Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 32

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2018/01336/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  01 дүгээр сарын 07-ны өдрийн 34 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Н-ад холбогдох

“750.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.О-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О-, хариуцагч М.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Б.О-ээс:

           ...Миний бие Шарын гол сумын Н-ын Хайрхан баг, 12 дугаар байр, 36 тоот 2 өрөө байрыг худалдаж авахаар үнийг 25.000.000 төгрөгөөр тохирсон байх үедээ сулласан байранд 1.300.000 төгрөгийн засвар хийгээд орж 2 сар амьдарч үзсэн. Тэгэхээр нь цаашид хүйтэн байранд амьдрах боломжгүй гэж үзээд худалдаж авахаа больё гэсэн. Тэгээд Н- надад 600.000 төгрөг буцаан олгосон. Барилгын Энхчамин дэлгүүрийн худалдагч Б.Н-аас 750.000 төгрөгийн барилгын материал зээлсэн. Ванны өрөөний холимог крант, суултуур, нойл шинээр сольсон. Том өрөөг хулдаасалсан, гал тогооны крантыг холимог крантаар сольсон. Харин гал тогооны өрөө, том өрөө, жижиг өрөөний бүх цонхнуудыг Шарын гол сумын Хайрхан баг 12 дугаар байрны вакумаар 750.000 төгрөгөөр хийлгэсэн болно. Одоо Н-аас 750.000 төгрөгийг хохирлоо гаргуулж авна гэжээ.

            Хариуцагч М.Н-аас:

...М.Н- би 2016 оны 07 дугаар сард байраа зарна гэсэн сургаар Б.О- өөрөө танаа байрыг би авъя 15 дугаар байрны 1 өрөө байраа зараад мөнгийг нь өгье гээд манай байранд ороод 4 сар амьдарсны дараа би танаа байрыг авахаа болилоо. Манай байр зарагдахгүй байна. Танаа байранд гал тогоо, том өрөөний цонхыг вакум болгосон. 00-ын өрөөнд жорлон сольсон гээд 1.100.000 төгрөг нэхэхээр нь би төлж чадахгүй миний хуучин цонх жорлонг тавиад өг гэж хэлсэн. Чи мөнгийг нь өгөөгүй байж яах гэж хүний байранд гар хүрсэн юм өгч чадахгүй гэж байснаа цонх жорлон нэгэнт хийчихсэн юм чинь 1.100.000 төгрөгөөс 4 сар манай байранд суусан хөлс 400.000 төгрөг хасаад 700.000 төгрөг өгье гэсэн тэгээд 300.000 төгрөг өгөөд дараа нь 400.000 төгрөг өгч чадахгүй байсан чинь би одоо нурууны хагалгаанд орно гээд байна гэхээр нь 400.000 төгрөг шилжүүлээд ингээд өр дууслаа гэж тохирсон боловч шүүхэд хандсан байна. Надад Б.О-т өгөх өр байхгүй гэжээ.

             Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 34 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар нэхэмжлэгч Б.О-ийн гаргасан хариуцагч М.Н-аас 750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.О- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. хариуцагч М.Н-аас 750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Учир нь Анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1156 дугаар шүүгчийн захирамжийн дагуу барилгын дэлгүүрийг хохиролгүй болгосон. Иймд М.Н-аас 750.000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  хуулийн  шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээв.

            Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч М.Н-ад холбогдуулан 750.000 төгрөг  гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

            Зохигчид 2016 оны 7 сард Шарын гол сумын Хайрхан баг, 12 дугаар байр, 36 тоот 2 өрөө орон сууцыг 25.000.000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохирч, худалдан авагч Б.О- нь тус байрыг эзэмших хугацаандаа цонх, суултуур, крантыг  сольсон байна. Б.О- нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...1.300.000 төгрөгийн засвар хийж орсон..., ...цаашид хүйтэн байранд амьдрах боломжгүй гэж үзээд худалдаж авахаа больё гэсэн..., ...600.000 төгрөг буцааж өгсөн..., ...барилгын Энхчамин дэлгүүрийн худалдагч Б.Н-аас 750.000 төгрөгийн барилгын материал зээлсэн...,  ...750.000  төгрөгийн хохирлоо гаргуулж авна”  гэж заажээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу  аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь   буцааж өгөх үүрэгтэй. Тухайлбал Б.О- нь М.Н-аас ямар байр хүлээн авсан байна, тэр хэвээр нь буцааж өгнө гэсэн ойлголт  юм.

М.Н- нь Б.О-т засварын  зардалд 600.000 төгрөг төлжээ.

Б.О- нь гэрээнээс татгалзах болсон үндэслэлийг хүйтэн байранд амьдрах боломжгүй гэж дурдсан хэдий ч зохигчид нь худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулахдаа энэ талаар хэрхэн тохирсон нь тодорхойгүй байх тул үүрэг гүйцэтгэгчийн  буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон гэж  дүгнэх  хууль зүйн үндэслэлгүй.

Үүрэг гүйцэтгэгч буюу М.Н-ын буруугаас гэрээнээс татгалзсан үйл баримт  тогтоогдоогүй, засварын зардлын тал буюу 600.000 төгрөг төлсөн учир түүнээс хохирол гаргуулах үндэслэлгүй, Б.О- хохирол шаардах эрхгүй  байна.

Хариуцагч М.Н- гэрээнээс татгалзсаны үр дагаврыг бүрэн арилгаж  Б.О-ийг хохиролгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор  анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд нэхэмжлэгч Б.О- “Иргэний хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан  нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх, гаргаж өгөх  үүргээ  биелүүлээгүй” гэж дурдсаныг  буруутгах үндэслэлгүй байна.

Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд  заасан журмын дагуу явуулж,  маргааны харилцааг  зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн учир шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 34 дүгээр шийдвэрийг  хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                               

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