Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 84

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 207/МА2018/00084

 

 

*******ын нэхэмжлэлтэй хариуцагч

******* ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/00501 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

166.453.634 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.07-ны өдрийн 142/ШШ2016/00979 дүгээр шийдвэрээр ******* намайг Эрдэнэт медикал төв эмнэлгийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ******* ХХК-аас надад 2015.08.19-ний өдрөөс 2016.07.07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 40,772,594 төгрөг гаргуулж олгох, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган авч, миний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж нөхөн төлсөн тухай бичилт хийхийг ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж 2016.09.12-ны өдрийн 146 дугаар магадлал, мөн Улсын дээд шүүхээс хянаж 2016.12.16-ны өдөр 001/ХТ2016/01412 дугаар тогтоол тус тус гаргаж, уг шийдвэр хэвээр үлдсэн. Миний бие нь 2013 онд СЗХ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, ЛИГУ-ын тусламжаар СЗХ-г чадавхижуулах төслийн удирдагч, улсын байцаагчийн үүргийг тус тус гүйцэтгэж байхад тухайн үеийн ******* ХХК-ийн удирдлага нь ******* ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн Оношлогоо-эмчилгээний төвийг удирдлага, зохион байгуулалтаар хангахад гадаад хэл, мэдээлэл технологийн болон мэргэжлийн өндөр ур чадвартай менежер шаардлагатай болох талаар танилцуулж, намайг тус төслийг удирдан зохион байгуулж, хамтарч ажиллах саналыг тавьсан болно. Ингээд намайг тус төслийн удирдагч буюу Оношлогоо-эмчилгээний төвийн ашиглалтын өмнөх захиргааны захирлаар ажиллуулахаар тус үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэнтэй 2013.07.15-ны өдрийн 70/01 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулсан болно. Улмаар тус ашиглалтын өмнөх захиргааг 2014 оны 4-р сард татан буулгаж, Оношлогоо-эмчилгээний төвийг шинэчлэн зохион байгуулж, тус төвийн захирлаар намайг томилж, 2014.04.14-ны өдрийн 97/19 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулсан болно. Төвийн захирлын хамрах ажил үүрэг нь зөвхөн барилга, дэд бүтцийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, удирдан зохион байгуулах төдийгүй олон улсын стандартын шаардлагыг хангасан эмнэлгийн тусламж үйлчилгээг Япон улсын нарийн мэргэжлийн экспертүүдтэй хамтран хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах зэрэг хэд хэдэн багц ажил үүргийг давхар гүйцэтгэх зэргээс үүдэн үйлдвэрийн удирдлагын зүгээс 2014.04.14-ний өдрийн 97/19 тоот хөдөлмөрийн гэрээнд 2014.10.21-ний өдөр МУ-ын хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.1, 21.1.6-р заалтуудыг үндэслэн нэмэлт өөрчлөлтийг оруулсан болно. Тус гэрээнд ажил олгогч болох Ерөнхий захирал Ц.Даваацэрэн нь хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг болох ... Ажилтанд Улаанбаатар хотод 2 өрөө байр, өөрийн нэг хүүхдийг жилийн 10.000 /арван мянган ам.доллар/ хүртэл төлбөртэй нөхцөлтэйгээр гадаадад сургах... гэсэн дээр дурдсан нэмэлт өөрчлөлтийг оруулсан байдаг. Манай охин М.Хишигдэлгэрэх нь 2014 онд СЭЗИС-ийн АССА 2+2 төслийн НББ-ийн ангид элсэн орсон. ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох сургалтын төлбөрийг төлөх байсан хэдий ч зөвхөн эхний жилийн төлбөрийг төлсөн болно. ******* ХХК нь онцгой үүрэг гүйцэтгэж байгаа удирдлагын багийн ажилтнуудтай нэмэлт нөхцөлтэй хөдөлмөрийн гэрээг байгуулж, хэрэгжүүлдэг хэдий ч миний хувьд ялгавартай хандаж буйд гомдолтой байна. Миний бие ******* ХХК-ийн удирдлагад дээр дурдсан гэрээгээр тохиролцсон үүргийг биелүүлэх хүсэлтийг 2017.06.16-ны өдөр хүргүүлсэн боловч ******* ХХК нь 2017.08.01-ний 130/574 тоот албан бичгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар ******* ХХК-аас Улаанбаатар хотод 2 өрөө байрны төлбөр болох 118.526.634.00 төгрөг/орон сууцны дундаж талбай 53.10 м2, үнэ 2,232,140.0 төг/, өөрийн нэг хүүхдийн гадаадад сургах 2 жилийн сургалтын төлбөр болох 20.000.0 ам.доллар/ 2018.03.23 өдрийн ханш 1 ам.дол=2,396.35 төгрөг/-тай тэнцэх 47.927.000.0 төгрөг буюу нийт 166,453,634.00 төгрөгийн төлбөрийг гаргуулахыг ******* ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ХХКийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Г.Мөнгөнбат нь ******* ХХК-ийн Эрдэнэт Медикал оношлогоо эмчилгээний төвийн захирлаар томилогдон ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2015.08.19-ний өдрийн Б/971 дүгээр тушаалаар ажлаас халагдаж түүнтэй байгуулсан 2014 оны 04 сарын 14-ний өдрийн 97/19 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул 97/19 тоот хөдөлмөрийн гэрээнд оруулсан 1014 оны 10 сарын 21-ний өдрийн нэмэлт өөрчлөлт мөн адил цуцлагдах буюу хүчингүй болсонд тооцогдно. Уг нэмэлт өөрчлөлтөд ямар нэг орон сууцыг ажилтанд өмчлүүлэх болон худалдан авч өгөх, эсхүл орон сууцны үнийг төлөх тухай асуудлыг тусгаагүй, мөн ажилтны нэг хүүхэд дотоодын сургууль буюу Санхүү эдийн засгийн Их сургуульд суралцсан тохиолдолд сургалтын төлбөр олгох тухай заалт байхгүй. Иргэний хуулийн 311 дүгээр зүйлд Албаны орон сууц-ны тухай харилцааг зохицуулсан. Мөн зүйлийн 311.1-д Албан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууцыг албаны орон сууц гэнэ гэж хуульчилсан.

Хуульд заасны дагуу албан тушаалын байдалтай нь холбогдуулан олгосон ажил олгогчийн хөнгөлөлт буюу Хөдөлмөрийн нэмэлт гэрээгээр тохирсон тохиролцоо нь хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаар мөн адил хүчингүй болно гэж үзэх үндэслэлтэй тул ******* ХХК-нь орон сууц гарган өгөх эсхүл орон сууцаар хангах, худалдан авч өгөх, орон сууцны үнийг төлөх нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор заасан байх тул 97/19 тоот хөдөлмөрийн гэрээ түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үйлчлэх хугацаа дуусгавар болсонд тооцно. 311.2-т Энэ хуулийн 311.1-д заасан этгээдийн албан тушаалын, эсхүл хөнгөлөлт эдлэх эрх дуусгавар болсон бол уг орон сууцыг эрх бүхий этгээд буцаан авна. Нэхэмжлэгч нь Тэнхлэг зууч гэх үл хөдлөх хөрөнгийн компанийн шүүхэд хандаж гаргасан Үнийн мэдээлэл гаргаж өгөх тухай гэх баримт болон Блюмосайк ХХК-ийн иргэн *******ад холбогдуулан гаргасан тодорхой дугааргүй нэхэмжлэх гэсэн баримт, мөн ам.долларын ханшийн мэдээ, орон сууцны үнийн талаарх мэдээлэл зэрэг баримтууд нь ямар зорилгоор хэрэгт хавсаргасан нь ойлгомжгүй, хэргийн хянан шийдвэрлэхэд ямар нэг ач холбогдолгүй баримтууд байна. Тэнхлэг зууч ХХК нь Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн хэлбэлзэл болон бодит зах зээлийн үнэлгээг бие даан тогтоодог байгууллага биш. Энэ утгаар нь авч үзвэл шүүхэд хандан гаргасан дээрх баримт нь шүүхийн шийдвэр гаргахад үндэслэл болгох эцсийн буюу бодит баримт нотолгоо биш юм. Өөрөөр хэлбэл аливаа хэрэг маргаан нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой тохиолдолд хэргийн оролцогч талуудтай ашиг сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн шинжээчийг томилон үнэлгээг гаргах эрх зүйн зохицуулалттайг дурдах нь зүйтэй. Иймд дээрх үндэслэлээр ******* ХХК нь иргэн *******ад Улаанбаатар хот дахь 2 өрөө орон сууцны төлбөрийг төлөх болон түүний хүүхдийн 2 жилийн хугацаан дахь сургалтын төлбөрийг төлөх нь хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2018/00501 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1,21.1.3,128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан ******* ХХК-наас 166,453,634 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 990,218 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 990,218 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд давж заалдсан гомдолдоо:

Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш ******* нь ажилгүй байсан хугацааны цалинг удаа дараа шүүхээр тогтоолгон авсан хэдий ч нэмэлт гэрээнд заасан заалтыг хэрэгжүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй байсаар 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийг 129.1-т зааснаар нэмэлт гэрээнд заасан заалтыг хэрэгжүүлэхийг ******* нь 2016.09.12-ний өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд ******* ХХК-аас шаардах эрх нь нээлттэй байсан. Уг эрхээ эдэлж дээрх хөөн хэлэлцэх хугацааны дотор ******* ХХК-аас шаардаагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад энэ талаар тайлбарлаж хариу тайлбар гаргасан боловч шүүх энэ талаар шийдвэртээ ямар нэгэн дүгнэлт өгөөгүй. Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг шүүгч танилцуулахдаа ...хариуцагч ******* ХХК-аас 116,453,634 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай гэж шийдвэрлэсэн атлаа бичгээр албажиж гаргасан шүүхийн шийдвэртээ 166,453,634 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. /Анхан шатны шүүх хуралдааны бичлэгээс энэ нь тодорхой харагдана./ Нэхэмжлэгч нь Тэнхлэг зууч гэх үл хөдлөх хөрөнгийн компанийн шүүхэд хандаж гаргасан Үнийн мэдээлэл гаргаж өгөх тухай гэх баримт болон Блюмосайк ХХК-ийн иргэн *******ад холбогдуулан гаргасан тодорхой дугааргүй нэхэмжлэх гэсэн баримт, мөн ам.долларын ханшийн мэдээ, орон сууцны үнийн талаарх мэдээлэл зэрэг баримтууд нь ямар зорилгоор хэрэгт хавсаргасан нь ойлгомжгүй, хэргийн хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангаагүй баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу юм. Мөн Тэнхлэг зууч ХХК нь Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн хэлбэлзэл болон бодит зах зээлийн үнэлгээг бие даан тогтоодог байгууллага биш. Энэ утгаар нь авч үзвэл шүүхэд хандан гаргасан дээрх баримт нь шүүхийн шийдвэр гаргахад үндэслэл болгох эцсийн буюу бодит баримт нотолгоо биш юм. Өөрөөр хэлбэл аливаа хэрэг маргаан нь хөрөнгийн үнэлгээтэй холбоотой тохиолдолд хэргийн оролцогч талуудтай ашиг сонирхлын зөрчилгүй, хөндлөнгийн шинжээчийг томилон үнэлгээг гаргах эрх зүйн зохицуулалттай атал нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгон хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Иймд дээрх үндэслэлүүдээр 2018.05.14-ний өдрийн 142/ШШ2018/00501 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-иас Улаанбаатар хотод 2 өрөө байрны төлбөр, хүүхдийн сургалтын төлбөрт 166.453.634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн харьяа Эрдэнэт Медикал оношилгоо эмчилгээний төвийн захирлаар томилогдон ажиллаж байгаад Компаний захирлын 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/971 дугаар тушаалаар уг ажлаас халагдсан ба Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр Эрдэнэт Медикал төв эмнэлэгийн захирлын ажилд эргүүлж тогтоосон энэ шийдвэр нь давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхийн магадлал тогтоолоор хэвээр батлагдаж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Харин ******* ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 97/19 тоот хөдөлмөрийн гэрээг *******тай байгуулсан ба энэхүү гэрээнд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.6-д заасныг үндэслэн ажилтанд Улаанбаатар хотод 2 өрөө байр, өөрийн 1 хүүхдийн жилийн 10.000 /ам доллар/ хүртэл төлбөртэй нөхцөлтэйгээр гадаадад сургах... гэсэн нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ХХК-тай байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 97/19 тоот хөдөлмөрийн гэрээнд оруулсан 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөнд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч ******* ХХК нь *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/971 дугаар тушаалаар цуцлагдсан тул гэрээний нэмэлт өөрчлөлт мөн адил цуцлагдсан гэж тайлбар гарган маргасан байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-иас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч хүсэлтийг хүлээж авахгүй татгалзаж байсан, Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөнд оруулсан Улаанбаатар хотод 2 өрөө байр, өөрийн 1 хүүхдийг жилийн 10.000 /ам доллар/ хүртэл төлбөртэй байх гэсэн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийг үндэслэлгүй ажлаас халсан болох нь тогтоогдсон энэ талаархи шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгчийн гаргасан Тэнхлэг зууч ХХК-ийн үнийн мэдээллийн баримт, Блюмасайк ХХК-ийнам долларын ханшийн мэдээ, орон сууцны мэдээлэл зэрэг баримтуудыг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан Тэнхлэг зууч ХХК-ийн үнэлгээ, Блюмасайк ХХК-ийн баримт зэргийг ямар зорилгоор хэрэгт хавсаргасан нь ойлгомжгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзаж буй татгалзлаа нотлох буюу няцаасан баримт гаргаж өгөөгүй, хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Нөгөө талаар хариуцагч байгууллагын гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх гомдол нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч *******ыг ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байхад шүүхийн шийдвэрийг одоог хүртэл биелүүлээгүй ажилтны эрх ашгийг хохироож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

Мөн шүүхийн шийдвэрийн агуулгыг танилцуулахдаа 116.453.634 төгрөг гаргуулахаар уншсан атлаа шийдвэрт 166.453.634 төгрөг гаргуулахаар бичсэн хэрэг хняан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэсэн гомдлоо нотлуулахаар шүүхэд хүсэлт гаргаагүй тул /шүүх хуралдааны бичлэг судлуулах хүсэлт гаргаагүй/ давж заалдах шатны шүүх тогтоох боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний 142/ШШ2018/00501 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьдын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 990.218 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

 

С.УРАНЧИМЭГ