Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 17

 

     

Д.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1445 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Сын нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Э, Х.Хбанкинд холбогдох

“Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг даалгах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч М.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гансүх, Л Анхбаяр нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.С Х.Хбанкны Орхон аймаг дахь саларт хандан 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр №407235135 дугаартай данстай хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж охин Сын Тэмүүлэнд эхний хадгаламжийг 1,500,000 төгрөгөөр нээж хамтран эзэмшигчээр миний бие өөрөө болон охины ээж М.Эыг бүртгүүлсэн билээ. Ийнхүү миний бие тус дансанд өөрийн орлогоосоо 2013-09-10-нд 600,000 төгрөг, 2014-04-02-нд 150,000 төгрөг, мөн өдөр 2,000,000 төгрөг, 2014-04-30-нд мөн 2,000,000 төгрөгний орлого хийж нийт 6,250,000 төгрөг болсон билээ. Гэтэл 2014 онд тус мөнгөн хадгаламжийг хамтран эзэмшигч М.Э нь миний зөвшөөрөлгүйгээр Х.Хбанкны Орхон салбараас дээрхи хадгаламжийг барьцаалан зээл авсан байх ба тус зээлээ төлөлгүй орхиж, мөнгөн хадгаламжийг зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт суутгасан нь хамтран эзэмшигч миний төдийгүй хүүхдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Нөгөө талаас Х.Хбанк ийнхүү мөнгөн хадгаламж барьцаалсан зээл олгохдоо эзэмшигч надад мэдэгдэхгүйгээр олгосныг 2016-08-17-ны өдөр тус хадгаламжийн дансны хуулгыг тус банкнаас аваад мэдсэн болно. Үүнээс Х.Хбанк Иргэний хуулийг зөрчиж зээл олгосон нь харагдаж байна. Иймээс М.Э болон Х.Хбанкыг төлөөлөн Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг Х.Хбанкинд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Стай 2004 онд танилцаад 2006 оноос 2014 оны 5 дугаар 19-ний өдрийг хүртэл хамтран амьдарч, 2 охин төрүүлсэн. Хамтран амьдарч байхдаа буюу 2013 оны 08 сарын 12-ны өдөр охин Тэмүүлэнгийн нэр дээр ХХБ-ны Орхон салбарт хүүхдийн мөнгөн хадгаламж 1,500,000 /Нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр нээлгэсэн. Энэ хугацаанд буюу 2013 оны 09 сарын 10-нд 6000,000 /Зургаан зуун мянган/ төгрөгийг би өөрөө, 2014 оны 04 сарын 02-нд 150,000 /Нэг зуун тавин мянган/ төгрөг, мөн өдрөө 2,000,000 /Хоёр сая/ төгрөг, ны 04 сарын 30-нд 2,000,000 /Хоёр сая/ төгрөгийн орлогыг бид нарын зүгээс хийсэн.Д.С нь ШШГА, банк, хувь хүн, иргэдэд олон сая төгрөгийн өртэй хүмүүс гэрт ирж байнга л мөнгө нэхэж байдаг байсан. Хадгаламж барьцаалж зээл авахыг Д.С өөрөө санаачилж надаар авахуулж өөрөө ашигладаг байсан ба юунд зарцуулсанаа Д.С өөрөө сайн мэдэж байгаа. Эрдэнэт хүнс ХК-ийн талхан цехийн барилгыг 2013 оны намраас эхлэн засварлаж 100м2 талбай бүхий агуулхын зориулалттайгаар өөрчилж МСS ХХК-н агуулахыг оруулсан. Одоо энэ хадгаламж Д.Сын гарын үсэг байхгүй болохоор бүрэн хаагдаагүй байгаа юм. Д.С энэ хүүхдийн хадгаламжийн мөнгийг өөрөө авчихаад одоо банк,надаас нэхэмжилж байгаа нь биднийг залилж мөнгө авах гэсэн хүсэл шуналаас нь болж байна гэжээ.

Хариуцагч Х.Хбанкны төлөөлөгч шүүхэд тайлбарлахдаа: 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Д.С, М.Э нар нь тус банканд өөрсдийн охин болох С.Тэмүүлэнгийн нэр дээр хүүхдийн хадгаламжийн данс нээлгэх хүсэлтийг ба тухайн өдрөө /2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр/ С.Тэмүүлэнг төлөөлж М.Э 407235135 тоот Хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээнд гарын үсэг зурсан. Улмаар Тэмүүлэнг төлөөлж түүний хууль ёсны төлөөлөгч болох М.Э нь 2013 оны 08 сарын 29-ний өдөр, 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, 2014 оны 04 дүгээр сарын 16-ны одөр, 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тус тус нийт 4 /дөрөв/-н удаа тус банкнаас хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл авсан байна. Хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй. Г.Тэмүүлэнгийн хууль ёсны төлөөлөгч болох М.Э нь тус банктай Хүүхдийн хадгаламж сан зээлийн гэрээ байгуулсан. Дансны хамтран эзэмшигч нь үндсэн эзэмшигчтэй адил эрхтэй гэж заасан байдаг. Үүнийг С зөвшөөрч гарын үсгээ зурсан. Банк буруугүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1445 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 108 дугаар зүйлийн 108.6-д заасныг баримтлан Х.Хбанкны Орхон салбар, М.Э нарын хооронд байгуулагдсан 2014-7-09-ний өдрийн “мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, М.Эаас 970,000 төгрөгийг хадгаламжийн хүүгийн хамт гаргуулан С.Тэмүүлэнгийн 407235135 тоот хадгаламжид олгуулж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 2013-9-18-ны өдрийн, 2013-12-18-ны өдрийн, 2014-4-16-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлд хамаарахгүй тул Х.Хбанкинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээж, 44,750 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, хариуцагчаас 27,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.С давж заалдсан гомдолдоо:

Намайг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзэж 2013-9-18-ны өдрийн, 2016-12-18-ны өдрийн 2014-4-16-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба хэрэгг миний бие охин Тэмүүлэнгийн мөнгөн хадгаламжийг барьцаалан зээл олгох зөвшөөрөл олгосон тухай ямар ч баримт байхгүй, харин хариуцагч М.Эы шүүх хуралдаан дээр гаргасан худал тайлбараас өөр юу ч байхгүй байтал шүүх ийнхүү хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй боллоо. Энэ нь үндэслэлгүй.

Хариуцагч М.Эаас миний бие мөнгөн хадгаламжид мөнгө байршуулахыг даалгах асуудлаар нэхэмжлээгүй зөвхөн мөнгөн хадгаламжийн хувьд хамтран эзэмшигчээр бүртгэгдсэн атлаа миний зөвшөөрөлгүйгээр мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан тул энэхүү шаардлагатай холбогдуулан М.Эыг хамтран хариуцагчаар татсан билээ. Гэтэл шүүх миний гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагыг шийдэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.

Хариуцагч М.Э нь анхан шатны шүүх хуралдаан эхлэхэд өмгөөлөгч авах хүсэлтэй байгаа, миний бие шүүх хурал эхлэхийн өмнө Х.Хбанкнаас санаатайгаар тулгаж ирүүлсэн нотлох баримттай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхийг өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэхэд хүсэлтүүдийг шүүгч огт хүлээн авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийж ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын заримыг нь хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлээгүй зүйлийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон тул Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-11-28-ны өдрийн 142/ШШ2016/01445 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг, Х.Хбанкинд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба ингэхдээ Х.Хбанкинд Мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу охин Тэмүүлэнгийн нэр дээрх 407235135 дугаартай дансыг анх нэхэмжлэгч Д.С нь нээж, уг дансны хамтран эзэмшигчээр охины ээж М.Эыг бүргүүлсэн байдаг. Ийнхүү энэхүү харилцаа нь нэг талаас мөнгө хадгалуулагч Д.С, охин Тэмүүлэн, хамтран эзэмшигч М.Э нар, нөгөө талаас Х.Хбанкны Орхон салбарын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйл, Банк зээлийн эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4-р зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна. Гэтэл анхан шатны шүүхзээлийн гэрээний заалтуудыг үндэслэн “...Х.Хбанкыг буруутгах үндэслэлгүй...” гэж байгаа Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн холбогдох заалтууд, Банк зээлийн эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж. төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хадгалагч /банк/-ийн үүргээ зөрчсөн тухай шүүх хуралдаан дээр тайлбарлснаар байтал анхаарахгүй, эдгээр хуулийн заалтыг гэрээний заалтуудтай харьцуулан үзэхгүйгээр шууд гэрээний заалтын дагуу шийдвэрлэж байгаа нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйг илтгэн харуулж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн анх нэхэмжлэл гаргахдаа шүүхэд хандан гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулж, шүүх хуралдаан эхлэхийн өмнө хариуцагч Х.Хбанкнаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг танилцаад үүнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, шүүх хуралдааныг хойШлуулах хүсэлт гаргасныг хүлээн авахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын эрхийг хангалгүй шүүх хуралдааныг үргэлжпүүлэн, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлолгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хуралдаан эхлэхэд хариуцагч М.Э нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтэй байгаа шүүх бүрэлдэхүүнд тавьсан бөгөөд шүүх хүсэлтийг хэлэлцэхээр зөвлөлдөөд өмгөөлөгч авах Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хангалгүй шүүх хуралдааныг үргэлжпүүлсэн нь хэрэг хянан шийвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эрхийг хангаагүй, түүнээс нэхэмжлээгүй мөнгийг гаргахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйд диспозитив зарчимыг зөрчсөн алдаатай шийдвэр боллоо.

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Мөнгөн хадгаламж барьцаалж зээлийн гэрээ байгуулсан М.Эыг зээлийн гэрээ байгуулсан хүнийх нь хувьд, харин Х.Хбанкыгзээлийн гэрээ байгуулсан, мөнгөн хадгаламжийн дансны гүйлгээг хууль бусаар /Банк зээлийн эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан үүргээ биелүүлээгүйнх төлөө/ авсан мөнгөн хадгаламжийн мөнгийг буцаан байршуулж, гэрээнд заасны дагуу хүү бодохыг даалгуулах шаардлага гаргасан байтал шүүх өөрийн санаачлагаар ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээдийг өөрчлөн шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас миний бие энэхүү шийдвэрийг гардан аваагүй бөгөөд Д.Сын гардан авсан шийдвэрийн дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1445 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны журмаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Э давж заалдсан гомдолдоо:

М.Э миний бие Д.Сын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан дээр шүүхээр хамгаалуулах эрхээ эдлэн өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч шүүгчийн зүгээс уг хүсэлтийг хүлээн авалгүи, шүүх хурлыг үргэлжлүүлэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан шийдвэр гарсан. М.Э миний бие нэхэмжлэгч Д.Стай хамт хүүхдийнхээ нэр дээр хадгаламжийн данс нээж, 4 удаа хадгаламж барьцаалсан зээл авсан. Эдгээр харилцаа нь бүгд ижил нөхцөл байдалтай, хуулийн дагуу хийгдсэн бөгөөд 4 хадгаламж барьцаалсан зээлийн нэгийг нь онцлон хүчин төгөлдөр бусд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 05 сарын 18-ны өдрөөс хойш 2 хүүхдээ миний бие өөрөө асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлж ирсэн. Энэ хугацаанд Д.Сын зүгээс 2 хүүхдэд ямар ч тусламж дэмжлэг үзүүлж байгаагүй. Тэр хугацаанд эрхийнхээ дагуу хүүхдийн мөнгөн хадгаламжийг захиран зарцуулсан болно. Иймээс тус шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан, шудрага бус шийдвэр гарсан тул гомдолтой байна.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Д.С хариуцагч М.Э болон Х.Хбанкны  Орхон аймаг дахь салбарын хооронд байгуулагдсан мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийг хүчин төгөлдөр бусд тооцож, мөнгийг буцаан хадгаламжийн дансанд байршуулж гэрээнд заасны дагуу хүү тооцохыг даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх М.Эаас 970,000 төгрөгийг хадгаламжийн хүүгийн хамт гаргуулан С.Тэмүүлэнгийн 407235135 тоот хадгаламжид олгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2013-9-18-ны өдрийн, 2013-12-18-ны өдрийн, 2014-4-16-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой хэсэг, Х.Хбанкинд холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.С шүүхэд анх нэхэмлэл гаргахдаа хариуцагч банкнаас мөнгөн хадгаламж барьцаалж 2014 онд олгосон зээлийн гэрээг албадан гаргуулах тухай хүсэлт гаргасан ба шүүх хүсэлтийг хүлээн авч улмаар хариуцагч талаас дээрх зээлийн гэрээний хуулбарыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр буюу шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн болох нь зохигчдын тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэрэг хэлэлцэх шүүх  хуралдааны үед нэхэмжлэгч Д.С, түүний өмгөөлөгч нар хариуцагчаас ирүүлсэн нотлох баримттай танилцсаны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа  нэмэгдүүлэх  хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан нь хэргийг оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Тухайлбал Д.Сын анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус өөрөөр хэлбэл хариуцагч М.Э болон банкны хооронд 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Хүүхдийн мөнгөн хадгаламжийн” гэрээг эсхүл хариуцагч нарын хооронд 4 удаа байгуулсан “Мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ, нэмэлт гэрээний алиныг нь хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн хариуцагч М.Э шүүх хуралдааны үед өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан гэсэн үндэслэлээр түүний гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан талаар захирамжийн үндэслэх хэсэгт тодорхойлсон атлаа тогтоох хэсэгт энэ талаар заагаагүй, өмгөөлөгч авах эрхийг нь хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.3, 6.4-т заасан мэтгэлзэх зарчмыг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд шүүхийн гаргасан дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “...шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан, шудрага бус шийдвэр гарсан тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны журмаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх хариуцагч М.Эы гаргасан ”... шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан, шудрага бус шийдвэр гарсан тул гомдолтой байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1445 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                               Б.БАТТӨР

                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