Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2018/00501

 
 

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2018/00501

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол *******,*******,*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Амарын талбайд байрлах, *******-нд холбогдох

166,453,634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Заяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.07-ны өдрийн ******* дүгээр шийдвэрээр Шаравын Мөнгөнбат намайг ******* төв эмнэлгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, *******-аас надад 2015.08.19-ний өдрөөс 2016.07.07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 40,772,594 төгрөг гаргуулж олгох, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган авч, миний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж нөхөн төлсөн тухай бичилт хийхийг *******-д даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж 2016.09.12-ны өдрийн 146 дугаар магадлал, мөн Улсын дээд шүүхээс хянаж 2016.12.16-ны өдөр ******* дугаар тогтоол тус тус гаргаж, уг шийдвэр хэвээр үлдсэн.

Миний бие нь 2013 онд СЗХ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, ЛИГУ-ын тусламжаар давхижуулах төслийн удирдагч, улсын байцаагчийн үүргийг тус тус гүйцэтгэж байхад тухайн үеийн *******-ийн удирдлага нь *******-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн Оношлогоо-эмчилгээний төвийг удирдлага, зохион байгуулалтаар хангахад гадаад хэл, мэдээлэл технологийн болон мэргэжпийн өндөр ур чадвартай менежер шаардлагатай болох талаар танилцуулж, намайг тус төслийг удирдан зохион байгуулж, хамтарч ажиллах саналыг тавьсан болно. Ингээд намайг тус төслийн удирдагч буюу Оношлогоо-эмчилгээний төвийн ашиглалтын өмнөх захиргааны захирлаар ажиллуулахаар тус үйлдвэрийн ерөнхий захирал  2013.07.15-ны өдрийн 70/01 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулсан болно. Улмаар тус ашиглалтын өмнөх захиргааг 2014 оны 4-р сард татан буулгаж, Оношлогоо-эмчилгээний төвийг шинэчлэн зохион байгуулж, тус төвийн захирлаар намайг томилж, 2014.04.14-ны өдрийн 97/19 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулсан болно. Төвийн захирлын хамрах ажил үүрэг нь зөвхөн барилга, дэд бүтцийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, удирдан зохион байгуулах төдийгүй олон улсын стандартын шаардлагыг хангасан эмнэлгийн тусламж үйлчилгээг Япон улсын нарийн мэргэжлийн экспертүүдтэй хамтран хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах зэрэг хэд хэдэн багц ажил үүргийг давхар гүйцэтгэх зэргээс үүдэн үйлдвэрийн удирдлагын зүгээс 2014.04.14-ний өдрийн 97/19 тоот хөдөлмөрийн гэрээнд 2014.10.21-ний өдөр МУ-ын хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.1, 21.1.6-р заалтуудыг үндэслэн нэмэлт өөрчлөлтийг оруулсан болно. Тус гэрээнд ажил олгогч болох Ерөнхий захирал нь хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болох ... Ажилтанд Улаанбаатар хотод 2 өрөө байр, өөрийн нэг хүүхдийг жилийн 10.000 /арван мянган ам.доллар/ хүртэл төлбөртэй нөхцөлтэйгээр гадаадад сургах... гэсэн дээр дурдсан нэмэлт өөрчлөлтийг оруулсан байдаг.

Манай охин нь 2014 онд СЭЗИС-ийн АССА 2+2 төслийн НББ-ийн ангид элсэн орсон. ******* нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох сургалтын төлбөрийг төлөх байсан хэдий ч зөвхөн эхний жилийн төлбөрийг төлсөн болно. ******* нь онцгой үүрэг гүйцэтгэж байгаа удирдлагын багийн ажилтнуудтай нэмэлт нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээг байгуулж, хэрэгжүүлдэг хэдий ч миний хувьд ялгавартай хандаж буйд гомдолтой байна.

Миний бие *******-ийн удирдлагад дээр дурдсан гэрээгээр тохиролцсон үүргийг биелүүлэх хүсэлтийг 2017.06.16-ны өдөр хүргүүлсэн боловч ******* нь 2017.08.01-ний 130/574 тоот албан бичгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар *******-аас Улаанбаатар хотод 2 өрөө байрны төлбөр болох 118.526.634.00 төгрөг/орон сууцны дундаж талбай 53.10 м2, үнэ 2,232,140.0 төг/, өөрийн нэг хүүхдийн гадаадад сургах 2 жилийн сургалтын төлбөр болох 20.000.0 ам.доллар/ 2018.03.23 өдрийн ханш 1 ам.дол=2,396.35 төгрөг/-тай тэнцэх 47.927.000.0 төгрөг буюу нийт 166,453,634.00 төгрөгийн төлбөрийг гаргуулахыг *******-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн *******ын *******-иас 166,453,634 төгрөг гаргуулах тухай ззомжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

******* нь *******-ийн Эрдэнэт Медикал оношлогоо эмчилгээний төвийн захирлаар томилогдон ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2015.08.19-ний өдрийн Б/971 дүгээр тушаалаар ажлаас халагдаж түүнтэй байгуулсан 2014 оны 04 сарын 14-ний өдрийн 97/19 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан.

