Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 157

 

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э ургийн овогт Х-н Б-д холбогдох эрүүгийн 2035000000158 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э ургийн овогт Х-н Б, 1992 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн дугаар: .....

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Х.Б нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг “Улаан дэл” гэх газарт 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Б.Д-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2035000000158 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Б.Д-ы “...Улаан дэл гэх газарт явж байтал манай сумын Б, О.Ц, П нар машинтай, О гэх ах морьтой зогсож байсан. Тэгээд би тэд нарын хажууд явж очиход Х.Б нь О руу чи мориноосоо буугаад ир гээд хувцсаа тайлаад цээж нүцгэлээд дайрсан. Тэгээд би Х.Б-ийн тайлсан хувцсыг нь газарт байсныг авч өгөх гээд очиход Х.Б нь намайг үгийн зөрүүгүй миний ам руу цохисон юм. Амаа дараад доош тонгойход Х.Б миний шилэн хүзүү рүү гараараа цохиж би газар унасан юм. Тэгээд би босож ирээд Х.Б-ийг заамдаж аваад бид хоёр ноцолдож байхад Б-тэй цуг явсан П ах Б-ийг тэвэрч аваад салгасан... ” гэх мэдүүлэг[1],

2. Гэрч Т.Б-ийн “...2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр манай нохой ирээгүй байсан болохоор урдны буудал дээр хоцорсон байх гэж бодоод өглөө 10 цагийн орчим нохойгоо олж авахаар манай нөхөр Б.Д гэрээсээ өөрийн эзэмшлийн мустанг-5 загварын мотоцикл унаад явсан. Тэгээд удалгүй 11 цагийн орчим манай нөхөр Б.Д буцаж гэртээ ирэхэд нүүр ам, хувцас хунар нь цус болсон үүдэн дээд нэг шүд унасан, уруул хавдсан байдалтай гэрт орж ирсэн юм. Тэгээд би нөхрөөсөө юу болсон талаар асуухад манай нөхөр гэр рүүгээ ирэх замдаа машинтай хүмүүстэй таарсан. Тэгээд манай сумын Б гэх залуу намайг үгийн зөрүүгүй миний ам руу гараараа цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч И.П-гийн “...Тэгээд удалгүй Б.Д хөх өнгийн мустанг-5 загварын мотоциклтой ирээд зогсож байсан. Нэг харахад О мориндоо мордоод цааш явж харагдсан Х.Б цамцаа тайлаад цээж нүцгэлчихсэн тэр хоёр нэг нэгнээ цохиж байсан. Би машины кабинаас бууж очиход Х.Б-ийн хөмсөг шалбарсан Б.Д-ы хамар, амнаас цус гарсан байсан. Тэгээд би Х.Б-ийг тэврээд бариад авахад цээж нүцгэн байсан тул миний гараас мултраад гүйж очоод Б.Д-ыг дахин бариад авсан. Тэгж байтал бид нарын хажууд хар өнгийн ланд-80 загварын машинтай Ч ирж зогсоод тэр хоёрыг салгаж явуулсан...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч О.Ц-ын “...Тухайн газар намайг явж очиход Х.Б, Б.Д хоёр нэг нэгнийгээ заамдаад бариад авчихсан хувцас хунар шороо болсон хоёулангийн нүүр цус болсон байдалтай байсан. Тэгээд би очиж тэр хоёрыг салгахад Х.Бөөс архи согтууруулах ундаа үнэртэж байсан. Б.Д эрүүл байсан байх биеэс нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан юм...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч С.О-ын “...Тэгээд бид хоёр ярилцаж зогсож байгаад би мориндоо мордсон тэгэхэд цэнхэр өнгийн мотоциклтой Б.Д хүрч ирсэн. Тэгээд миний морь зантай тул үргээд явсан тэгээд би цааш явж байгаад чөдрөө орхисон байсан тул буцаж авах гээд ирэхэд Х.Б, Д нар хоорондоо газарт уначихсан зодолдож байсан. Тэгээд би наад хоёр залуугаа салгаж аваач гэж орилчхоод морь зантай тул үргээд ойртуулахгүй байсан тул хонь луугаа явсан юм...” гэх мэдүүлэг[5],

6. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Үзүүлэгч Б.Д-н биед гэмтэл учирсан байна. 11-р шүд мултарч унасан, 12, 21, 22-р шүд хөдөлсөн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Эдгэж буй шинэ гэмтлүүд байна. 11-р шүд мултарч унасан, 12, 21, 22-р шүд хөдөлсөн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 629 дугаартай дүгнэлт[6],

7. 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Үзүүлэгч Х.Б-н биед гэмтэл учирсан байна. баруун хөмсөгт зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Эдгэж буй шинэ гэмтэл байна. Баруун хөмсөгний зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно...” гэх 628 дугаартай дүгнэлт[7],

8. Шүүгдэгч Х.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Тэгээд би Д-аас сонин сайхан юутай байна гэж мэнд асуухад Б.Д миний өмнөөс чи надаар юу байлгах гэсэн юм гэж намайг үгээр өдөөд байхаар нь би Б.Д-ы хажууд явж очоод баруун гараараа нэг удаа нүүр лүү нь цохисон юм. Тэхэд Б.Д нүүрээ дараад доош харсан тэгээд би Б.Ды шилэн хүзүү рүү чи мэнд асууж байхад мэндийн зөрүү өгөхгүй яасан юм гэж хэлээд хоёр удаа цохисон юм. Тэхэд Б.Д босож ирээд надтай барьцалдаж аваад намайг бас нүүр лүү цохиод бид хоёр газар уначихсан ноцолдож байхад И.П намайг аваад салгасан юм...” гэх мэдүүлэг[8] зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.Б, хохирогч Б.Д нар нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг “Улаан дэл” гэх газарт 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдож, улмаар шүүгдэгч Х.Б нь хохирогч Б.Ды биед 11-р шүд мултарч унасан, 12, 21, 22-р шүд хөдөлсөн гэмтлүүд учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогчийн биед учирсан 11-р шүд мултарч унасан, 12, 21, 22-р шүд хөдөлсөн гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 629 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч Х.Б нөхөн төлсөн болох нь хохирогч Б.Ды “...Х.Б бид хоёр сайн дураар ярьж тохиролцож Х.Б надад 1’500’000 төгрөгийг өөрөөсөө гаргаж өгсөн учир одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх санал хүсэлт байхгүй...” гэх тодорхойлолтоор[9] тогтоогдож байна. Иймд шүүдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх, 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч М.Д-ын мэдүүлэг[10], гэрч Х.Хн мэдүүлэг[11], гэрч У.П-ийн мэдүүлэг[12], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолт[14] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Увс аймгийн Зүүнхангай сумын 3 дугаар багт эхнэр, хоёр хүүхдийн хамт нүүдлийн мал аж ахуй эрхэлж амьдардаг, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн байна.

Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас тухайн гэмт хэрэг гарсан, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлаж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэх боломжтой гэж дүгнэв. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн урьд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Х.Б-д тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э ургийн овогт Хн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Х.Б-д тэнсэгдсэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Х.Б-д хяналт тавих үүргийг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь тэнссэн хугацаанд тогтоосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА

 

 


[1] хх-ийн 10-11 дүгээр хуудас

[2] хх-ийн 12-13 дугаар хуудас

[3] хх-ийн 14-15 дугаар хуудас

[4] хх-ийн 16-17 дугаар хуудас

[5] хх-ийн 19 дүгээр хуудас

[6] хх-ийн 35-36 дугаар хуудас

[7] хх-ийн 29-30 дугаар хуудас

[8] хх-ийн 45-47 дугаар хуудас

[9] Хх-ийн 70 дугаар хуудас

[10] хх-ийн 20-21 дүгээр хуудас

[11] хх-ийн 22-23 дугаар хуудас

[12] хх-ийн 24-25 дугаар хуудас

[13] хх-ийн 56 дугаар хуудас

[14] хх-ийн 73 дугаар хуудас