Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 124/ШШ/2022/39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Засаг дарга Ч.Ч,

Хариуцагч: Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, ахлах аудитор С.Б нарт холбогдуулан гаргасан,

Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 02/25/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, ахлах аудитор С.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч нь тус шүүхэд Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, ахлах аудитор С.Б нарт холбогдуулан Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 02/25/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2. Хариуцагч Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, ахлах аудитор С.Б нар нь 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 02/25/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ актаар Аймгийн Засаг даргын тамгын газар нь Засаг даргын орлогчийн 1 орон тоон дээр 2 орлогч ажиллуулж 14.995.393 төгрөгийн цалин олгож төрд хохирол учруулсан гэж үзэн уг хохирлыг аймгийн Засаг дарга Ч.Чээр төлүүлж орон нутгийн орлогын 100150000962 тоот дансанд төвлөрүүлэх-ээр шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Увс аймгийн Засаг дарга Ч.Чийн гомдолд Үндэсний аудитын газар 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/1102 дугаартай албан тоотоор Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 02/25/А2060410 дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэсэн хариу өгчээ.

4. Нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Увс аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн ЗДТГ-ын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийхдээ, аймгийн ЗДТГ нь Засаг даргын орлогчийн 1 орон тоон дээр 2 орлогч ажиллуулж 14.995.3 мянган төгрөгийн цалинг олгож төрд хохирол учруулсан байна. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" 30.1.2 дахь заалтад "Аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох чөлөөлөх", Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 39.1.2 Албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3 хуульд нийцээгүй шийдвэр гаргах, Төсвийн тухай хуулийн 5.1.3 Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, 6.4.1 Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолын 1.2-д "Шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх" гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй байна.

Албаны эрх мэдлээ хэтрүүлэн томилгоо хийж цалинд 14.995.393 төгрөг олгож төрд учруулсан хохирлыг аймгийн Засаг дарга Ч.Чээр төлүүлж Орон нутгийн орлогын .... тоот дансанд төвлөрүүлэх тухай Увс аймаг дахь Төрийн аудитын 2022 оны 03 сарын 07-ны 02/25/А2060410/УВА-2022/30/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөрийн акт тавьсныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Тухайн актад тэмдэглэсэн Төрийн албаны тухай хуулийн 39.1.2, 39.1.3 дахь заалтууд нь Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр буюу 2022 оны 01 сарын 01-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хууль үйлчилсэн үеэс үйлчилж эхэлсэн байдаг. Тэгтэл 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн бол тухайн аудитад хамрагдаж буй этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол шинэ хуулийн заалтыг хэрэглэх ёстой байсан.

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д "Аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох чөлөөлөх" гэх заалт бүхий хууль нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн өдөр буюу 2022 оны 01 сарын 01-ны өдрөөр хүчингүй болсон. 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийхдээ мэргэжлийн ур чадвар гаргаж шалгаж буй асуудалдаа бодитой хандаагүй. Учир нь Үндэслэл болгон тэмдэглэсэн Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтууд нь 2022 оны 01 сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн байдаг бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалт нь 2022 оны 01 сарын 01- ээс хүчингүй болсон байдаг. Ийм байхад хууль хэрэглээний хувьд, аудит нь олон улсын стандартад нийцсэн байх зарчмыг ноцтой гажуудууллаа.

3. Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолын 1.2-д "Шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх" гэснийг хэрэгжүүлээгүй гэжээ. Төсвийн тухай хуулийн 5.1.3-д заасан Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд мөн хуулийн 6.4.8-д заасан төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байхаар төсвийн хуулийг хэрэгжүүлсэн, 14.3-т Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж ажилласны үр дүнд 2021 оны ажлыг аймгийн ИТХ-аас үнэлж 84.1 буюу "Тодорхой үр дүнд хүрсэн" гэж дүгнэсэн. 2021 онд улбар шар түвшинд буюу цар тахлын нөхцөлд ажиллаж байсан ба Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71 ,1-д Цар тахлын үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх, мөн хуулийн 7.2-т Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө, гэснийг хэрэгжүүлж ковид-19 цар тахал, шүлхий зэрэг халдварт өвчинтэй тэмцэх шаардлагаар цалингийн сандаа багтааж нийгмийн хөгжил хариуцсан орлогчийг ажиллуулах шаардлага гарсан. Хууль тогтоомжийг онцгой нөхцөлд хэрэгжүүлсэн байхад Засгийн газрын тогтоолоор акт тавьж буй асуудал зүйд нийцэхгүй байна.

4. Хэрэв 2022 онд үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн санхүүгийн тайлангийн аудитын үр дүнд тавьж буй дээрх актад үндэслэж болдог байсан бол Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоол /1.2-д Засаг даргын орлогч (хоёроос илүүгүй)/-ыг мөн хэрэгжүүлэх ёстой.

5. 2014 онд, 2018 онд мөн хоёр орлогчтой ажиллаж байсан ба тэр үед Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь "Аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, .....орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох чөлөөлөх" заалт мөрдөгдөж байсан ба ковид-19 цар тахал, шүлхий зэрэг гоц халдварт өвчин гараагүй, тайван цагт Увс аймаг дахь Төрийн аудитаас тухайн үед акт тавьж байгаагүй, ижил эрх зүйн нөхцөлд ялгаатай байдлаар акт тавьсан нь хараат бус аудит хийгээгүй гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь Төрийн аудитын 2022 оны 03 сарын 07-ны 02/25/А2060410/УВА-2022/Э0/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн засаг даргын тамгын газрын 2021 оны санхүүгийн тайланд төсвийн гүйцэтгэлд аудит хийхдээ аймгийн ЗДТГ нь Засаг даргын орлогчийн 1 орон тоо дээр 2 орлогч ажиллуулж 14.995.000 төгрөгийн цалин олгож төрд хохирол учруулсан байна. Энэ нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан аймгийн засаг дарга нь энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтад аймгийн засаг дарга нь нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн хурлын тэргүүлэгчтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх, Төрийн албаны тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39.1 төрийн албан хаагчид хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т албаны эрхээ хэтрүүлэх, 39.1.3-т хуульд нийцээгүй шийдвэр гаргах, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, мөн хуулийн 6.1.4 төсвийг үр ашигтай хэмнэлттэй зарцуулах, засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар тогтоолын 1.2-т шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоо нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан хаагчдын орон тоог царцааж нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй байна. Албаны эрх мэдлээ хэтрүүлэн томилгоо хийж цалинд 14,9 сая төгрөгийн олгож төрд учруулсан хохирлыг аймгийн засаг дарга Ч.Ч-ээр төлүүлнэ гэж акт тавьсан. Үүнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Тухайн актад тэмдэглэгдсэн төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 болон 39.1.3 дахь заалтууд нь төрийн албаны тухай хуулиар оруулсан нэмэлт өөрчлөлтөөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хууль үйлчилсэн үеэс эхэлж мөрдөгдөж эхэлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл санхүүгийн хяналт шалгалт хийж байгаа 2021 онд тухайн заалтууд нь үйлчилж эхлээгүй байсан. 2021 оны санхүүгийн хяналт аудит хийсэн бол тухайн аудитад хамрагдаж буй этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол шинэ хуулийн заалтыг хэрэглэх ёстой гэж үзэж байгаа. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т буюу хүчингүй болсон хуульд аймгийн засаг дарга нь 1-ээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн хурлын тэргүүлэгч томилох чөлөөлөх заалт бүхий хууль нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн өдөр буюу 2022 оны 01 сарын 01-ний өдрөөр хүчингүй болсон байдаг. 2021 оны санхүүгийн тайланд аудит хийхдээ мэргэжлийн ур чадвар гаргаж, шалгаж буй асуудалдаа бодитой хандаагүй гэж үзэж байна. Учир нь үндэслэл болгон тэмдэглэсэн төрийн албаны тухай хуулийн дээрх заалтууд нь 01 сарын 01-нэс хэрэгжиж эхэлсэн байдаг бол Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дэх заалт нь 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон байдаг. Хууль хэрэглээний хувьд ноцтой зөрчил гаргасан болон аудит нь олон улсын зарчимд нийцсэн байхыг гажуудуулсан гэж үзэж байна. Хүчингүй болсон хуулийн заалт үндэслэж акт тавихдаа 2022 оны 01сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг үндэслэж акт тавьсан.

Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар тогтоолын 1.2-т шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоо нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан хаагчдын орон тоог царцааж нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх гэж заасныг хэрэгжүүлээгүй гэж үзсэн. Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан санхүү төсвийг зохистой хэрэгжүүлэх зарчмын хүрээнд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-т заасан төсвийг зохистой удирдаж авлага, өр үүсгэхгүй байхаар төсвийн хуулийг хэрэгжүүлж ажилласан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын хүрээний асуудлыг орлого зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж ажилласны үр дүнд 2021 оны ажлыг аймгийн ИТХ-аас үнэлж 84.1 хувь буюу тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэсэн. 2021 онд улбар шар түвшинд буюу цар тахлын үед ажиллаж байсан ба корона вируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 1.1-т цар тахлын үед иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хорио цээр хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийн болон урсгал зардал хооронд нь төсвийн зохицуулалт хийх. Мөн хуулийн 7.2-т энэ хуулийн 7.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд төсвийн тухай хууль болон төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө гэснийг хэрэгжүүлж ковид-19 цар тахал, шүлхий зэрэг халдварт өвчинтэй тэмцэх шаардлагаар цалингийн сандаа багтааж нийгмийн хөгжил хариуцсан орлогчийг ажиллуулах шаардлага гарсан. хууль тогтоомжийг онцгой нөхцөлд хэрэгжүүлсэн байхад засгийн тогтоолоор акт тавьж байгаа асуудал нь зүйд нийцэхгүй байна. Хэрэв 2022 онд үйлчилж эхэлсэн төрийн албаны тухай хуулийн заалтуудыг 2021 оны санхүүгийн гүйцэтгэлийн тайланд төсвийн гүйцэтгэлийн санхүүгийн тайлангийн аудитын үр дүнд тавьж буй дээрх актад үндэслэж болдог байсан бол засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоолын 1.2-т засаг дарга нь 2-оос илүүгүй орлогчтой байх заалтыг авч үзэж тавьсан актад харгалзан үзэх байсан. 2014, 2018 онд 2 орлогчтой байсан ба Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дэх заалтад аймгийн засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухай хурлын тэргүүлэгчтэй зөвшилцөн томилох чөлөөлөх гэсэн заалт мөрдөгдөж байсан. Ковид-19, шүлхий зэрэг гоц халдварт өвчин гараагүй тайван цагт Увс аймаг дахь төрийн аудитын газраас тухайн үед акт тавьж байгаагүй. Ижил эрх зүйн нөхцөлд ялгаатай акт тавьж байгаа нь хараат бус аудит хийгээгүй гэж үзэж байна. Иймд Увс аймаг дахь төрийн аудитын 2022 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгож өгнө үү, 2022 оны Төрийн албаны тухай хуулийг үндэслэж акт тавьж болдог байсан бол засгийн газрын 2022 оны 388 дугаар тогтоолоор 2 орлогчтой байхаар баталж өгсөн байдаг. Энэ тогтоолыг харгалзан үзэх ёстой байсан. Иймд төлбөрийн актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1 дэх заалтад "Төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх", Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтад "Шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх", 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ" гэж заасны дагуу аймгийн Засаг даргын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн.

Уг аудитаар Засаг даргын орлогчийн орон тоонд 2 орлогч ажиллуулж 14,995.3 мянган төгрөгийн цалин илүү олгож төрд хохирол учруулсан байна.

Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" 30.1.2 дахь заалтад "Аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх", Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад "Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх", 6.4.1 дэх заалтад "Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолын 1.2-д "Шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх" гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй тул Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт "Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно", Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 4.2.3.8 дахь заалтад "Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан бусад нөхцөл байдал үүссэн" гэж заасныг тус тус үндэслэн төлбөрийн акт тогтоосон.

Дээрх төлбөрийн актыг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг дарга Ч.Ч нэхэмжлэл гаргасан байна. Үүнд:

1 ."Тухайн актад тэмдэглэсэн төрийн албаны тухай хуулийн 39.1.2, 39.1.3 дахь заалтууд нь Төрийн албан тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хууль үйлчилсэн үеэс үйлчилж эхэлсэн байдаг. Тэгтэл 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн бол тухайн аудитад хамрагдаж буй этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол шинэ хуулийн заалтыг хэрэглэх ёстой байсан" гэжээ.

        Төрийн албаны тухай хуулийн 39.1.2, 39.1.3 дахь заалтууд нь эрх зүйн байдлыг дордсон гэж үзэхгүй байна

2. "Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтад "Аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх" гэх заалт бүхий хууль нь Монгол Улсын Засаг захиргаа. нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөр хүчингүй болсон. 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийхдээ мэргэжлийн ур чадвар гаргаж шалгаж буй асуудалдаа бодитой хандаагүй. Учир нь үндэслэл болгон тэмдэглэсэн Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтууд нь 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн байдаг бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалт нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс хүчингүй болсон байдаг. Ийм байхад хууль хэрэглээний хувьд, аудит олон улсын стандартад нийцсэн байх зарчмыг ноцтой гажуудууллаа" гэжээ.

      Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1 дэх заалтад "Төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх", Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтад "шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх", 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ" гэж заасны дагуу санхүүгийн тайлангийн аудит хийхдээ тухайн үед мөрдөгдөж байсан хууль, тогтоомжийг баримтлан аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны санхүүгийн үйл ажиллагааг хамруулан хянаж, санхүүгийн тайланг баталгаажуулсан. "Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтад "Аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх" гэсэн заалт нь тайлант онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.

Мөн "аудит нь олон улсын стандартад нийцсэн байх зарчмыг ноцтой гажуудууллаа" гэжээ.

Олон улсын ямар нэртэй хэд дугаартай стандартад заасан ямар зарчмыг яаж хэрхэн зөрчсөн талаар тодорхой бичээгүй байна.

3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтад "Аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх", Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолын 1.2-д "Шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх" гэж заасныг тус тус зөрчсөн.

“Төсвийн тухай хуулийн 5.1.3-д заасан Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд мөн хуулийн 6.4.8-д заасан төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байхаар төсвийн хуулийг хэрэгжүүлсэн, 14.3-т Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж ажилласны үр дүнд 2021 оны ажлыг аймгийн ИТХ-аас үнэлж 84.1 буюу "тодорхой үр дүнд хүрсэн" гэж гэж дүгнэсэн" гэжээ.

Энэ нь тухайн төлбөрийн актад хамраалгүй асуудлын талаар бичсэн байна.

"Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Цар тахлын үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө" гэснийг хэрэгжүүлж ковид-19 цар тахал, шүлхий зэрэг халдварт өвчинтэй тэмцэх шаардлагаар цалингийн сандаа багтааж нийгмийн хөгжил хариуцсан орлогчийг ажиллуулах шаардлага гарсан. Хууль тогтоомжийг онцгой нөхцөлд хэрэгжүүлсэн байхад Засгийн газрын тогтоолоор акт тавьж буй асуудал зүйд нийцэхгүй байна" гэжээ.

Энэ заалт нь Цар тахлын үед иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор жилийн батлагдсан /төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийхийг зөвшөөрсөн бөгөөд орлогч даргын орон тоог нэмэх талаар тусгаагүй байна.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 дахь заалтад "Харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх" гэж заасны дагуу аймгийн Засаг дарга Ч.Ч-д Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр "Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 43 дугаар тогтоолоор дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгасан байна. Үүнд:

1.1. үндсэн үйл ажиллагаатай холбоотой, зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж, зардлыг гаргахгүй байх зэргээр батлагдсан төсөвт зардлын дүнд 10-аас доошгүй хувийн хэмнэлт гаргахаар тооцож, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөн хуваарилах"

1.2-д "шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх" гэж заажээ.

Гэтэл аймгийн Засаг дарга Ч.Ч нь орлогч даргын орон тоог нэмэгдүүлж төсөвт үрэлгэн хандсан, харьяа дээд шатны шатны албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.6 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 6.4.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл юм.

Дээрх тогтоолын 1-д "Монгол Улсын 2021 оны төсвийн жилд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төсөвт зардлыг хэмнэхэд чиглэсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус даалгасугай" гэж заасан.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35 дахь заалтад "Төсвийн захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг", 14 дүгээр зүйлийн 14.1.17 дахь заалтад "Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн" гэж заасны дагуу аймгийн Засаг дарга Ч.Ч нь Увс аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагч юм.

4. "Хэрэв 2022 онд үйлчилж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн заалтуудыг 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн санхүүгийн тайлангийн аудитын үр дүнд тавьж буй дээрх актад үндэслэж болдог байсан бол Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоол /1.2-д Засаг даргын орлогч (хоёроос илүүгүй)-ыг мөн хэрэгжүүлэх ёстой" гэжээ.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1 дэх заалтад заасны дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан хууль, тогтоомжийг баримталсан. Засгийн газрын 2021 оны 377 дугаар тогтоол нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжихээр батлагдсан байна.

5. "2014 онд, 2018 онд мөн хоёр орлогчтой байсан ба тэр үед Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь "аймгийн засаг дарга нэгээс илүүгүй, ... орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх" заалт мөрдөгдөж байсан ба ковид -19 цар тахал, шүлхий зэрэг гоц халдварт өвчин гараагүй, тайван цагт Увс аймаг дахь Төрийн аудитаас тухайн үед акт тавьж байгаагүй, ижил эрх зүйн нөхцөлд ялгаатай байдлаар акт тавьсан нь хараат бус аудит хийгээгүй гэж байна" гэжээ.

       Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийсэн. Аудитаар 2014, 2018 оныг хамруулаагүй болно.

        Түүнчлэн Ковид-19 цар тахал, шүлхий зэрэг гоц халдварт өвчин гарсан үед Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоол зэрэгт дээрх хуулиудыг зөрчих, хэрэгжүүлж ажиллахгүй байх талаар тусгагдаагүй байна гэжээ.

        7. Хариуцагч Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2021 оны санхүүгийн тайлангийн аудитыг Увс аймаг дахь төрийн аудитын газраас хийсэн. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу 1 орлогчтой ажиллах ёстой гэж төрийн аудитын байгууллагаас үзсэн. Төрийн аудитын байгууллага нь аймгийн Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагчийг Засгийн газар болон УИХ-аас баталсан хууль, тогтоол, дүрэм журмыг биелүүлж түүнийг орон нутагтаа хэрэгжүүлж ажилладаг хүн гэж үзэж байна. Бусад хуулийн заалт дээр тайлбарлах зүйл байхгүй. Акт тавихын өмнө сонсох ажиллагаа явуулдаг. Тухай албан тушаалтан нь шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа учраас актын хэлбэр нь зөрчигдөөгүй гэж үзэж байна. 2022 онд үйлчлэх хуулийг заалтыг мөрдсөн байна гэж үзэж байна. Актын үндэслэл болгосон хуулийн заалт нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасан заалт гол үндэслэл болсон. Бусад заалтууд нь энэ заалтаа дэмжих заалтууд гэж үзэж оруулсан. Шүүхээс гаргасан шийдвэрийг хүндэтгэж хэрэгжүүлж ажиллана гэжээ.

        Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                            ҮНДЭСЛЭХ нь:

8. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      9. Нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч нь Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Б, ахлах аудитор С.Б нарт холбогдуулан Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 02/25/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээ дэмжиж оролцсон болно.

       10. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Увс аймгийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Засгийн газар тогтоолын холбогдох заалтыг зөрчиж 1 орон тоон дээр 2 орлогч томилон ажиллуулж, цалин олгосон зөрчил илэрсэн учраас бүрэн эрхийн хүрээнд акт тавьсан гэх тайлбар гарган шүүх хуралдаанд оролцжээ.

      11. Увс аймаг дахь Төрийн аудитын газраас Увс аймгийн Засаг даргын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийгээд тавьсан маргаан бүхий захиргааны акт болох 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02/25/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актаар Аймгийн Засаг даргын тамгын газар нь Засаг даргын орлогчийн 1 орон тоон дээр 2 орлогч ажиллуулж 14.995.3 мянган төгрөгийн цалинг олгож төрд хохирол учруулсан. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.2, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.2, 39.1.3, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 6.4.1, Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолын 1.2 дахь заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэн Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар баталсан Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам-ын 4.2, 3.8 дэх заалтыг баримтлан төрд учруулсан хохирлыг аймгийн Засаг дарга Ч.Ч-ээр төлүүлж Орон нутгийн орлогын 100150000962 тоот дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн ба энэхүү актын биелэлтийг аймгийн Засаг дарга Ч.Ч, Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б, нягтлан бодогч Ч.Б нарт холбогдуулан хариуцуулжээ.

     12 Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хурлаар аймгийн Засаг даргын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцээд Ж.Александрыг дэд бүтэц, хөгжлийн бодлого хариуцсан орлогчоор, С.Баяржаргалыг төрийн байгуулалт, хууль, нийгмийн хөгжил, инновац, гадаад харилцаа хариуцсан орлогчоор тус тус томилох тухай саналыг дэмжиж байгаагаа аймгийн Засаг Ч.Ч-д уламжилсан байна

       13. Увс аймгийн Засаг дарга Ч.Ч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.2, Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Улсын Их Хурлын 2007 оны 73 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Засаг даргын орлогчийг томилох тухай Б/02, Б/03 дугаартай захирамжаар Увс аймгийн Засаг даргын орлогчийн үүрэгт ажилд Сурмаажавын Баяржаргал, Жангарайн Александр нарыг тус тус томилсон байна.

     14. Нэхэмжлэгч тал 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн бол тухайн аудитад хамрагдаж буй этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэ хуулийн заалтыг хэрэглэх ёстой байсан, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3 дахь заалтууд нь 2022 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж хэрэгжиж эхэлсэн байдаг бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалт нь 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон байхад уг хуулийг хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан, ковид-19 цар тахал, шүлхий зэрэг халдвар өвчинтэй тэмцэх шаардлагаар цалингийн сандаа багтааж нийгмийн хөгжил хариуцсан орлогчийг ажиллуулах шаардлага гарч хууль тогтоомжийг онцгой нөхцөлд хэрэгжүүлсэн байхад Засгийн газрын тогтоолоор акт тавьж буй асуудал зүйд нийцэхгүй, 2014, 2018 онд 2 орлогчтой байсан гэтэл ижил эрх зүйн нөхцөлд ялгаатай байдлаар акт тавьсан, хараат бус аудит хийгээгүй гэж марган аудитын актыг хүчингүй болгуулахыг хүсжээ.

        15. 2021 онд УИХ-аас баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 81 дүгээр зүйлийн 81.1-д Энэ хуулийг 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж зааснаар тус хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж өмнөх 2006 онд батлагдсан хууль мөн өдрөөс хүчингүй болсон байна.

       16. 2006 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д Аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох чөлөөлөх-өөр заажээ. Увс аймгийн Засаг дарга 2021 оны 01 сард хоёр орлогчийг томилон ажиллуулах тухай захирамж гаргасан байх бөгөөд энэ нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан энэ хуулийн заалттай нийцээгүй байна.

      17. Аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийг сурталчлах, биелэлтийг хангах, биелэлтэд нь хяналт тавих ажлыг зохион байгуулдаг ба мөн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргадаг эрх бүхий албан тушаалтан юм. Иймээс хариуцагч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж Увс аймгийн Засаг даргыг тухайн онд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2006 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж буруутгасныг үгүйсгэх боломжгүй байна. Нөгөөтээгүүр хариуцагч аудитын байгууллага аймгийн ЗДТГазрын 2021 онд санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийсэн байх тул тухайн онд хүчин төгөлдөр болоогүй байсан хуулийг хэрэглэх боломжгүй юм.

          18. 2017 онд УИХ-аас баталсан Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно гэсэн хэсгийг 2021 оны 07 сарын 02-ний өдрийн хуулиар Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж өөрчлөн найруулсан байна. Үүнээс үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай байсан зохицуулалт төрийн бүх албан хаагчид хамаарахаар өөрчлөлт оржээ.

         2021 оны 07 сарын 02-ний өдрийн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлд Энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль нь /Шинэчилсэн найруулга/ 166 зүйлийн 166.1-д зааснаар 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж дагаж мөрдөгдсөн байна. Хариуцагч акт тавихдаа 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан байх боловч энэ нь захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгад нөлөөлөхгүй байна.

          19. Нэхэмжлэлд дурдагдсан 2020 оны 04 дүгээр сарын 29 өдөр батлагдаж, хүчин төгөлдөр болсон Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хууль нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаар гарсан байх бөгөөд өөрөөр хэлбэл тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль биш юм. Иймээс энэхүү маргаантай харилцааг шийдвэрлэхэд Короновируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийг хэрэглэх боломжгүй юм.

          20. Ковид-19 цар тахал болон халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зорилгоор нийгмийн хөгжил хариуцсан орлогчийг ажиллуулах шаардлага гарсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэхгүй боловч орлогчийг томилох, чөлөөлөх шийдвэрийг тухайн харилцааг зохицуулсан хуулийн дагуу шийдвэрлэх тул онцгой нөхцөл бий болсон нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

        21. Ковид-19 цар тахал гарсантай холбоотой төсөвт зардлыг хэмнэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагыг харгалзан МУ-ын Засгийн газраас 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Төсвийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоолын 1.2-д Шинээр ажлын чиг үүрэг , албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн санг хэмнэх талаар заажээ.

          2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Засаг даргын А/114 дугаар захирамжаар аймгийн ЗДТГ-ын бүтэц орон тоог нэгдүгээр хавсралтаар баталсан байх бөгөөд уг хавсралтад Засаг даргын орлогчийн 2 орон тоотой байхаар тусгасан байна.

         Иймээс Үндэсний аудитын газар Аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх хуулийн заалт болон хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэхгүйгээр орон тоо нэмэгдүүлэн 2 орлогч ажиллуулж цалин олгосон зөрчилд акт тогтоосон үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

       22. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр МУ-ын Засгийн газраас Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц орон тоон хязгаарыг тогтоох тухай 377 дугаар тогтоолыг батлан гаргасан. Энэхүү тогтоолын 1.2-д Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 67.2-т заасныг үндэслэн Засаг даргын орлогч 2-оос илүүгүй байхаар тусгаж, 2022 оны 1 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхөөр зохицуулсан байгаа боловч 2022 оны Засгийн газрын 263 дугаар тогтоолоор уг хэсгийн хоёроос илүүгүй гэснийг хасаж өөрчлөн найруулсан байна.

        23. Хариуцагч Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хуульд заасны дагуу 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн аудит хийсэн ба аудитаар 2014, 2018 оныг хамруулаагүй байх тул тухайн онуудад 2 орлогчтой байсан эсэх асуудал нь маргааны үйл баримтад хамааралгүй байна.

      24. Иймд дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 02/25/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нь тогтоогдсонгүй.

        25. Увс аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/47 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын орлогч С.Баяржаргалыг эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд үүнээс хойш уг ажлын байран дээр дахин томилгоо хийгээгүй байна. С.Баяржаргалыг орлогчоор ажиллаж байсан хугацаанд түүнд 13 252 121 төгрөгийн цалин хөлс олгож, ажил олгогчоос 1 743 272 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь ЗДТГ-ын цалингийн карт, С.Баяржаргалын 2021 оны цалин, нийгмийн даатгалд ажил олгогчоос төлсөн шитгэлийн түүвэр зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймээс 14 995 393 /арван дөрвөн сая есөн зуун ерэн таван мянга гурван зуун ерэн гурав/ төгрөгийг Орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлэхээр акт тавьсныг үндэслэлтэй гэж дүгнэв.

 

26. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Увс аймаг дахь Төрийн аудитын газар нь 2022 оны 03 сарын 07-ны өдөр 02/25/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.2, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсгүүдэд нийцүүлэн тавьсан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

27. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.1.4, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-ийн Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 02/25/А2060410 УВА-2022/30/НА-СТА-ТШЗ актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ОЮУНГЭРЭЛ