Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 126/ШШ2022/0027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, Хариад Ц.Г /регистрийн дугаар РЕ76121963/-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 108 дугаар танхимд, нээлттэйгээр, нэхэмжлэгч Ц.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нарыг оролцуулан хийгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ж.П, Ж.О нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж.П, Ж.О нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоохыг даалгах, нийгмийн даатгалын хэлтсээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох 6 000 000 төгрөгийг нөхөн гаргуулах тухай

2.Хэргийн нөхцөл байдал:

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух Ц.Г нь хуулийн дагуу гэрлэлтийн бүртгэл хийгдээгүй, Д.Жтай хамтын амьдралтай байсан нь тогтоогдоогүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1-д хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд ... гэсэн заалтад хамруулж Ж.П, Ж.О нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй гэжээ.

3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Нэхэмжлэгч Ц.Гд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Ж.П, Ж.О нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй болохыг мэдэгджээ.

4.Нэхэмжлэгч Ц.Г анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би талийгаач нөхөр Д.Жтай 2000 оноос хойш хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр том хүү Ж.П, 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдөр охин Ж.О нар төрсөн. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нөхөр минь нас барах хүртэл бид 21 жил хамтран амьдарч ирсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ба би өмнө нь өөр хүнтэй гэр бүл болж байсан ба гэрлэлтээ цуцлуулаагүй байсан тул гэрлэлтээ бүртгүүлж амжаагүй юм.

Бид албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч хүүхдүүд маань эцгээрээ овоглож Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж бичиг баримт болон төрсний гэрчилгээгээ авсан байдаг. Хүүхдүүдийн минь эцэг нь нас барснаар миний бие Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр том хүү Ж.П, 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Ж.О нартаа тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эртэй болсон. Ингээд хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байцаагчид хандтал нийгмийн даатгалын байцаагч нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож өгөх боломжгүй. Шүүхээр талийгаач Д.Жтай хамтын амьдралтай байснаа тогтоолгох, хүүхдүүдийн эцгээр тогтоолгож ирэх шаардлагатай гэсэн хариу өгсний дагуу шүүхэд хандсан.

Шүүхээс миний хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Учир нь өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан тул бидний хамтын амьдралтай байсныг тогтоох боломжгүй юм байна. Харин хүүхдүүд минь эцгээрээ овоглож улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн байсан тул хүүхдийн эцгээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Хүүхдүүд болох Ж.П, Ж.О нар минь Улсын бүртгэлийн байгууллагад эцгээрээ овоглож бүртгэгдсэн.

Улсын бүртгэлийн байгууллагаас хүүхдүүдэд минь эцгээр нь овоглож бүртгэсэн хүчин төгөлдөр бүртгэлийг үндэслэн тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоож өгөх боломжтой байхад Нийгмийн даатгалын байгууллагаас намайг талийгаач нөхөртэй минь гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтын амьдралтай байснаа тогтоолгоогүй гэх шалтгаанаар тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоож өгөхгүй байна. Мөн түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд ... хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд ...-д тэжээгчээ алдсаны тэтгэмж олгохоор зохицуулсан. Гэтэл намайг талийгаач нөхөртэйгээ гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтын амьдралтай байснаа тогтоолгоогүй гэх шалтгаанаар хүүхдүүдийн минь тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх нь зөрчигдөх учиргүй. Хүүхдүүд минь ааваараа овоглож улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж, төрсний гэрчилгээ болон бичиг баримт авсан тул бидний хамтын амьдралтай байсныг шүүхийн шийдвэрээр тогтоосон эсэхээс үл хамааран тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгон авах боломжтой байтал хүүхдүүдийн минь эцэг нас барснаас хойш буюу 2021 оны 04 дүгээр сараас хойш би хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад удаа дараа 1 жил гаруй хугацаанд хандаж байна. Мөн 2022 оны 5 дугаар сарын үед намайг сумын Төрийн банкин дээр явж байтал Төрийн банкны теллер надад таны дансанд тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж 2 сарын мөнгө ороод буцаагаад татсан тул та баримтад нь гарын үсэг зурж өгөөрэй гэж хэлсэн. Нийгмийн даатгалын хэлтсийн дээрх хууль бус эс үйлдлээс болж 1 жил гаруй хугацаанд тэжээгчээ алдсаны тэтгэмжийг олгохгүй хүнд суртал гаргасан үйлдэлд маш их гомдолтой байна. Иймд Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс миний хүү Ж.П, охин Ж.О нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоож өгөхгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, хүү Ж.П, охин Ж.О нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоохыг даалгах, тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох 6 000 000 төгрөгийг нөхөн гаргуулж өгнө үү.

... Тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоох гэтэл би өмнө нь өөр хүнтэй гэрлэлттэй байсан учраас Д.Ж бид хоёр гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй байснаас болоод олгогдох боломжгүй байгаа. Намайг хамтын амьдралтай байснаа тогтоолгоод ир, эцэг тогтоолгоод ир гэсний дагуу нэхэмжлэл гаргаж баримт бүрдүүлээд өнөөдрийг хүрсэн. Манай нөхөр 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан. Би 2021 оны 05 дугаар сарын эхээр тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоолгох өргөдлөө сумынхаа нийгмийн даатгалын байцаагчид амаар гаргаж байсан. Би бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй. Дараа нь өргөдлөө бичгээр гаргаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хүү Ж.П, охин Ж.О нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоож өгөхгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож хүү, охин хоёртоо тэжээгчээ алдсаны тэтгэмж олгохыг даалгах, тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох 6 000 000 төгрөгийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өмнө нь нэхэмжлэгч өөр хүнтэй гэрлэлттэй. Гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учраас талийгаач Д.Ж гуайтай гэрлэлтээ батлуулж амжаагүй. Гэсэн хэдий ч хүүхдүүд улсын бүртгэлд эцгээрээ овоглож төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримтаа авсан байдаг. Улсын бүртгэлд эцгээрээ овоглож төрсний гэрчилгээ бусад бичиг баримтуудыг авсан байхад заавал гэрлэлт бүртгэлтэй эсэх, хамтын амьдралтай байсан байдал тогтоосон эсэхээс үл шалтгаалаад нийгмийн даатгалын сангаас олгох тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй. Хүүхдийн эрх зөрчигдөх ёсгүй учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд өмнө нь иргэний хэргийн шүүхэд хүүхдийн эцэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байсан. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан байгаа ... гэв.

6.Хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Ц.Ггийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юд холбогдуулан гаргасан Ж.П, Ж.О нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ж.П, Ж.О нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохыг даалгах, Нийгмийн даатгалын хэлтсээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох 6 000 000 төгрөгийг нөхөн гаргуулах гэх шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Тэжээгч нь хуульд заасан болзол нөхцлийг хангасан тохиолдолд түүний асрамжид байгаа гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоолгон авах эрхтэй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэжээгчийн эхнэр, нөхөр нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт Гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ гэж заасанчлан гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн бол тухайн гэр бүлийн гишүүнд тооцогддог.

Харин гэр бүлийн эхнэр, нөхөр хоёрын дундаас төрсөн 19 хүртэл насны хүүхдүүд нь эцэг, эхийн аль нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд хамаарагдаж нөгөө нь ажил хөдөлмөр хийж байгааг үл харгалзан тэжээгчээ алдсаны тэтгэвэр авахаар зохицуулагдсан байдаг.

