Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/00589

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/00589

 

 

Д.М-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09ий өдрийн 181/ШШ2021/02438 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.М-ийнхариуцагч Г.Лд холбогдуулан гаргасан тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Д.Мөнх-Эрдэний нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д.М би 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Г.Лд 160,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцон зээлийг шилжүүлж, зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгон 50-56 УБ улсын дугаартай R290 LC7-A маркийн эксковатор, 27-36 УБ улсын дугаартай R500LС-7 маркийн эксковаторыг тус тус өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Гэвч Г.Л нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Г.Л болон хариуцагч Д.М нарын хооронд байгуулагдсан 50-56 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай эксковаторын зориулалттай тээврийн хэрэгсэл, 27-36 УБ улсын дугаартай ННIНNВ02ЕА0000467 арлын дугаартай эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн үр дагаврыг арилгуулах буюу эдгээр тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг сэргээлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хан- Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01354 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Бид аль аль талын нөхцөл байдлыг хүндэтгэж эвлэрэхээр болсон тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1572 дугаар магадлалаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтад зааснаар Г.Л нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Г.Л болон хариуцагч Д.М нарын хооронд байгуулсан 50-56 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн үр дагаврыг арилгуулах буюу эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д.М нь нэхэмжлэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Г.Л болон хариуцагч Д.М нарын хооронд байгуулсан 27-36 УБ улсын дугаартай ННIНNВ02ЕА0000467 арлын дугаартай эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн үр дагаврыг арилгуулах буюу тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, мөн 160,000,000 төгрөгийг Г.Лгээс гаргуулж, Д.Мд олгуулахаар шийдвэрлэж эвлэрлийг баталсан. Тиймээс 50-56 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай эксковаторын зориулалттай тээврийн хэрэгсэл Д.М миний өмчлөлд ямар нэгэн маргаангүйгээр үлдсэн. Гэвч Г.Лхагвасурэн нь миний өмчлөлийн 50-56 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийг бодитоор шилжүүлж өгөхгүй хууль бусаар эзэмшиж хүлээлгэн өгөхгүй байсаар байна. Иймд 50-56 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийг Г.Лгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Д.М надад хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

 2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан 50-56 УБ улсын дугаартай HHIHN807JB0001934 арлын дугаартай эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийг Г.Лгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж Д.Мд хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч Г.Л нь Мула ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь юм. Мула ХХК болон Сайрам Булган ХХК-ий хооронд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний баталгаа болгон Г.Л нь өөрийн өмчлөлийн 50-56 УБ улсын дугаартай R290 LC-7A маркийн эксковатор /арлын дугаар HHIHN807JB0001934/-ыг барьцаалсан. Үүний дагуу Г.Л болон Сайрам Булган ХХК-ий хооронд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ болон урьдчилгаа төлбөрийн гэрээ тус тус байгуулагдсан бөгөөд гэрээнүүд одоог болтол хүчин төгөлдөр байгаа. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Мула ХХК-ийн захирал өөрийн тээврийн хэрэгслүүдийг барьцаалсан бөгөөд Мула ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул Сайрам булган ХХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргаж Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01129 дүгээр шийдвэрээр барьцаа хөрөнгө болох 50-56 УБ улсын дугаартай экскаватороор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн боловч уг шийдвэр хүчингүй болж хэргийг дахин хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Гэтэл хариуцагч Г.Л нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ болон урьдчилгаа төлбөрийн гэрээний дагуу барьцаалаад байсан 50-56 УБ улсын дугаартай эксковаторыг 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Д.Мд шилжүүлсэн байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Д.М-ийнхариуцагч Г.Лд холбогдуулан гаргасан 50-56 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийг Г.Лгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, Д.Мд хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.М-ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4а. Эксковаторын өмчлөх эрхийн талаар:

Д.М миний бие 50-56 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай эксковаторын гэрчилгээ, Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлийн дагуу өмчлөгчөөр байгаа бөгөөд үүнийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй болно. Өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж, түүнийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар эксковаторын өмчлөл Д.М надад хэвээр үлдсэн юм. Иймд анхан шатны шүүхийн Г.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан байдал нь Д.Мд 50-56 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай эксковаторын өмчлөх эрхийг үүсгэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд эксковаторын өмчлөгчөөр өмчийн маргаангүйгээр Д.М би байгаа болно.

