Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2021/02438

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 12 09 181/ШШ2021/02438

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: оршин суух, Д.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  тоотод оршин суух, Г.Л-д холбогдох,

Гуравдагч этгээд: байрлах, СБ ХХК бие даасан шаардлага гаргаагүй/

Нэхэмжлэлийн шаардлага: 50****У улсын дугаартай, HHIH******* арлын дугаартай Экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийг Г.Л-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Д.М надад хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянаад,

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ө.Сайнбаяр шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Д.М би 2019 оны 04 сарын 20-ны өдөр Г.Лд 160 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцон зээлийг шилжүүлж, зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгон 50****У улсын дугаартай R290 LC7-A маркын экскаватор, 2736 УБ улсын дугаартай R500LС-7 маркын экскаваторыг тус тус өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Зээлээ эргэн төлөөгүй бол өмчлөлд хэвээр үлдэх нөхцөлтэй байсан. Г.Л хөгшин нь мөнгөө төлж чадахгүй бол экскаваторыг минь аваарай гэж хэлж харилцан тохиролцсон байдаг.

Гэвч Г.Л нь 2020 оны 01 сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Г.Л болон хариуцагч Д.М нарын хооронд байгуулсан 5056УБ улсын дугаартай, HHIH******* арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгсэл, 27*** УБ улсын дугаартай HHIH******** арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн үр дагаврыг арилгуулах буюу 50****У улсын дугаартай HHIH******* арлын дугаартай, 2736 УБ улсын дугаартай, HHIH******** арлын дугаартай 2 ширхэг экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг сэргээлгэх тухаи шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хан- Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01354 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг.

Бид аль аль талын нөхцөл байдлыг хүндэтгэж эвлэрэхээр болсон тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 1572 дугаар магадлалаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн нэг дэх хэсэгт зааснаар Г.Л нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Г.Л болон хариуцагч Д.М нарын хооронд байгуулсан 50***У* улсын дугаартай, HHIH******* арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн үр дагаврыг арилгуулах буюу экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Хариуцагч Д.М нь Нэхэмжлэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Г.Л болон хариуцагч Д.М нарын хооронд байгуулсан 27*** У* улсын дугаартай, HHIH******** арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн үр дагаврыг арилгуулах буюу тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, мөн 160 000 000 төгрөгийг Г.Лгээс гаргуулж, Д.Мд олгуулахаар шийдвэрлэж, эвлэрлийг баталсан. Тиймээс 5056УБ улсын дугаартай, HHIH******* арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгсэл Д.М миний өмчлөлд ямар нэгэн өмчлөлийн маргаангүйгээр үлдсэн. Гэвч Г.Л нь миний өмчлөлийн 50****У улсын дугаартай, HHIH******* арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийг бодитоор шилжүүлж өгөхгүй хууль бусаар эзэмшиж, хүлээлгэн өгөхгүй байсаар байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нъ ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан.

Иймд 50****У улсын дугаартай, HHIH******* арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийг Г.Лгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Д.М надад хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан 50****У улсын дугаартай, HHIH******* арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийг Г.Лгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Д.М надад хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд СБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Л нь Мула ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь юм. М ХХК болон СБ ХХК-уудын хооронд 2019 оны 02-р сарын 26-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний баталгаа болгон Г.Л нь өөрийн өмчлөлийн 50** У* улсын дугаартай R290 LC-7A маркийн Экскаватор /арлын дугаар HHIH*******/-ыг барьцаалсан.

Үүний дагуу Г.Л болон СБ ХХК нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ болон Урьдчилгаа төлбөрийн гэрээ тус тус байгуулагдсан бөгөөд гэрээнүүд одоог болтол хүчин төгөлдөр байгаа.

