Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/02374

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/02374

 

 

Эксколо ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01847 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Эксколо ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Соната сервис ХХК-д холбогдох

 

-               Хөлсөөр ажиллах гэрээний үүрэг, алдангид нийт 32 925 000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

-               Гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 65 064 499 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Соната сервис ХХК-ийн захирал Я.Батсуурийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Нарантуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Мөнхдаваа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Эксколо ХХК-ийн захирал Л.Эрдэнэцогт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч Эксколо ХХК нь хариуцагч Соната сервис ХХК-ийн санал болгосны дагуу 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Тухайн гэрээний үндсэн хугацаа нь 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 3-ныг хүртэл 1 жилийн хугацаатай байсан боловч хариуцагч тал цуцлах санал гаргаагүй тул мөн гэрээний 3.2-т заасны дагуу дахин сунгагдаж, харуул хамгаалалтын ажил, үүргийг гэрээнд болон харуул хамгаалалтын хуульд заасны дагуу хэвийн явуулж байсан. Гэрээний 12-т харуул хамгаалалтын 1 постонд Хөдөлмөрийн тухай хууль, гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийг баримтлан 24 цаг ажиллаж, 48 цаг амрахаар 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулан 1 хүний сарын 500 000 төгрөгөөр тооцож, нийт 1 500 000 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр бэлнээр тооцоо хийнэ гэж тохирсон. Нэхэмжлэгч тал нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч хариуцагч тал 2016 оны 5 дугаар сараас эхлэн гэрээний үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааг явуулж байх хугацаанд хариуцагч тал ямар нэг үндэслэл шалтгаангүйгээр харуул хамгаалалтын гэрээг дангаараа цуцалж манай байгууллагын төлбөр төлөхөөс зайлсхийсэн тул төлбөрийн өмнөх үлдэгдэл төлбөр болох 21 950 000 төгрөг, алдангийн төлбөрт 10 975 000 төгрөг, нийт 32 925 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 

Манай компанийн зүгээс гэрээний үүргээ зөрчсөн зүйл байхгүй тул Эксколо ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин Эксколо ХХК нь гэрээний үүргээ ноцтойгоор зөрчиж, харуул хамгаалалтын муугаас болж компанийн эд хөрөнгө хулгайд алдагдаж, манай компанид хохирол учруулсан. Харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус компани нь манай компанийн эд хөрөнгө, барилгын материалын бүрэн бүтэн байдлыг бүрэн хангах, хэрэв энэхүү үүргээ зөрчвөл хохирлыг нөхөн төлөх нь гарцаагүй юм. Компанийн эд хөрөнгө болох 15 064 500 төгрөгийн үнэ бүхий сангийн материалууд хулгайд алдагдсан. Харуул хамгаалалтын компанийн хариуцлагагүй байдлаас болж хүн тогонд цохиулан амь насаа алдан бүтэн 2 өдөр өнгөрсөн байхад харуул, манаачид мэдээгүй, эргэж тойрч үзээгүй байсан. Энэ нь нэхэмжлэгч компанийн буруутай, хариуцлагагүй байдлаас болсон байхад манай компанийн зүгээс талийгаачийн ар гэрт хоёр өрөө байр өгсөн. Иймээс манай компанийн хувьд Эксколо ХХК-д төлбөр төлөх үүрэг байхгүй гэжээ.

 

