Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 202/МА2019/00003

 

 

 2019           02             25                                            03

 

Ч.А, Н.Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 136/ШШ2019/00017 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч: Ч-ны А ,

Нэхэмжлэгч:  Н-ын Ц нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншан сумын ....... дугаар багт байрлах,  регистрийн дугаартай, ЭГ ХХК,

Хариуцагч: 1959 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 60 настай, эмэгтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар  баг, Шизүока гудамж, ..... дүгээр байрны ...... тоотод оршин суух, овогт Ц-ийн Л /РД:........./,

Хариуцагч: 1955 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 64 настай, эрэгтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар  баг, Шизүока гудамж, ...... дүгээр байрны ..... тоотод оршин суух, овогт Б-ын Э /РД:....../ нарт холбогдох,

ЭГ ХХК-ийн бүх гишүүдийн хурлаар баталсан 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүрмийг хүчинтэйд тооцох, 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн компанийн дүрмүүдийг хүчингүйд тооцуулах, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Т.У нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Банди овогтой Чулуун нь 3 нөхөд /Э, ...Ц, Ч.Амгаланбаатар/-ийн хамт ЭГ ХХК-ийн 100 хувийг /25+25+25+25+25/ эзэмших нөхцөлтэйгээр байгуулсан билээ. Б.Ч нь 1998 онд хүнд өвчний улмаас нас барсан бөгөөд Ч.А 2001 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Дорноговь аймгийн Сум дундын 1-р шүүхийн 175 дугаартай шийдвэрээр Бандийн Чулууны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоогдсон.

ЭГ ХХК-ийг найз Б.Э хариуцаж явсан бөгөөд түүнтэй уулзахад “та нарын хувь компанид байгаа” гэж ярьдаг болохоос бид нарт энэ хугацаанд нэг ч удаа ноогдол ашиг өгөөгүй мөртлөө ашигтай ажилласан байдаг юм.

2018 оны 09 дүгээр сард ЭГ компанийн үүсгэн байгуулагчдын нэг Н.Ц, Ч.А бид уулзахад компанийн эзэмшигчдийн нэрнээс бидний нэрийг хасуулж нэг хүний эзэмшлийн болгосон байсныг бид олж мэдсэн.

Үүний дагуу Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст очиж лавлахад ЭГ ХХК нь Ц.Л гэдэг нэг хүний өмч гэж бүртгэгдсэн байх бөгөөд Э эхнэртээ бидний зөвшөөрөлгүй шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл өмчлөгч бидний эрх нь зөрчигдсөн, уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж  байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардаж байна. Иймд нэхэмжлэгч нарын ЭГ компанийн хувь эзэмших хууль ёсны эрх зөрчигдсөн тул өмчлөх эрхийг сэргээн тогтоож, бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэхэмжлэхдээ: 1999 оны Компанийн тухай хуулийн 60.1-т заасан “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал байна”, 17.1-т заасан “Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хуралд оролцсон, энэ асуудлаар саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн дийлэнх олонхоор батална”, мөн хуулийн 66.1-т заасан “Хурал зарлагч этгээд нь хурлын тухай зар мэдээг хуралд оролцох эрхтэй хувь нийлүүлэгчид мэдээлэх үүрэг хүлээнэ”, мөн компанийн дүрмийг шинэчилсэн гэх Б.Эы ганцаарчлан шийдвэрлэсэн дүрмийг эрх бүхий бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхдээ 1999 оны Компанийн тухай хуулийн 17.3.2-т  заасан “Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр”, Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхийн 63.2.3 дахь заалтыг зөрчин Цэдэв овогтой Лыг компанийн захирлаар томилсон. Эдгээр байдлуудаас харахад Б.Э, Ц.Л нар нь хувь нийлүүлэгчдийн хурлын бүрэн эрхэд халдсан бөгөөд энэ хугацаанд хувь нийүүлэгчдийн хурлыг нэг ч удаа зарлаагүй, ямарваа нэгэн хуралдах зар тавиагүй нь Н.Ц, Ч.А нарын хууль ёсны эрхийг зөрчсөн байна. Иймд ЭГ ХХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015.03.11-ний өдрийн компанийн дүрмүүдийг хүчингүйд тооцох, 1997-04-25-ны өдөр баталсан ЭГ ХХК-ийн дүрмийг хүчин төгөлдөрт тооцож, Н.Ц, Ч.А нарын өмчлөх эрхийг сэргээж Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-т баталгаажуулсан өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-т заасны дагуу хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлдэг.

Хариуцагч ЭГ ХХК, Ц.Л нар нь нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй бөгөөд тэдний өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй гэдэг нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас тодорхой харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, 106 дугаар зүйлийн 106.1, Компанийн тухай /2011 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.6-д зааснаар нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээж, ЭГ ХХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015.03.11-ний өдрийн компанийн дүрмүүдийг хүчингүйд тооцох, 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар баталсан компанийн дүрмийг хүчинтэйд тус тус тооцож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э нараас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ат олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд оролцоогүй талд мөн хугацаанд шүүх гардуулахыг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч нарын өмгөөлөгч Т.У давж заалдсан гомдолдоо: Өмгөөлөгч миний бие хариуцагч нарын 2018 оны 10 дугаар сард бичгээр гаргасан хүсэлтийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн. Миний ээж 90 настай 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хорт хавдраар өвчилж удаан хугацаанд эмчлүүлэн миний асаргаанд байдаг бөгөөд түүний бие 2018 оны 12 дугаар сараас муудаж эмнэлэгт хэвтэж байгаа, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр яаралтай тусламжийн тасагт хэвтэж  байхдаа 01 дүгээр сарын 09-10 нд шилжих шөнө намайг орон нутагт товлогдсон шүүх хуралд өөрийн машинаараа 02:00 цагт явахаар төлөвлөсөн байхад биеийн байдал нь эрс муудсан юм. 2019.01.10-ны өдрийн 10:00 цагт дээрх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг өмгөөлөгч би хүлээн авч мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тухайн өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүгчийн туслахад утсаар удаа дараа мэдэгдэж, ээжийгээ асарч байгаа гэх Хавдар судлалын үндэсний төвөөс олгосон хуулийн шаардлага хангасан магадлагааг шүүхийн 70522612 дугаарын факсаар явуулсаар байхад шүүх өмгөөлөгч миний хүндэтгэн үзэх шалтгаан, ээжийн минь бие тааруу байгааг үл ойшоож хурал хойшлуулах хүсэлтийг бичгээр явуулаагүй гэдэг үндэслэл зааж хүнлэг бус шийдвэр гарган хэргийн оролцогчийн эрхийг хангахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэнд маш их гомдолтой байна. Миний бие шүүгчийн туслах Чинбаяраас гадна 2019.01.10-ны өдрийн өглөөний 10:00 цагийн хурлыг хойшлуулах хүсэлтээ Тамгын газрын даргын ... дугаарын утсаар нь мэдэгдэх гэтэл утас нь дуудаад аваагүй, харин аймгийн өмгөөллийн зөвлөлийн дарга Ж.Жаргалсайханд мэдэгдэж Амартүвшин шүүгчид өнөөдрийн хурлыг 1 удаа хойшлуулж өгөхийг дамжуулан хүсэж байсан болно.

 Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагааны мөн чанар нь зөрчигдсөн эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэрээс гадна Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийн бүрэн эдлүүлсэн байдлаар илэрхийлэгдэх учиртай. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт олгогдсон хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, мөн ИХШХШтХуулийн 6.1-д заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй бөгөөд тухайн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Хэргийн оролцогчийн эрхийг нь бүрэн эдлүүлэх боломж, нөхцлийг хангах үүргийг шүүх хүлээдэг тул 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 136/ШШ2019/00017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Нэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн талаар:

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Анхан шатны шүүх 1. ЭГ ХХК-ийн бүх гишүүдийн хурлаар баталсан 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дүрмийг хүчинтэйд тооцох, 2. 1999 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн компанийн дүрмүүдийг хүчингүйд тооцуулах, 3. Өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд 2018.09.18-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа “Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулан авах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. 2018.11.29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “ЭГ ХХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн компанийн дүрмүүдийг хүчингүйд тооцож, 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр баталсан ЭГ ХХК-ийн дүрмийг хүчин төгөлдөрт тооцон Н.Ц, Ч.А нарын өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэж тодруулсан.

Дээрхээс дүгнэхэд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хянан шийдвэрлээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн шүүхэд 2018.09.18-ны өдөр гаргасан “Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулан авах” нэхэмжлэлийн шаардлагыг л хянан шийдвэрлэх байсан атал нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулсан бичигт тусгагдсан ойлгомжгүй шаардлагуудыг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.
 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2-т заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд нэхэмжлэгч тус хуулийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлэх эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ хуулийн 58.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлөх ба нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулан хуульд заасан журмын дагуу тайлбар гаргах, татгалзлаа нотлох эрхээр нь хангадаг гэж ойлгодог. Гэтэл нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг ч удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байхад шүүхэд түүний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодруулсан тодруулгад дурдсан үндэслэлүүдийг нэхэмжлэлийн шаардлага хэмээн шууд зөвтгөн дүгнэж, хариуцагчийн хуульд заасан татгалзлаа нотлох эрхийг хангахгүйгээр, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан шийдвэр гаргасан.

 

Хариуцагч шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн талаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хэргийн оролцогч нь эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б миний бие тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2018.10.12-ны өдрөөс эхлэн оролцож, 2018.10.26-ны өдрөөс эхлэн өөрийн хүсэлтээр Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Т.Уийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байдаг.

Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ нотлохоор идэвхитэй оролцож ирсэн бөгөөд 2019.01.10-ны өдөр хуралдсан анхан шатны шүүх хуралдаанд оролцохоор бэлтгэж байсан боловч 2019.01.09-ний шөнө 02 цагийн үед сонгон авсан өмгөөлөгч Т.Уийн ээжийн биеийн байдал муу байгаагийн улмаас тохирсон цагтаа Улаанбаатар хотоос гарч Сайншанд хотод очиж чадахгүйд хүрсэн. Ингээд 2019.01.09-ний орой 22 цагийн үед Амартүвшин шүүгчийн туслахын утасны дугаарт шуудан үлдээж, 10-ны өглөө Хавдар судлалын үндэсний төв рүү очин У өмгөөлөгчид эмнэлгийн магадлагаа аваад Хавдар судлалын үндэсний төвийн факсыг ашиглаж явуулж шүүгчийн туслахад мэдэгдсэн. Гэвч шүүгч эмнэлгийн магадлагааг хүлээн авсан боловч бичгээр гаргасан хүсэлт байхгүй байна гэж үзэж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн байдаг.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотлох баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэдэг гэж ойлгож байна. Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтаа ирүүлээд байхад шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт байхгүй гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд энэ үйлдэл нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Хоёр. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийнхээ нэгт Иргэний хуулийн 9.4.2, 9.4.7, 106.1, Компанийн тухай хуулийн 17.1, 17.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг.

2 нэхэмжлэгчтэй, 3 хариуцагчтай иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хэний эрх зөрчсөн үйлдэл, шийдвэр нь нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл Ц.Л, Б.Э, ЭГ ХХК-ийн аль нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн болоход дүгнэлт хийлгүй, ойлгомжгүй, биелэгдэх боломжгүй шийдвэр гаргасан байна.

Хавтаст хэргийн 27 дугаар хуудсан дахь Дорноговь аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын шүүхэд ирүүлсэн лавлагаанд Ц.Лыг “ЭГ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч хэмээн тодорхойлсон боловч хавтаст хэрэгт цугларсан бусад баримтуудаас үзвэл Б.Эаас Ц.Лд ЭГ ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлсэн баримт, гэрээ хэлцэл хэрэгт байхгүй байдаг.

Иргэний хуулийн 106.1-т заасан шаардах эрх нь өмчлөгчийн шаардах эрх юм.

Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 3.1.3-т “хуулийн этгээдийн улсын бүртгэл” гэж хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг хэлнэ, 4.1.4-т “Улсын бүртгэл нь үнэн зөв бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчимтай байх” талаар заасан байна. Бичиг баримтуудаас харвал нэхэмжлэгч нар байтугай хариуцагч нар ЭГ ХХК-ийн өмчлөгч мөн эсэх нь Улсын бүртгэлийн лавлагаагаар тодорхойгүй байхад шүүгч Иргэний хуулийн 106.1-т заасан өмчлөгчийн шаардах эрхийн заалтыг ашиглан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хуулийн этгээдийн Улсын бүртгэл одоо ч хүчин төгөлдөр хэвээр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1, 168.1.2, 168.1.3-т заасан үндэслэлүүдээр Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 136/ШШ2019/00017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.У өмгөөлөгч шүүх хуралдаанд биечлэн ирэх боломжгүй гэсэн нотлох баримтаа явуулсан байдаг боловч шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт байхгүй. Ямар нэгэн хүсэлт байж байж шүүх шийдвэрлэх ёстой. Өөрийнх нь гомдолд дурдсан “Өмгөөллийн зөвлөлийн дарга Ж.Жаргалсайханд мэдэгдэж Амартүвшин шүүгчид өнөөдрийн хурлыг 1 удаа хойшлуулж өгөхийг дамжуулахыг  хүсч байсан” гэдэг асуудал бол шүүх хуралдаан эхлэх үед яригдах асуудал. Тэгэхээр үүнийг би шүүгчид нөлөөлөх гэж оролдсон оролдлого гэж үзэж байна. Өмгөөлөгч Т.У хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь өөрөө ирээд өмгөөлөгчтэйгээ оролцох хүсэлтээ тавиад байж  байх байтал Б нь ямар ч шалтгаан дурдаагүй, ирээгүй учраас шүүх Иргэний хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг яагаад тодруулах шаардлагатай болсон бэ гэхээр ЭГ ХХК-ийн 1997 оны гэрээ бид нарт байсан. Түүнээс хойшхи гэрээг бид үзээгүй. Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авъя, үзье гэхээр та нар энэ компанийн хувь эзэмшигч биш учраас та нарт өгөх боломжгүй учраас шүүхийн журмаар авахуул гэсэн. Тэгээд шүүхэд хүсэлт гаргаж шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулахад 1999, 2001, 2005, 2011, 2015 онуудад өөрчлөлт хийсэн байдаг. Анх 1999 онд өөрчлөлт хийхдээ Э гэдэг хүний хүсэлтээр өөрчлөлт хийсэн байдаг. Э гэдэг хүн ганцаараа хуралдаад, ганцаараа шийдвэрээ гаргаад, тогтоолоо Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан. Бүх гишүүдийн гарын үсэг зурсан тэмдэглэл байхгүй байхад Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэж авсан. Энэ нь өөрөө хууль бус. Энэ бүх материалуудыг үзсэний эцэст нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, тэрнээс биш  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй, хасаагүй. Шаардлагаа тодруулсан нь хууль зөрчөөгүй.  Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа.  Компани одоо хэний өмч гэдэг нь тодорхой бус гэж байна. Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 16 хуудас бүхий баримт дээр ЭГ ХХК-ийн дүрэм байгаа. 2011.01.05-ны өдрийн ЭГ ХХК-ийн дүрмийн 1.3 дээр үүсгэн байгуулагчийн нэр, хувьцаа эзэмшигчийн нэр гээд иргэний эцэг, эхийн нэр гэдэг дээр Буд өөрийн нэр Э, ЕС55121515 гэсэн байгаа. Хамгийн сүүлд 2015.03.11-ний өдөр Ц.Л гэдэг хүний нэр дээр бүртгүүлсэн байдаг. Ц.Л гэдэг хүн нь хамгийн анх хууль бусаар 2001 онд гүйцэтгэх захирлаар томилогдож байсан хүн. Энэ компанийн Улсын бүртгэлийн хэлтэст байгаа бүх бичиг баримт нь хоорондоо маш эмх цэгцгүй. Компанийн бүх асуудлыг Ц.Л гэдэг хүн хариуцаж байгаа мөртлөө Б.Э гэдэг хүн бусадтай гэрээ хийх, тэр байтугай Улсын бүртгэлийн хэлтэс рүү явуулсан баримт дээр Б.Э гэдэг хүн гарын үсэг зурсан байдаг. Улсын бүртгэлийн хэлтэс тэр болгоныг хүлээгээд авчихдаг. Тэдгээр баримтуудыг шалгадаггүй. Эсхүл хамаатан садан нь ажилладаг юм уу маш ойлгомжгүй байдаг. Тийм учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг үндэслэлгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Ч.А, Н.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд хариуцагч “ЭГ” ХХК, Ц.Л нарт холбогдуулан “ЭГ” ХХК-ийн хувь эзэмших хууль ёсны эрх зөрчигдсөн тул өмчлөх эрхийг сэргээн тогтоож, бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгийг чөлөөлөх гэсэн шаардлагатай нэхэмжлэл гаргаж,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б.Эыг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хүсэлт /хх-144/ гаргаж,