Тээврийн хэрэгслийн барьцааны гэрээний 1.1-д Энэхүү гэрээний зорилго нъ СБ ХХК, М ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Урьдчилгаа төлбөрийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2 тээврийн хэрэгслийг барьцаалах гэж; 3-р зүйлийн 3.5-д ...барьцаалуулагч үүргээ биелүүлээгүй бол талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дараа барьцаалагч тал автомашиныг худалдан борлуулж өөрийн хохирлыг бүрэн авах талаар тус тус зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож М ХХК-ийн захирал өөрийн тээврийн хэрэгслүүдийг барьцаалсан бөгөөд М ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээ-нд заасан үүргээ биелүүлээгүй тул СБ ХХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05-р сарын 21-ний өдрийн 01129 дугаар шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгө болох 50**У* улсын дугаартай экскаватороор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн боловч уг шийдвэр хүчингүй болж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Гэтэл хариуцагч Г.Л нь 2019 оны 03-р сарын 11-ний өдөр Тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ болон Урьдчилгаа төлбөрийн гэрээ-ний дагуу барьцаалаад байсан 5056УБ улсын дугаартай экскаваторыг 2019 оны 04-р сарын 20-ны өдөр иргэн Д.Мд шилжүүлсэн байна. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс баталгаа болгон, барьцаанд тавьсан тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлэн, гэрээний хариуцлагаас зайлсхийсэн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа бөгөөд энэ нь дараах байдлаар нотлогдоно. Тухайлбал,

Г.Л нь 5056УБ улсын дугаартай экскаваторын өмчлөх эрхийг Д.Мд шилжүүлсний дараа Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус техникийг шилжүүлсэн хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05-р сарын 20-ны өдрийн 01354 дугаар шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8, 56.5 дах хэсэгт заасны дагуу 2019 оны 04-р сарын 20-ны өдөр Г.Лгээс 50****У улсын дугаартай ...экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Д.М-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн, тус тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Г.Лгийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ. Тус шүүхийн шийдвэр хэргийн материалын 4-7-р хуудаснуудад нотлох баримтаар авагдсан бөгөөд Г.Л нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох талаар нэхэмжлэлийн үндэслэлээ гаргаж, шүүхээс мөн талуудын хооронд байгуулсан хэлцэл дүр үзүүлж хийсэн хэлцэл, талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзэлгүй, хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсээгүй байгааг дурдах нь зүйтэй гэж дүгнэжээ.

Ийнхүү тус экскаваторыг Г.Лгийн өмчлөлд буцаан шилжүүлэх шүүхийн шийдвэр гараад байх үед СБ ХХК болон Мула ХХК-ийн хооронд гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой маргаан үүсэж, 5056УБ улсын дугаартай экскаватораар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гарсан.

Үүнийг Г.Л мэдэж байсан тул талууд давж заалдах гомдол гаргаж, давж заалдах шүүх хуралдааны явцад талууд эвлэрч, Г.Л нь 2019 оны 04-р сарын 20-ны өдрийн 5056УБ улсын дугаартай экскаваторын тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн экскаваторын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлээсээ татгалзсан тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 17-ны өдрийн 1572 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсан байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Г.Лд холбогдуулан 50****У улсын дугаартай, HHIH******* арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийг Г.Лгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Д.М надад хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.Лгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргасан боловч гуравдагч этгээдэд тухайн тээврийн хэрэгслийг барьцаалсан гэх үндэслэлийн талаар тайлбар гаргаагүй, гуравдагч этгээд СБ ХХК нь Г.Лгээс Д.Мд 50****У улсын дугаартай, HHIH******* арлын дугаартай, экскаваторыг шилжүүлсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг шүүх тогтоосон тул Д.М экскаваторыг өмчлөх, эзэмших эрхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч тул бусдын хууль бус эзэмшлээс гаргуулна гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт, Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж өмчлөгчийн шаардах эрхийг тодорхойлон зохицуулсан тул уг шаардах эрхийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохын тулд нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж буй нь тус тус тогтоогдсон байх хоёр урьдчилсан нөхцөлд дүгнэлт хийх шаардлагатай байна.

 

Эхний урьдчилсан нөхцөл нь, нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч мөн болох нь тогтоогдсон байх тухайд,

Нэхэмжлэгч Д.М нь 50****У улсын дугаартай, HHIH******* арлын дугаартай экскаваторын өмчлөгч гэж тайлбарлаж байх бөгөөд хавтаст хэргийн 10 дахь талд авагдсан баримт буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тусгагдсан мэдээллээр 50****У улсын дугаартай, HHIH******* арлын дугаартай, NYUNDAI Ro***** тээврийн хэрэгслийн эзэмшигчээр 2020.01.03-ны өдөр Д.М бүртгэлтэй болох нь тогтоогдож байна.

