Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2017/00338

 

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2017/00338

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.С

Хариуцагч:М.Э

        Хариуцагч: ХХБ

М.Э болон ХХБ ны Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний барьцаатай холбоотой заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг, ХХБ инд даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.           

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.С , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г , хариуцагч М.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , ХХБ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Г , Л.А , шүүх хуралдааны нарийн бичгийн  Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Д.С нь ХХБ ны Орхон аймаг дахь салбарт хандан 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр №№ дугаарын данстай хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж охин С ын Т д эхний хадгаламжийг 1 500 000 төгрөгөөр нээж, хамтран эзэмшигчээр миний бие өөрөө болон охины ээж М.Э бүртгүүлсэн билээ. Ийнхүү миний бие тус дансанд өөрийн орлогоосоо 2013 оны 09 дүгээр сарын 10-нд 600 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 02-нд 150 000 төгрөг, мөн өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 30-нд мөн 2 000 000 төгрөгний орлого хийж нийт 6 250 000 төгрөг болсон билээ. Гэтэл 2014 онд тус мөнгөн хадгаламжийг хамтран эзэмшигч М.Э нь миний зөвшөөрөлгүйгээр ХХБ ны Орхон салбараас дээрхи хадгаламжийг барьцаалан зээл авсан байх ба зээлээ төлөлгүй орхиж, мөнгөн хадгаламжийг зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт суутгасан нь хамтран эзэмшигч миний төдийгүй хүүхдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Нөгөө талаас ХХБ мөнгөн хадгаламж барьцаалсан зээл олгохдоо эзэмшигч надад мэдэгдэхгүйгээр олгосныг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хадгаламжийн дансны хуулгыг банкнаас аваад мэдсэн болно. Үүнээс ХХБ Иргэний хуулийг зөрчиж зээл олгосон нь харагдаж байна. Иймээс М.Э болон ХХБ ыг төлөөлөн Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг ХХБ инд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаснаа нэмэгдүүлж, 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2- тоот гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 20₮ тоот гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн _ 0081 тоот гэрээ, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн _ 0150 тоот  гэрээнүүдээр М.Э болон ХХБ ны Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний барьцаатай холбоотой заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг ХХБ инд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж байна гэв.

        Хариуцагч М.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.С ын надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байгаа учир дараах тайлбарыг гаргаж байна. Д.С тай 2004 онд танилцаад, 2006 оноос 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хамтран амьдарч, 2 охин төрүүлсэн. Хамтран амьдарч байхдаа буюу 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр охин Т нэр дээр ХХБ ны Орхон салбарт хүүхдийн мөнгөн хадгаламж 1 500 000 төгрөгөөр нээлгэсэн. Энэ хугацаанд буюу 2013 оны 09 дүгээр сарын 10-нд 600 000 төгрөгийг би өөрөө, 2014 оны 04 дүгээр сарын 02-нд 150 000 төгрөг, мөн өдрөө 2 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 30-нд 2 000 000 төгрөгийн орлогыг бид нарын зүгээс хийсэн. Д.С нь ШШГА, банк, хувь хүн, иргэдэд олон сая төгрөгийн өртэй хүмүүс гэрт ирж байнга л мөнгө нэхэж байдаг байсан. Тэр өр зээлээ бага багаар дарж, хүмүүсийг тайвшруулах үүднээс надаар хувь хүмүүсээс мөнгө зээлүүлж байсан. Мөн хүүхдийн хадгаламжинд байсан мөнгийг хадгаламж барьцаалсан зээл хэлбэрээр авч энэ зорилгодоо ашигласан. Анх уг хүүхдийн хадгаламжийг нээхдээ баримт дээр Д.С бид хоёр хоёулаа 1-р гарын үсэг зурсан болохоор банк бид хоёрын аль нэгнийх нь гарын үсгээр зарлагын гүйлгээ болон хадгаламж барьцаалсан зээл авах боломжтойг тайлбарлан өгч байсан. Хадгаламж барьцаалж зээл авахыг Д.С өөрөө санаачилж надаар авахуулж өөрөө ашигладаг байсан ба юунд зарцуулсанаа Д.С өөрөө сайн мэдэж байгаа. Эрдэнэт хүнс ХК-ийн талхан цехийн барилгыг 2013 оны намраас эхлэн засварлаж 100м2 талбай бүхий агуулахын зориулалттайгаар өөрчилж МСS ХХК-н агуулахыг оруулсан. Уг засварын ажилд их хэмжээний мөнгө орсон бөгөөд байн байн намайг мөнгө олох хэрэгтэй байна гэж шаарддаг байсан. Д.С ад өөрт нь хүмүүс мөнгө зээлдэггүй, өр зээл ихтэй гэж хүмүүс андахгүй мэддэг байсан учир намайг мөнгө ол гэдэг байсан. Би өөрийн ах дүүс, найз нөхдөөс мөнгө авч уг барилгын засварыг дуусгасан. Удаа ч үгүй бид хамтран амьдрахаа больсон зээл төлөгдөөгүй байсан учир би  зээлийг  хааж, үлдсэн мөнгийг би Д.С намайг зодсон эмчилгээний зардалд хэрэглэсэн. Одоо энэ хадгаламж Д.С ын гарын үсэг байхгүй болохоор бүрэн хаагдаагүй байгаа юм. Д.С энэ хүүхдийн хадгаламжийн мөнгийг өөрөө  авчихаад одоо банк болон надаас нэхэмжилж байгаа нь биднийг залилж мөнгө авах гэсэн хүсэл шуналаас нь болж байна. Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаартай захирамжаар Д.С бид хоёрын хөрөнгийн асуудал шийдэгдсэн боловч Д.С нь 2 жил өнгөрч байхад төлбөрөө дуусаагүй байгаа. Энэ нэхэмжлэл нь уг төлөх ёстой мөнгөнөөс багасгах арга зальных нь нэг хэсэг болж байгаа юм. 2014 оны 5 дугаар сараас хойш 2 охин минь миний асрамжинд байгаа бөгөөд Д.С ын зүгээс ямар нэг тусламж дэмжлэггүй өдийг хүрсэн. Охин Т нэр дээр байгаа хадгаламжийн талаар ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд өөрөө мөнгийг нь авчихаад одоо надаас мөнгө нэхэмжилээд байгааг нь ойлгохгүй байна. Бидний эвлэрлийн гэрээнд ч үл хөдлөх хөдлөх эд хөрөнгийн талаар маргаан гаргахгүй гэж заасан байхад энэ нэхэмжлэл нь уг заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Өөрөө барьцаанд тавьж мөнгийг нь авч хэрэглэчихээд ийм нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Иймд Д.С ын надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.С нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэх боловч энэ нь өмнө гаргасан нэхэмжлэлтэй утга агуулгын хувьд ижил ба 4 гэрээг тус тусд нь дурджээ. Уг гэрээ нь хуульд заасан үндэслэл журмын хувьд хийгдсэн, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэсгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

           Хариуцагч ХХБ ны төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Д.С , М.Э нар нь тус банкинд өөрсдийн охин болох С.Т нэр дээр хүүхдийн хадгаламжийн данс нээлгэх хүсэлтийг, тухайн өдрөө /2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр/ С.Т төлөөлж М.Э № тоот Хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээнд гарын үсэг зурсан. Улмаар Т төлөөлж түүний хууль ёсны төлөөлөгч болох М.Э нь 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус тус нийт 4 /дөрөв/-н удаа тус банкнаас хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл авсан байна. Учир нь уг хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл авах үед С.Т нь Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар иргэний  эрх зүйн чадамжгүй байсан. М.Э нь Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт Иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч /хэлцэл хийнэ гэж заасны дагуу өөрийн охин болох С.Т /зээл авах үед С.Т нь 5, 6 настай байсан/ төлөөлөн хадгаламж барьцаалсан зээлийг тус банкнаас авсан. Дээр  дурдсан М.Э банктай байгуулсан Хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй. Тодруулбал 56.1.8 дахь заалтад  хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл ... хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй байна. Г.Т хууль ёсны төлөөлөгч болох М.Э нь манай банктай Хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан. Жич: 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр М.Э болон С нарын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээний 1.3.2, 2.3.2 дахь заалтуудад хүүхдүүд болох С.Т , С.С нарын бүх эд хогшил буюу эд хөрөнгийг  /мөнгөн хадгаламж/ өөрсдөд нь үлдэхээр гэрээнд тохиролцсон байна.    

          Хоёр. Орхон аймаг дахь сум дундын 14 дүгээр шүүхээс М.Э нэхэмжлэлтэй Д.С хариуцагчтай хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах иргэний хэргийг хянан хэлэлцэж 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаартай Зохигчдын эвлэрлийг батлах тухай шүүгчийн захирамж гаргасан.

       Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6  ...“хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн байна. Д.С нь хүүхдийн хадгаламжтай холбоотой асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Дээрхээс дүгнэж үзвэл Д.С болон М.Э нарын хоорондох эд хөрөнгө хуваах тухай хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул М.Э банктай байгуулсан Мөнгөн хадгаламж барьцаалсан гэрээг хүчингүй болгуулахаар шаардаж буй Д.С ын нэхэмжлэлтэй дээрх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн өөрчилсөн шаардлага нь 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэлийн агуулгатай адил байх тул өмнө гаргасан тайлбараа дэмжиж байна гэв.

           

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад  

 

                                                                                                          ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч М.Э , ХХБ инд холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, М.Э ХХБ ны Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүүг тооцохыг Худалдаа хөгжлийн  банкинд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2- тоот гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 20₮ тоот гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн _ 0081 тоот гэрээ, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн _ 0150 тоот гэрээнүүдээр М.Э болон ХХБ ны Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний барьцаатай холбоотой заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг ХХБ инд даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

            Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Д.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ХХБ ны Орхон аймаг дахь салбартай 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж охин С.Т № дугаарын данс нээлгүүлж, хамтран эзэмшигчээр миний бие болон охины ээж М.Э бүртгүүлсэн. Данс нээлгэхэд 1 500 000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 10-нд 600 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 02-нд 150 000 төгрөг, мөн өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 30-нд мөн 2 000 000 төгрөгний орлого хийж нийт 6 250 000 төгрөг болсон. Гэтэл 2014 онд тус мөнгөн хадгаламжийг хамтран эзэмшигч М.Э нь миний зөвшөөрөлгүйгээр ХХБ ны Орхон салбараас дээрхи хадгаламжийг барьцаалан зээл авсан байх ба тус зээлээ төлөлгүй орхиж, мөнгөн хадгаламжийг зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт суутгасан нь хамтран эзэмшигч миний төдийгүй хүүхдийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг ноцтойгоор зөрчиж байна. Нөгөө талаас ХХБ ийнхүү мөнгөн хадгаламж барьцаалсан зээл олгохдоо эзэмшигч надад мэдэгдэхгүйгээр олгосныг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хадгаламжийн дансны хуулгыг аваад мэдсэн. ХХБ Иргэний хууль зөрчиж зээл олгосон. Иймээс 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2- тоот гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 20₮ тоот гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн _ 0081 тоот гэрээ, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн _ 0150 тоот гэрээнүүдээр М.Э болон ХХБ ны Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний барьцаатай холбоотой заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг ХХБ инд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч М.Э болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ: Хамтран амьдарч байх хугацаанд хүүхдийн нэр дээр хуримтлуулсан мөнгө боловч нэхэмжлэгч өөрөө юунд хэрэглэснийг сайн мэдэж байгаа. Үлдсэн мөнгийг намайг зодсон эмчилгээнд хэрэглэсэн. Хамт амьдрахаа болиод хүүхдүүддээ тусламж үзүүлээгүй, хамтран хэрэглэсэн байж одоо надаас нэхээд байгааг ойлгохгүй байна гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч ХХБ ны итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ: 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Д.С , М.Э нар нь тус банкинд өөрсдийн охин болох С.Т нэр дээр хүүхдийн хадгаламжийн данс нээлгэх хүсэлтийг, мөн өдрөө М.Э № тоот Хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээнд гарын үсэг зурсан. Т хууль ёсны төлөөлөгч М.Э нь 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нийт дөрвөн удаа хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл авсан. Зээл авах үед С.Т нь Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар иргэний  эрх зүйн чадамжгүй байсан. М.Э нь Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт заасны дагуу хадгаламж барьцаалсан зээлийг тус банкнаас авсан. 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр М.Э болон С нарын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээний 1.3.2, 2.3.2 дахь заалтуудад хүүхдүүд болох С.Т , С.С нарын бүх эд хогшил буюу эд хөрөнгийг  /мөнгөн хадгаламж/ өөрсдөд нь үлдэхээр гэрээнд тохиролцсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

            2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Д.С , М.Э нар нь хамтын амьдралтай байхдаа ХХБ ны Эрдэнэт салбартай охин С.Т нэр дээр хүүхдийн хадгаламжийн данс нээлгэх хүсэлтийг гаргаж гэрээ байгуулсан ба С.Т төлөөлж эх М.Э № тоот Хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээнд гарын үсэг зурсан, хамтран эзэшигчээр М.Э бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

         Дээрхи хадгаламжид Д.С орлого хийж нийт 6 250 000 төгрөгний хадгаламж хуримтлуулсан ба М.Э уг хадгаламжийг барьцаалж 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 700 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 1 900 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 970 000 төгрөгний зээлийг авсан байна. Хэдийгээр хариуцагч М.Э нь дээрхи зээлийг нэхэмжлэгч Д.С тай хамтын амьдралтай байх үедээ хамт авч ашигласан, юунд хэрэглэснийг өөрөө мэдэж байгаа гэж тайлбарлаж байх боловч тайлбараа нотлоогүй, баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.

            Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.118.3 дахь хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хэлцэл хийнэ гэж заасны дагуу охин С.Т г төлөөлж эх М.Э хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээ байгуулагдах үед С.Т 5 настай байсан болох нь  хүүхдийн хадгаламжийн данс нээлгэх хүсэлтэнд авагдсан регистрын дугаараар нотлогдож байна. Иргэний эрх зүйн чадамжгүй охин С.Т бүрэн төлөөлөх эрх эх М.Э д байгаа төдийгүй № дансны үндсэн эзэмшигч нь С.Т тул түүнээс зөвшөөрөл авахыг шаардах үндэслэлгүй байна. Тодруулбал: ХХБ ны № дугаартай дансны эзэмшигч С.Т хамтран эзэмшигч нь Д.С , М.Э нар бөгөөд тухайн дансны хамтран эзэмшигч нь үндсэн эзэмшигчтэй адил эрхтэй болохыг хүлээн зөвшөөрсөн болох нь хамтран эзэмшигч бүртгүүлэх, өөрчлөх хүсэлтээр тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-д  дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх ашиг сонирхолын үүднээс  бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно гэж заасан ба хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний 2.13-д зааснаар хамтран эзэмшигч зарлагын гүйлгээ хийх, хадгаламжийг барьцаалан зээл авах эрхтэй, 4.1.4-д зааснаар хадгалуулагч, хамтран эзэмшигч нар хадгаламжийг дундаа хамтран өмчлөх, итгэмжлэл олгох эрхтэй, 7.1-д  зээлдэгч нь мөнгөн хадгаламжаа барьцаалан зээл авах талаар мөнгөн хадгаламжийн хамтран өмчлөгч /эзэмшигч/-өөсөө зөвшөөрөл авсан гэдгээ үүгээр банкинд баталж байна, 7.2-д энэ гэрээний 7.1-д заасны дагуу зээлдэгч нь зээлийн барьцаанд барьцаалуулж буй мөнгөн хадгаламжийнхаа хамтран өмчлөгч /эзэмшигч/-ээс зөвшөөрөл аваагүйгээс банкинд хохирол учирвал хохиролыг бүрэн хариуцахаа үүгээр баталж байна гэж тус тус үүрэг хүлээж баталгаа гаргасан байх тул нэхэмжлэгч Д.С ын зөвшөөрөлгүй 4 удаагийн зээл авсан гэх хариуцагч М.Э д хадгаламж барьцаалан зээл олгосон банкны үйл ажиллагааг буруутгах боломжгүй байна.

            Нэхэмжлэгч Д.С нь ХХБ хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийг М.Э д олгохдоо данс эзэмшигч надад мэдэгдээгүй, миний зөвшөөрлийг аваагүй гэж байгаа боловч хамтран эзэмшигчээр охин С.Т ээжийг оруулахыг зөвшөөрсөн...амьдралд юу ч тохиолдож болзошгүй, хүн мөнх бус тул ээж нь хадгаламж хамтран эзэмшигч байг гэж зөвшөөрөл олгосон гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна. Мөн банкны зүгээс данс хамтран эзэмшигч нь үндсэн эзэмшигчийн нэгэн адил эрхтэй байх талаар санамжийг уншиж танилцаад гарын үсэг зурсан төдийгүй мөн өдрөө хүүхдийн хадгаламжийн гэрээг М.Э ХХБ тай байгуулсан болох нь хэрэгт авагдсан хадгалмжийн гэрээ, хүүхдийн хадгалмжийн данс нээлгэх хүсэлт, хамтран эзэмшигч бүргүүлэх хүсэлтээр нотлогдож байна.

            

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сум дундын14 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжаар энэ хүмүүсийн дундын өмчийн асуудлыг эвлэрлийн гэрээ байгуулж шийдвэрлэсэн. Гэтэл хөрөнгийн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэсгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна. Шүүгчийн захирамж, эвлэрлийн гэрээнд ...охидын хэрэглэдэг бүх эд хогшилыг С.Т , С.С нарт үлдээхээр шийдвэрлэсэн болохоос мөнгөн хадгаламжийн асуудлыг шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь нээлттэй юм.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.                  

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                           

1.    Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8,108 дугаар зүйлийн 108.4-д заасныг баримтлан М.Э , ХХБ инд холбогдох 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2- тоот гэрээ, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 20₮ тоот гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн _ 0081 тоот гэрээ, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн _ 0150 тоот гэрээнүүдээр М.Э болон ХХБ ны Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний барьцаатай холбоотой заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг ХХБ инд даалгах тухай нэхэмжлэгч Д.С ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88 070 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.АРИУНЦЭЦЭГ