улмаар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр /хх-228/ “ЭГ” ХХК, Ц.Л,  Б.Э нарт холбогдуулан “ЭГ” ХХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн компанийн дүрмийг хүчингүйд тооцож, 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “ЭГ” ХХК-ийн дүрмийг хүчин төгөлдөрт тооцон Н.Ц, Ч.А нарын өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч “ЭГ” ХХК, Ц.Л,  Б.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч /хх-150/ “ЭГ” ХХК, Ц.Л,  Б.Э нар нь нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулаагүй, тэдний өмнө үүрэг хүлээгээгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, 106 дугаар зүйлийн 106.1, Компанийн тухай хуулийн /2011 оны/ 17 дугаар зүйлийн 17.1, 17.6-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч нарын өмгөөлөгч Т.У “... шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг бичгээр явуулаагүй гэдэг үндэслэл зааж ... хэргийн оролцогчийн эрхийг хангахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн...” гэсэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б “... шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хянан шийдвэрлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байхад ... шаардлагын үндэслэл тодруулсан тодруулгад дурдсан үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлага хэмээн шууд зөвтгөн дүгнэж, хариуцагчийн хуульд заасан татгалзлаа нотлох эрхийг хангаагүй, ... хариуцагч нарын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн, ... хуулийг буруу тайлбарласан...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.

           Энэ нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулж, хуульд заасан ажиллагааг хийгээгүй буюу энэ талаарх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байна.    Тодруулбал нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа ” “ЭГ” ХХК-ийн хувь эзэмших хууль ёсны эрх зөрчигдсөн тул өмчлөх эрхийг сэргээн тогтоож, бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгийг чөлөөлж өгнө үү” гэж,

2018 оны 10 дугаар сарын 19 /хх-140, 144/, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр /хх-146/ шүүхэд гаргасан хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаа ““ЭГ” ХХК 50% өмчлөх эрхийг сэргээх...” гэж,

2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтанд /хх-159/ “... Хоёр хүний 50 хувийн хувьцааг авах талаар ярьж байгаа, ... “ЭГ” ХХК-аас ... нийт 50 хувийн хөрөнгийг гаргуулах, ... нэг хүний 25 хувийг 500000000 төгрөг, нийт 1 тэрбум төгрөгийг гаргуулах саналтай ...” гэж,

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай баримтанд “...  “ЭГ” ХХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн компанийн дүрмийг хүчингүйд тооцож 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр баталсан  “ЭГ” ХХК-ийн дүрмийг хүчин төгөлдөрт тооцон Н.Ц, Ч.А нарын өмчлөх эрхийг сэргээж ... өгнө үү “ гэж тус тус дурьджээ.

Эндээс үзвэл нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ компанийн үүсгэн байгуулагчийн хувьд эрх зөрчигдсөн гэж тодорхойлсон байх боловч анхны нэхэмжлэлийн шаардлагад бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгийг чөлөөлүүлэхээр дурдсанаас үзэхэд энэ нь компаниас тодорхой эд хөрөнгө  шаардсан гэж үзэхээр, гэтэл нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай баримтанд дурдсан баримт бичгүүдийг хүчингүйд тооцуулж, өмчлөх эрх сэргээлгэх гэсэн нь ойлгомжгүй, улмаар уг нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай баримтанд дурдсан баримт бичгүүдийг хүчингүй болгосноор, заримыг хүчинтэйд тооцсоноор нэхэмжлэгчийн шаардаад буй өмчлөх эрх сэргээгдсэн гэж үзэх эсэх нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага ойлгомжгүй, тодорхойгүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд анхны нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөөгүй гэх боловч  2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай баримтанд “...  “ЭГ” ХХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн компанийн дүрмийг хүчингүйд тооцож 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр баталсан  “ЭГ” ХХК-ийн дүрмийг хүчин төгөлдөрт тооцон Н.Ц, Ч.А нарын өмчлөх эрхийг сэргээж ... өгнө үү “ гэснээс буюу өмнө энэ талаар нэхэмжлэлд дурдаагүй, шаардаагүйгээс үзэхэд нэхэмжлэгч нарыг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчилсөн гэж үзэх ба энэ тохиолдолд шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд нийцүүлэн хийх нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хэргийн оролцогчийн эрхийг хангах, улмаар мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх нөхцөл болох учиртай.

Гэтэл анхан шатны шүүх энэхүү ажиллагааг хийгээгүйгээс нэхэмжлэгч нарын гаргасан “ЭГ” ХХК-ийн 1999 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2001, 2005, 2011, 2014, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн компанийн дүрмийг хүчингүйд тооцож 1997 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “ЭГ” ХХК-ийн дүрмийг хүчин төгөлдөрт тооцон Н.Ц, Ч.А нарын өмчлөх эрхийг сэргээж ... өгнө үү “гэсэн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын хүрээнд талуудын хооронд мэтгэлцээн явагдаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д нийцээгүй гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хэрэг танилцуулж баримт /2-р хх-1/ /баримтанд хариуцагчийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж бичсэн/ үйлдсэн байх боловч энэ нь нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хариуцагч нарт гардуулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд нийцүүлэн хийсэн гэж үзэх үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагадаа  ... компанийн хувь эзэмших эрхийг сэргээж, бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгийг чөлөөлүүлэх ... гэж дурсанаас болон шүүхэд гаргасан хүсэлтүүдэд ЭГ” ХХК 50% өмчлөх эрхийг сэргээх гэсэн агуулгаас үзэхэд тодорхой хөрөнгийг гаргуулахаар шаардсан буюу нэхэмжлэлийг эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэл гэж үзэх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамж төлүүлэхээр байжээ.

Учир нь 1999 оны Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн нийт дүнгээс компанийн өр төлбөрийг хасаж үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө буюу хувь нийлүүлэгчдийн хөрөнгө гэнэ.” гэж, 2011 оны Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т мөн “Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ.” гэж тус тус тодорхойлж зааснаас үзэхэд компанийн хувь эзэмших эрхийг сэргээх тухай болон компанийн хөрөнгө өмчлөх эрхийг сэргээх тухай нэхэмжлэл нь эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэл болно.

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... хариуцагчийн хуульд заасан татгалзлаа нотлох эрхийг хангаагүй...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлтэй байна.

Харин хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлын хувьд авч үзвэл хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь ямар шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй нь тодорхойгүй байх ба өмгөөлөгч Т.Уийн хувьд шүүх хуралдаан хойшлуулах үндэслэлийг нотолсон баримтаа шүүхэд ирүүлсэн байх боловч энэхүү шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулахаар хүсэлтээ шүүгчийн туслах Чинбаярт амаар мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй буюу шүүгчийн туслах баримтыг үйлдээгүй, эсхүл өмгөөлөгч хүсэлтээ амаар гаргаагүй аль нь болох нь тодорхойгүй тул тухайн хүсэлтийг амаар гаргасан гэж үзэх боломжгүй тул тэдний энэ тухай давж заалдсан гомдол үндэслэлгүй.

Зүй нь хэргийн болон шүүх хуралдааны оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд энэхүү хүсэлтийг зөвхөн бичгээр гаргана гэж үзэх нь учир дутагдалтай хэдий ч амаар гаргасан тохиолдолд шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад байдлаар /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2/ тэмдэглэл үйлдэн баталгаажуулснаар хүсэлтийг шүүх шийдвэрлэх үндэслэл болох ба хэрэгт ийнхүү хариуцагч талын шүүх хуралдаан хойшлуулах тухай амаар гаргасан хүсэлтийг хүлээж авсан тухай тэмдэглэл, баримт үйлдээгүй байгааг магадлалд тэмдэглэв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул маргааны үйл баримтанд эрх зүйн дүгнэлт хийх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй ба энэ үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухай гомдолд эрх зүйн дүгнэлт хийсэнгүй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 136/ШШ2019/00017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, тэдний өмгөөлөгч Т.У нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон  хэрэг  хянан шийдвэрлэх  ажиллагааны журам

зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                           ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

                                                                                             Н.БАТЧИМЭГ