Гэтэл Ц.Г нь Д.Жтай албан ёсоор гэр бүлээ бүртгүүлээгүй бөгөөд 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдөр М.Ганбаатартай гэр бүл болж 2022 оны 5 сарын 9-ний өдөр гэрлэлтээ дуусгавар болгосон байна. Энэ нь улсын бүртгэлийн байгууллагын лавлагаагаар тогтоогдож байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичигт ... тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт, мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам-ын 4 дүгээр бүлэгт заасан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эсхүл архивын лавлагаа, шүүхийн шийдвэр зэрэг баримт бичгийн бүрдүүлэлт хангагдсанаар тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтооно гэж заасан байтал Ц.Г, Д.Ж нар нь албан ёсоор гэр бүл болсон төрийн эрх бүхий байгууллагын бүртгэл байхгүй тул дээрх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа юм.

Иймд Ц.Гд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох үндэслэлгүй байгаа тул Ц.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хуульд заасны дагуу нөхцөл болзлыг хангасан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу олгодог. Манайх ингэж олгохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг хангасан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Энд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан материал бүрдүүлэх ёстой. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны А/31 дүгээр тушаалаар батлагдсан "Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам"-ын 4 дүгээр бүлэгт заасан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эсхүл архивын лавлагаа, шүүхийн шийдвэр зэрэг баримт бичгийн бүрдүүлэлт хангагдсанаар тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтооно гэж заасан байтал Ц.Г, Д.Ж нар нь албан ёсоор гэр бүл болсон төрийн эрх бүхий байгууллагын бүртгэл байхгүй тул дээрх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа юм. Энэ журам батлагдахаас өмнө мөрдөгдөж байсан хуучин журамд яг адилхан шаардлага тавигдаж байсан. Түүнээс биш энэ хүний тэжээгчийн ажилласан жилийн баримт бичиг хангалттай байгаа. Харин бид нараас шаардсан журамд заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг хангахгүй байгаа. Нэхэмжлэгч өмнө нь гэрлэлтээ батлуулсан ч одоо нас барсан гэж байгаа Д.Ж гэдэг хүнтэй буюу тэжээгчтэйгээ албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас үүнийг нотлохыг шаардсан. Нэхэмжлэгчид тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоох боломжтой. Харин гэрлэлтээ батлуулсан байх гэсэн хууль болон журамд заасан шаардлага хангаагүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр гэж Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн бол тухайн гэр бүлийн гишүүнд тооцогддог тул энэ гэр бүлийн эхнэр, нөхрийн дундаас төрсөн 19 хүртэлх настай хүүхэд тэжээгчээ алдсаны тэтгэмж олгоно гэж заасан байдаг. Энэ шаардлагыг хангаагүй учраас тэтгэвэр тогтоох боломжгүй болсон. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс бүрэн бус тэтгэврийн доод хэмжээ сар бүр 300 000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр 400 000 төгрөг байгаа. Талийгаач Д.Ж нь ажилласан жилээ нөхөн тооцуулсан байсан ... гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

8.Нэхэмжлэгч Ц.Ггийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасанХөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ж.П, Ж.О нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ж.П, Ж.О нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоохыг даалгах, нийгмийн даатгалын хэлтсээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр болох 6 000 000 төгрөгийг нөхөн гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

9.Нэхэмжлэгч Ц.Г нь хүү Ж.П, охин Ж.О нарт нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохгүй байгаа талаар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлд хандсаны хариуд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолоор ... тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй болохыг Нийгмийн даатгалын хэлтэст зөвлөсүгэй /хэргийн10 дугаар хуудас/ гэсэн хариу авчээ.

10.Улмаар 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй байна.

11.Нэхэмжлэгч Ц.Г нь талийгаач Д.Жтай 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байгаа талаар Хөвсгөл аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШШ2021/00793 дугаар шийдвэрийн /хэргийн 46-51 дүгээр хуудас/ үндэслэх хэсэгт дүгнэжээ.

12.Гэсэн хэдий ч Ц.Г нь М.Ганбаатартай 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн бүртгэл нь хүчинтэй байгаа тул хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох шаардах эрх үүсэхгүй гэж шүүх үзжээ.

13.Талийгаач Д.Ж 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нас баржээ. /хэргийн 44 дүгээр хуудас/

14.Ц.Г, талийгаач Д.Ж нар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх болох нь нэхэмжлэгч Ц.Ггийн тайлбар, 2005 оны 01 дүгээр сарын 27-н өдөр төрсөн хүү Байчууд Ж.П, 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Байчууд Ж.О нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 43 дугаар хуудас/, төрснийг бүртгэх анкет ХААТР-11 (Бмаягтууд /хэргийн 30-31 дүгээр хуудас/ нотлогдож байна.

15.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д Хүүхдийн эцэг, эх нь ... гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны ... журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно, 24 дүгээр зүйлийн 24.3-д Хүүхэд эцгийн нэрийг авна гэж заасан.

16.2005 оны 01 дүгээр сарын 27-н өдөр төрсөн хүү Байчууд Ж.П, 2007 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Байчууд Ж.О нарын эцэг РЕ68111472 регистрийн дугаартай Байчууд Довчинсамбуугийн Жаргалсайхан, эх РЕ76121963 регистрийн дугаартай Хариад Ц.Г болохыг захиргааны журмаар тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байгаа болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн сангаас олгосон Ж.П, Ж.О нарын төрсний бүртгэлийн лавлагаагаар /хэргийн 7-8 дугаар хуудас/ нотлогдож байна.

17.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.2-т Эцэг, эх нь дараахь үүрэг хүлээнэ: ... 26.2.2.хүүхдээ ... тэжээн тэтгэх, 35 дугаар зүйлийн 35.1-д ... эцэг, эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан.

18.Өөрөөр хэлбэл эцэг, эх хүүхдийн хооронд хуулиар тэжээн тэтгэх үүрэг бүхий харилцаа үүсдэг тул талийгаач Д.Ж хүү Ж.Пүрэвжав, охин Ж.О нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй байжээ.

19.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулна, 2 дугаар зүйлийн 1-д Тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна: ... 3/тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж заасан.

20.Талийгаач Д.Ж нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1995 оны 5 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал 8 жил 8 сараар нөхөн тооцуулсан, 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ердийн өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоолгосон байсан болох нь хэрэгт авагдсан 1706001013 дугаартай баталгаажилтын хуудас /хэргийн 61 дүгээр хуудас/, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0295975 дугаартай акт /хэргийн 62 дугаар хуудас/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

21.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:

1/хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд ...,

12 дугаар зүйлийн 3-т Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй гэж заасан.

22.Хуулийн дээрх заалт нь тэжээн тэтгүүлэх харилцаанд байсан тэжээгч нас барсан тохиолдолд тэжээн тэтгүүлж байсан хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой байна.

23.Монгол Улсын Соёрхон баталсан Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулнаГэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй гэж заасан тул Ж.П, Ж.О нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, төрөөс тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй.

24.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: ... 4.2.5. ... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан.

25.Захиргааны байгууллага дээрх зарчмын хүрээнд 8 жил 8 сар тэтгэврийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн талийгаач Д.Жы хүүхдүүд болох Ж.П, Ж.О нарт 19 нас хүртэл нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоож олгох үндэслэлтэй.

26.Нэхэмжлэгч Ц.Г нь хүү Ж.П, охин Ж.О нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор 2021 оны 05 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нийгмийн даатгалын байцаагчид бичиг үсэг мэдэхгүйн улмаас амаар хандсан болох нь түүний тайлбараар нотлогдож байна.

27.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д Өргөдөл, гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр буюу амаар гаргана. ..., 3-т Амаар биечлэн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч байгаа этгээд тэмдэглэн авч, өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулна. Гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэнэ гэж заасан.

28.Иймд иргэн Ц.Г нь амаар биечлэн өргөдөл гаргах эрхтэй бөгөөд Жаргалант сумын нийгмийндаатгалын байцаагч түүний амаар гаргасан өргөдлийг тэмдэглэн авч, гарын үсгийг зуруулах, гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэх үүрэгтэй юм.

29.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1, 2, 3, 5-д заасан баримтыг нэхэмжлэгч Ц.Г бүрдүүлж өгсөнтэй хэргийн оролцогчид маргаагүй.

30.Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгч хуралдаанд гаргасан тайлбартаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны А/31 дүгээр тушаалаар батлагдсан "Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам"-ын 4 дүгээр бүлэгт заасан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эсхүл архивын лавлагаа, шүүхийн шийдвэр зэрэг баримт бичгийн бүрдүүлэлт хангагдсанаар тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтооно гэж заасан байтал Ц.Г, Д.Ж нар нь албан ёсоор гэр бүл болсон төрийн эрх бүхий байгууллагын бүртгэл байхгүй тул дээрх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа юм. Энэ журам батлагдахаас өмнө мөрдөгдөж байсан хуучин журамд яг адилхан шаардлага тавигдаж байсан гэв.

31.Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны А/31 дүгээр тушаалаар батлагдсан "Тэтгэвэр тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам"-ын 4.1.2-т Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эсхүл архивын лавлагаа, шүүхийн шийдвэр (Энэ тохиолдолд Санамж 13 хамаарна); Санамж 13. Хүүхдийн төрсний гэрчилгээ үрэгдсэн эсхүл шинээр авсан бол улсын бүртгэлийн байгууллагын лавлагааг үндэслэнэ гэж заажээ.

32.Үүнээс үзэхэд гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эсхүл архивын лавлагаа, шүүхийн шийдвэрбүрдүүлэхийг шаардсан нь нас барсан даатгуулагч нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр хүсэгч хөдөлмөрийн чадваргүй хүний тэжээгч мөн байсан эсэхийг тодруулах зорилготой байна. Шүүх талийгаач Д.Ж нь Ж.П, Ж.О нарын тэжээгч мөн байсныг дээр дүгнэсэн.

33.Захиргааны байгууллага нь хэм хэмжээний актаар хуулиар тогтоосноос илүү хязгаарлалт тогтоож хүний эрхийг зөрчих эрхгүй.

34.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим4.2.1-д зааснаар хуульд үндэслэх тусгай зарчмыг баримтална.

35.Эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан гэдэг нь хүүхдийг ялгаварлан гадуурхах, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй, тэгш байдал, шударга ёс нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.

36.Иймд хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ж.П, Ж.О нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байна.

37.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлд Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл ... олгоно, 16 дугаар зүйлд Тэжээгчээ алдсаны тэтгэврийг гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнд нэгтгэн нэг тэтгэвэр тогтооно. Харин тогтоосон тэтгэврийг тэдний хүсэлтээр хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд адил хэмжээгээр хуваан олгож болно гэж заасны дагуу Ж.П, Ж.О нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах үндэслэлтэй байна.

38.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна гэж заасны дагуу нийгмийн даатгалын байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлыг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

39.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс бүрэн бус тэтгэврийн доод хэмжээ сар бүр 300 000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр 400 000 төгрөг байгаа гэсэн тул талийгаач Д.Жыг нас барсан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл тооцоход нэхэмжлэгчийн шаардаж буй 6 000 000 төгрөгөөс их байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд хангаж, нийгмийн даатгалын сангаас 6 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

40.Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т Эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална гэж заасан тул нэхэмжлэгч Ц.Г хүү Ж.Пүрэвжав, охин Ж.О нарын ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор шаардах эрхтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-ийн 1, 25 дугаар зүйлийн 1-ийн 5, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хариад Ц.Ггийн Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн Байчууд Ж.П, 2007 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Байчууд Ж.О нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож олгохгүй байгаа Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн Байчууд Ж.П /регистрийн РЕ05212717 дугаартай/, 2007 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Байчууд Ж.О /регистрийн РЕ07220508 дугаартай/ нарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож олгохыг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, нийгмийн даатгалын сангаас 6 000 000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гд олгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