Хариуцагч Соната сервис ХХК-ийн захирал Я.Батсуурь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манай компани Эксколо ХХК-нд холбогдуулан Баянгол дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар паласын зүүн талд баригдаж байгаа 16 давхар 107 айлын орон сууцны барилгын жижүүррийн өрөөнд байсан манай компанийн хөдлөх хөрөнгө болох бараа материал 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийг шилжих шөнө хулгайд алдагдаж манай компанид учирсан хохирол 15 064 499 төгрөг болон 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр барилгын гараашинд 05:30-06:30 цагийн үед компанийн ажилтан тогонд цохиулсан байдалтайгаар нас барсан байсантай холбогдуулан ар гэрт нь өгсөн 2 өрөө орон сууцны тал үнэ 50 000 000 төгрөг, нийт 65 064 499 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан боловч Соната сервис ХХК нь уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй этгээд болох Өү энд Би ЭнХХК-ийг төлөөлөх эрхгүй болохыг ойлгосон. Өү энд Би Эн ХХК болон Соната сервис ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй учир Өү энд Би Эн ХХК-ийг төлөөлөн шаардах эрхтэй гэж ойлгосон нь байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Соната сервис ХХК-тай ямар ч холбоогүй өөр барилга буюу Өү Энд Би Эн ХХК-ийн барилга дээр болсон үйл явдал. Түүнчлэн тухайн асуудал харуул хамгаалалтын үйл ажиллагаатай ямар ч холбоогүй асуудал юм. Соната сервис ХХК-тай гэрээ байгуулсан. Соната сервис ХХК-ийг Өү Энд Би Эн ХХК-ийг төлөөлөх эрхгүй гэж үзэж байна. Эдгээр нь тусдаа обьект, тусдаа гэрээ тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д заасны дагуу хариуцагч Соната сервис ХХК-аас гэрээний хөлс 21,950,000 төгрөг, алдангийн төлбөрт 5,475,000 төгрөг, нийт 27,425,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эксколо ХХК-нд олгон үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,500,000 төгрөгт хобогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хариуцагч Соната сервис ХХК-аас Эксколо ХХК-нд холбогдуулан гаргасан 65,064,499 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч Эксколо ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 135,550 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагч Соната сервис ХХК-аас 295,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эксколо ХХК-нд олгон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 483,450 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч Соната сервис ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Соната сервис ХХК-ийн захирал Я.Батсуурь давж заалдах гомдолдоо:

... оната сервис" ХХК нь "Эксколо" ХХК-тай "Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх'' тухай гэрээг байгуулж, уг гэрээний 2.1-т заасны дагуу манай компаний үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг харж хамгаалах хулгай болон хууль бус болзошгүй үйлдлээс сэргийлэх зорилго бүхий гэрээг байгуулсан болно. "Эксколо" ХХК нь гэрээний үүргээ ноцтойгоор зөрчиж, компанийн эд зүйл, эд хөрөнгийг хулгайд алдаж компанид хохирол учируулсан. Харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус компани нь эд хөрөнгө, барилгын материалын бүрэн бүтэн байдлыг бүрэн хангах, хэрэв энэхүү үүргээ зөрчвөл хохирлыг нөхөн төлөхөөр тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр 27 425 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Манай компанид учирсан хохирлыг нэхэмжлэгч компани төлөх, эсхүл харуул хамгаалалтын гэрээний төлбөрт суутгах бүрэн боломжтой тул бид төлбөрийг нэхэмжлэгч компаний упирдлагуудтай харилцан тохиролцож шийдвэрлэх байсан. Бид энэ талаар баримт гаргаж өгөх, гаргуулах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Эксколо ХХК нь хариуцагч Соната сервис ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэг, алдангид нийт 32 925 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага 18 000 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, үлдэх 14 925 000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 10 дугаар сарын 9-ний өдөр хүртэл 156 хоног, 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 283 хоног гэрээнд заасан ажил, үүргийг хийж гүйцэтгэсний хөлс 21 950 000 төгрөгийг алдангийн хамт гаргуулна гэж тайлбарласан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Соната сервис ХХК-ийн нэхэмжлэгч Эксколо ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Талууд 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдөр гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний хугацааг 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүртэл буюу 12 сараар тодорхойлж, гэрээт харуул хамгаалалтын нэг постонд 3 хүн ажиллуулан нэг хүний сарын зардалд 500 000 төгрөгөөр тооцож нийт 1 500 000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5-7 тал/

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурж хэлцэл байгуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүртэл, мөн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд харуул хамгаалалтын үйлчилгээг үзүүлсэн талаар маргаагүй болно.

Анхан шатны шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байгаа бөгөөд уг гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Эксколо ХХК нь хариуцагч Соната сервис ХХК-иас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаас 14 925 000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхөөс татгалзаж байгаа боловч өөрийн татгалзлыг нотолсон, нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нөхцөл байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

Анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүртэлх ажилласан хугацааны хөлсийг гэрээнд тохирсон хөлсөөр тооцож, хариуцагч байгууллагыг гэрээний үүрэгт 15 350 000 төгрөг төлөх үндэслэлтэй гэж дүгнэн, уг үнийн дүнд ногдох алдангийг 7 675 000 төгрөгөөр тодорхойлсон боловч алдангийн хэмжээг хэт өндөр байна гэж үзэн 2 200 000 төгрөгөөр бууруулан 5 475 000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Соната сервис ХХК-ийн захирал Я.Батсуурийн давж заалдах гомдлыг хангалгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01847 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Соната сервис ХХК-ийн захирал Я.Батсуурийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 295 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Ц.ИЧИНХОРЛОО