Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 54

 

 

                        Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарт

   холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолтой, Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарт холбогдох, 2035000000110 дугаартай эрүүгийн 2 хавтас хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нар оролцов.

Монгол улсын иргэн, ... оны .... дүгээр сарын ....-нд Увс аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, ........ мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн ...... сумын ... дугаар багийн .... тоотод оршин суух Б овогт Ц-ийн Б /РД:......./,

Монгол улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-нд Увс аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл ..., эхнэр, ... хүүхдийн хамт Увс аймгийн Т сумын .. дугаар багт оршин суух Б овогт Ц-ийн Ш /РД:............/,

Монгол улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-нд Увс аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл .... , ......... хамт Увс аймгийн ..... сумын .... дугаар багт оршин суух Г овогт Ц-гийн Б /РД:............../.

Шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нар нь бүлэглэн Увс аймгийн Ц сумын Д багийн нутаг Үзүүрийн булаг гэх газраас 2020 оны 6 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Завхан сумын иргэн Б.Б, Н.А, Б.Н, А.Т, Завхан аймгийн У сумын иргэн Х.Г нарын тус бүр нэг тооны, иргэн Б.Ц-ны 2 тооны нийт долоон тооны тэмээ буюу олон тооны бод малыг машин механизм буюу мотоцикл ашиглан хулгайлж, нийт 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2035000000110 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Б овогт Ц-ийн Ш, Г овогт Ц-гийн Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч Б овогт Ц-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Б овогт Ц-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ”Анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, илт үндэслэлгүйгээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Мөн анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нар нь 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын төвд гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, тус аймгийн Цагаанхайрхан сум руу мотоциклтой явж, долоон тооны тэмээ хулгайлж явахдаа хохирогч нарт баригдсан үйл баримт авагдсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нар нь бүлэглэн 2020 оны 6 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө хохирогч Б.Б, Н.А, Б.Н, А.Т, Х.Г, Б.Ц нарын нийт 7 /долоо/ тооны буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж яваад 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед хохирогч нарт баригдсан үйл баримт хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан тохиролцож, санаатай бүлэглэн нэгдэж мал хулгайлсан гэмт хэрэг юм.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийг өөрөө үйлдсэн, шүүгдэгч Ц.Ш, Ц.Б нар нь мэдээгүй гэх мэдүүлэгт шүүх хэт хөтлөгдөж, болсон үйл явдалд бодитой, хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болжээ. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нар нь бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд нь бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад цагаатгах талын нотлох баримтаар үнэлсэн мөртлөө шүүгдэгч Ц.Ш-ийн цагдаад шалгагдаж байгаа талаараа хэлж байсан яриаг сонссон гэрч Ц.Н-ыг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэсэн нь шүүх хэт нэг талыг барьсан. Мөн шүүхээс “шүүгдэгч Ц.Ш, Ц.Б нарын үйлдэлд Монголын уламжлалт зан заншлын дагуу хүнд туслах санаа, зорилготойгоор уг үйлдэлд оролцсон нөхцөл байдал харагдаж байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зорилт, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үндсэн зорилттой нийцээгүй, хууль зүйн хувьд үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Анхан шатны шүүхээс мотоцикл нь “машин механизм” гэдэгт хамаарах боловч “Машин механизм ашиглаж” бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгох тул хэргийн газарт мотоциклоор хүргүүлсэн үйлдлийг машин механизм ашигласан гэж үзэхгүй болно” гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна.

Учир нь мал хулгайлах гэмт хэрэг гарсан газар нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Далан хуруу багийн нутаг дэвсгэрт байрлах “Үзүүрийн булаг” буюу шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарын явсан газраас 190 орчим километр газар ба шүүгдэгч нар нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээ тохироод тухайн гэмт хэрэг үйлдэх газарт очих, тэмээг мотоцикл ашиглаж тэмээг барьж авах, туух зэрэг үйлдэл хийсэн байхад энэ нөхцөл байдалд нь үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн зүйлчлэлийн хүндрүүлэх нөхцөл байдлыг үгүйсгэсэн. Уг шийтгэх тогтоолын “тогтоох нь” хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйл буюу хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Иймд анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, илт үндэслэлгүйгээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй бөгөөд хоёр шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх нь шүүгдэгч Ц.Ш, Ц.Б нарыг “зан заншлын хэм хэмжээний хүрээнд хүнд туслах гэсэн санаа зорилгын үүднээс энэ гэмт хэрэгт оролцсон байна” гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Ш, Б, Б гурав нь Увс аймгийн Улаангом сумаас мотоциклд бензин хийж гараад Тээлийн гүүрний цаанаас Ц.Ш нь автомашинд дайгдаад Увс аймгийн Цагаанхайрхан сум руу явсан. Ингээд тогтсон газраа Б, Б хоёрыг хүлээж байсан байдаг. Хөдөө хээр бэлчиж явсан тэмээнээс ямар нэгэн зүслүүлж авсан зүйлгүйгээр барьж аваад явсан үйлдэл 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Б нь мөрдөн байцаалтын шатанд “Би тэр тэмээг хулгайлж байгаа гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг өгсөн байдаг боловч энэ мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгддэг.

Мөн Ц.Б, Ц.Б, Ц.Ш нар нь тухайн тэмээгээ аваад буцаж явахдаа бартаа саад ихтэй, хулгайн замаар авч явсан байдаг бөгөөд цагдаад баригдаад, “тохиролцъё” гэдэг байдлаар цагдаагийн албан хаагчийг ятгасан байдаг. Тэмээний эзний саахалт айлын хүн нь шүүгдэгч нартай таараад ямар тэмээ авч яваа талаар асуухад шүүгдэгч нар нь “Цагаанхайрхан сумаас худалдаж авсан тэмээ байгаа юм” гэж хэлсэн байдаг. Иймд олон тооны бод малыг хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч нар бүлэглэн үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ мотоциклийг машин механизмаар ашигласан. Анхан шатны шүүх нь хэтэрхий нэг талыг барьж нотлох баримтуудыг үнэлсэн байгаа нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Ц.Ш, Ц.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Мал хулгайлах гэмт хэрэг нь ашиг олох зорилготой үйлдэгддэг гэмт хэрэг. Харин тухайн үед шүүгдэгч Ц.Б нь тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч ажилласан жил дутсан учир ажилласан жил нөхөн тооцуулж авахад мөнгө шаардлагатай болсон байдаг. Тэгээд хулгай хийх санаа гаргаад Ц.Б, Ц.Ш нарт айлаас мал авах ёстой гэж хэлсэн байдаг бөгөөд шүүгдэгч Ц.Б “Ц.Ш, Ц.Б нарт би хулгай хийнэ гэж хэлээгүй. Би энэ хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж тайлбарлаж байдаг. Хавтаст хэргийн 114-116 дугаар хуудаст авагдсан шүүгдэгч Ц.Ш-ийн мэдүүлгээс харахад шүүгдэгч Ц.Б нь “Би нэг хүнээс тэмээ авах ёстой. Надад унаа тэргээрээ тусламж үзүүлээч гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч Ц.Б нь мөн “Би Б-д тусалж байна л гэж бодож байсан. Харин тэмээгээ авч явах замд хэдэн хүмүүс таараад манай тэмээ байна гэж хэлэхэд нь би хулгайн тэмээ гэдгийг нь мэдсэн” гэж мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарт холбогдох, 2035000000110 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарыг бүлэглэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Далан хуруу багийн нутаг “Үзүүрийн булаг” гэх газраас 2020 оны 6 дугаар сарын 17-аас 18-нд шилжих шөнө бусдын долоон тооны тэмээ буюу олон тооны бод малыг машин механизм ашиглан хулгайлж, нийт 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2.1, 2.2, 2.4  дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ц.Ш, Ц.Б нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад  үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоох хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэв.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн гэрч С.Х-ын “Би 2020 оны 6 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед өөрийн тэмээгээ хайгаад Урт булгийн орчимд ганцаараа мотоциклтой явж байтал 2 танихгүй эрэгтэй хүн 2 тэмээг нэг нэгээр нь унаад араасаа 5 тэмээ хөтөлчихсөн уулын амаар явж байхад нь таарсан. Би тэр хоёр хүнээс эдгээр тэмээнүүдийг хаанаас авсан талаар нь асуухад арай ахимаг настай хүн нь “Хулжаас худалдаж аваад Улаангом руу явж байна” гэж хэлсэн. Тэгээд би уг 7 тооны тэмээг үзэхэд манай сумын Б.Ц, Б.Б нарын хацартаа хэвтээ дэгрээ /зуузай/ тамгатай тэмээнүүд байсан. “Хулжаас авсан тэмээнүүд юм, худалдаж авсан хүн нь түрүүлээд явчихсан” гэж ахимаг насны эрэгтэй нь хэлсэн. Би түүнд “Хулжид манай нутгийн тэмээний тамгатай адил тамгатай тэмээ байдаг юм уу, манайхны тэмээ байна” гэж хэлэхэд “бид нар Улаангом сум руу явж байгаа, Улаангомд оруулж байгаад зураг хөргийг нь авч байж төхөөрдөг юм” гэж хэлээд цааш явсан юм. Тэгээд би утасны сүлжээтэй газарт гарч Б.Б-тэй утсаар холбогдож “танайх тэмээгээ зарсан уу, танай тамгатай тэмээг хүн хөтлөөд  Урт булагт явж байна” гэж хэлэхэд Б.Б надад араас нь дагаад барааг нь харж бай, бид нар тэмээ зараагүй, одоо яваад очъё” гэж хэлсэн. Тэгээд нөгөө тэмээ тууж явсан хоёр хүн Урт булгаас цаашаа явсан юм. Тэгээд 1 цаг 30 минут орчмын дараа манай сумын Б.Б, түүний ах Б.Ж, Б.М, С гэх 4 хүн жижиг суудлын машинтай ирээд Б.Б миний мотоциклд сундлаад бид хоёр нөгөө тэмээ тууж явсан хүний араас явж очоод Б.Б уг хоёр хүнээс тэмээнүүдийг хаанаас худалдаж авсан юм бэ?” гэхэд ахимаг настай хүн нь“энэ урдаас худалдаж авсан, худалдааны тэмээ” гэж хэлсэн. Тэгж байтал Б.М, Б.Ж, С нар араас хүрч ирсэн. Тэгээд тэр хүмүүс тэмээ тууж явсан хоёр хүнд хандаж “эдгээр тэмээнүүд манайхны тэмээ байна, буцаж явъя гээд тэр хоёр хүнийг аваад явсан. Харин би цааш явж тэмээгээ хайсан” гэх мэдүүлэг,

-хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед миний ........ дугаарын утас руу Увс аймгийн З сумын ..... дугаар багийн иргэн С.Х гэдэг хүн залгаад “замд 7 тэмээтэй хоёр хүн Малчин сумын Урт булаг гэдэг газар таараад уулзаад зөрлөө. Танай тэмээний тамгатай 3 тэмээ 7 тооны тэмээ дотор нь байна. Мал зарсан зүйл байгаа юу?” гэж асуусан. Би түүнд “тэмээ зараагүй, чи холоос дагаад явж бай, бид нар одоо очлоо” гэж хэлэхэд миний төрсөн ах Ж, М, Б бид дөрөв тэмээ байна гэсэн газар руу явсан. Тэгээд замд Х-тэй уулзаад хаана явж байгааг нь асуугаад би Х-гийн мотоциклын ард суугаад түрүүлж 7 тэмээ хөтөлж явсан, 2 хүн дээр ирсэн чинь миний өөрийн 5 настай хүрэн зүсмийн буур, миний төрсөн ах Б.Ц-ны 1 тооны атан тэмээ, 1 тооны буур, манай сумын 1 дүгээр багийн иргэн Т гэж хүний 1 тооны тэмээ, нийт 4 тооны тэмээ байсан. Энэ үед надтай хамт явсан хүмүүс ирээд тэр хоёр хүнийг “та нар хаашаа явж байгаа юм бэ?” гэж асуухад “энэ тэмээг худалдаж аваад явж байна” гэж хэлсэн. Тэгээд би эдгээр тэмээн дотор миний тэмээ байна гэж хэлэхэд тэр хоёр хүний арай ахимаг настай хүн нь надтай уулзаад “энэ тэмээг “Үзүүрийн булаг” гэдэг газраас хулгайлсан юм. Намайг уучлаарай зохицоод салах уу” гэж хэлсэн. Би хариуд нь “тийм юм байхгүй, шийддэг газарт нь өгч шийдүүлнэ” гэж хэлээд цагдаад хандсан юм. Би тухайн тэмээг хөтөлж явсан хүмүүсийг танихгүй ба харж байгаагүй хүмүүс байсан. Тэр настай хүн өөрийгөө Тэс сумын 2 дугаар багийн Б гэдэг хүн гэж танилцуулсан. Нөгөө хамт явсан залуугийн нэрийг асуугаагүй юм. ...Тухайн тэмээг авсан хоёр хүн уг 5 тооны тэмээг цагаан өнгийн уяагаар буйлнаас нь холбосон. 2 тэмээг нь унаж явж байсан юм. ...Ц.Б надад хэлэхдээ 2020 оны 6 дугаар сарын 18-нд Ц.Б болон аймгийн нэг мотоциклтой хүнтэй хамт гурвуулаа Үзүүрийн булагт очсон бөгөөд  нөгөө хүн нь аймгийн төв рүү түрүүлээд явсан гэж хэлсэн бөгөөд тэр хүний нэрийг хэлээгүй юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27, 28-30-р тал/,

- хохирогч Н.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд би Б.Б-ийн гэрт очиход 2 хүн манай 13 настай, шар зүстэй, зөв ташаандаа дэгрээ тамгатай тэмээг болон Б.Б, Н, Ц, Т нарын тэмээнүүдтэй хамт нийт 7 тэмээг хулгайлж яваад баригдсан байсан. Тэгээд би тэр хоёр хүнээс “яах гэж хулгай хийсэн юм бэ?” гэхэд ахмад настай хүн нь “би амьдралын шаардлагаар хулгай хийсэн юм” гэж хэлсэн юм. Тэр хоёр хүнийг Ц.Б, Ц.Б гэдэг гэж хэлж байсан. Тэр өдөр тэр хоёр хүн өөр бас нэг хүнтэй хамт явсан гэсэн ба тэр хүн мотоциклтой явж ирээд түрүүлээд Улаангом сум руу явсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р тал/,

- хохирогч Х.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэгээд би Б.Б-ийн гэрт очиход миний 10 настай, ар талын гуяндаа 88 гэсэн тамгатай тэмээ, өөр хүмүүсийн 6 тооны тэмээний хамт хулгайлагдан явж байгаад тэр хүмүүс баригдсан байна. Хулгайлсан гэх Ц.Б, Ц.Б хоёр хүн бид нарт “тэмээ хулгайлж, мөнгө олох гэж байсан” гэж хэлсэн. Тэгээд бид нар өөр өөрсдийн тэмээнүүдийг авцгаасан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-р тал/,

- хохирогч А.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр манай нутгийн Б.Б над руу утсаар залгаад манайхны бэлчээрт байсан тэмээнүүдээс нийт 7 тооны тэмээг 3 хүн Улаангом сумаас гарч ирээд өнгөрсөн шөнө хулгайлаад явж байгаад өнөө өглөө баригдлаа. Тэмээнүүдийг Ц.Б, Ц.Б гэх хоёр хүн туугаад явж байж, нөгөө хүн нь тэмээг хулгайлчхаад мотоциклтойгоо түрүүлээд аймаг руу явсан гэж байна. Тэмээнүүд манай дээр ирсэн байна, цагдаа дуудчихсан болохоор хүрээд ир гэж дуудсан. Би өөрийн гэрээсээ мотоциклтой Б.Б-ийн гэрт очиход тэдний гэрийн гадна хулгайлагдсан 7 тооны тэмээ байсан бөгөөд манай нутгийн А, Н, Б.Б, Б.Ц нарын тэмээнүүд, мөн Завхан аймгийн Ургамал сумын Х.Г гэгчийн нэг тэмээ байсан бөгөөд түүний тэмээ нь Үзүүрийн булаг гэх газарт бэлчээрлэдэг байсан юм. Би очиж харахад манай 7 настай зүүн хацар зүүн ташаан дээрээ А үсгэн тамгатай эр тэмээ хулгайлагдсан байсан юм. Тэгээд би тэмээгээ авчаад тэмээ хулгайлсан гэх 2 хүнтэй уулзахад Тэс сумын гаралтай Б, Б гэх 2 хүн гэж өөрсдийгөө танилцуулсан ба нэг нь ... орчим насны, нөгөө нь .... орчим насны эрэгтэй байсан гэж хэлж байсан ба өөр ямар нэг юм хэлээгүй” гэх мэдүүлэг, 

- хохирогч Б.Ц-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өөрийн тэмээг эргэхээр Үзүүрийн булагт очиход миний тэмээнүүдээс 9 настай, зөв хацартаа дагуу дэгрээ тамгатай атан тэмээ 8 настай мөн ижил тамгатай атан тэмээ дутсан юм. Тэгж байтал манай ах Б над руу залгаж “манай тэмээнүүдийг 2 хүн хулгайлж аваад тууж яваад баригдсан байна” гэж хэлсэн. Тэгээд би Үзүүрийн булаг гэх газраас гэртээ ирээд байж байтал Б.Б ах М, С, Ж нарын хамтаар тэмээ хулгайлсан гэх 2 хүнийг хулгайлсан 7 тооны тэмээний хамт авч ирсэн бөгөөд уг 7 тооны тэмээнд миний тэмээнээс дутсан 2 тооны тэмээ байсан. Нийт 7 тооны тэмээ байсныг Тэс сумын Ц.Б, Ц.Б нар нь өөр нэг хүний хамт гурвуулаа хулгайлсан бөгөөд Ц.Б, Ц.Б нар нь тууж яваад манай сумын Х-тэй таарч баригдсан байсан. Хамт хулгайлсан гэх хүн нь аймгийн төв рүү мотоциклтойгоо явчихсан гэж тэр Ц.Б, Ц.Б нар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р тал/,

- гэрч Б.Ж-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би дүү Б.Б-ийн гэрт байж байтал манай дүү Б.М, Б.Б хоёр тэмээ хулгайлагдсан явааг Х гэж хүн хараад утсаар ярьлаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн .... УНБ улсын дугаартай автомашинаар Б.Б, Б.М, Б.С нарын хамт тухайн тэмээ авч явж байна гэсэн газар руу явсан юм. Замд Х-тай уулзаад Б.Б түүнтэй хамт мотоциклтой яваад араас нь бид 3 очсон. Бид нарыг очиход 2 хүн 5 тооны тэмээ уяагаар холбоод, 2 тэмээг нь уначихсан явж байсан. Уг 7 тооны тэмээн дотор манай дүү Б.Ц-ны 2 тооны тэмээ, Б.Б-ийн 1 тооны тэмээ байсан. Бусад нь бас л манай сумын хүмүүсийн тэмээ байсан. Уг хоёр хүнээс яагаад эдгээр тэмээнүүдийг авч яваа талаар асуухад хулгайлж авч явсан гэдгээ хэлсэн юм. Тэр тэмээ авч явж байсан 2 хүнийг би танихгүй, харж байгаагүй хүмүүс байсан ба нэгийг нь Ц.Б гэсэн нөгөө залууг нь хэн гэдгийг нь мэдээгүй. Тухайн хоёр хүн нь бид нарт баригдчихаад тохирчих гэж гуйсан ба бид нар зөвшөөрөөгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/,

- гэрч Ц.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай нөхөр Ц.Ш нь 2020 оны 6 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө гэртээ ирж хоноогүй бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн үед өөрийнхөө БНХАУ-д үйлдвэрлэсэн .... УВЗ улсын дугаартай Мустанг загварын мотоциклтой гэрээс гараад явсан бөгөөд хаашаа явж байгаа талаараа надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би тухайн шөнө Ц.Ш-г архи уугаад гадуур хоносон гэж бодож байсан бөгөөд маргааш нь буюу 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр аймгийн төв рүү орчоод өдөр 17:00 цагийн үеийн гэртээ ирэхэд манай нөхөр Ц.Ш гэртээ мотоциклтойгоо ирчихсэн байсан. Тухайн үед түүнээс хаана хоносон талаар асуугаагүй ба архи уугаад ирсэн биз гэж бодоод загнаад өнгөрсөн. Ш цагдаад шалгагдаж эхэлсний дараа юу болсон талаар асуухад “Б бид хоёр нэг хүнтэй хамт 7 тэмээ хулгайлсан. Нөгөө хоёр тэмээгээ туугаад ирж яваад баригдсан байна” гэж хэлсэн. Б нь миний төрсөн дүү бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 10-ны үед Улаангомд нэг охинтой танилцуулах гэж би дуудсан юм. Б-г Улаангомд ирснийг мэдээгүй байж байгаад цагдаад шалгагдаж эхэлснийхэн дараа энд ирснийг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р тал/ зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь үнэлж чадаагүй байна.

Шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нар Улаангом сумаас хамтдаа явж, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Д багийн нутаг “Үзүүрийн булаг “ гэх газар  бэлчээрт байсан тэмээдээс 7 тооны тэмээг эздийнх нь зөвшөөрөлгүй, нууцаар барьж авсан, Ц.Ш нь хэргийн газраас Улаангом уруу мотоциклоороо түрүүлж явсан, Ц.Б, Ц.Б нар хамтдаа 7 тооны тэмээг авч Улаангом сум уруу явсан зэрэг үйл баримт хэрэгт тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүхээс “шүүгдэгч нар мал хулгайлах гэмт хэргийг санаатайгаар бүлэглэн үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэх  дүгнэлт хийж, Ц.Ш, Ц.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэл муутай болжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1-т : Мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдүүлэг авч болно” гэж заасан ба энэхүү мэдүүлгийг  нотлох баримтаар тооцож болох боловч уг мэдүүлэг дангаараа тухайн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах, эсхүл тэднийг цагаатгах нотлох баримт, хангалттай үндэслэл болохгүй гэдгийг шүүх анхаарч тал бүрээс нь бүрэн, бодитой харьцуулан  шинжилж, үнэлэх үүрэгтэй.

Түүнчлэн яллагдагч, шүүгдэгч нь өөрийн хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөх, гэм буруугүйгээ  нотлох, хэргийн байдлыг нотлох  үүрэг хуулиар хүлээхгүйгээс гадна  өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ дагуу гэм буруугүйгээ нотлох зорилготой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй бөгөөд энэ хүрээнд цугларсан нотлох баримтыг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ. 

Гэмт хэрэгт хамтран оролцох нь хоёр буюу түүнээс олон хүн тодорхой гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцох, эсхүл тодорхой төлөвлөгөө, тохироогүйгээр санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэж, хамтын хүчээр гэмт үйлдэл хийснээр илэрдэг. 

Хулгайлах гэмт хэрэг нь нууц, далд хэлбэрээр үйлдэгддэг тул яллагдагч, шүүгдэгч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, арга хэлбэр, хүрэх үр дүнгийнхээ талаар тодорхой мэдүүлэхгүй байх нь тэдний гэм буруу, оролцоог шууд үгүйсгэх үндэслэл болохгүй юм. 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарын яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгт хэт хөтлөгдөн бусад нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй  байна.

Мөн шүүгдэгч нар нь Улаангом сумын төвөөс 190 гаруй км орчим зайд байрлах хэргийн газар /тэмээ бэлчээрлэж байсан нутаг/-т Ц.Ш-ийн эзэмшлийн .... УВЗ улсын дугаартай мотоциклыг ашиглан очихоор урьдчилан тохиролцож, уг тээврийн хэрэгслийг ашиглан хэргийн газар очсон, тодруулбал: гэмт үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хэргийн газар  хүрэх зорилгоор уг тээврийн хэрэгслийг ашигласан байхад шүүх “хэргийн газарт мотоциклоор хүргүүлсэн үйлдлийг машин механизм ашигласан гэж үзэхгүй” гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд Дээд шатны прокурорын бичсэн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хэрэг анхан шатны шүүхэд очтол Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