Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2018/01353/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дүгээр баг, .....хороолол, ... байр, ... тоотод оршин суух .... овгийн Н.Б- /РД: ..........ТЗ, утас: ............../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

 

“Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дүгээр баг, ... хороолол,  байр, ... тоот Ү-............... эрхийн улсын бүртгэлийн дугаартай ... м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 75,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б- нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дугаартай захирамжаар Н.Б-оос 30,964,757 төгрөгийг гаргуулж “Ү” банкны Дархан салбарт олгохоор шийдвэрлэсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Н.Б- миний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дүгээр баг ... хороолол, ... байр ... тоот ... мкв талбайтай ... өрөө орон сууцыг 75,000,000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулах болсноо мэдэгдлээ. Миний зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа бөгөөд миний хөрөнгийг хэтэрхий доогуур үнэлсэнд гомдолтой байна. Учир нь үнэлгээ хийхдээ 1 давхарын үйлчилгээ явуулж байсан байрыг зах зээлийн бодит ханшнаас хэт доогуур үнэлж миний өмчийг үнэгүйдүүлж зах зээлийн жишиг хандлагыг буруу тодорхойлж гаргасан байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хийгдсэн дээрх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие нь бизнесээ өргөжүүлэх зорилгоор банкнаас зээл авсан боловч хугацаандаа зээлээ төлж барагдуулаагүй учир барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан дуудлага худалдаанд оруулахаар болж 75,000,000 төгрөгөөр үнэлсэнд нь гомдолтой байна. Зах зээл дээр энгийн 3 өрөө байр 65-75 сая төгрөгийн хооронд байгаа. Гэтэл тус байр нь үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан, байрлал сайтай тул 85,000,000 төгрөгөөр үнэлэх нь зүйтэй байх гэж бодож байна.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дугаартай шүүгчийн захирамжаар С.М-, Н.Б-, Б.У-нараас 30,964,757 төгрөг гаргуулж “Ү” банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч С.М-, Н.Б-, Б.У-нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 6 хороолол, 8 байр, ... тоотод байрлах ... м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаартай 3 өрөө орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 18070476/02 дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2018/06 тоот тогтоолоор “К” ХХК-ийг шинжээчээр томилсон байна. “К” ХХК  нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 75,000,000 төгрөгөөр тогтоосон талаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө.” гэж заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/2989, 01/2986, 01/2988, 01/2987 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б- нь хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дүгээр баг, ...  хороолол, ... байр, .... тоот Ү-............. эрхийн улсын бүртгэлийн дугаартай .... м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 75,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 104 дугаартай шүүгчийн захирамжаар “Ү” банкны нэхэмжлэлтэй, С.М-, Н.Б-, Б.У-нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэгчид зээлийн гэрээний өр төлбөрт нийт 30,964,757.81 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2018 оны 04 сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар, гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд иргэн С.М- 1 иргэний өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ....-р баг, ... -р хороолол, .... -р байр, ... тоот .... мкв талбайтай 3 өрөө орон сууц /Ү-............, ГД:........../ ар зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг талууд харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, шийдвэрлэжээ. /хх-21, 22/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар, шударгаар биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ гүйцэтгээгүй тул тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2179 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, 388 тоот гүйцэтгэх хуудас бичигджээ. /хх-20/

 

Тус гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлжээ. /хх 23-32/

 

Улмаар эд хөрөнгө битүүмжлэх 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18070476/09 тогтоолоор Дархан-Уул аймаг, Дархан сум, .... дүгээр баг, ... хороолол, ... байр, ... тоот орон сууцыг битүүмжилж, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай 18070476/12 тогтоолоор хураан авч төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг мэдэгджээ. Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн хураах, битүүмжлэх ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. /хх 33-37/

 

Дээрх хугацаанд төлбөр төлөгч нар нь үүргээ биелүүлээгүй, хураагдсан эд хөрөнгийн үнийг төлбөр төлөгч С.М-, Б.У-нар 80,000,000 төгрөгөөр үнэлж байгаагаа бичгээр илэрхийлсэн, төлбөр авагч “Ү” банкны Дархан салбарын захирал П.И- ...Манай банкны зүгээс иргэн .....овгийн С.М-ын зээлийн барьцаа хөрөнгийг 44,000,000 төгрөгөөр үнэлэн албадан дуудлага худалдаанд оруулах саналтай байна... гэх үнийн саналыг ирүүлж, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2018/06 тоот тогтоолоор эд хөрөнгийг үнэлүүлэхээр “К” ХХК -ийг шинжээчээр томилон, томилогдсон шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулан тэмдэглэл үйлдсэн. /хх 40-47/

 

Томилогдсон шинжээч “К” ХХК  нь төлбөрт хураагдсан орон сууц болох Дархан-Уул аймаг, Дархан сум, ...дүгээр баг, .... хороолол, ... байр, ... тоот ... м.кв талбай бүхий Худалдаа, үйлчилгээний зориулалттай 3 өрөө орон сууцны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 75,000,000 төгрөг байна гэж үнэлгээний тайлан гаргасныг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар энэ талаар төлбөр төлөгчид 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 01/2987 тоот албан бичгээр мэдэгдсэн. /хх 48-59/

 

Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч сайн дураар төлөөгүй үндэслэлээр хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсвэл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно, 49 дүгээр зүйлийн 49.4.2-т төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах тухай шийдвэрийг гүйцэтгэх, 49.4.3-д төлбөр төлөгчийн болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг хураах тухай шийдвэрийг гүйцэтгэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ гэсэн хуулийн шаардлагын дагуу эд хөрөнгийг битүүмжилж, үнийн саналын дагуу шинжээч томилсон нь дээрх хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Б- шинжээч “К” ХХК -ийн үнэлсэн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ гэж тооцсон 75,000,000 төгрөгийг бодитой биш гэх тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Тухайлбал үнэлэгдсэн эд хөрөнгө Дархан-Уул аймаг, Дархан сум, ....  дүгээр баг, ... хороолол, ... байр, ... тоот Ү-........... эрхийн улсын бүртгэлийн дугаартай ... м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ ямар учраас томилогдсон шинжээчийн үнэлгээнээс давуу байх нөхцөл байдал, түүний тайлбарт дурдсанаар үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан, байрлал сайтай гэсэн нь үнэ нэмэгдэх нөхцөл болох эсэх, үгүй бол шинжээч үл хөдлөх хөрөнгийн чанар байдал, эдэлгээг бодит байдлаас зөрүүтэй тогтоосноос үнэлгээний үнэ цэнэ буурсан эсэхийг нотлохгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б-ын хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан  Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дүгээр баг, ... хороолол, ... байр, .... тоот Ү-......... эрхийн улсын бүртгэлийн дугаартай ... м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 75,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                                     

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ОЮУНДАРЬ