Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2017/00249

 

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2017/00249

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ч.Б

            Хариуцагч: ОАНДХ

508 670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч , гэрч С.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ч.Б нь 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 70 хувийн группт харааны бэрхшээлээр орсон. 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл группийн мөнгө авдаг байсан. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 3 сар 17 хоногийн группийн мөнгө аваагүй юм. Учир нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр группийн хугацааг ямар ч үндэслэлгүйгээр сунгалт хийгээгүй ба шалтгааныг нь асууж сураглахаар сунгах боломжгүй цааш сунгах заалт байхгүй гэсэн. Миний бие Улаанбаатар хотын нэгдсэн 1 дүгээр эмнэлэгт очиж нүдний эмч Т үзүүлэхэд компьютерээр үзлэг хийж, оношлогоогоор группт байх ёстой хүү юм байна гэсэн. Амбулаторын картанд өвчний оношийг дэлгэрэнгүй бичиж өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээс дахин сунгалт хийж тухайн үеийн оношоор 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл сунгасан юм. Би группийн мөнгөнөөс өөр орлого байхгүй ажил хийх чадваргүй тул ямар ч үндэслэлгүйгээр группийн мөнгийг тасалдуулсан нь надад маш их хохиролтой байна. Иймд 2016 оны 08 дугаар сарын 12-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны 3 сар 17 хоногийн мөнгө болох 508 670 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

 

 

      Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ч.Б нь нүдний өвчний учир хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж 2007 оноос хойш хувь тогтоолгож байсан. Эрүүл мэнд, спортын сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ---- тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Даатгуулагч (иргэн)-ний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт” шинэчлэн батлагдсанаар уг заалтын 1-5-1-д: “Нэг нүд нь зохих эмчилгээ хийгдсэний дараа таарсан шилтэйгээ (харах чадал 0,3-0,1), нөгөө нүдний харах чадал 0,05 буюу түүнээс доош” бол хөдөлмөрийн чадвар алдалтыг 50-69 хувиар тогтооно гэсэн байдаг. Гэтэл Ч.Б ын 2 нүдний хараа муу боловч нүдний харах чадал нь Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн нүдний эмч нарын тодорхойлсноор дээрх заалтанд тохирох хэмжээнд байгаагүй тул Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд 2016 оны 08 дугаар сард өөрт нь заалт тохирохгүй болохыг тайлбарлан хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцалсан. Үүний дараа Ч.Б нь өөрийн хүсэлтээр Улаанбаатар хотод нүдний эмчид үзүүлж ирсэн бөгөөд эмчийн үзлэгт харааны чадлыг нь тодорхойлоогүй зөвхөн эмчлэгч эмчийн санал, өвчний онош нь бичигдсэн байсан ч Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд Ч.Б ын хүсэлт, Улаанбаатар хотын эмчийн үзлэг хийж оношийг бататгасан байдлыг харгалзан үзэж хөдөлмөрийн чадвар алдалтыг 1-5-1 заалтаар 50 хувиар тогтоосон. Иргэн Ч.Б ын нүдний өвчин нь баримталж байгаа жагсаалтын заалтанд тохирохгүй, ЭХМКомисс батлагдсан тушаалын дагуу ажилласан тул нэхэмжилсэн мөнгийг нөхөн олгох боломжгүй. Орон нутгийн ЭХМК-ын шийдвэрийг хүлээн зөшөөрөөгүй тохиолдолд ЭХМТөв комисст өргөдөл гаргах, ЭХМТөв комиссын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд хандана гэсэн шат дараалсан үйл явц алдагдаж байна. Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 11 тоот тогтоолын 5.1.9-д заасны дагуу ЭХМТөв комисс нь орон нутгийн комиссын гаргасан шийдвэрийг хянах өөрчлөх чиг үүрэгтэй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст холбогдуулан 3 сар 17 хоногийн группын мөнгө тасалдуулсаны төлбөрт 508 670 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч, түүний төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс харааны бэрхшээлээр 70 хувийн группт орсон. 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр группын хугацаагаа сунгуулахаар очтол заалт байхгүй болсон гэсэн шалтгаанаар сунгаж өгөөгүй. Өөрийн зардлаар Улаанбаатар хотод Нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт үзлэг оношлогоо хийлгэсэн бөгөөд намайг группт байх ёстой юм байна гэж эмч хэлсэн. Ингээд эмчийн бичгээ үзүүлж байж 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 50 хувиар тогтоолгож нэг жилийн хугацаатай сунгуулсан. Ямар ч үндэслэлгүйгээр сунгаж өгөөгүйгээс болж 3 сар 17 хоногийн мөнгө 508 670 төгрөг авах ёстой байсныг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

            Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Ч.Б нь нүдний өвчний учир хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж, 2007 оноос хойш хувь тогтоолгосон. 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр сунгалт нь дууссан байхад хугацаа хоцорсоны улмаас 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 50 хувиар, мөн 2014 оны 06 дугаар сарын 06-ны  өдөр сунгалт нь дууссан байхад 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ирж тус тус сунгалт хийлгэсэн.     2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан Эрүүл мэнд, спортын сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын ----тоот хамтарсан тушаалаар Ч.Б од тохирох заалт байгаагүй тул Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд 2016 оны 08 дугаар сард өөрт нь заалт тохирохгүй болохыг тайлбарлан хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцалсан. Ч.Б өөрийн хүсэлтээр Улаанбаатар хотод нүдний эмчид үзүүлсэн гэдэг боловч энэ нь шаардлага хангахгүй байсан. Комиссоор дахин орох тухай өөрийнх нь хүсэлт, Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн байдал, амьдрал ахуйг нь харгалзаад 2016 оны 11 дүгээр сарын 24-нд 50 хувиар нэг жилийн хугацаатай сунгаж өгсөн. Хэрэв нэг жил биш хэдэн сараар сунгасан бол энэ хүн гомдол гаргах нь зүй ёсны юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

            Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байх ба  мөн хуулийн 9.4.4-д учруулсан хохиролыг арилгуулахад чиглэгддэг тул нэхэмжлэгч Ч.Б нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

            Нэхэмжлэгч Ч.Б нь нүдний өвчний учир хөдөлмөрийн чадвараа алдаж, төрөөс нийгмийн халамж авах эрх нь 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс үүссэн бөгөөд жил бүр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгож байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Ч.Б ын тэтгэвэр, тэтгэмжийн 901071 дугаартай хувийн хэрэг, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн тусламжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 2008 оноос 2014 онуудын акт зэрэг баримтуудаар нотлогдож байна.

            2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан Эрүүл мэнд, спортын сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын -----тоот хамтарсан тушаалаар Ч.Б од тохирох заалт байхгүй гэсэн үндэслэлээр 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарч, нэхэмжлэгч Ч.Б өөрийн хүсэлтээр Улаанбаатар хотын нэгдсэн нэгдүгээр эмнэлэгийн нүдний эмчид үзүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр  Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 50 хувиар нэг жилийн хугацаатай группыг сунгасан болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, шүүх хуралдаанд судалсан үзлэгийн баримт, хэрэгт авагдсан  нотлох баримтаар тус тус тогтоогдож байгаа бөгөөд уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй, хүлээн зөвшөөрдөг.

            Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд байх тул шийдвэрийн үндэслэл болголоо.

            2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан Эрүүл мэнд, спортын сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын ---- тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтын 5.1 дэх заалт нь нэхэмжлэгч Ч.Б од тохирохгүй гэж Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дүгнэсэн атлаа 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 5.1 дэх заалтыг үндэслэл болгон сунгалт хийсэн нь өмнөх комиссын шийдвэр үндэслэлгүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Ч.Б ын нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн гэх эмнэлгийн амбулаторын картанд харах чадварыг тогтоогоогүй, төрөлхийн харааны бэрхшээлийг дурдсан байхад Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс 5.1-д заасныг баримтлан хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 50 хувиар тогтоосон нь ойлгомжгүй байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч нь комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисст өргөдөл гаргах шат дараалласан үйл явц алдагдсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Ч.Б ын ...холбогдох газарт хандана гэхэд сунгалт хийсэн тул цаашид гомдол гаргах шаардлаггүй гэж үзээд энэ хугацаанд авах байсан тэтгэмжийн мөнгийг буюу хохиролоо арилгуулахаар шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна.

            Иймд Ч.Б ын эрх зөрчигдөөгүй байсан бол тэтгэмжийн мөнгө нь зайлшгүй орох байсан орлого гэж үзээд хариуцагч Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос 508 670 төгрөг /2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл/-ийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 15 911 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрт дурдав.

 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос 508 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Б од олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  хариуцагч Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос 15 911 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.АРИУНЦЭЦЭГ