Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 30

 

Н.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01353/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

“Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 хороолол, 8 байр, 20 тоот Ү-2003000129 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 40,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 75.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгч Н.Б-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Н.Б-оос:

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дугаартай захирамжаар Н.Б-оос 30.964.757 төгрөгийг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Дархан салбарт олгохоор шийдвэрлэсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Н.Б- миний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 6 хороолол, 8 байр 20 тоот 40,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 75.000.000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулах болсноо мэдэгдлээ. Миний зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа бөгөөд миний хөрөнгийг хэтэрхий доогуур үнэлсэнд гомдолтой байна. Учир нь үнэлгээ хийхдээ 1 давхрын үйлчилгээ явуулж байсан байрыг зах зээлийн бодит ханшнаас хэт доогуур үнэлж миний өмчийг үнэгүйдүүлж зах зээлийн жишиг хандлагыг буруу тодорхойлж гаргасан байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хийгдсэн дээрх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Зах зээл дээр энгийн 3 өрөө байр 65-75 сая төгрөгийн хооронд байгаа. Гэтэл тус байр нь үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан, байрлал сайтай тул 85.000.000 төгрөгөөр үнэлэх нь зүйтэй байх гэж бодож байна гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэгээс:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дугаартай шүүгчийн захирамжаар С.М-, Н.Б-, Б.У- нараас 30.964.757 төгрөг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч С.М-, Н.Б-, Б.У- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 хороолол, 8 байр, 20 тоотод байрлах 40.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003000129 дугаартай 3 өрөө орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18070476/02 дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2018/06 тоот тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Капитал зууч ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 75.000.000 төгрөгөөр тогтоосон талаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/2989, 01/2986, 01/2988, 01/2987 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дүгээр шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 хороолол, 8 байр, 20 тоот Ү-2003000129 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 40,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 75.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Б- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа бөгөөд миний хөрөнгийг хэтэрхий доогуур үнэлсэнд гомдолтой байна. Учир нь үнэлгээ хийхдээ 1 давхрын үйлчилгээ явуулж байсан байрыг зах зээлийн бодит ханшнаас хэт доогуур үнэлж миний өмчийг үнэгүйдүүлж зах зээлийн жишиг хандлагыг буруу тодорхойлж гаргасан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хийгдсэн эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлээ гаргасан гэтэл анхан шатны шүүх анхны албадан дуудлага худалдаагаар санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй байна гэж үзэн шинжээчийн үнэлгээгэр ахин шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн шийдвэр боллоо. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан “Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 хороолол, 8 байр, 20 тоот Ү-2003000129 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 40,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 75.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Б- Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өөрийн өмчлөлийн 40.5 м.кв 3 өрөө орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой тул дахин шинжээч томилуулж үнэлүүлэхээр давж заалдах гомдол гаргасан.

Хэргийн баримтаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дугаартай шүүгчийн захирамжаар С.М-, Н.Б-, Б.У- нараас 30.964.757 төгрөг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч С.М-, Н.Б-, Б.У- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 хороолол, 8 байр, 20 тоотод байрлах 40.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003000129 дугаартай 3 өрөө орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18070476/02 дугаартай тогтоолоор хураан авчээ.

Талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2018/06 тоот тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Капитал зууч ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 75.000.000 төгрөгөөр тогтоосон талаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад танилцуулж, мэдэгдсэн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Н.Б-ын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба миний 1 давхрын үйлчилгээ явуулж байсан байрыг зах зээлийн бодит ханшнаас хэт доогуур үнэлсэн гэсэн гомдлын хувьд, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зохицуулсаны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлгээний тайлангаар тогтоосон үнийн дүнгийн 70 хувиар тооцож албадан дуудлага худалдаанд оруулсан  нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 Учир нь,

- Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчийн барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болох 3 орон сууцыг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дугаар зүйлийн 54.1 дэх заалтад нийцсэн байна.

- Талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хураан авсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй учир шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан үүргийнхээ дагуу шинжээч томилох тухай тогтоол гаргаж үнэлгээ тогтоолгосон үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1,  55.2.2, 55.3  дахь заалтыг зөрчөөгүй болно.

    - Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу  нэхэмжлэгч Н.Б-  нь тухайн үедээ хуульд заасан хугацааны дотор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргаагүй,  нөгөөтэйгүүр орон сууцнуудын үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур байна гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг өөрөө шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул энэ талаар гаргасан эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гомдлыг хүлээн авах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгээр нэхэмжлэгч тал үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан, байрлал сайтай орон сууцаа хэт доогуур үнэлсэн гэдгийг үгүйсгэж  85.000.000 төгрөгөөр үнэлэх байсан тухай баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг  буруутгах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй, хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Б-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч Н.Б-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                                    

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                   С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                     С.ОЮУНЦЭЦЭГ