Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/ма2022/00184

 

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00184

 

Б.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02270 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ц-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч А д ХК-д холбогдох

        Даатгалын нөхөн төлбөрт 13,842,974 төгрөг, өмгөөллийн хөлс 1,384,300 төгрөг, нийт 15,227,274 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Б.Ц- нь 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Худалдаа хөгжлийн банктай Орон сууцны зээлийн 809-11/030 тоот гэрээ байгуулан жилийн 15.6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаагаар 30,105,300 төгрөг зээлж, графикийн дагуу зээлээ төлж, гэрээний үүргээ биелүүлж байсан. Б.Ц- нь Эко кар центр ХХК-ийн менежерээр ажиллаж байх үедээ 2019 оны 01 сарын 29-ний өдөр тархинд цус харвалт /ischemic stroke буюу тархины цус хомсрох харвалт/ өгч улмаар Улсын 3 дугаар нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн ба Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын дүрмийн 1.5.1-т заасны дагуу Баянгол дүүргийн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын 2019 оны 05 дугаар сарын 28, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 7 хувь буюу хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гэж тогтоогдсон бөгөөд одоо тахир дутуугийн 1 дүгээр группд байгаа.

            Орон сууцны зээлийн гэрээний 6.2.17-д заасны дагуу зээлийг төлж дуусах хүртэл зээлдэгч Б.Ц- нь амь насны даатгалаа А д ХК-д даатгуулж, даатгалын хураамж төлсөн. Хамгийн сүүлд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр А д ХК-тай даатгалын гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулж, мөн өдөр амь насны даатгалын хураамжид 20,841.80 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн 409024556 тоот дансаар төлсөн байгаа. Даатгалын гэрээний 2.1 дүгээр зүйлийн 2.1.3-т заасан даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсан нь даатгалын тохиолдол болж байгаа бөгөөд уг гэрээний 3.1.7-д даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдах эрсдэлийн тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгоно гэж талууд тохиролцсон. Арилжааны банкаар дамжуулан иргэдэд Ипотекийн зээл олгохдоо Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 217 дугаар тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3.8.1-т даатгуулагч нас барсан, 70 хувиас дээш хөдөлмөрийн чадвараа алдсан бол зээлийг үлдэгдэл дүнг даатгалын нөхөн төлбөрт олгоно гэж заасан. Даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор А д ХК, СЗХ-нд тус тус өргөдөл өгсөн боловч даатгалын тохиолдлыг буруу тайлбарлан нэхэмжлэгч намайг хохироосоор байна. Иймд Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 5.4.2-т заасны дагуу даатгалын тохиолдол гарах өдөр хүртэл төлөгдөөгүй 13,842,974 төгрөг, өмгөөллийн зардал 1,384,300 төгрөг, нийт 15,227,274 төгрөгийг А д ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

              2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Даатгуулагч Б.Ц- нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө тархины цус хомсрох харвалт өгч хохирол учирсан өргөдлийн дагуу манай компанийн Эрсдэлийн хорооны хурлын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 20/22 тоот шийдвэрээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Даатгалын гэрээний 2.1-т даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийг дараах эрсдэлээс хамгаалж даатгана, 2.1.3-д даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу түүнээс дээш хувиар алдах гэж, мөн 3.1-т Эрсдэл учирсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгоно, 3.1.6-д гэнэтийн ослын улмаас нас барах тохиолдолд нөхөн төлбөр авахаар харилцан тохиролцож тус гэрээг байгуулсан. Гэрээний нэр томьёоны тайлбар хэсэгт буюу 10 дугаар зүйлийн 10.20-д гэнэтийн осол гэж үйлдвэрийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэж тодорхойлсон.

            Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0261475 дугаартай актаар даатгуулагч ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 75 хувиар, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан нь нотлогдсон байгаа. Иймд үйлдвэрийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйгээс үүссэн ослын улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа алдах гэж заасанд хамаарахгүй байгаа юм. Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын нөхөн төлбөрийн тухай 2021 оны 07 дугаар сарыг 01-ний өдрийн 9/2338 тоот албан бичигт А д ХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсаныг үндэслэлтэй гэж үзсэн нь шийдвэрийг хуулийн хүрээнд үнэн зөв гарсан гэдгийг баталж байна. Иймээс Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-д зааснаар даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол үүссэн үндэслэлээр даатгуулагч Б.Ц-гийн нэхэмжилж буй 15,277,264 төгрөгийг олгох боломжгүй гэжээ.

 

             3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-д зааснаар Б.Ц-гийн А д ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр 13 842 974 төгрөг, өмгөөллийн хөлс 1 384 300 төгрөг, нийт 15 227 274 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 090 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

      4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан гэх 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1813011464 дугаар Даатгалын гэрээнд Б.Ц- огт гарын үсэг зураагүй байхад шүүх гарын үсэг зурсан мэтээр тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Харин Худалдаа хөгжлийн банк Б.Ц-г даатгалын компанид зуучлах үүргээ хэрэгжүүлэхдээ тухайн үед хамтран ажиллах гэрээтэй байсан "А д" ХК-д зуучилсан /анх Практикал даатгалын компанитай гэрээ байгуулсан/ бөгөөд түүний Худалдаа хөгжлийн банк дахь харилцах 409024556 тоот данснаас 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр амь насны даатгалын хураамжид 20,841.80 төгрөгийг шилжүүлснээр Б.Ц-д даатгалын эрх зүйн харилцаа үүссэн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан бичгээр хийх хэлцлийн шаардлагыг хангаагүй буюу гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцож байгуулах хуулийн шаардлага хангаагүй гэрээ юм.

            Б.Ц-гийн гарын үсэг зурагдаагүй буюу 1813011464 дугаар Даатгалын гэрээ нь даатгуулагчид илтэд хохиролтой /гэрээний гол нөхцөл, даатгалын эрсдэлийн төрөл/ буюу Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан "А д" ХК-ийн байнга даатгуулагч нартай хэрэглэдэг, гэрээ буюу гэрээний нөхцөлийг өөрсдөө урьдчилан тогтоосон стандарт гэрээ хэмээн тайлбарласан байхад шүүх дээрх тайлбарт огт дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь илтэд үндэслэл муутай болсон гэж үзэхэд хүргэж байна. Тодруулбал, Иргэний хуулийн 195, 196 дугаар зүйлд заасны дагуу гэрээний нөхцөлийн талаар огт тохиролцоогүй байхад шүүх гагцхүү гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн гэрээнд заасан гэнэтийн ослын зүйлд хамааралгүй гэж дүгнээд байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл "А д" ХК-ийн даатгалын гэрээ нь урьдчилан тогтоосон гэрээний гол нөхцөл, даатгалын эрсдэлийн төрөл нь тодорхой бус гэнэтийн гэх үгээр даатгалын эрсдэлийн төрлийг халхавчилсан даатгуулагч талд хохиролтой гэрээний стандарт нөхцөлтэй загварын гэрээ гэж тайлбарлаад байхад шүүх огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Хэдийгээр тухайн даатгалын гэрээнд даатгуулагчийн эрүүл мэнд болон амь насыг тодорхойлсон боловч даатгуулагч зөвхөн гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу "үүнээс дээш алдах, эсвэл гэнэтийн ослын улмаас амь насаа алдах зэргээр хэт нэг талыг баримталсан урьдчилан бэлтгэсэн гэрээ юм.

         Тухайн гэрээнд гэнэтийн өвчлөл, эсхүл архаг хууч өвчний талаар огт дурьдаагүй байдаг. Амь насны даатгалын гэрээний гол агуулга хүний эрүүл мэнд, амь нас байх учиртай. Гэтэл дээрх гэрээ нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын гэрээнээс ялгаатай буюу /жишээ нь: Практикал даатгалын гэрээнд даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш алдсан л бол даатгалын нөхөн төлбөр олгохоор зохицуулагдсан/ өөрт ашигтай байдлаар тайлбарлан хэрэглэсэн стандарт нөхцөлийн гэрээг бүрэн бүрдүүлж байна.

      Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 оны 06 дугаар сарын 06-ний өдөр "Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам"-ыг шинэчлэн баталсан байхад "А д" ХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны даатгалын гэрээ өмнө нь хэрэгжиж байсан журмын зохицуулалттай хуучин гэрээ байсан. Өөрөөр хэлбэл "А д" ХК нь хуучин журмаар зохицуулагдаж буй загварын гэрээг Б.Ц-д санал болгосон нь даатгуулагчийг хохироох үндэслэл бүрдсэн. Учир нь шинэ журмаар батлагдсан А дын гэрээнд нэмэлт гэрээ байгуулж болох эрх олгогдсон байдаг бөгөөд тухайн гэрээний даатгалын эрсдэлд цус харвалтын талаар зохицуулагдсан байтал уг эрхийг олгох боломжоор хангалгүй хуучин загварын гэрээг ашигласан нь Б.Ц-д даатгалын эрсдэлийн талаар сонгох эрх олгогдоогүй гэж үзэхээр байхад шүүх огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

             5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй. Даатгалын гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргасан бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тохиолдолд даатгалын тохиолдол үүсэх боломжгүй. Гэрээнд гэнэтийн осол үүссэн тохиолдолд даатгалын тохиолдол үүснэ гэдгийг тодорхой заасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

     1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав.

 

          2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

     3. Хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч Б.Ц- нь З.Цэлмэгийн хамт 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-тай Орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эрсдэлийг даатгуулах зорилгоор А д ХК-тай Ипотекийн даатгалын гэрээ-г тус тус байгуулсан, даатгалын хураамжид 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 20,841.80 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх 5-7, 12- 15/

     4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байх бөгөөд даатгуулагч Б.Ц- нь тархины цус хомсрох харвалтын улмаас хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан нь даатгалын тохиолдолд хамааралгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

       Талууд Ипотекийн даатгалын гэрээ байгуулж, даатгалын зүйл, нөхөн төлбөр олгох үндэслэл, нөхцөлийг харилцан тохиролцсон байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Ц-г тархины цус хомсрох харвалтын улмаас хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан нь гэнэтийн осол буюу үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн эсхүл гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.20, Санхүүгийн зохицуулах хорооны баталсан 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2.2.1, 2.2.2-т тус тус нийцжээ.

          Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Ц- нь хөдөлмөрийн чадвараа алдсан нь тогтоогдож байх боловч даатгалын гэрээний 10.20 дахь хэсэгт нэрлэн заасан гэнэтийн ослоос шалтгаалан хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хариуцагч компанитай байгуулсан даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

   5. Даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээний нөхцөлийг урьдчилсан тогтоосон стандарт гэрээ бөгөөд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцоогүй гэх давж заалдах гомдлын хувьд эдгээр нөхцөл байдал нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй юм. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэх үйл баримтыг тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлцэл байгуулагдсан гэж хариулсан болно.

   Дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

 

Д.ЦОГТСАЙХАН