Нэгэнт хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул 97/19 тоот хөдөлмөрийн гэрээнд оруулсан 1014 оны 10 сарын 21-ний өдрийн нэмэлт өөрчлөлт мөн адил цуцлагдах буюу хүчингүй болсонд тооцогдно.

Уг нэмэлт өөрчлөлтөд ямар нэг орон сууцыг ажилтанд өмчлүүлэх болон худалдан авч өгөх, эсхүл орон сууцны үнийг төлөх тухай асуудлыг тусгаагүй, мөн ажилтны нэг хүүхэд дотоодын сургууль буюу Санхүү эдийн засгийн Их сургуульд суралцсан тохиолдолд сургалтын төлбөр олгох тухай заалт байхгүй.

Иргэний хуулийн 311 дүгээр зүйлд Албаны орон сууц-ны тухай харилцааг зохицуулсан. Мөн зүйлийн 311.1-д Албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг албаны орон сууц гэнэ гэж хуульчилсан.

Хуульд заасны дагуу албан тушаалын байдалтай нь холбогдуулан олгосон ажил олгогчийн хөнгөлөлт буюу Хөдөлмөрийн нэмэлт гэрээгээр тохирсон тохиролцоо нь хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаар мөн адил хүчингүй болно гэж үзэх үндэслэлтэй тул *******-нь орон сууц гарган өгөх эсхүл орон сууцаар хангах, худалдан авч өгөх, орон сууцны үнийг төлөх нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор заасан байх тул 97/19 тоот хөдөлмөрийн гэрээ түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үйлчлэх хугацаа дуусгавар болсонд тооцно.

311.2.Энэ хуулийн 311.1-д заасан этгээдийн албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол уг орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авна.

Нэхэмжлэгч нь Тэнхлэг зууч гэх үл хөдлөх хөрөнгийн компанийн шүүхэд хандаж гаргасан Үнийн мэдээлэл гаргаж өгөх тухай гэх баримт болон Блюмосайк ХХК-ийн иргэн *******ад холбогдуулан гаргасан тодорхой дугааргүй нэхэмжлэх гэсэн баримт, мөн ам.долларын ханшийн мэдээ, орон сууцны үнийн талаарх мэдээлэл зэрэг баримтууд нь ямар зорилгоор хэрэгт хавсаргасан нь ойлгомжгүй, хэргийн хянан шийдвэрлэхэд ямар нэг ач холбогдолгүй баримтууд байна.

Тэнхлэг зууч ХХК нь Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн хэлбэлзэл болон бодит зах зээлийн үнэлгээг бие даан тогтоодог байгууллага биш. Энэ утгаар нь авч үзвэл шүүхэд хандан гаргасан дээрх баримт нь шүүхийн шийдвэр гаргахад үндэслэл болгох эцсийн буюу бодит баримт нотолгоо биш юм. Өөрөөр хэлбэл аливаа хэрэг маргаан нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой тохиолдолд хэргийн оролцогч талуудтай ашиг сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн шинжээчийг томилон үнэлгээг гаргах эрх зүйн зохицуулалттайг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр ******* нь иргэн *******ад Улаанбаатар хот дахь 2 өрөө орон сууцны төлбөрийг төлөх болон түүний хүүхдийн 2 жилийн хугацаан дахь сургалтын төлбөрийг төлөх нь хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-аас Улаанбаатар хотод 2 өрөө байрны төлбөр болох 118.526.634.00 төгрөг/орон сууцны дундаж талбай 53.10 м2, үнэ 2,232,140.0 төг/, өөрийн нэг хүүхдийн гадаадад сургах 2 жилийн сургалтын төлбөр болох 20.000.0 ам.доллар/ 2018.03.23 өдрийн ханш 1 ам.дол=2,396.35 төгрөг/-тай тэнцэх 47.927.000.0 төгрөг буюу нийт 166,453,634.00 төгрөгийн төлбөрийг гаргуулахыг шаардаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болохыг хүсэж байна.

******* нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрдэнэт Медикал оношлогоо эмчилгээний төвийн захирлаар томилогдон ажиллаж байгаад *******-ийн Ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/971 дүгээр тушаалаар ажлаас халагдажээ.

Энэхүү тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр Шаравын Мөнгөнбатыг ******* төв эмнэлгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 40,772,594 төгрөг гаргуулж олгох, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж нөхөн төлсөн тухай бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэр нь Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 146 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч нь 2013 онд Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, Люксембургийн их гүнт улсын тусламжаар Санхүүгийн зохицуулах хороог чадавхижуулах төслийн удирдагч, улсын байцаагчийн үүргийг тус тус гүйцэтгэж байсан. Тухайн үеийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлага нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн Оношлогоо-эмчилгээний төвийг удирдлага, зохион байгуулалтаар хангахад гадаад хэл, мэдээлэл технологийн болон мэргэжлийн өндөр ур чадвартай менежер шаардлагатай болох талаар танилцуулж,тус төслийг удирдан зохион байгуулж, хамтарч ажиллах саналыг тавьсан. Ингээд тус төслийн удирдагч буюу Оношлогоо-эмчилгээний төвийн ашиглалтын өмнөх захиргааны захирлаар ажиллуулахаар тус үйлдвэрийн ерөнхий захирал тэй 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 70/01 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн анх авч ажиллуулсан тус ашиглалтын өмнөх захиргааг 2014 оны 4-р сард татан буулгаж, Оношлогоо-эмчилгээний төвийг шинэчлэн зохион байгуулж, тус төвийн захирлаар нэхэмжлэгчийг томилж, 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 97/19 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулжээ.

Энэхүү 97/19 тоот хөдөлмөрийн гэрээнд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр МУ-ын хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.1, 21.1.6-р заалтуудыг үндэслэн ... Ажилтанд Улаанбаатар хотод 2 өрөө байр, өөрийн нэг хүүхдийг жилийн 10.000 /арван мянган ам.доллар/ хүртэл төлбөртэй нөхцөлтэйгээр гадаадад сургах... гэсэн нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Ерөнхий захирлын 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/971 дүгээр тушаалаар нэхэмжлэгч ажлаас халагдаж түүнтэй байгуулсан 2014 оны 04 сарын 14-ний өдрийн 97/19 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, хөдөлмөрийн гэрээ нэгэнт цуцлагдсан тул 97/19 тоот хөдөлмөрийн гэрээнд оруулсан 2014 оны 10 сарын 21-ний өдрийн нэмэлт өөрчлөлт мөн адил цуцлагдах буюу хүчингүй болсонд тооцогдоно. Уг нэмэлт өөрчлөлтөд ямар нэг орон сууцыг ажилтанд өмчлүүлэх болон худалдан авч өгөх, эсхүл орон сууцны үнийг төлөх тухай асуудлыг тусгаагүй, мөн ажилтны нэг хүүхэд дотоодын сургууль буюу Санхүү эдийн засгийн Их сургуульд суралцсан тохиолдолд сургалтын төлбөр олгох тухай заалт байхгүй.

Иргэний хуулийн 311 дүгээр зүйлд Албаны орон сууц-ны тухай харилцааг зохицуулсан. Хуульд заасны дагуу албан тушаалын байдалтай нь холбогдуулан олгосон ажил олгогчийн хөнгөлөлт буюу Хөдөлмөрийн нэмэлт гэрээгээр тохирсон тохиролцоо нь хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаар мөн адил хүчингүй болно гэж үзэж байна.

Мөн хариуцагч Иргэний хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2-д Энэ хуулийн 311.1-д заасан этгээдийн албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол уг орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авна гэсэн учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан болох нь тогтоогдсон. Энэ талаарх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Тэнхлэг зууч ХХК-ны үнийн мэдээллийн тухай баримт, Блюмосайк ХХК-ийн баримт,ам.долларын ханшийн мэдээ, орон сууцны үнийн талаарх мэдээлэл зэрэг баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Нэхэмжлэгчийн охин болох нь 2014 онд СЭЗИС-ийн АССА 2+2 төслийн НББ-ийн ангид элсэн орсон. Эрдэнэт үйлдвэр ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу эхний жилийн сургалтын төлбөрийг төлсөн байна.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК нь онцгой үүрэг гүйцэтгэж байгаа удирдлагын багийн ажилтнуудтай нэмэлт нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээг байгуулж, хэрэгжүүлдэг байх бөгөөд нэмэлт гэрээнд тусгасан орон сууцны тухай заалтыг нэхэмжлэгч ******* албаны орон сууцанд сууж байгаад хөдөлмөрийн гэрээ цуцлагдахад уг орон сууцыг буцааж өгөх ёстой гэж үзэх боломжгүй юм. Нөгөө талаар хөдөлмөрийн гэрээний энэхүү нэмэлт нөхцөл нь нэхэмжлэгчийг урьж авчирч ажиллуулж байсантай нь холбоотой, түүнд олгож байгаа хөнгөлөлт байх бөгөөд ажлын үр дүнг тооцсоны үндсэн дээр олгох эсэхийг шийдэх болзол биш байна.

Нэхэмжлэгч нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагад дээр дурдсан гэрээгээр тохиролцсон үүргийг биелүүлэх хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн боловч Эрдэнэт үйлдвэр ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний 130/574 тоот албан бичгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1,21.1.3,128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-наас 166,453,634 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 990,218 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 990,218 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН