Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 01

 

 

           Х.Б-д холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Б-д холбогдох, 2035000000158 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Х.Энхтуул нар оролцов.

Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын ....-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ....., эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Зүүнхангай  сумын .... дугаар багт оршин суудаг, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Э ургийн овогт Х.Б /Регистрийн дугаар:.........../.

Шүүгдэгч Х.Б нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг “Улаан дэл” гэх газарт 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Б.Д-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Элжигэн ургийн овогт Х.-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Х.Б-д тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

1. Прокуророос Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллагдагчаар татсан бөгөөд тухайн яллагдагчаар татагдсан зүйл анги нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд “хорих” ялтай зүйл анги биш юм.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан   хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх

журмыг баримтлан Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            2. Прокуророос яллагдагч Х.Б-н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж, яллагдагч Х.Б-тэй түүнд оногдуулах ялын төрөл хэмжээг 1000 /мянга/ нэгж буюу нэг сая төгрөгөөр торгох санал дээр тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ....прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаар шүүх нь прокурор болон яллагдагч нарын тохиролцсон ялын хүрээнд, эсхүл тохиролцсоноос бага буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэж болохгүй тухай заалт юм.

Гэтэл шүүх нь шүүгдэгч Х.Б-д ял оногдуулахыг нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, түүнд тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “..Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хэрэв шүүгдэгч Х.Б-д прокурортой тохиролцсон ялын хүрээнд торгох ял оногдуулсан бол уг ялыг шүүгдэгч Х.Б 90 хоногийн дотор төлж барагдуулснаар түүний ялын биелэлт дуусах байсан. Гэвч шүүхийн түүнд оногдуулахаар шийдвэрлэсэн ял нь түүний эрх зүйн байдлыг илт дордуулсан байна.

Иймд шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Х.Б-д холбогдох,  2035000000158 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Увс аймгийн Прокурорын газраас Х.Б-г 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг “Улаан дэл” гэх газарт хохирогч Б.Д-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн,  шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж,    эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн  гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хууль тогтоогч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлээр зохицуулсан ба тухайн зүйлийн 1.1 дэх хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болох”-оор хуульчилсан байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг хэрэглэх гол үндэслэл нь тухайн гэм буруутай этгээд гурван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулж болохоор тухайлан заасан гэмт хэрэг үйлдсэн байх, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх нөхцөл юм.

Хууль тогтоогч Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага буюу ялын төрлийг  торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял гэсэн дарааллаар тодорхойлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал,  гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэмжээнээс хамаарч оногдуулах ялын төрөл, хэмжээг ялгамжтай тогтоосноос үзэхэд хорих ял хамгийн хүнд буюу гэмт этгээдийг цээрлүүлэх хамгийн хүнд хэлбэрийн ял байхаар хуульчилсан байх бөгөөд шүүх зарим тохиолдолд хорих ялыг хуульд заасан үндэслэлээр хөнгөрүүлэх, чөлөөлөх, эсхүл тэнсэх зэргээр хэрэглэх боломжтой байхаар зохицуулжээ.  

Гэтэл анхан шатны шүүх хорих ял оногдуулахаар заагаагүй буюу Эрүүгийн хуульд заасан бусад төрлийн хөнгөн ялтай гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал: Шүүгдэгч Х.Б-ийн  үйлдсэн бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх , эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр заасан байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан нь дээрх хуулийн агуулгад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчилд хамаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. 

 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмыг зохицуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт гаргах ба прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл тогтоол гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулна”, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж тус тус заажээ.

 Дээрх хуульд заасны дагуу яллагдагч Х.Б хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж, улмаар прокурор хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол гаргаж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан, уг ялын саналыг яллагдагч Х.Б хүлээн зөвшөөрсөн байх тул прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр товлосон захирамж гаргасан нь хуульд нийцсэн байна.

Харин шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх байтал хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, алдаа гаргажээ.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Б-д холбогдох 2035000000158 дугаар эрүүгийн хэргийг дахин  хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                           Д.ЖАМБАЛСҮРЭН                               

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

                                                                                                                                                                                                    Н.МӨНХЖАРГАЛ