ажилтнууд нь зохион байгуулалтгүй, хууль зөрчсөн үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажлын байраараа хангагдаж чадахгүй, ажлын байран дээр авах ёстой цалин хөлсөө авч чадахгүйд хүрч, эрх ашиг нь ноцтой зөрчигдөж байна. Иймд урьд эрхэлж байсан буюу бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байраар хангахыг ажлын байраар хангахыг “С” ХХК-д даалгах, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх нийт 9 сарын 14 хоногт хамаарах хугацааны цалин хөлс болох 14 743 739.4 төгрөг, цалин хөлсийг хугацаандаа олгоогүй, саатуулсан хугацааны алданги 5 956 911.8 төгрөг, нийт 10 700 651.2 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Э нь анх “С” ХХК-д маркетинг борлуулалт үйлчилгээний газрын Маркетингийн албаны Сурталчилгаа олон нийттэй харилцах хэлтсийн Сувгийн сурталчилгаа хөгжүүлэлтийн мэргэжилтний албан тушаалд орсон бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтэн албан тушаалд үндсэн ажилтнаар томилогдсон. Ийнхүү ажиллаж байгаад 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны урт хугацааны амралт авах тухай хүсэлтээ бичгээр гаргасан бөгөөд түүний хүсэлтийн дагуу гүйцэтгэх захирлын 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б-291 тоот тушаалаар нэхэмжлэгчид 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө олгосон.

Нэхэмжлэгчийг жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Маркетингийн газарт: 1. 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А-717 тоот тушаалаар компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталж, мөн тушаалын дагуу гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А-741 тоот тушаалаар Маркетинг борлуулалт газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн, 2. Гүйцэтгэх захирлын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-807 тоот тушаалаар Маркетингийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн, 3. Гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А-39 тоот тушаалаар Маркетингийн газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийг шинэчлэн баталсан, 4. Гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А-658 тоот тушаалаар Скайлояалти үйлчилгээг зогсоосон. Ингэснээр нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан гэх Скайлояалти үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байр үгүй болсон. 5. Компанийн ТУЗ-ийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22 тоот тогтоолоор Компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Үүний дагуу гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А-33 тоот тушаалаар Маркетингийн газрын бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, орон тоо, томилгоог шинэчлэн баталсан. Компанийн хэмжээнд бүтцийн оновчлол хийгдэхтэй холбоотойгоор БХА-ны Лояалти хэлтсийг татан буулгасан. Нийт орон тоо 38-аас 30 болж буурсан. Мобайл бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтэст орон тоо 7-оор бталсан. Сул орон тоо байхгүй. Иймд М.Эийн урьд нь эрхэлж байсан ажлын байр гэх Урьдчилсан төлбөрт үйлчилгээ болон Скай Лояалти үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн-ний ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй.

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орох өргөдлөө 8 дугаар сарын 23-ны өдөр бичгээр гаргаж, компанид өөрийн биеэр аваачиж өгсөн гэдэг. Гэвч түүний өргөдөл компанийн ирсэн бичиг баримтын бүртгэлд байхгүй, мөн түүний хувийн хэрэгт хадгалагдаагүй байна. 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэн миний бие компанийн төв байранд нэхэмжлэгчтэй анх удаа биечлэн уулзах үед түүний хүүхэд асрах чөлөөгөө дуусган үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг хүлээн авч, Маркетингийн газрын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны Контент менежмент хэлтэст нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилтай ойролцоо түвшний өөр ажлын байр санал болгосон. Гэвч нэхэмжлэгч чөлөөтөй байх хугацаанд дахин жирэмсэлсэн тухайгаа 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр надад утсаар мэдэгдсэн тул холбогдох удирдлагуудтайгаа дахин ярилцаад нэхэмжлэгчийн нөхцөл байдлын хүндэтгэн үзэж хоёр дахь удаагийн жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөгөө авах хүртэл хугацаанд санал болгосон ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах, ажил үүргээ компанийн ажлын байранд бус гэртээ гүйцэтгэх, энэ тохиолдолд үндсэн цалингийн 70 хувиар цалинжуулах саналуудыг тавьсан боловч хариу өгөхгүй байсаар 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр саналыг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа бичгээр ирүүлсэн. Үүний дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Жамбалсүрэн миний бие 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/6300 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хариу өгсөн. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас халаагүй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн дагуу түүний хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасныг үндэслэн М.Эийг Бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байраар хангахыг хариуцагч “С” ХХК-д даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 10 722 436 төгрөгийг “С” ХХК-иас гаргуулж М.Эт олгуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 9 378 215.2 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261 454 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 256 709 төгрөгийг гаргуулж, үүнээс 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж, үлдэх 186 509 төгрөгийг нэхэмжлэгч М.Эт олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ажил олгогчид 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орох өргөдлөө өгсөн талаар нэхэмжлэлдээ дурдаж 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Шүүхэд хандахаас өмнө 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “С” ХХК-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан өргөдөл гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн үеийг анх өргөдөл гаргасан гэх 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэж дүгнэсэн атлаа Хө

Хөдөлмөрийн маргаан таслах комисст 10 сар 11 хоногийн дараа, шүүхэд 11 сар 5 хоногийн дараа нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацааны дотор гомдлоо гаргасан гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Түүнчлэн гэрч Г.Амарчингүний мэдүүлгээс үзэхэд тэрээр М.Э-ийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхэд хандах хүртэлх хугацаанд эрхийг нь зөрчсөн, түүнийг ажилд авахад нь саад хийсэн талаар ямарч үйл баримт байхгүй. Мөн түүний мэдүүлэгт М.Э-тэй 2016 оны 9 дүгээр сарын 28-ны хавьцаа анх удаа уулзсанаас хойш түүнтэй дахин огт уулзалт хийгээгүй, харилцаагүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний тайлбараар нотлогддог.

            Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/241 тоот тушаалаар 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөтэй байгаа, мөн 2018 оны 01 дүгээр сарын 10, 12, 18-ны өдөр “С” ХХК-д бичгээр гаргасан хүсэлтдээ “2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралтаа авч, мөн өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөг хамтад нь авсан. 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр эхний хүүхдээ төрүүлсний дараа 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хоёр дахь хүүхдээ төрүүлсэн. Иймд жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөг олгох тушаал гаргаж өгнө үү” гэсэн нэхэмжлэгчийн ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан үйл баримт байхгүй байхад шүүх нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

             Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, тайлбар, ажил олгогч буюу хариуцагчид 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гаргасан гэх өргөдөл, гэрч Г.Амарчингүний мэдүүлэг гэсэн баримтад үндэслэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Мөн хариуцагч тал нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэл, тайлбар, гэрчийн мэдүүлгийг няцааж чадаагүй хэмээн илт худал дүгнэлт хийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын 2017 оны 12 дугаар 25-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, түүнтэй холбоотой бичмэл нотлох баримтууд, шүүхээс хийсэн 2018 оны 01 дүгээр 12-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч Н.Солонго, Б.Цолмон нарын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлэг, ажил олгогчоос төлж байгаа нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт зэрэг хариуцагчаас нэхэмжлэлийн нэхэмжлэл, түүний шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг огт үнэлээгүй байна. Нэхэмжлэгч нь “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/291 тоот тушаалаар 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авсан бөгөөд мөн өдрөөс ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байгаа талаар нэхэмжлэгч маргаагүй. Харин нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ажилдаа орох өргөдөлдөө бичгээр гаргаж өгсөн талаар нэхэмжлэлдээ дурдсан боловч түүнийгээ нотолж чадаагүй нь хариуцагчаас гаргаж өгсөн баримтаар няцаагдаж байхад түүнийг шүүх огт үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хүсэл зоригоо ажил олгогчийн эрх бүхий төлөөлөгчид зохи ёсоор илэрхийлсэн эсэхэд огт дүгнэлт хийгээгүй.

            Тус маргаанд хариуцагч байгууллагын бүтэц зохион байгуулалтын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, улмаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байр үгүй болсон тул урьд эрхэлж байсан ажлын байраар хангах боломжгүй болсон талаар хариу тайлбартаа дурдаж холбогдох тушаал шийдвэрийг гаргаж өгсөн. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогч өөр ажил олж өгөх үүрэгтэй бөгөөд анх нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэнтэй биечлэн уулзаж ажилдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасныг хүлээн авч, Маркетингийн газрын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны Контент менежмент quad play хэлтэст нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилтай ойролцоо түвшний өөр ажлын байр санал болгосон. Гэвч нэхэмжлэгч чөлөөтэй байх хугацаанд дахин жирэмсэлсэн тухайгаа 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн тул түүний нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж дээрх ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах эсхүл ажил үүргээ гэртээ гүйцэтгэж үндсэн цалингийн 70 хувиар цалинжих санал тавьсан. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа бичгээр ирүүлсэн ба мөн оны 6 дугаар сарын 12-ны өдөр хуучин ажлын байран дээрээ ажиллах хүсэлтэй байгаа тул тухайн ажлын байраар хангаж өгнө үү гэсэн өргөдөл ирсэн тул Хүний нөөц, хууль эрх зүйн албаны захирал Ө.Жамбалсүрэн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр дараа төлбөрт үйлчилгээ, дата хариуцсан мэргэжилтний ажлын байрны санал тавьсан боловч нэхэмжлэгч удаа дараа татгалзсан. Дээрх талуудын хооронд харилцсан өргөдөл, албан бичиг, гэрч Н.Солонго, Б.Цолмон нартай ажлын байрны талаар уулзаж, харилцаж байсан талаарх мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй атлаа хариуцагч талыг ажлын байраар хангаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа урьд эрхэлж байсан ажлын байраар хангахыг даалгах гэж тодорхойлсон бөгөөд бид шүүхээс гардаж авсан энэ шаардлагын хүрээнд хариу тайлбар, нотлох баримтыг бэлтгэн шүүхэд өгсөн. Тус хэргийн шүүх хуралдаан 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 15 цагт болж шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат “нэхэмжлэгч М.Э “С” ХХК-д ямар албан тушаалд ажиллаж байсан бэ гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад бүтээгдэхүүн үйлчилгээ брендинг хариуцсан мэргэжилтэн гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, энэ өдрөөс эхлэн нэхэмжлэлийн шаардлага болсон тогтоолгох албан тушаал өөрчлөгдсөн байдаг. Үүний дараагаар 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхийн өмнө хэргийн материалтай танилцах үед нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай гэсэн нэхэмжлэл байхыг харсан. Ингээд шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанаар хэлэлцүүлж эхэлсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн талаар асуухад бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэж хариулсан болно. Бидний зүгээс анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж тайлбар, нотлох баримтаа бэлтгэсэн байсан тул энэ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Шүүх өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг бидэнд гардуулаагүй, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөх, шинэ нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, шүүхэд хүсэлт, гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажлын байраар хангахыг даалгах, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс 14 743 739.04 төгрөг, цалин хөлсийг хугацаандаа олгоогүй, хожимдуулсан алданги 5 956 911.8 төгрөг, нийт 20 700 651.2 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчид ажлын байр санал болгосон ч өөрөө ажиллаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.

М.Э нь “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б-444 тоот тушаалаар Маркетинг борлуулалт үйлчилгээний газрын Маркетингийн албаны Сурталчилгаа олон нийттэй харилцах хэлтсийн Сувгийн сурталчилгаа хөгжүүлэлтийн мэргэжилтний албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байгаад 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б-740 тоот тушаалаар тус албаны Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтний ажилд үндсэн ажилтнаар томилогдсон, 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө авчээ. Нэхэмжлэгч нь чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэн орох талаар 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ажил олгогчдоо хандаж өргөдөл гаргасан, хүний нөөцийн асуудал эрхэлсэн албан тушаалтан болох н.Нинжбадгар, Н.Солонго, Б.Цолмон, Ө.Жамбалсүрэн нартай уулзсан хэдий ч ажил олгогчийн зүгээс хуульд заасан үүргээ биелүүлж ажилтныг өмнөх ажилд нь томилсон шийдвэр гаргаагүй байна.

Хариуцагчийн зүгээс гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А-33 дугаар тушаалаар Маркетингийн газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, нэршил, орон тоог өөрчилсөн гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Бүтээгдэхүүн үйлчилгээ, брендинг хариуцсан мэргэжилтний албан тушаалын нэршил Бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн болж өөрчлөгдсөн ч ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдсан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг ажлын байраар хангахгүй байх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгчийг Бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байраар хангахыг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт нийцнэ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлын байраар хангаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үндэслэлтэй. Шүүх нэхэмжлэгчийн 2014 онд авч байсан цалингаас дунджийг тооцож нэг өдрийн цалин 51 674 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажлын 9 сар 14 өдрийн цалинд тооцож нийт 10 722 436 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 021 303 төгрөгийг болон цалин хөлсийг хугацаандаа олгоогүй, саатуулсан хугацааны алданги 5 956 911.8 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан /хх142-143/ бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уг тодруулсан шаардлагын хүрээнд шүүх хуралдаанд тайлбар гаргаж мэтгэлцсэн байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/00868 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 261 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