Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2021/02270

 

 

 

 

 

 

 

 

 

2021 11 24 181/ШШ2021/02270

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: оршин суух, Б.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: байрлах, АД ХК -д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 13 842 974 төгрөг, өмгөөллийн хөлс 1 384 300 төгрөг, нийт 15 227 274 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Сандаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц нь 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Худалдаа хөгжлийн банкны Сөүл салбараас Орон сууцны зээлийн 809-11/030 тоот гэрээ байгуулан жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаагаар 30 105 300 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээл төлөх графикийн дагуу зээлээ төлж, гэрээний үүргээ биелүүлж байсан. Б.Ц нь 1982 онд төрсөн ба Эко кар центр ХХК-ийн менежерээр ажиллаж байх үедээ 2019 оны 01 сарын 29-ны өдөр тархинд цус харвалт /ischemic stroke буюу тархины цус хомсрох харвалт/ өгч улмаар Улсын 3 дугаар нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн ба Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын дүрэм-ийн 1.5.1-т заасны дагуу Баянгол дүүргийн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 79% буюу хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж тогтоогдсон бөгөөд одоо тахир дутуугийн 1 дүгээр группд байгаа болно.

Орон сууцны зээлийн гэрээний 6.2.17-д заасны дагуу зээлийг төлж дуусах хүртэл зээлдэгч Б.Ц нь амь насны даатгалаа АД ХХК -д даатгуулж, даатгалын хураамжийг төлсөн. Хамгийн сүүлд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр АД ХХК -тай даатгалын гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулж, мөн өдөр амь насны даатгалын хураамжид 20 841.80 төгрөг ХХБ дахь өөрийн 409024556 тоот дансаар төлсөн байгаа. Энэхүү даатгалын гэрээгээр даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохиролыг даатгалын хураамжийн хэмжээгээр төлөхөөр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан нь Иргэний хууль болон Даатгалын тухай хуульд нийцсэн болно. Даатгалын гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2.1.3-т заасан даатгуулагч гэнэтийн ослын улмаас Хөдөлмөрийн чадвар 79% алдсан нь даатгалын тохиолдол болж байгаа бөгөөд уг гэрээний 3.1.7-д даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдах эрсдэлийн тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгоно гэж талууд тохиролцсон юм. Арилжааны банкаар дамжуулан иргэдэд Ипотекийн зээл олгохдоо Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын дагуу зээлдэгч нь зээлийн аливаа эрсдэлийг хамгаалах зорилгоор даатгалын байгууллагад заавал даатгуулж гэрээ байгуулдаг журам үйлчилж байсан юм.

Энэ журмын 3.8.1-т даатгуулагч нас барсан, 70 хувиас дээш хөдөлмөрийн чадвараа алдсан бол зээлийг үлдэгдэл дүнг даатгалын нөхөн төлбөрт олгоно гэж заасан байдаг. Энэхүү даатгалын эрсдэл гарсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор АД ХХК , СЗХ нарт өргөдөл өгсөн боловч даатгалын тохиолдлыг буруу тайлбарлан нэхэмжлэгч намайг хохироосоор байна. Иймд Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 5.4.2-т Даатгагч энэ журмыг зөрчиж, ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх гэж заасны дагуу даатгалын тохиолдол гарах өдөр хүртэл төлөгдөөгүй 13 842 974 төгрөг, өмгөөллийн зардал 1 384 300 төгрөг, нийт 15 227 274 төгрөгийг АД ХХК -иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч АД ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагч Б.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө тархины цус хомсрох харвалт өгч хохирол учирсан өргөдлийн дагуу манай компанийн Эрсдэлийн хорооны хурлын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 20/22 тоот шийдвэрээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Үүнд Даатгалын гэрээний 2.1-т Даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийг дараах эрсдэлээс хамгаалж даатгана, гээд 2.1.3-д Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70% буюу түүнээс дээш хувиар алдах гэж, мөн 3.1-т Эрсдэл учирсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгоно, 3.1.6-д Гэнэтийн ослын улмаас нас барах тохиолдолд нөхөн төлбөр авахаар харилцан тохиролцож тус гэрээг байгуулсан.

Гэрээний нэр томьёоны тайлбар хэсэгт буюу 10 дугаар зүйлийн 10.20-д Гэнэтийн осол гэж үйлдвэрийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэж тодорхойлсон.

Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0261475 дугаартай актаар даатгуулагчид 169 Тархины судасны өвчний үлдэц оноштойгоор Ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 75%-иар, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан нь нотлогдсон байгаа.

Тус шийдвэрээр иргэн Б.Ц нь үйлдвэрийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйгээс үүссэн ослын улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа алдах гэж заасанд хамаарахгүй байгаа юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос иргэн Б.Цгийн өмгөөлөгч Э.Э-т Даатгалын нөхөн төлбөрийн тухай 2021 оны 07 дугаар сарыг 01-ний өдрийн 9/2338 тоот албан бичигт АД ХХК -ийн Нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг үндэслэлтэй гэж үзэхээр байна гэж үзсэн нь бидний шийдвэрийг хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэр гэдгийг баталж байна.

Иймээс бид өмнө нь гарсан шийдвэрийн дагуу Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-д Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол үүссэн үндэслэлээр даатгуулагч Б.Цгийн нэхэмжилж буй 15 277 264 төгрөгийг олгох боломжгүй гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч АД ХХК -д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 13 842 974 төгрөг, өмгөөллийн хөлс 1 384 300 төгрөг, нийт 15 227 274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Б.Цгийн өмгөөлөгч нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 07 дугаар сарын 01ий өдрийн 9/2338 дугаар албан бичгээр хариу өгч шийдвэрлэсэн байна. /хх-33-37х/

 

Нэхэмжлэгч Б.Цгийн нэхэмжлэлийг хариуцагч тал эс зөвшөөрч, даатгуулагч Б.Ц ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан нь гэрээний гэнэтийн осол-д хамаарахгүй тул даатгалын гэрээний 2.1.3-д заасан даатгалын тохиолдолд хамааралгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Зээлдэгч Б.Ц, хамтран зээлдэгч З.Ц нар нь 2011 оны 05 дугаар сарын 09ий өдөр Худалдаа хөгжлийн банктай Орон сууцны зээлийн гэрээ байгууж, тус гэрээгээр 30 105 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээлжээ /хх-5-11х/

Зээлийн эрсдэлийн даатгалд даатгуулахаар зээлдэгч Б.Ц, З.Ц нар нь АД ХХК -тай 1820121464 тоот Ипотекийн даатгалын гэрээ-г 2018.06.28-ны өдрөөс 2019.06.27-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж, гэрээний 2.1.3-т даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдах нь  даатгалын зүйл байхаар, 3.1, 3.2-т даатгалын эрсдэлийн төрөл, 3.4-т даатгалын хураамж нь зээлийн үлдэгдлийн 0,10 хувь байхаар тус тус тохиролцож, даатгуулагч нар нь даатгалын хураамж 20 841.80 төгрөгийг 2018.06.28-ны өдөр төлсөн байна. /хх-12, 15-16х/

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., 431.4.-т заасан шаардлагыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Зээлдэгч буюу даатгуулагч Б.Ц нь даатгалын гэрээний хугацаанд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тархины цус хомсрох харвалт өгч, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 75 хувиар, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан болох нь хэрэгт авагдсан эмчлүүлэгчийн карт, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-18-26х/

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.-т даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх гэж тодорхойлсон ба даатгалын тохиолдол нь даатгалын зүйлд хохирол учирсан байхаас гадна уг хохирол учирсан шалтгаан нөхцлийг хамтад нь ойлгоно.

 

Худалдаа хөгжлийн банк ХХК-аар зуучлуулан байгуулсан Иргэн Б.Ц, АД ХХК -ийн 1820121464 дугаартай ипотекийн даатгалын гэрээний 3.2-д зааснаар даатгагч нь гэрээний 2.1.2-2.1.3 дахь заалтад заасан даатгалын зүйлд даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар бүрэн алдах эрсдэл учирсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоор зохицуулжээ. Гэрээний 10.20-д гэнэтийн осол гэж үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэж тодорхойлсон байна.

Даатгуулагч Б.Цд тархины цус хомсрох харвалт өгч, хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан байдал нь дээрхи даатгалын зүйлд эрсдэл учрах нөхцөл буюу үйлдвэрийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн гэж үзэхэд хамааралгүй байна.

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолын хавсралт Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.2Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана гээд 2.1.1Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид гэнэтийн осол гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж, 2.1.2Урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж заасан байна.

Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д даатгалыг урт хугацааны даатгал, ердийн даатгал гэж ангилсан байх бөгөөд АД ХХК -ийг урт хугацааны даатгагч гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь: АД ХХК нь Худалдаа хөгжлийн банктай 2018.01.24-ний өдөр Ипотекийн даатгалын зуучлалаар хамтран ажиллах гэрээ-г байгуулж, ХХБ-ны даатгалын зуучлагчаар дамжуулан даатгуулагч Б.Цтой 2018.06.28-ны өдөр Ипотекийн даатгалын гэрээг анх удаа байгуулсан байна.

Иймд Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.1.2-д заасан эрсдлийг даатгах үүрэгтэй байсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Дээрхи үндэслэлээр даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч АД ХХК нь Даатгалын тухай хуулийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасныг үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч АД ХХК нь даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр төлөх үүрэггүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зардал 1 384 300 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймээс хариуцагч АД ХХК -иас даатгалын нөхөн төлбөрт 13 842 974,64 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1 384 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Цгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-д зааснаар Б.Цгийн АД ХХК -д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр 13 842 974 төгрөг, өмгөөллийн хөлс 1 384 300 төгрөг, нийт 15 227 274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 090 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА