Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/104

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Ц.Ш, шүүгдэгч Ц.Б, тэдгээрийн өмгөөлөгч Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.АнхБс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2035000000110 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1963 оны 4 дүгээр сарын 20-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг 4-03 тоотод оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Б/78 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан, Б ургийн овогт Цийн Б, /Регистрийн дугаар :ОО 63042075/.

Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 14-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б ургийн овогт Цийн Ш, /Регистрийн дугаар: ОО 86011492/.

Монгол улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 25-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г ургийн овогт Цгийн Б /Регистрийн дугаар:ОО 91052513/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нар нь бүлэглэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Далан хуруу багийн нутаг Үзүүрийн булаг гэх газраас 2020 оны 6 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Завхан сумын иргэн Б.Б, Н.А, Б.Н, А.Т, Завхан аймгийн Ургамал сумын иргэн Х.Г нарын тус бүр нэг тооны, иргэн Б.Цы 2 тооны, нийт долоон тооны тэмээ буюу олон тооны бод малыг машин механизм буюу мотоцикл ашиглан хулгайлж, нийт 9,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2035000000110 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан эд мөрийн болон бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Увс аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 37 дугаартай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5-7-р хуудас/

2. Мотоциклд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-9-р хуудас/,

3. Тэмээнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 11-23-р хуудас/,

4. Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед миний 98944849 дугаарын утас руу Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн иргэн С.Х гэдэг хүн залгаад “замд 7 тэмээтэй хоёр хүн Малчин сумын Урт булаг гэдэг газар таараад уулзаад зөрлөө. Танай тэмээний тамгатай 3 тэмээ 7 тооны тэмээ дотор нь байна. Мал зарсан зүйл байгаа юу?” гэж асуусан. Би түүнд “тэмээ зараагүй, чи холоос дагаад явж бай, бид нар одоо очлоо” гэж хэлээд миний төрсөн ах Ж, М, Батчулуун бид дөрөв тэмээ байна гэсэн газар луу явсан. Тэгээд замд Хтэй уулзаад хаана явж байгааг нь асуугаад би Хгийн мотоциклийн ард суугаад түрүүлж 7 тэмээ хөтөлж явсан, 2 хүн дээр ирсэн чинь миний өөрийн 5 настай хүрэн зүсмийн буур, миний төрсөн ах Б.Цы 1 тооны атан тэмээ, 1 тооны буур, манай сумын 1 дүгээр багийн иргэн Төмөрөө гэж хүний 1 тооны тэмээ, нийт 4 тооны тэмээ байсан. Энэ үед надтай хамт явсан хүмүүс ирээд тэр хоёр хүнийг “та нар хаашаа явж байгаа юм бэ?” гэж асуухад “энэ тэмээг худалдаж аваад явж байна” гэж хэлсэн. Тэгээд би эдгээр тэмээн дотор миний тэмээ байна гэж хэлэхэд тэр хоёр хүний арай ахимаг настай хүн нь надтай уулзаад “энэ тэмээг “Үзүүрийн булаг” гэдэг газраас хулгайлсан юм. Намайг уучлаарай зохицоод салах уу” гэж хэлсэн. Би хариуд нь “тийм юм байхгүй, шийддэг газарт нь өгч шийдүүлнэ” гэж хэлээд цагдаад хандсан юм. Би тухайн тэмээг хөтөлж явсан хүмүүсийг танихгүй ба харж байгаагүй хүмүүс байсан. Тэр настай хүн өөрийгөө Тэс сумын 2 дугаар багийн Б гэдэг хүн гэж танилцуулсан. Нөгөө хамт явсан залуугийн нэрийг асуугаагүй юм. ...Тухайн тэмээг авсан хоёр хүн уг 5 тооны тэмээг цагаан өнгийн уяагаар буйлнаас нь холбосон. 2 тэмээг нь унаж явж байсан юм. ...Ц.Б надад хэлэхдээ 2020 оны 6 дугаар сарын 18-нд Ц.Б болон аймгийн нэг мотоциклтой хүнтэй хамт гурвуулаа Үзүүрийн булагт очсон бөгөөд  нөгөө хүн нь аймгийн төв рүү түрүүлээд явсан гэж хэлсэн бөгөөд тэр хүний нэрийг хэлээгүй юм. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-27, 28-30-р хуудас/,

5. Хохирогч Н.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 60 орчим тооны тэмээтэй бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Завхан сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан түнгэ гэх газарт тэмээгээ ноосолж, ноосыг нь аваад бэлчээрт гаргасан. Манай тэмээнүүд манай нутгийн Н, Б, Т, Цогтсайхан нарын тэмээнүүдтэй хамт Цагаанхайрхан сумын нутаг Үзүүрийн булаг, Долоон хуруу, Өндөр Улаан гэх газруудаар бэлчээрлэдэг юм. 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр манай сумын Хонгио буюу Б.Б утсаар залгаж, “манай сумын тэмээнүүдийг 2 хүн туугаад хулгайлж яваад баригдсан байна. Нийт 7 тооны тэмээ байна. Энэ дотор танай 1 тооны тэмээ байна” гэж хэлсэн. Тэгээд би Б.Бийн гэрт очиход 2 хүн манай 13 настай, шар зүстэй, зөв ташаандаа дэгрээ тамгатай тэмээг болон Б.Б, Н, Цогтсайхан, Т нарын тэмээнүүдтэй хамт нийт 7 тэмээг хулгайлж яваад баригдсан байсан. Тэгээд би тэр хоёр хүнээс “яах гэж хулгай хийсэн юм бэ?” гэхэд ахмад настай хүн нь “би амьдралын шаардлагаар хулгай хийсэн юм” гэж хэлсэн. Тэр хоёр хүнийг Ц.Б, Ц.Б гэдэг гэж хэлж байсан. Тэр өдөр тэр хоёр хүн өөр бас нэг хүнтэй хамт явсан гэсэн ба тэр хүн мотоциклтой явж ирээд түрүүлээд Улаангом сум руу явсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-34-р хуудас/,

6. Хохирогч Б.Нн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Увс аймгийн Завхан сумын 1 дүгээр багийн нутагт мал маллаж амьдардаг бөгөөд би 100 гаруй тооны тэмээтэй. ...манай сумын харьяат Б.Б 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр утсаар залгаад “энд хэдэн хүмүүс манайхны тэмээнүүдийг хулгайлж явж байгаад баригдсан байна. Энэ тэмээнүүдэд танай нэг тооны тэмээ байна, мөн Т, Н.А нарын тэмээнүүд байна” гэж хэлсэн. Тухайн үед мал хулгайлсан 2 хүнийг барьчихсан байна гэж хэлсэн бөгөөд би ажилтай байсан учраас тэмээгээ очиж авч чадаагүй, харин манай сумын Н.А, Т  нар нь Б.Бийн гэрт очиж өөрийн болон миний хулгайд алдагдсан 12 настай, зөв ташаандаа хэлтэй саран тамгатай эр тэмээг мөн очиж авч ирсэн. Би “миний тэмээг хулгайлсан хүн ямар хүн байна, юу гэж хэлж байна” гэж асуухад “тухайн тэмээнүүдийг Ц.Б, Ц.Б гэх хоёр хүн хулгайлж яваад баригдсан байна. Тэр хоёр хүн нь бас нэг мотоциклтой хүнтэй хамт ирээд хулгайлсан байна” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-39-р хуудас/,

7. Хохирогч Х.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манайх Завхан аймгийн Ургамал сумын Хулж багийн нутагт мал маллан амьдардаг юм. ...2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр миний гар утас руу Увс аймгийн Завхан сумын иргэн болох Б.Б утсаар залгаж, манайхны тэмээнүүдтэй хамт ард талын гуяндаа 88 гэх тамгатай тэмээ байна, манай тэмээнүүдтэй хамт хулгайлагдаад явж байхад нь барьж авлаа гэж хэлсэн. Тэгээд би Б.Бийн гэрт очиход миний 10 настай, ар талын гуяндаа 88 гэсэн тамгатай тэмээ, өөр хүмүүсийн 6 тооны тэмээний хамт хулгайлагдан явж байгаад тэр хүмүүс баригдсан байна. Хулгайлсан гэх Ц.Б, Ц.Б хоёр хүн бид нарт “тэмээ хулгайлж, мөнгө олох гэж байсан” гэж хэлсэн. Тэгээд бид нар өөр өөрсдийн тэмээнүүдийг авцгаасан юм. Би хулгайд алдсан тэмээгээ очоод авчихсан учраас надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-43-р хуудас/,

8. Хохирогч А.Тын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Увс аймгийн Завхан сумын 1 дүгээр багийн нутагт эхнэр, хоёр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. ...2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр манай нутгийн Б.Б над руу утсаар залгаад манайхны бэлчээрт байсан тэмээнүүдээс нийт 7 тооны тэмээг 3 хүн Улаангом сумаас гарч ирээд өнгөрсөн шөнө хулгайлаад явж байгаад өнөө өглөө баригдлаа. Тэмээнүүдийг Ц.Б, Ц.Б гэх хоёр хүн туугаад явж байж, нөгөө хүн нь тэмээг хулгайлчхаад мотоциклтойгоо түрүүлээд аймаг руу явсан гэж байна. Тэмээнүүд манай дээр ирсэн байна, цагдаа дуудчихсан болохоор хүрээд ир гэж дуудсан. Би өөрийн гэрээсээ мотоциклтой Б.Бийн гэрт очиход тэдний гэрийн гадна хулгайлагдсан 7 тооны тэмээ байсан бөгөөд манай нутгийн Амгалан, Н, Б.Б, Б.Ц нарын тэмээнүүд, мөн Завхан аймгийн Ургамал сумын Х.Г гэгчийн нэг тэмээ байсан бөгөөд түүний тэмээ нь Үзүүрийн булаг гэх газарт бэлчээрлэдэг байсан. Би очиж харахад манай 7 настай зүүн хацар зүүн ташаан дээрээ А үсгэн тамгатай эр тэмээ хулгайлагдсан байсан. Тэгээд би тэмээгээ авчхаад тэмээ хулгайлсан гэх 2 хүнтэй уулзахад Тэс сумын гаралтай Б, Б гэх 2 хүн гэж өөрсдийгөө танилцуулсан ба нэг нь 55-57 орчим насны, нөгөө нь 23-25 орчим насны эрэгтэй байсан. Тэгээд би тэр 2 хүнээс яагаад тэмээ хулгайлж байгаа юм гэж асуухад настай хүн нь “тэмээ хулгайлсан нь үнэн, уучлаарай” гэж хэлж байсан ба өөр ямар нэг юм хэлээгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46-р хуудас/,

9. Хохирогч нь Б.Цы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би Увс Завхан сумын 3 дугаар багт эхнэр, 3 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Би 30 гаруй тооны тэмээтэй. 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өөрийн тэмээнүүдээ ноосыг нь аваад Үзүүрийн булаг гэх газар руу бэлчээрт гаргасан байсан бөгөөд манай тэмээнүүдийн хамт манай дүү Б, Н, Т нарын тэмээнүүд бүгд нэг газар хамт байсан юм. Тэгээд би 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өөрийн тэмээг эргэхээр Үзүүрийн булагт очиход миний тэмээнүүдээс 9 настай, зөв хацартаа дагуу дэгрээ тамгатай атан тэмээ, 8 настай мөн ижил тамгатай атан тэмээ дутсан юм. Тэгж байтал манай ах Б над руу залгаж “манай тэмээнүүдийг 2 хүн хулгайлж аваад тууж яваад баригдсан байна” гэж хэлсэн. Тэгээд би Үзүүрийн булаг гэх газраас гэртээ ирээд байж байтал Б.Б ах М, С, Ж нарын хамтаар тэмээ хулгайлсан гэх 2 хүнийг хулгайлсан 7 тооны тэмээний хамт авч ирсэн бөгөөд уг 7 тооны тэмээнд миний тэмээнээс дутсан 2 тооны тэмээ байсан. Б.Б ахын 1 тооны тэмээ, Н.Агийн 1 тооны тэмээ, Нн 1 тооны тэмээ, Тын 1 тооны тэмээ, Завхан аймгийн Ганзоригийн 1 тооны тэмээ буюу 6 айлын 7 тооны тэмээ байсныг Тэс сумын Ц.Б, Ц.Б нар нь өөр нэг хүний хамт гурвуулаа хулгайлсан бөгөөд Ц.Б, Ц.Б нар нь тууж яваад манай сумын Хтэй таарч баригдсан байсан. Хамт хулгайлсан гэх хүн нь аймгийн төв рүү мотоциклтойгоо явчихсан гэж тэр Ц.Б, Ц.Б нар хэлсэн. Би хулгайд алдсан хоёр тооны тэмээгээ буцааж авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй. Тэмээг хулгайлж авсан хүмүүст гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-50-р хуудас/,

10. Гэрч Б.Жн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дүү Б.Бийн гэрт байж байтал манай дүү Б.М, Б.Б хоёр тэмээ хулгайлагдсан явааг Хүрэлбаатар гэж хүн хараад утсаар ярлаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн 85-84 УНБ улсын дугаартай автомашинаар Б.Б, Б.М, Б.С нарын хамт тухайн тэмээ авч явж байна гэсэн газар луу явсан юм. Замд Хүрэлбаатартай уулзаад Б.Б түүнтэй хамт мотоциклтой яваад араас нь бид 3 очсон. Бид нарыг очиход 2 хүн 5 тооны тэмээ уяагаар холбоод, 2 тэмээг нь уначихсан явж байсан. Уг 7 тооны тэмээн дотор манай дүү Б.Цы 2 тооны тэмээ, Б.Бийн 1 тооны тэмээ байсан. Бусад нь бас л манай сумын хүмүүсийн тэмээ байсан. Уг хоёр хүнээс яагаад эдгээр тэмээнүүдийг авч яваа талаар асуухад хулгайлж авч явсан гэдгээ хэлсэн юм. Тэр тэмээ авч явж байсан 2 хүнийг би танихгүй, харж байгаагүй хүмүүс байсан ба нэгийг нь Ц.Б гэсэн нөгөө залууг нь хэн гэдгийг нь мэдээгүй. Тухайн хоёр хүн нь бид нарт баригдчихаад “тохирчихъё” гэж гуйсан ба бид нар зөвшөөрөөгүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52-р хуудас/,

11. Гэрч Ц.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай нөхөр Ц.Ш нь 2020 оны 6 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө гэртээ ирж хоноогүй бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 17-ны өглөө 10 цагийн үед өөрийнхөө БНХАУ-д үйлдвэрлэсэн 67-00 УВЗ улсын дугаартай Мустанг загварын мотоциклтой гэрээс гараад явсан бөгөөд хаашаа явж байгаа талаараа надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би тухайн шөнө Ц.Шг архи уугаад гадуур хоносон гэж бодож байсан бөгөөд маргааш нь буюу 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр аймгийн төв рүү орчхоод өдөр 17:00 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр Ц.Ш гэртээ мотоциклтойгоо ирчихсэн байсан. Тухайн үед түүнээс хаана хоносон талаар асуугаагүй ба архи уугаад ирсэн биз гэж бодоод загнаад өнгөрсөн. Ш цагдаад шалгагдаж эхэлсний дараа юу болсон талаар асуухад “Б бид хоёр 2020 оны 6 дугаар сарын 17-ноос 18 шилжих шөнө миний мотоциклоор нэг хүнтэй хамт гурвуулаа урдаас мотоциклоор явж 7 тооны тэмээ хулгайлсан юм, тэгээд нөгөөх хоёр тууж ирж яваад баригдчихлаа” гэж хэлсэн. ...Б нь миний төрсөн дүү бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 10-ны үед Улаангомд нэг охинтой танилцуулах гэж би дуудсан юм. Бг Улаангомд ирснийг мэдээгүй байж байгаад цагдаад шалгагдаж эхэлснийх нь дараа энд ирснийг мэдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54-р хуудас/,

12. Гэрч С.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 6 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед өөрийн тэмээгээ хайгаад Урт булгийн орчимд ганцаараа мотоциклтой явж байтал 2 танихгүй эрэгтэй хүн 2 тэмээг нэг нэгээр нь унаад араасаа 5 тэмээ хөтөлчихсөн уулын амаар явж байхад нь таарсан. Би тэр хоёр хүнээс эдгээр тэмээнүүдийг хаанаас авсан талаар нь асуухад арай ахимаг настай хүн нь “Хулжаас худалдаж аваад Улаангом руу явж байна” гэж хэлсэн. Тэгээд би уг 7 тооны тэмээг үзэхэд манай сумын Б.Ц, Б.Б нарын хацартаа хэвтээ дэгрээ /зуузай/ тамгатай тэмээнүүд байсан. “Хулжаас авсан тэмээнүүд юм, худалдаж авсан хүн нь түрүүлээд явчихсан” гэж ахимаг насны эрэгтэй нь хэлсэн. Би түүнд “Хулжид манай нутгийн тэмээний тамгатай адил тамгатай тэмээ байдаг юм уу, манайхны тэмээ байна” гэж хэлэхэд “бид нар Улаангом сум руу явж байгаа, Улаангомд оруулж байгаад зураг хөргийг нь авч байж төхөөрдөг юм” гэж хэлээд цааш явсан юм. Тэгээд би утасны сүлжээтэй газарт гарч Б.Бтой утсаар холбогдож “танайх тэмээгээ зарсан уу, танай тамгатай тэмээг хүн хөтлөөд  Урт булагт явж байна” гэж хэлэхэд Б.Б надад араас нь дагаад барааг нь харж бай, бид нар тэмээ зараагүй, одоо яваад очъё” гэж хэлсэн. Тэгээд нөгөө тэмээ тууж явсан хоёр хүн Урт булгаас цаашаа явсан юм. Тэгээд 1 цаг 30 минут орчмын дараа манай сумын Б.Б, түүний ах Б.Ж, Б.М, С гэх 4 хүн жижиг суудлын машинтай ирээд Б.Б миний мотоциклд сундлаад бид хоёр нөгөө тэмээ тууж явсан хүний араас явж очоод Б.Б уг хоёр хүнээс “тэмээнүүдийг хаанаас худалдаж авсан юм бэ?” гэхэд ахимаг настай хүн нь “энэ урдаас худалдаж авсан, худалдааны тэмээ” гэж хэлсэн. Тэгж байтал Б.М, Б.Ж, С нар араас хүрч ирсэн. Тэгээд тэр хүмүүс тэмээ тууж явсан хоёр хүнд хандаж “эдгээр тэмээнүүд манайхны тэмээ байна, буцаж явъя” гээд тэр хоёр хүнийг аваад явсан. Харин би цааш явж тэмээгээ хайсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-64-р хуудас/,

13. Шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “2020 оны 6 дугаар сарын байдлаар Увс аймагт алдагдсан тэмээний зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 9,000,000 төгрөг /Үүнд: 5 настай эр тэмээ 1,000,000 төгрөг, 7 настай эр тэмээ 1,100,000 төгрөг, 8 настай эр тэмээ 1,200,000 төгрөг, 9 настай эр тэмээ 1,300,000 төгрөг, 10 настай эр тэмээ 1,400,000 төгрөг, 12 настай эр тэмээ 1,500,000 төгрөг, 13 настай эр тэмээ 1,500,000 төгрөг нийт 9,000,000 төгрөг/ болохыг тодорхойлов” гэх 203 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 81-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

 

  Шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нар нь бүлэглэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Далан хуруу багийн нутаг Үзүүрийн булаг гэх газраас 2020 оны 6 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Завхан сумын иргэн Б.Б, Н.А, Б.Н, А.Т, Завхан аймгийн Ургамал сумын иргэн Х.Г нарын тус бүр нэг тооны, иргэн Б.Цы 2 тооны, нийт долоон тооны тэмээ буюу олон тооны бод малыг машин механизм буюу мотоцикл ашиглан хулгайлсан хэргийн үйл баримт болжээ.

 

 Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжийг “олон тооны мал хулгайлж”, “бүлэглэг”, “машин механизм ашиглаж” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа болно.

 

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нар нь 7 тооны тэмээ хулгайлсан нь олон тооны мал гэдэгт хамаарна.

 

Мөн гэмт хэрэгт хамтран оролцох нь хоёр буюу түүнээс олон хүн тодорхой гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцох, эсхүл тодорхой төлөвлөгөө, тохироогүйгээр санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэж, хамтын хүчээр гэмт үйлдэл хийснээр илэрдэг бөгөөд шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ хамтран оролцож, хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ үйл хөдөлгөөнөө нэгтгэн, хамтын хүчээр тухайн гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Мөн мотоцикл нь “машин механизм” гэдэгт хамаарах ба “Машин механизм ашигласан” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгох бөгөөд шүүгдэгч нар нь мал хулгайлах зорилгоор шүүгдэгч Ц.Шгийн эзэмшлийн 67-00 УВЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлах гэмт хэрэгтээ ашигласан болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашиг олох санаа зорилгоор, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг хүсэж үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Б, Ц.Б нар нь гэм буруугийн талаар маргаагүй, харин шүүгдэгч Ц.Ш нь гэм буруугийн талаар маргаангүй гэж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байгаа тайлбартаа дараах байдлаар маргасан болно.

Шүүгдэгч Ц.Ш нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 6 дугаар сарын 14-ний үед Ц.Б ах бид хоёр Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт байрлах зах дээр тааралдахад Ц.Б нь “чи ахдаа 3,000,000 төгрөг зээлээч, би тэтгэвэрт гарах гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна” гэсэн. Би “надад мөнгө байхгүй” гэсэн. Ц.Б ах надад “ах нь хөдөө явж мал авах гэсэн юм. Чи ахыгаа дөхүүлээд өгөөч, бас дахин нэг хүн хэрэгтэй байна. Тэмээгээ оруулж ирж зарж байгаад хөлс мөнгө өгнө” гэхээр нь би “манай хадам дүү Тэс сумаас ирчихсэн байгаа. Цуг аваад явъя” гэж хэлсэн. Тэгээд бид гурав 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр аймгийн төвөөс миний эзэмшлийн 67-00 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоциклд сундалдаж, Ц.Б ах мотоциклд бензин хийж өгөөд Тээлийн гүүр гараад явж байгаад гурвуулаа мотоциклтой эвгүй болохоор нь би замд явж байсан машинд гар өргөж замын нэг машинд сууж Үзүүрийн булаг гэх газарт буугаад үлдсэн. Тэгээд орой 17-18 цагийн үед Ц.Б ах, Ц.Б хоёр ирж тэндээсээ дахин цааш нь 20 км орчим яваад Ц.Б ах “энд зогсчих” гэсэн. Тэгээд нэг жижиг толгой дээр гарахад нэлээн олон тэмээ бэлчээрлэж байсан. Түүнийг хараад Ц.Б “миний авах тэмээнүүд энд байна, Энд уулзах хүн ирнэ. Чи одоо буц, би Ц.Бтай цуг тэмээгээ аваад Улаангом руу яваад орно” гэж хэлэхээр нь би мотоциклио унаад Улаангом руу буцаад явсан. Би аймгийн төв дээр ирээд байж байтал 2 хоногийн дараа намайг Цагдаагийн газар хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Цагдаагийн газар ирэхэд Ц.Б, Ц.Б нар цагдаад баригдчихсан байсан. Юу болсон талаар асуухад “Ц.Б ах хулгай хийсэн юм байна” гэж Ц.Б хэлсэн. Миний хувьд Ц.Б ахыг хүрэх газарт нь хүргэж өгсөн. Хулгай хийх талаараа юм хэлээгүй, мөнгө хэрэгтэй байна, хөдөөнөөс тэмээ оруулж ирж зарна, намайг хүргээд өгөөч” гэхэд нь зөвшөөрсөн. Ганцаараа явж чадахгүй, хань болох хүн байна уу гэхэд нь би хадам дүү Ц.Бг цуг явуулсан. Би хулгай хийгээгүй. Ц.Бг Увс аймгийн Тэс сумаас манай эхнэр нэг охинтой танилцуулахаар ирүүлсэн байсан.  Ц.Б ах анхнаасаа надад хулгай хийнэ гэж хэлсэн бол би хадам дүү Ц.Бг огт түүнтэй явуулахгүй байх байсан” гэж /1-р хх-ийн 114-116-р хуудас/ мэдүүлжээ.

Шүүгдэгч Ц.Шгийн энэхүү мэдүүлэг нь хохирогч Б.Бийн: “...Ц.Б надад хэлэхдээ 2020 оны 6 дугаар сарын 18-нд Ц.Б болон аймгийн нэг мотоциклтой хүнтэй хамт гурвуулаа Үзүүрийн булагт очсон бөгөөд  нөгөө хүн нь аймгийн төв рүү түрүүлээд явсан гэж хэлсэн бөгөөд тэр хүний нэрийг хэлээгүй юм. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-27, 28-30-р хуудас/, хохирогч Н.Агийн: “...Тэгээд би тэр хоёр хүнээс “яах гэж хулгай хийсэн юм бэ?” гэхэд ахмад настай хүн нь “би амьдралын шаардлагаар хулгай хийсэн юм” гэж хэлсэн. Тэр хоёр хүнийг Ц.Б, Ц.Б гэдэг гэж хэлж байсан. Тэр өдөр тэр хоёр хүн өөр бас нэг хүнтэй хамт явсан гэсэн ба тэр хүн мотоциклтой явж ирээд түрүүлээд Улаангом сум руу явсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-34-р хуудас/, хохирогч Б.Цы: “...ах Б над руу залгаж “манай тэмээнүүдийг 2 хүн хулгайлж аваад тууж яваад баригдсан байна” гэж хэлсэн. Тэгээд би Үзүүрийн булаг гэх газраас гэртээ ирээд байж байтал Б.Б ах М, С, Ж нарын хамтаар тэмээ хулгайлсан гэх 2 хүнийг хулгайлсан 7 тооны тэмээний хамт авч ирсэн бөгөөд уг 7 тооны тэмээнд миний тэмээнээс дутсан 2 тооны тэмээ байсан. Б.Б ахын 1 тооны тэмээ, Н.Агийн 1 тооны тэмээ, Нн 1 тооны тэмээ, Тын 1 тооны тэмээ, Завхан аймгийн Ганзоригийн 1 тооны тэмээ буюу 6 айлын 7 тооны тэмээ байсныг Тэс сумын Ц.Б, Ц.Б нар нь өөр нэг хүний хамт гурвуулаа хулгайлсан бөгөөд Ц.Б, Ц.Б нар нь тууж яваад манай сумын Хтэй таарч баригдсан байсан. Хамт хулгайлсан гэх хүн нь аймгийн төв рүү мотоциклтойгоо явчихсан гэж тэр Ц.Б, Ц.Б нар хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-50-р хуудас/, гэрч Ц.Нын: “...Манай нөхөр Ц.Ш цагдаад шалгагдаж эхэлсний дараа юу болсон талаар асуухад “Б бид хоёр 2020 оны 6 дугаар сарын 17-ноос 18 шилжих шөнө миний мотоциклоор нэг хүнтэй хамт гурвуулаа урдаас мотоциклоор явж 7 тооны тэмээ хулгайлсан юм, тэгээд нөгөөх хоёр тууж ирж яваад баригдчихлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54-р хуудас/-үүдээр тус тус үгүйсгэгдсэн болно.

Иймд шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин, механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нар нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт 9,000,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Хохирогч нар өөрсдийн тэмээгээ зүсээр нь буцаан авсан болох нь тэдний хохирогчоор өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

 Шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон дараах нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ. Үүнд:

-Шүүгдэгч Ц.Бын хувийн зан байдлын талаар Гэрч С.Яын өгсөн: “...Би Быг сайн танина, бид хоёр багаасаа нэг нутаг усанд өссөн, найз нөхдийн холбоотой. Садан төрлийн холбоо байхгүй. Ц.Б одоогоор Увс аймгийн Улаангом суманд эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. ...Ц.Б нь номхон дөлгөөн зантай, бусадтай нийтэч боловсон харилцаатай, ажилсаг хөдөлмөрч, цэвэрч нямбай хүн юм. Мөн гарын ур дүйтэй болохоор мод болон сураар ойр зуурын эд зүйл хийгээд зарж борлуулж амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 146-р хуудас/,

-Шүүгдэгч Ц.Бгийн хувийн зан байдлын талаар гэрч Б.Нгийн өгсөн: “Б нь эхээс тавуулаа, айлын 4 дэх хүүхэд, дээрээ 2 эгч, 1 ахтай, 1 дүүтэй. Бага насаа Увс аймгийн Тэс суманд эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. Тэс суманд бага ангид сурч байгаад мал дээр гарч мал малласан. Одоогоор Увс аймгийн Тэс сумын 5-р багт аав, ээж, дүүгийнхээ хамт мал маллаж амьдардаг. Ц.Б нь мал маллах сонирхолтой, малч ухаантай тайван дөлгөөн, бусадтай нийтэч зөв боловсон харьцаатай, ажилсаг хөдөлмөрч залуу байгаа юм. Бусдад тусархуу, ах дүү, найз нөхөддөө тусч сэтгэлтэй, мөн гарын ур дүйтэй, мод болон сураар ойр зуурын эд зүйл хийчихдэг. Хөдөө мал дээр эцэг эхийн дэргэд өссөн болохоор зан ааш нь эвдрээгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 154-р хуудас/, 

-Шүүгдэгч Ц.Шгийн хувийн зан байдлын талаар гэрч Ц.Нын өгсөн: “Би Ц.Шг 2004 оноос хойш таньдаг болж улмаар 2008 онд бид хоёр гэр бүл болсон. Одоо 5-13 насны 3 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын Рашаант багт мал маллаж амьдардаг. Ц.Ш гарын ур дүйтэй модоор ойр зуурын зүйл хийчихдэг мал маллахаас гадна эмээл болон сураар суран эдлэл хийж зарж борлуулдаг. Зан байдлын хувьд төлөв даруу, бусадтай зөв боловсон харьцаатай, хань үр хүүхддээ анхаарал халамжтай, малч ухаантай, морь уях сонирхолтой хүн байгаа юм. Урьд өмнө нь ямар нэг хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 151-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан цаг хугацаанд хамаарч байх тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай саналыг, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирол төлбөргүй, үйлдсэн хэргийн гэм буруугаа ойлгож ухамсарласан зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг багасгаж, өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан болно.

Тиймээс шүүгдэгч нар үйлдсэн гэмт хэргийн талаар зөрөөтэй мэдүүлэг өгч байгаа, гэм буруугийн асуудлаар мэтгэлцсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг нөхөн төлсөн байдал, хувийн байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан заалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт нийт 280 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчийн цагдан хоригдсон 280 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож биечлэн эдлэх ялыг 2 жил, 2 сар, 23 хоногоор тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон корона вируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарчээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т  “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “Өршөөл үзүүлэх тухай” хуулиудад шүүгдэгч нар нь хамрагдаж байгаагүй болно.

Мөн шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад хамаарч байна.

Иймд шүүгдэгч Ц.Бад оногдуулсан 2 жил, 2 сар, 23 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Ш, Ц.Б нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөлийг үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан өршөөж, мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж солих нь зүйтэй гэж үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч Ц.Ш нь гэм буруугийн талаар маргасан боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-т “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж заасны дагуу түүний гэм буруугийн асуудлыг хэлэлцэж гэм буруутайд тооцож, зохих эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ энэхүү Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарыг зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

Бусад хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл,...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 67-00 УВЗ улсын дугаартай мотоцикл нь шүүгдэгч Ц.Шгийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 10-р хуудас/, Увс аймгийн Авто тээврийн төвийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 205 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 141-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 загварын 67-00 УВЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл /мотоцикл/-ийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Мустанг-5 загварын 67-00 УВЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл /мотоцикл/-ийг хурааж улсын орлого болгосон тул прокурорын 37 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээв.

 

Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нараас гаргуулах хохиролгүй, шүүгдэгч Ц.Ш, Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Цийн Б, шүүгдэгч Б ургийн овогт Цийн Ш, шүүгдэгч Г ургийн овогт Цгийн Б нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Ц.Бын цагдан хоригдсон 280 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож биечлэн эдлэх ялыг 2 жил, 2 сар, 23 хоногоор тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Бад оногдуулсан 2 жил, 2 сар, 23 хоногийн хорих ялыг, шүүгдэгч Ц.Ш, шүүгдэгч Ц.Б нарт оногдуулсан 3 жилийн хорих ялыг тус тус өршөөн мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарыг зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нараас гаргуулах хохиролгүй, шүүгдэгч Ц.Ш, Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-5 загварын 67-00 УВЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл /мотоцикл/-ийг хурааж улсын орлого болгосугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Мустанг-5 загварын 67-00 УВЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл /мотоцикл/-ийг хурааж улсын орлого болгосонтой холбогдуулан прокурорын 37 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Ц.Ш, Ц.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            А.МӨНХСАЙХАН