4б. Г.Лгийн хүсэл зоригийн илэрхийллийн тухай:

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1572 дугаар магадлал, эвлэрлийн гэрээнд тусгагдснаар Г.Лгийн хүсэл зоригийн илэрхийлэл нь 50-56 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөлийг Д.М надад үлдээхийг зөвшөөрсөн. Мөн нэхэмжлэгч Д.М миний зүгээс “50-56 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийг Г.Лгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, Д.М надад хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад Г.Л нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Диспозитив зарчмын хүрээнд талууд эксковаторын өмчлөлийг хэвээр үлдээхийг хүлээн зөвшөөрч байхад шүүх үүнд оролцож нэхэмжлэлийн хүрээнээс хэтрүүлэн хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь хууль зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.  Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: “Сайрам Булган” ХХК-тай Г.Л ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 50-56 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан. Гэтэл уг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Д.Мд шилжүүлж өгөөд ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг тээврийн хэрэгслийн өмчлөлийг Д.Мд шилжүүлснийхээ дараа тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Анхан шатны шүүхээс уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон ба Г.Л нь уг шүүхэд гаргасан тайлбартаа уг тээврийн хэрэгслийн өмчлөлийг дүр үзүүлж шилжүүлсэн бөгөөд тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудлаар “Сайрам Булган” ХХК-тай маргаантай байгаа гэсэн. Уг хэрэг нь давж заалдах шүүхээр хянан хэлэлцэгдэхэд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байдаг. Тухайн үндэслэлээр Д.М уг тээврийн хэрэгслийг шилжүүлж авах ёстой гэж нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь өмчлөгч гэдгийг нотлохгүй гэж үндэслэлтэй дүгнэсэн. Шүүхээс эвлэрлийн гэрээгээр тогтоосон үйл баримт нь тусдаа асуудал юм. 50-56 УБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд 2 дах тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудлаар эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт биш бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. “Сайрам Булган” ХХК болон “Мула” ХХК-ийн хоорондох ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргааныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэнд гомдол гаргаад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Д.Мөнх-Эрдэнийг гуравдагчаар этгээдээр оролцуулаагүй байна гэж дүгнэн хэргийг тус шүүхэд буцааж шийдвэлэсэн. Д.М нь уг хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан атлаа огт очдоггүй бөгөөд өөр шүүхэд нэхэмжлэл гарган, маргаан үүсгэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. 

 

2. Нэхэмжлэгч Д.М хариуцагч Г.Лд холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс тээврийн хэрэгслийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч Д.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “шүүх Г.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан байдал нь Д.Мд ... эксковаторын өмчлөх эрхийг үүсгэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд эксковаторын өмчлөгчөөр өмчийн маргаангүйгээр Д.М би байгаа болно... Диспозитив зарчмын хүрээнд талууд эксковаторын өмчлөлийг хэвээр үлдээхийг хүлээн зөвшөөрч байхад шүүх үүнд оролцож нэхэмжлэлийн хүрээнээс хэтрүүлэн хэргийг хянан шийдвэрлэж байгаа нь хууль зөрчиж байна.” гэжээ.

 

4. Гуравдагч этгээд “Сайрам булган” ХХК 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Мула” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г.Лгийн өмчлөлийн 50-56 УБ улсын дугаартай R290 LC7-A маркийн эксковатор, 27-36 УБ улсын дугаартай R500LС-7 маркийн эксковаторыг барьцаалан тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ байгуулжээ. 

 

5. Гэрээ хэрэгжих хугацаанд буюу 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Г.Л Д.Мтэй зээлийн гэрээ байгуулж, 160,000,000 төгрөгийг зээлж авахдаа өөрийн өмчлөлийн 50-56 УБ улсын дугаартай R290 LC7-A маркийн эксковатор, 27-36 УБ улсын дугаартай R500LС-7 маркийн эксковаторыг өмчлөлд шилжүүлж, фидуцийн гэрээ байгуулсан байна.

 

6. Зээлдэгч Г.Л Д.Мд холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, хоёр ширхэг тээврийн хэрэгслийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01354 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, улмаар зохигчид давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1572 дугаар магадлалаар зохигчид эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Г.Л нь 50-56 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн эксковаторын өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулжээ.

 

Г.Л тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Д.Мд шилжүүлсэн боловч уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөөгүй үндэслэлээр Д.М нь Г.Лгээс тээврийн хэрэгслийг шаардсан нь Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

 

8. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу буюу Г.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан байдал нь Д.Мд 50-56 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай эксковаторын өмчлөх эрхийг үүсгэхгүй гэх үндэслэлээр тус эксковаторыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

 

9. Хариуцагчийн эзэмшиж буй тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч Д.М-ийнөмчлөлд шилжсэн тул тээврийн хэрэгслийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/02438 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Д.М-ийнхариуцагч Г.Лд холбогдуулан гаргасан 50-56 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийг Г.Лгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, Д.Мд хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “хариуцагч Г.Лгээс 50-56 УБ улсын дугаартай, HHIHN807JB0001934 арлын дугаартай эксковаторын зориулалттай тээврийн хэрэгслийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Мэс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                          

                ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                                                 Д.БЯМБАСҮРЭН