Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 00084

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Ч.Бямбацогтын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/000249 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.Бямбацогтын нэхэмжлэлтэй

Хариуцагч Орхон аймгийн Эрүүл Мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг Хөдөлмөрийн Магадлах Комисс-д холбогдох

“508.670 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чимгээгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Бямбацогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимгээ, нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Бямбацогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ч.Бямбацогт нь 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 70 хувийн группт харааны бэрхшээлээр орсон. 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл группийн мөнгө авдаг байсан. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 3 сар 17 хоногийн группийн мөнгө аваагүй юм. Учир нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр группийн хугацааг ямар ч үндэслэлгүйгээр сунгалт хийгээгүй ба шалтгааныг нь асууж сураглахаар сунгах боломжгүй цааш сунгах заалт байхгүй гэсэн. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээс дахин сунгалт хийж тухайн үеийн оношоор 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл сунгасан юм. Би группийн мөнгөнөөс өөр орлого байхгүй ажил хийх чадваргүй тул ямар ч үндэслэлгүйгээр группийн мөнгийг тасалдуулсан нь надад маш их хохиролтой байна. Иймд 2016 оны 08 дугаар сарын 12-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны 3 сар 17 хоногийн мөнгө болох 508 670 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимгээ шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Бямбацогт нь нүдний өвчний учир хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдаж 2007 оноос хойш хувь тогтоолгож байсан. Эрүүл мэнд, спортын сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/252, А/74 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Даатгуулагч (иргэн)-ний хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт” шинэчлэн батлагдсанаар уг заалтын 1-5-1-д: “Нэг нүд нь зохих эмчилгээ хийгдсэний дараа таарсан шилтэйгээ (харах чадал 0,3-0,1), нөгөө нүдний харах чадал 0,05 буюу түүнээс доош” бол хөдөлмөрийн чадвар алдалтыг 50-69 хувиар тогтооно гэсэн байдаг. Гэтэл Ч.Бямбацогтын 2 нүдний хараа муу боловч нүдний харах чадал нь Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн нүдний эмч нарын тодорхойлсноор дээрх заалтанд тохирох хэмжээнд байгаагүй тул Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд 2016 оны 08 дугаар сард өөрт нь заалт тохирохгүй болохыг тайлбарлан хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцалсан. Үүний дараа Ч.Бямбацогт нь өөрийн хүсэлтээр Улаанбаатар хотод нүдний эмчид үзүүлж ирсэн бөгөөд эмчийн үзлэгт харааны чадлыг нь тодорхойлоогүй зөвхөн эмчлэгч эмчийн санал, өвчний онош нь бичигдсэн байсан ч Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд Ч.Бямбацогтын хүсэлт, Улаанбаатар хотын эмчийн үзлэг хийж оношийг бататгасан байдлыг харгалзан үзэж хөдөлмөрийн чадвар алдалтыг 1-5-1 заалтаар 50 хувиар тогтоосон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00249 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос 508 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бямбацогтод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  хариуцагч Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос 15 911 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимгээ давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Ч.Бямбацогт 2007 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс харааны бэрхшээлтэй учир 70 хувиар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон байдаг. Ч.Бямбацогт нь 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 3 сар 17 хоногийн тэтгэвэр болох 508670 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь Эрүүл мэнд, спортын сайд, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/252/А/74 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах “ Ердийн өвчний жагсаалт, хувь, хэмжээ, хугацаа" жагсаалтын Нүдний өвчний 5.1. “Нэг нүд нь зохих эмчилгээ хийгдсэний дараа, таарсан шилтэйгээ /харах чадал 0,3-0,1/ Нөгөө нүдний харах чадал 0,05 буюу түүнээс доош” бол хөдөлмөрийн чадвар алдалт гэж үзэхээр хуульчлагдаж заалт нь хүндэрч өрөөсөн нүдтэй иргэдийн групп цуцлагдсан. Ч.Бямбацогтын муу хардаг нүд нь хурууны хөдөлгөөн мэдрэх төдий хараатай, сайн хардаг нүдний харах чадал нь 0,7 буюу заалтын 0,3-0,1 хэмжээнд хүрэхээргүй байсан тул цуцлагдсан байхад шүүх энэ үндэслэлийг дүгнэж үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл өрөөсөн нүдтэй хүн бүрийг хөдөлмөрийн чадвар алдалттай гэж үзэхгүй гэж тухайлан зохицуулсан зохицуулалтаар Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс Ч.Бямбацогтын хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг цуцалсан. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын үйлдсэн үнэт цаас бүхий шийдэрийг эмчлүүлэгчийн картнаас урж авч шүүхэд хандсан байна. Хэрвээ иргэн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисст хандах хуулийн зохицуулалт байхад шууд шүүхэд хандсан байна.

