Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2018/01847

 

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2018/01847

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “С С” ХХК -нд холбогдох,

 

Гэрээний хөлс, алдангийн 32,925,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 65,064,499 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Э” ХХКнь хариуцагч “С С” ХХК-ийн санал болгосны дагуу 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №ES дугаартай Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Монгол улсын Иргэний хуульд заасны дагуу ажил гүйцэтгэж хамтран ажиллаж эхэлсэн. Тухайн гэрээний үндсэн хугацаа нь 2016 оны 05 сарын 03-ны өдрөөс 2017 оны 05 сарын 03 хүртэл 1 жилийн хугацаатай байсан боловч хариуцагч тал цуцлах санал гаргаагүй мөн гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу цуцлах санал тавиагүй бол анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно гэснээр дахин сунгагдаж харуул хамгаалалтын ажил үүргийг гэрээнд болон харуул хамгаалалтын хуульд заасны дагуу хэвийн үйл ажиллагааг явуулж байсан. Гэрээний 12-т харуул хамгаалалтын зардал төлөх журам нь харуул хамгаалалтын 1 постонд Хөдөлмөрийн тухай хууль, Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийг баримтлан 24 цаг ажиллаж, 48 цаг амрахаар 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулан 1 хүний сарын 500,000 төгрөгөөр тооцож, нийт 1,500,000 төгрөгөөр тооцож сар бүрийн 25-ны өдөр бэлнээр тооцоо хийнэ гэж талууд харилцан тохирсон. Нэхэмжлэгч тал нь гэрээнд заасан үүргээ хариуцагч талын шаардлагын дагуу бүрэн хангаж биелүүлсэн боловч хариуцагч тал 2016 оны 05 дугаар сараас эхлэн гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараа шаардуулж эхэлсэн нэхэмжлэгч тал тухайн нөхцөл байдалд хүлээцтэй хандаж үйл ажиллагааг явуулж байсан. Улмаар үйл ажиллагааг явуулж байх хугацаанд хариуцагч тал ямар нэг үндэслэл шалтгаангүйгээр харуул хамгаалалтын гэрээг дангаараа цуцалж манай байгууллагын төлбөр мөнгөнөөс зайлсийж ажил гүйцэтгэсэн төлбөрийн өмнөх үлдэгдэл төлбөр болох 21,950,000 төгрөг, алдангийн төлбөрт 10,975,000 төгрөг, нийт 32,925,000 төгрөгийг өнөөг хүртэл олгохгүй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс гэрээний үүргээ зөрчсөн зүйл байхгүй тул “Э” ХХК-ийннэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин “Э” ХХКнь гэрээний үүргээ ноцтойгоор зөрчиж харуул хамгаалалтын муугаас болж компанийн эд хөрөнгө хулгайд алдагдаж манай компанид хохирол учруулсан билээ. Харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус компани нь манай компанийн эд хөрөнгө, барилгын материалын бүрэн бүтэн байдлыг бүрэн хангах, хэрэв энэхүү үүргээ зөрчвөл хохирлыг нөхөн төлөх нь гарцаагүй билээ. Компанийн эд хөрөнгө 15,064,500 төгрөгний сангийн материалууд хулгайд алдагдсан. Харуул хамгаалалтын компанийн хариуцлагагүй байдлаас болж хүн тогонд цохиулан амь насаа алдаж бүтэн 2 өдөр болсон байхад харуул манаачууд тухайн нөхцөл байдлыг мэдээгүй, эргэж тойрч үзээгүй улмаас хүний амь нас, хохирол учирсан болно. Энэ нь 100 хувь нэхэмжлэгч компанийн буруутай хариуцлагагүй байдлаас болсон бөгөөд манай компаниас талийгаачийн ар гэрт 2 өрөө байр өгсөн. Иймээс манай компанийн хувьд “Э” ХХК-нд төлбөр төлөх үүрэг байхгүй бөгөөд бид ч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргах болно гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани “Э” ХХК-нд холбогдуулан Баянгол дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар паласын зүүн талд баригдаж байгаа 16 давхар 107 айлын орон сууцны барилгын жижүүррийн өрөөнд байсан манай компанийн хөдлөх хөрөнгө болох бараа материал 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийг шилжих шөнө хулгайд алдагдаж манай компанид учирсан хохирол 15,064,499 төгрөг болон 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр барилгын гаражинд 05:30-06:30 цагийн үед компанийн ажилтан тогонд цохиулсан байдалтайгаар нас барсан байсантай холбогдуулан ар гэрт нь өгсөн 2 өрөө орон сууцны тал үнэ 50,000,000 төгрөг, нийт 65,064,499 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан боловч “С С” ХХК нь уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй этгээд болох “Ө Э Б Э” ХХК-ийн-ийг төлөөлөх эрхгүй болохыг ойлголоо. “Ө Э Б Э” ХХК-ийн болон “С С” ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй учир “Ө Э Б Э” ХХК-ийн-ийг төлөөлөн шаардах эрхтэй гэж ойлгосон нь буруу байжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “Э” ХХКнь “Ө Э Б Э” ХХК-ийн-ийн санал болгосны дагуу 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр №15/002 дугаартай гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Монгол улсын Иргэний хуульд заасны дагуу ажил гүйцэтгэж хамтран ажиллаж эхэлсэн. Энэ нь “С С” ХХК-тай ямар ч холбоогүй өөр барилга буюу “Ө Э Б Э” ХХК-ийн-ийн барилга дээр болсон үйл явдал. Түүнчлэн тухайн асуудал харуул хамгаалалтын үйл ажиллагаатай ямар ч холбоогүй асуудал юм. Анх манай байгууллага нь “Ө Э Б Э” ХХК-ийн-тай гэрээ байгуулна гэсэн боловч тэд энэ бол тусдаа барилга, тусдаа харуул хамгаалалтын объект гээд хариуцагч “С С” ХХК-тай гэрээ байгуулсан. “С С” ХХК-ийг "Ө Э Б Э" ХХК-ийг төлөөлөх эрхгүй гэж үзэж байна. Эдгээр нь тусдаа обьект, тусдаа гэрээ иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг дэмжиж байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э” ХХКнь хариуцагч “С С” ХХК-нд холбогдуулан талуудын хооронд байгуулсан гэрээний хөлс, төлбөрт 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 09-ны өдрийг хүртэлх 156 хоногийн хугацаанд 7,800,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 14,150,000 төгрөг, алдангийн төлбөрт 10,975,000 төгрөг, нийт 32,925,000 төгрөгийг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “С С” ХХК нь нэхэмжлэгч “Э” ХХК-нд холбогдуулан “Э” ХХК-ийнхариуцан харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулж байсан барилгад хулгайн хэрэг гарсны улмаас учирсан хохирол, хүн амь насаа алдсаны улмаас тус байгууллагад учирсан хохиролд 65,064,499 төгрөг гаргуулахыг хүсэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж, мөн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтийг хэргийг хэлэлцэх шатанд гаргажээ.

 

Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ”Э” ХХКнь “С С” ХХК-тай байгуулсан харуул хамгаалалтын гэрээний обьект нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу баруун дөрвөн замын баруун урд, Соёлын төв өргөөний зүүн талд 16 давхарт баригдаж байгаа барилга байна. Харин Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ө Э Б Э” ХХК-ийн-тай харуул, хамгаалалтын гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд тус барилгад дээрх хулгайн хэрэг гарсны зэрэгцээ хүн амь насаа алдсан үйл явдал болсон. Эдгээр нь тусдаа хэрэг маргаан гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас гэрээнд заасан нэг жилийн хугацааны төлбөр 18,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрөн, Яригдаж буй обьектууд нь өөр өөр хэдий ч эдгээр барилгуудад гэрээ байгуулсан захиалагч компаниуд нь ашиг сонирхол нэг хувьцаа эзэмшигчидтэй. “Ө Э Б Э” ХХК-ийн-ийн барилгад учирсан хохирлыг барагдуулахад захиалагчаас их хэмжээний зардал гарсан. Нэгэнт захиалагчийн зүгээс аливаа асуудалд шударга, хүнлэг байдлаар хандаж байгаа үед “Э” ХХКч мөн нэгэн адил хариуцлагатай хандаж, төлбөрөөс барагдуулах ёстой гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримтад суурилан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар

 

1. Нэг талаас “Э” ХХКнь нөгөө талаас “С С” ХХК нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба тус гэрээний дагуу үйлчлэгч “Э” ХХКнь 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд захиалагчийн обьектийн харуул хамгаалалтыг хариуцах, дээрх хугацаанд нэг сард 3 хамгаалагчаар хангаж ажиллуулсны төлбөрт 1,500,000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 5-7 дугаар тал/

 

Шүүх талуудын хооронд байгуулсан харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнэлээ.

 

2. Талууд харуул, хамгаалалтын үйлчилгээ авахаар харилцан тохиролцсон обьект нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу баруун дөрвөн замын баруун урд, Соёлын төв өргөөний зүүн талд 16 давхарт баригдаж байгаа барилга болохыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна. Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн маргааны зүйл болж буй обьект болон сөрөг нэхэмжлэлийн маргааны зүйл болж буй обьектууд нь өөр этгээдүүдийн хооронд байгуулсан ялгаатай обьект болохыг зөвшөөрч байна.

Түүнчлэн хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 18,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, гэрээний хугацаа сунгагдаагүй тул үлдэх дүнг болон алдангийн төлбөрийг хариуцахгүй гэжээ.

Нэхэмжлэгч тал маргахдаа харуул хамгаалалтын үйлчилгээг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 156 хоног, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 283 хоног хийж гүйцэтгэсэн. 2016 оны 11, 12 дугаар саруудад “С С” ХХК нь айл буулган харуул, хамгаалалтаа шийдсэн тул энэ хугацааны хөлс нэхэхгүй. Гэрээ анх байгуулагдахдаа 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулагдсан боловч захиалагч хамгаалалтын үйлчилгээг үргэлжлүүлэн авах хүсэлтэй байсан тул 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл гэрээ сунгагдан харуул хамгаалалт хийж гүйцэтгэсэн. Нийт үйлчилгээ үзүүлсэн хугацааны ажлын хөлс 21,950,000 төгрөг болсон гэж тайлбарлаж байна.

 

Талууд 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлсэн талаар маргаагүй. Хэдийгээр хариуцагч тал 2016 оны 11, 12 дугаар сарын хөлсийг өгөхөөс татгалзаагүй боловч нэхэмжлэгч талаас дээрх хугацаанд айл буулган, гэр харуулаар харуулсан гэх үндэслэлээр энэ хугацааны үйлчилгээг нэхэмжлэхгүй гэж тайлбарлаж байна. Иймд хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар саргын 09-ний өдрийг хүртэл, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн үйл баримтад талууд маргаагүй гэж шүүх дүгнэлээ.

 

Харин талуудын хооронд маргаантай буй 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд харуул хамгаалалтын гэрээний хугацаа сунгагдсан болохыг нотлох зорилгоор нэхэмжлэгч талаас харуул хамгаалалтын илтгэл, тайлан бичигдсэн дэвтрийг хэрэгт нотлох баримтаар өгчээ. Дэвтрийн 29 дүгээр талд хамгаалалтын обьектын байршил, обьект хүлээлцсэн огноо зэргийг зааж Эксколо хамгаалалтын албаны харуул Б.Д Б.Д, “С С” ХХК-ийн даамал Г.Б, ХАБЭА-н менежер А.М нар гарын үсэг зурсан байна. Гарын үсгийг хариуцагч талаас эс зөвшөөрч байх боловч эдгээр нь тус байгууллагын эрх бүхий албан тушаалтан биш, уг гарын үсэг нь тэдгээрийнх биш болохыг нотолсон аливаа баримт хариуцагч талаас гаргаж өгөөгүй болно. Нэхэмжлэлийн шарадлагын үндэслэл, татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг зохигчид өөрсдөө бүрдүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим мөн.

 

Иймд тус баримтаас талууд Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлалтай хамгаалалтын обьектыг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээлцсэн буюу энэ өдрийг хүртэлх хугацаанд “Э” ХХКхамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн, уг үйлчилгээг захиалагч “С С” ХХК хүлээн авсан гэж шүүх дүгнэв.

 

3. Нэхэмжлэгч “Э” ХХКүйлчилгээний хөлсийг хоногоор тооцон нэхэмжилсэн бол хариуцагч сараар тооцон маргаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 12.3-т зааснаас үзвэл хөлсийг сараар ажиллах хүний тоонд үржүүлэн тооцсон байна. Харуул хамгаалалтад өдөрт гурван хүн ажиллуулж байсан эсэхтэй холбоотой маргаан талуудын хооронд үүсээгүй. Иймд сарын хөлсийг 1,500,000 төгрөгөөр тооцон тогтоох хууль зүйн боломжтой байна.

Нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд 156 хоногийн 7,800,000 төгрөг гэж тооцсон байна. Гэрээнд заасан сарын хөлсөөр тооцвол дээрх хугацаа нь 5 сар 7 хоногийн хугацаа байх ба үйлчилгээний хөлс гэрээнд заасан сарын тооцооллын журмын дагуу 7,850,000 төгрөг байна. Үүний нэгэн адил 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны үйлчилгээний хөлс төлбөр нэхэмжлэлийн тооцооллоос илүү гарч байна. Гэвч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлж үйлчилгээний хөлсөнд нийт 21,950,000 төгрөг нэхэмжилсэн байх тул энэ дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзлээ.

 

4. Нэхэмжлэгч алдангийн төлбөрт 10,975,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 12.5-д хамгаалалтын хөлсийг төлөх хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. Улмаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацааны төлбөрийг төлөөгүй болох нь дээр дурдсан үндэслэл, баримтаар тогтоогдож байна.

 

Алдангийн тухай гэрээг бичгээр байгуулсан байхыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ эхний жилийн хувьд бичгээр байгуулагдах шаардлагыг хангасан байх тул энэ хугацааны хөлс төлбөртэй холбогдох хэсэгт алданги тооцох хууль зүйн үндэслэл байна. Харин гэрээг сунгасан боловч ийнхүү сунгасан сунгалтыг бичгээр байгуулж алданги тохирсон тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул гэрээний үндсэн хугацаа дуусгавар болсноос хойших буюу 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойших хугацааны хөлс төлбөрт холбогдох хэсэгт алданги тооцох боломжгүй байна.

 

Гэрээний үндсэн хугацаа буюу 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөрт хамаарах хөлс төлбөрийн хэмжээг гэрээнд заасан журмын дагуу тооцож үзвэл 15,350,000 төгрөг /7,850,000+7,500,000/ байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нэхэмжлэх боломжтой нийт алдангийн хэмжээ 7,675,000 төгрөг байна. Гэвч шүүх алдангийн хэмжээг илт их гэж үзэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу алдангийг 2,200,000 төгрөгөөр бууруулан 5,475,000 төгрөгөөр тогтоолоо.

 

Эдгээр үндэслэл, үйл баримтад тулгуурлан хариуцагч “С С” ХХК-аас гэрээний хөлс 21,950,000 төгрөг, алдангийн төлбөрт 5,475,000 төгрөг, нийт 27,425,000 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-нд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

Шүүх хариуцагч “С С” ХХК-аас “Э” ХХК-нд холбогдуулан гаргасан 65,064,499 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ. Талууд энэ талаар адил байр суурьтай байх бөгөөд ийнхүү хэргийг хэрэгсэхгүй болгох талаар харилцан зөвшөөрч байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дээр дурдсан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тодруулбал, сөрөг нэхэмжлэлд дурдагдсан хулгайн хэрэг, хүн амь насаа алдсан зэрэг асуудал нь “Э” ХХК-тай харуул хамгаалалтын гэрээ байгуулсан “Ө Э Б Э” ХХК-ийн-ийн захиалан бариулж буй Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх барилгын талбайд болсон үйл явдал болохыг зохигчид зөвшөөрч байна. Иймд тус хэргийн хариуцагч “С С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Ө Э Б Э” ХХК-ийн-ийн хувьцаа эзэмшигчид ашиг сонирхол нэг этгээдүүд байх явдал нь тэдгээрийг аль нэгнээ төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй гэж ойлгох үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 135,550 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагч “С С” ХХК-аас 295,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-нд олгон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 483,450 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгох хууль зүйн үндэстэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д заасны дагуу хариуцагч “С С” ХХК-аас гэрээний хөлс 21,950,000 төгрөг, алдангийн төлбөрт 5,475,000 төгрөг, нийт 27,425,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-нд олгон үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,500,000 төгрөгт хобогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хариуцагч “С С” ХХК-аас “Э” ХХК-нд холбогдуулан гаргасан 65,064,499 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 135,550 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагч “С С” ХХК-аас 295,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК-нд олгон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 483,450 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч “С С” ХХК-нд олгосугай.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА