Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2017/02940

 

 

 

 

 

 

 

 

  2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2017/0

                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:

            Даатгалын нөхөн төлбөрт 5.325.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангүл, С.Сугардалай, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У. нь Соёмбо даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн албанд 2015 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан бөгөөд ийнхүү ажиллаж байх хугацаандаа Соёмбо даатгал ХХК болон  ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 03 сарын 20-ны өдрийн 199С1500682 тоот ажиллагсадын гэнэтийн осол болон эмчилгээний зардлын гэрээнд хамрагдаж даатгуулсан юм. Энэхүү даатгалын гэрээ нь 2015 оны 03 сарын 20-ны өдрөөс эхлэн 2016 оны 03 сарын 19-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай бөгөөд У. нь 2015 оны 10 сарын 23-ны өдөр хөлөө хүндээр гэмтээж удтал эмчилгээ хийлгэж, эмчилгээ хийлгэх хугацаандаа даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр буюу эмчилгээний зардалд 5.325.800 төгрөгийг  ХХК-аас нэхэмжилсэн боловч учирсан гэмтлийг хуучин гэмтэл байна гэдэг хууль бус үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан байдаг. Энэ талаар Даатгалын тухай хуулийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандаж гомдол гаргасан бөгөөд хорооноос 2016 оны 03 сарын 09-ний өдөр Ж.ын даатгалын нөхөн төлбөрийг гарсан хохирлын хэмжээгээр  ХХК-аас гаргуулахаар албан ёсны шийдвэр гаргасан атал  ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг өдий хүртэл биелүүлэхгүй хохироож байна.

           Иймд Соёмбо даатгал ХХК болон  ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 03 сарын 20-ны өдрийн 199С1500682 тоот даатгалын гэрээний дагуу даатгуулагч У.ын даатгалын нөхөн төлбөр болох 5 325 800 төгрөгийг  ХХК-аас гаргуулж өгнө үү. Эмчилгээний зардлын бүх баримт болон нөхөн төлбөрийн бусад чухал материал болох эмчийн онош, үзлэгийн материал бичиг баримтыг бүгдийг хэрэгт хавсаргаж өгсөн гэв.

            Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Соёмбо даатгал ХХК болон  ХХК-ийн хооронд 2015 оны 03 сарын 20-ны өдөр 199С1500682 дугаартай даатгалын гэрээ /гэнэтийн ослын, эмчилгээний зардлын/-г мөн өдрөөс эхлэн 2016 оны 03 сарын 19-ний өдөр дуусах хугацаатайгаар байгуулсан байдаг бөгөөд гэрээний 1.1.6-д зааснаар гэрээ эзэмшигч нь Соёмбо даатгал ХХК, харин 1.1.7-д зааснаар даатгуулагч нь гэрээ эзэмшигчтэй хөдөлмөрийн гэрээтэй түүний удирдлага дор ажилладаг ажилтнууд /У./-ыг ойлгоно гэж заасан байна.

            У. нь Соёмбо даатгал ХХК-ийн 2015 оны 12 сарын 24-ний өдрийн 15/03/890 дугаартай “...У.ын гэнэтийн осол болон эмчилгээний нөхөн төлбөрийг олгож өгнө үү” гэсэн албан бичгийн хамтаар мөн өдөр даатгагчид гаргасан өргөдөл /нөхөн төлбөрийн маягт/-д “...2015 оны 10 сарын 23-ны өдөр ...шатны уруу хальтарч хий гишгээд баруун өвдөг эвгүй болсон. Эмнэлэгт үзүүлээд МRI зураг авахуулсан. Монгол Хьюндай эмнэлэгт зөөлөн эдийн хагалгаанд орсон” гэсэн байсныг даатгагчаас даатгалын тохиолдол мөн эсэхийг шалгаж үзэхэд дараах байдал тогтоогдсон.

            Нэг: У. нь анх Мөнгөн гүүр эмнэлэгт 2015 оны 10 сарын 23-ны өдөр МRI шинжилгээ хийлгэсэн байдаг улмаар 2015 оны 10 сарын 26-ны өдөр тус эмнэлэгт 2015.07.20-ноос 2015.10.31-ний хооронд гэрээгээр ажиллаж байсан БНСУ-ын Мүн Жи Ёо эмчид үзүүлсэн бөгөөд эмчээс У.ын гэмтэл нь “3 жилийн өмнөх гэмтэл болох тухай болон дунд давхаргын жийрэг үе дундах буюу нөхөн сэргээх мэс засал” хийлгэх тухай дүгнэлт гаргаж, түүнийг тус эмнэлгийн мэс заслын эмч Оюунбаяртай уулзахыг зөвлөсөн байдаг.

            Энэ нь даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн Даатгалд хамрагдахгүй ерөнхий нөхцөлүүдийн 7.1.4-т “даатгуулахаас өмнө учирсан хохирол, хор нөлөөг арилгах” гэж заасанд хамаарч байсан тул даатгагчийн эрсдлийн дэд хорооноос 2015 оны 12 сарын 30-ны өдрийн АН/4178 дугаартай даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг гаргаж энэ тухай Соёмбо даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баттулгад 2016 оны 1 сарын 4-ний өдрийн 16/01 албан бичгээр мэдэгдсэн байдаг.

             Хоёр: Мөн У.т анхны үзлэг хийсэн эмчийн дүгнэлт, даатгуулагчаас ирүүлсэн мэдээлэл хоёр нь хоорондоо зөрүүтэй байсантай холбоотойгоор даатгагчаас асуудлыг шалгахад даатгуулагчаас даатгалын нөхөн төлбөрийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн авах гэсэн оролдлого хийсэн гэж үзэх нөхцөл байдал үүссэн бөгөөд энэхүү асуудлыг шалгах явцад У. нь Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байдаг. Хорооноос түүний гомдлыг талуудаас ирүүлсэн нотлох баримтуудын хүрээнд хянаж үзсэний дагуу 2016 оны 3 сарын 9-ний өдрийн 9/690 дугаартай “...танай олон жилийн өмнө авсан гэмтэл гэдэг нь тогтоогдохгүй үндэслэлгүй байна... У.ын даатгалын нөхөн төлбөрийг олгож, энэ талаар тус Хороонд...” мэдэгдэхийг хүссэн албан бичгийг даатгагчид ирүүлсэн байна.

            Даатгагчийн зүгээс Хорооны зүгээс даатгалын тохиолдлыг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд бүрэн хянаж, шалгаж үзэлгүйгээр 9/690 дугаартай актыг гаргасан нь даатгагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, шийдвэр нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд асуудлыг дахин хянаж шалгуулах, хуульд заасан шаардлага хангасан шийдвэр гаргуулах тухай гомдлоо Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу Хорооны дэргэдэх хяналтын зөвлөлд мөн Хорооны даргад тус тус гаргасан байдаг. Хяналтын зөвлөлөөс даатгагчид ирүүлсэн 2016 оны 4 сарын 7-ны өдрийн 07 дугаартай хариу албан тоотоор Хорооноос гарах аливаа шийдвэр нь Тогтоол  хэлбэртэй байдаг гэж заасан. Өөрөөр хэлбэл, Хорооны 9/690 дугаартай актыг хорооны шийдвэр биш болох мөн даатгагчаас гомдлоо Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу Хороонд хандан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэн байдаг.

            Хороо нь даатгалын тохиолдлыг зөвхөн талуудаас ирүүлсэн нотлох баримтын хүрээнд хянаж шийдвэрлэдэг явдал нь өөрөө үндэслэлгүй хууль бус шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлдэг болох эцэстээ энэ нь маргааныг иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэхэд даатгагчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөхөд хүргэдэг учир даатгагч нь Хорооноос 9/690 тоот актыг хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаж гаргаж өгөхийг, мөн актын эрх зүйн үндэслэлийг тодруулсан боловч Хорооноос өнөөг хүртэл бидэнд ямар нэг хариуг ирүүлээгүй. Түүнчлэн, даатгагчаас У.ын зүгээс хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн даатгалын нөхөн төлбөр авах гэсэнтэй холбоотой зарим нэг мэдээлэл, нотлох баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргуулах гэсэн боловч тэдний зүгээс өнөөг хүртэл даатгагчид асуусан мэдээ мэдээлэл, баримтуудыг гаргаж өгөхгүй байна.

            Иймд,  ХХК нь У.аас гаргасан даатгалын нөхөн төлбөр болох 5 325 800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх зохигч талуудын гаргасан нэхэмжлэл, тайлбар, тэдгээрийн гаргасан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч У. нь даатгалын нөхөн төлбөрт 5 325 800 төгрөгийг хариуцагч “” ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Тухайн хэргийн хариуцагч “” ХХК нь “Соёмбо даатгал” ХХК-тай 2015 оны 03 сарын 20-ны өдөр 199С1500682 дугаартай “Даатгалын гэрээ”-ээр ажиллагсадын гэнэтийн ослын болон эмчилгээний зардлын даатгалын төрөлд хамрагдуулан 2015 оны 03 сарын 20-ны өдрөөс 2016 оны 03 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаатайгаар байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээ /хх-ийн 51-60/, талуудын тайлбараар нотлогдож байна.

            Нэхэмжлэгч У. нь Соёмбо даатгал ХХК-ийн нөхөн төлбөрийн албанд ажиллаж байх хугацаандаа буюу 2013 оны 10 сарын 23-ны өдөр баруун өвдөгний үений гэмтэл авч, эмчлүүлсэн байдал нь хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2016.03.09-ний өдрийн 9/690 тоот “Даатгалын нөхөн төлбөрийн тухай” албан бичиг /хх-4/, Монгол Хьюндай эмнэлгийн 2016.01.04-ний өдрийн 98 тоот албан бичиг /хх-30/, эмнэлгийн хуудас /хх-35-36/, эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-37-39/, нөхөн төлбөрийн маягт /хх-93-96/, Мөнгөн гүүр эмнэлгийн 2016.04.15-ны өдрийн 69 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /хх-84/, Монгол Хьюндай эмнэлгийн 2016.01.26-ны өдрийн 14 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /хх-92/,өвчний түүх /хх-106-113/, шинжээчийн дүгнэлт 172 дугаартай /хх-120-121/, гэрч Г.Энхбатын мэдүүлэг /хх-162-163/, Мөнгөн гүүр эмнэлгийн соронзон үелзүүрт томографийн оношилгоо /хх-165-166/, ДУБ ХХК-ийн 2017.03.14-ний өдрийн 01/26 тоот тодорхойлолт /хх-167/, дүгнэлт /хх-194/, шинжээчийн дүгнэлт 975 тоот /хх-197-198/, Монгол Хьюндай эмнэлгийн 2017.10.09-ний өдрийн 78 тоот албан бичиг /эмчилгээний төлбөр төлсөн талаар/ зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна.

            “Соёмбо даатгал” ХХК болон “” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 03 сарын 20-ны өдрийн 199С1500682 дугаартай  даатгалын гэрээний 1.1.6-д зааснаар гэрээ эзэмшигч нь “Соёмбо даатгал” ХХК, 1.1.7-д зааснаар даатгуулагч нь гэрээ эзэмшигчтэй хөдөлмөрийн гэрээгээр түүний удирдлага дор ажиллаж буй ажилтнууд буюу нэхэмжлэгч У.ыг байхаар заасан байна.

            Хариуцагч нь нэхэмжлэгч У.ын 2015 оны 10 сарын 23-ны өдөр баруун өвдөгний үеэнд авсан гэмтлийг нь нэгдүгээрт: хуучин гэмтэл гэж, хоёрдугаарт сагс /спорт/ тоглож байх үедээ авсан гэмтэл тул даатгалын гэрээний 7.1.4-т “даатгуулахаас өмнө учирсан хохирол, хор нөлөөг арилгах”-д хамаарч байх тул даатгалд хамрагдахгүй гэж маргаж байгаа боловч тэдгээрийн маргаж буй үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдон тогтоогдоогүй, дараах баримтаар үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгч У. нь 2015 оны 10 сарын 23-ны өдөр шатны уруу хальтарч хий гишгээд баруун өвдгөө гэмтээсэн болох нь анх Мөнгөн гүүр эмнэлэгт 2015 оны 10 сарын 23-ны өдөр /17 цаг 7 минутанд өвдөгний үе /баруун/ МRI шинжилгээний үйлчилгээний хөлсөнд 300 000 төгрөг, эмчийн үзлэг, зөвлөгөөний үнэ 20 000 төгрөгийг 2015-10-23 16-49-д төлсөн талаархи баримтаар/ МRI шинжилгээний хариугаар өвдөгний үений гэмтэл нь шинэ гэмтэл байна гэдэг нь нотлогдож байна /Дүрс оношилгооний тасгийн эрхлэгч эмч Э.Мөнх-Од CD-г дахин шалгасан/ гэсэн Мөнгөн гүүр эмнэлгийн 2016.04.15-ны өдрийн 69 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /хх-116 дугаар тал/, Монгол Хьюндай эмнэлгийн 2016.01.26-ны өдрийн 14 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт: “...У.ын 2015.10.23-нд Мөнгөн гүүр эмнэлэг дээр хийлгэсэн МRI шинжилгээний хариугаар өвдөгний үений гэмтэл нь шинэ гэмтэл болох нь нотлогдсон” гэсэн /хх-ийн 92 дугаар тал/, Мөнгөн гүүр эмнэлгийн 2015.10.23-ны өдөр шинжилгээ хийсэн Соронзон үелзүүрт томографийн оношилгоо /хх-ийн 165-166 дугаар тал/,

            гэрч Г.Энхбатын шүүхэд өгсөн ”...мэс заслын явцад дурангаар шалгахад дотор талын жийргэвч Bucket handle /хувингийн бариулын шинж маягийн урагдал/ шинэ гэмтэл байсан. Хэдийгээр имрай зураг өвчтөний ерөнхий мэдээллийг өгдөг ч гэсэн эцсийн онош тавихын тулд дурангийн хагалгаа хийдэг, түүнийг хагалгаа хийх явцдаа эмч тайлбарладаг. Имрай болон дурангийн хагалгааны онош зөрөх тохиолдол байдаг, гэвч дурангийн хагалгаа 100 хувь онош баталдаг юм....хий гишгэхэд гэмтэх боломжтой, санамсаргүй ширээний буланд хөлөө цохиход ч гэмтэж болдог...би л өөрөө оношийг нь дурангаар харж тухайн үедээ мэднэ. Шинэ үүссэн ургадал дээр хагалгаа хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 162-163 дугаар тал/,

            ДУБ ХХК-ийн 2017.03.14-ний өдрийн 01/26 дугаартай албан бичигт “Э.Мөнх-Од миний бие Мөнгөн гүүр эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч эмчийн албан тушаалд ажиллаж байхдаа иргэн У.ын 2015 оны 10 сарын 23-ны өдөр МRI шинжилгээний хариуг шалгасан бөгөөд ийнхүү шалган үзэхэд өвчтөний гэмтэл шинэ гэмтэл байсан болно” гэсэн тодорхойлолт /хх-ийн 167 дугаар тал/, 2017.08.17-ны өдрийн Дүгнэлтийн ...4-т “Мэс засал хийгдсэний өмнө болон дараах байдлыг МRI шинжилгээгээр ялангуяа өвдөгний үенд тогтоох боломжгүй”, 5-д “МRI шинжилгээ нь зөвхөн 3D орчинд хар цагаан өнгөний зөрүүгээр нягтрал дээр тулгуурлаж хардаг бөгөөд бодит орчинд дурангийн шинжилгээнээс харагдах байдлаараа зөрөх тохиолдол цөөнгүй тохиолддог”, 6-д “Дурангийн шинжилгээ болон бодит үзлэг, эмнэл зүйн байдлаас дүгнэж гэмтлийн хуучин шинийг тодорхойлох нь МRI шинжилгээнээс илүү юм” гэсэн /хх-ийн 194 дүгээр тал/, 2017.09.14-ний өдрийн шинжээчийн 975 дугаартай дүгнэлтийн 5, 6-д “МRI шинжилгээ нь зөвхөн 3D орчинд хар цагаан өнгөний зөрүүгээр нягтрал дээр тулгуурлаж хардаг бөгөөд бодит орчинд дурангийн шинжилгээнээс харагдах байдлаараа зөрөх тохиолдол цөөнгүй тохиолддог боловч дурангийн шинжилгээ, МRI болон бодит үзлэг, эмнэл зүйн байдал зэргийг нийтэд үнэлж дүгнэж гэмтлийн хуучин шинийг тодорхойлно” /хх-ийн 197-198 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудаар шинэ гэмтэл авсан болох нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

            Иймд дээрх үндэслэл нь “” ХХК-ийн “Соёмбо даатгал” ХХК-тай 2015 оны 03 сарын 20-ны өдөр 199С1500682 дугаартай “Даатгалын гэрээ”-ний есдүгээр зүйлийн 9.1-д “Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан үүргүүд”, 9.2-т “Даатгуулагчийг даатгалын хугацаанд нь гэрээнд заасан нөхцлийн дагуу даатгалаар хангах”-аар заасан даатгалын тохиолдол бий болсон байна.

            Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

            Хариуцагч нь даатгалын гэрээ болон Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар нөхөн төлбөр төлөх үүрэгтэй.

            Нэхэмжлэгч нь 2015 оны 10 сарын 23-ны өдөр даатгалын тохиолдол бий болсон талаар Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах”, мөн талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний аравдугаар зүйлийн 10.1, 10.5-д “Даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг даатгагчаас шаардах”-аар заасны дагуу 2015 оны 12 сарын 24-ний өдөр Нөхөн төлбөрийн маягтыг бөглөж холбогдох баримтыг хавсарган өгсөн байх боловч энэ талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4-т “даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй” гэж зааснаар “” ХХК нь У.т нөхөн төлбөрт 5 325 800 төгрөгийг төлөх үүрэгтэй болж байна.

            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч У. нь 2015 оны 10 сарын 23-ны өдрийн 17 цаг 07 минутанд Мөнгөн гүүр эмнэлэгт өвдөгний үе /баруун/ үйлчилгээний үнэ 300 000 төгрөгийг, мөн 2015.10.23-ны өдрийн 16 цаг 49 минутанд Гэмтэл согогийн эмчийн үзлэг, зөвлөгөөний үнэ 20 000 төгрөгийг, Мөнгөн гүүр эмнэлгийн эмийн сангаас 2015.10.29-ний өдрийн 23 цаг 32 минутанд ципринол 500 мг-г 1 ширхэгийг 7800 төгрөгөөр, мөн 2015.10.24-ний өдөр 10 000 төгрөгийг, Эм Би Эс Мед ХХК-д 2015 оны 11 сарын 24-ний өдөр эмчилгээний төлбөрт 4 988 000 төгрөгийг тус тус төлсөн ба нийт 5 325 800 төгрөгийн баримтуудаар /хх-ийн 32 дугаар хуудсанд нааж, үдэгдсэн/ түүний нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн тодорхойлогдож байх бөгөөд, тухайн баримт, мөнгөн дүнгийн талаар хариуцагч маргаагүйг дурдаж, 5 325 800 төгрөгийг нөхөн төлбөрт тооцох үндэслэлтэй гэж үзэв.

            Иймд, хариуцагчаас 5 325 800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус баримтлан “” ХХК-аас 5 325 800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.т олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч У.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 162 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжийн 100 162 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ТҮМЭНЦЭЦЭГ