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/39, А/12 тоот жагсаалт шинэчлэн батлагдаагүй байсан хоорондох хугацаанд Ч.Бямбацогт нь хөдөлмөрийн чадвар алдалтын заалтгүй байсан тул 3 сар 17 хоногийн мөнгө 508670 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00249 тоот шийдвэрийгхүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шүүхийн алдааг зөвтгөх нь зүйтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Ч.Бямбацогт нь хариуцагч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст холбогдуулан 3 сар 17 хоногийн группын мөнгө 508.670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Бямбацогт нь 2007 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс харааны бэрхшээлээр хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдалтаар тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгож 2016.08.12-ны өдөр хүртэл 126.500 төгрөгийн тэтгэвэр авч байсан байна. 2016.08.12-ны өдрөөс Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг Хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тахир дутуугийн тэтгэвэрт орох заалт байхгүй болсон гэсэн шалтгаанаар тухайн тэтгэврийг цуцалжээ.

Ч.Бямбацогт нь нүдний өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж 2007 оноос нийгмийн халамж авах эрх нь үүсч 2016.08.12 хүртэл зохих хувиар тэтгэвэр авч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Эрүүл мэнд спортын сайд хүн амын хөгжил нийгмийн хамгаалалтын сайдын А/252, А/74 тоот хамтарсан тушаалаар Ч.Бямбацогтын харааны чадварт тохирох заалт байхгүй болсон учир тэтгэврийг цуцалсан гэсэн тайлбарыг хариуцагч байгууллагын төлөөлөгч гаргаж байгаа боловч Ч.Бямбацогтын харах чадвар, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хувь хэмжээнд тохирох эсэхэд мэргэжлийн байгууллагын зүгээс журам дүрмийн дагуу зохих ажиллагаа хийгээгүй /Ч.Бямбацогтыг эмч нарын үзлэгт дахин оруулах, нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлт гаргуулахаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоон сунгах эсэх асуудлыг түдгэлзүүлэх гэх мэт / нь Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эрүүл мэнд хөдөлмөр магадлах комиссын буруу байх тул тэтгэврийг үндэслэлгүйгээр цуцалж тэтгэвэр авагч этгээдийг хохироосон нь тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

Эмнэлэг Хөдөлмөрийн магадлах комисс нь 2016.08.12-ны өдрийн Эрүүл мэнд спортын сайд Хүн амын хөгжил НХ-ийн сайдын А/252, А/74 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 5.1 дэхь заалт Ч.Бямбацогтын нүдний өвчинд тохирохгүй гэж цуцалсан атлаа 2016.11.29-ний өдөр уг заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож 1 жилээр сунгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Хариуцагч байгууллага нь Эмнэлэг Хөдөлмөрийн Магадлах Комиссын шийдвэрийг зөвшөөрөхгүй бол дээд шатны комисст хандах байтал шууд шүүхэд хандсан нь журам зөрчсөн гэсэн тайлбар гаргасан байгаа боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох нотлох баримт гаргаж өгөөгүй шүүхэд гаргасан тайлбараа нотлоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн Ч.Бямбацогтын эрхийг үндэслэлгүйгээр зөрчсөн гэж үзэж тэтгэврийн мөнгө нь зайлшгүй орох ёстой орлого гэсэн үндэслэлээр НДХ-ийн дэргэдэх Хөдөлмөр Магадлах Комиссоос 508.670 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин Эмнэлэг Хөдөлмөрийн Магадлах Комисс нь Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гэж нэрлэгддэг Нийгмийн даатгалын хэлтэст багтаж чиг үүргээ хэрэгжүүлдэг тусгайлсан төсөв хөрөнгөтэй бие даасан байгууллага биш байхад Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос 508.670 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзнэ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШШ2017/00249 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос 508.670 төгрөг гаргуулж...” гэснийг “...Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 508.670 төгрөг гаргуулж...” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимгээгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.911 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