Тухайн тээврийн хэрэгсэлийн эзэмшигчээр нэхэмжлэгч Д.М бүртгэлтэй байгаа талаар хариуцагч, гуравдагч этгээд нар маргаагүй боловч хариуцагч Г.Л нь Д.М-ийн өмчлөлд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж, шүүхээр шийдвэрлүүлсэн, гуравдагч этгээд СБ ХХК нь тухайн тээврийн хэрэгслийг барьцааны гэрээний дагуу барьцаалсан тул барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт, Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж зохицуулсан бөгөөд эзэмшил буюу эзэмших эрх хууль ёсны байхын тулд хүсэл зоригийн дагуу байх, хуульд нийцсэн аргаар эзэмшлийг олж авах агуулгатай байна.

 

Нэхэмжлэгч Д.М нь 2019 оны 04 сарын 20-ны өдөр Г.Лд 160 000 000 төгрөгийг зээлж, зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгон 50****У улсын дугаартай R290 LC7-A маркын экскаватор, 2736 УБ улсын дугаартай R500LС-7 маркын экскаваторыг тус тус өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Зээлээ эргэн төлөөгүй бол өмчлөлд хэвээр үлдэх нөхцөлтэй байсан гэж тайлбарласан.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.20-ны өдрийн 183/ШШ2020/01354 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Г.Лгээс 5056УБ улсын дугаартай, HHIH******* арлын дугаартай 27*** УБ улсын дугаартай HHIH******** арлын дугаартай хоёр ширхэг экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Д.Мд шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Д.Мөнх-Эрдэнийг дээрхи хоёр ширхэг тээврийн хэрэгсэл өмчлөх эрхийг Г.Лгийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж, Г.Лгээс 160 000 000 төгрөгийг гаргуулж Д.Мд олгож шийдвэрлэсэн. /хх-4-6х/

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 1572 дугаар магадлалаар дээрхи шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Л нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 5056УБ улсын дугаартай, HHIH******* арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн экскаваторын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д.М нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 27-*** УБ улсын дугаартай, HHIH******** арлын дугаартай эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн эксковаторын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Г.Л хариуцагч Д.М-ийн ХААН банкны 57**** дансанд 2020.08.10-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 10-ны өдөр 30 000 000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр 40 000 000 төгрөг нийт 160 000 000 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулахаар зохигч эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-7-9х/

 

Уг шүүхийн шийдвэрийн дагуу буюу Г.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан байдал нь Д.Мд 50****У улсын дугаартай, HHIH******* арлын дугаартай экскаваторыг өмчлөх эрхийг үүсгэхгүй.

Учир нь: Г.Л шүүхэд гаргасан зарим нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь процесс ажиллагааны диспозтив эрхээ хэрэгжүүлсэн хүсэл зоригийн илэрхийлэл болохоос, Д.Мд эксковаторыг хуульд заасан хэлцлийн үндсэн дээр шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл биш.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлбөр бус байх хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул Г.Л нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзснаар 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Г.Лгээс 50***У* улсын дугаартай, HHIH******* арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Д.Мд шилжүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг үгүйсгэхгүй юм.

 

Энэхүү хүчин төгөлдөр бус байх хэлцлээс гадна, нэхэмжлэгч Д.М нь Г.Лгээс тээврийн хэрэгслийг тодорхой тохиролцооны үндсэн дээр хууль ёсны дагуу эзэмших эрхдээ шилжүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-д Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж заасны дагуу тээврийн хэрэгслийг гэрчилгээнд нэхэмжлэгч Д.М эксковаторын эзэмшигчээр бүртгэгдсэн байгаа нь түүнийг өмчлөгч, хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч Д.М нь 50****У улсын дугаартай, HHIH******* арлын дугаартай эксковаторын өмчлөгч биш тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийг Г.Лгээс шаардах эрхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй гэж заасны дагуу гуравдагч этгээд СБ ХХК-ийн тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ, тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Д.М-ийн хариуцагч Г.Лд холбогдуулан гаргасан 50****У улсын дугаартай, HHIH******* арлын дугаартай экскаваторын зориулалттай тээврийн хэрэгслийг Г.Лгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, Д.Мд хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА