Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2017/00879

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2017/00879

*******-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00711/и

 

*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******-Уул аймгийн ******* сумын ** дугаар баг, ** дугаар хороолол, 1** тоотод оршин суух ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-Уул аймгийн ******* сумын ** дугаар баг, ** дугаар хороолол, **-** тоотод оршин суух ******* овогт *******ын *******,

 

Хариуцагч: *******-Уул аймгийн ******* сумын ** дугаар багт байрлах ******* банкны ******* салбарт тус тус холбогдох,

 

"*******-Уул аймгийн ******* сумын * дугаар баг, * дугаар хороолол, * дүгээр байрны * тоот, * өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох" тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагч Х.*******, хариуцагч ******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 08 сард ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан ******* сумын 10 дугаар багийн нутагт байрлах Элит хотхонд байр авахаар болж, 2 12 дугаар хорооллын 2 дугаар байрны 31 тоот, 2 өрөө 36,01 мкв орон сууцыг захиалсан, гэрээ байгуулахдаа урьдчилгаа 4,681,300 төгрөгийг төлсөн. Гэтэл гэрээнд заасан хугацаанд байр ашиглалтанд ороогүй тул тус хотхоны 1 дүгээр байрны 05 тоот, 1 өрөө орон сууцыг 1 мкв-ыг 1,000,000 төгрөгөөр тооцон, үлдэгдэл тооцоог хийн 32,000,000 төгрөг өгсөн. Байрны төлбөрийг 2015 оны 08 сарын 11, 2015 оны 12 сарын 07, 2016 оны 06 сарын 08-ны өдрүүдэд Х.*******ын ******* банкин дахь дансанд болон өөрт нь бэлнээр өгч, нийтдээ 32,000,000 төгрөгийг төлж, орон сууцны үнийг бүрэн төлж, байрандаа орж одоог хүртэл амьдарч байна. Тухайн үед 1 өрөө байрыг авахад ******* банкны зээлийн барьцаанд байгаа гэдгийг мэдээд мөнгөө тушаахаасаа өмнө ******* банктай очиж уулзахад эдийн засагч нь банкны зээлэнд нь мөнгөө төлчихвөл таны нэрлүү шилжүүлж болно, мөн 8 хувийн зээлэнд хамрагдаж болно гэж хэлсэн. Иймээс итгэн барьцаанд байсан байрыг авсан. Х.*******аас байрны гэрчилгээг шаардахад банкны зээлээ төлөөгүйгээс би мөнгийг нь бүрэн төлж, одоо амьдарч байгаа байрныхаа хууль ёсны өмчлөгч болж чадахгүй байна.

Хэрэв ******* банк надад итгэл төрүүлээгүй бол би тус байрыг авахгүй байсан. Би энэ байрны үнийг бүрэн төлсөн, одоо энэ байрандаа амьдарч байгаа тул хууль ёсны өмчлөгч мөн юм. Иймээс тус байрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.*******гийн одоогийн амьдарч байгаа байр нь миний нэр дээр байдаг бөгөөд ******* банкны барьцаанд тавигдсан байсан юм. Одоо зээлээ төлж чадахгүйгээс болоод шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр явж байгаа. Байрны төлбөрийг Г.******* надад бүрэн төлсөн нь үнэн. Иймээс би энэ байрны жинхэнэ өмчлөгч нь биш Г.******* мөн юм. Иймд нэхэмжлэгч Г.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч ******* банкны ******* салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Одгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк нь Х.*******, Б.Баясгалан нартай 2014 онд зээлийн гэрээ байгуулан, 80,000,000 төгрөгийн зээл олгосон бөгөөд зээлийн барьцаанд Х.*******ын өмчлөлийн ******* сумын 10 дугаар баг, 12 дугаар хороолол, 1 байрны 5 тоотод хаягтай орон сууцыг гэрээний дагуу барьцаалсан. Энэ асуудлаар тус шүүхийн 2016 оны 809 дугаартай шийдвэр гарч, тус байрыг албан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалгасан шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны шатанд явж байгаа. Анх барьцаалах үед Х.*******ын өөрийн өмчлөлийн хөрөнгө байсан бөгөөд зээлийн үүрэг дуусаагүй байгаа тул бид Г.*******гийн эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй. Г.******* нь тус банкинд энэ байрны өмчлөх эрхийг шилжүүлэх талаар хандаж байгаагүй. Мөн хэрэгт авагдсан хөрөнгө оруулалтын гэрээ гэсэн зүйл нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус гэрээ байна. Хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө нэг этгээдээс хэлцлийн үндсэн дээр нөгөө этгээдэд шилжиж байгаа бол улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой боловч улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа. Иймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Х.*******, ******* банкны ******* салбарт тус тус холбогдуулан, *******-Уул аймгийн ******* сумын 10 дугаар баг, 12 дугаар хороолол, 1 дүгээр байрны 05 тоот, 30,01 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Х.*******аас тус орон сууцыг худалдан авч, үнийг бүрэн төлсөн бөгөөд одоо энэ байрандаа оршин сууж байгаа тул энэ байрны хууль ёсны өмчлөгч нь би юм гэж, хариуцагч Х.******* түүний нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна, энэ байрны хууль ёсны өмчлөгч нь би биш Г.******* мөн гэж, хариуцагч ******* банкны ******* салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус байр нь Х.*******ын өмчлөлийн хөрөнгө бөгөөд манай банкны барьцаанд байгаа, барьцаагаар хангагдах үүрэг дуусгавар болоогүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тус тус тайлбарладаг болно.

 

Хэрэгт 2016 оны 04 сарын 08-ны өдрийн Х.*******, Г.******* нарын байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ авагдсан байгаа бөгөөд тус гэрээгээр Х.*******ын өмчлөлийн 1 дүгээр байрны 05 тоот 1 өрөө орон сууцыг 1 мкв-ыг 1,000,000 төгрөгөөр бодож худалдан авахаар тохирч, Г.******* байрны төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан гэсэн агуулга бүхий тохиролцоог талууд бичгээр хийсэн байна.

Энэхүү гэрээний агуулгаас үзэхэд Г.******* нь Х.*******аас орон сууц худалдан авахаар тохирч, орон сууцны үнийг бүрэн төлж, тус байраа өөрийн эзэмшилд авсан болох нь дээрх гэрээ, төлбөр төлсөн баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын болон эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй боловч Х.******* нь орон сууцыг Г.*******гийн өмчлөлд шилжүүлэн өгөөгүй болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000239577 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл энэхүү гэрчилгээгээр *******-Уул аймгийн ******* сумын 10 дугаар баг, 12 дугаар хороолол, 1 дүгээр байрны 05 тоот, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь хариуцагч Х.******* байна.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д: үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заажээ.

 

Гэтэл Г.*******, Х.******* нарын хооронд байгуулагдсан гэх хэлцэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй, дээрх хуульд зааснаар Г.*******д орон сууц өмчлөх эрх үүсээгүй байна.

Нэхэмжлэгч Г.******* нь орон сууцны үнийг бүрэн төлсөн тул хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үнэ төлснөөр өмчлөх эрх үүсэхгүй, харин дээрх хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсдэг тул түүний энэхүү тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

Нөгөө талаас тус орон сууцыг Г.******* нь өөрийн эзэмшилд авах үедээ ******* банкны ******* салбараас Х.*******ын авсан зээлийн барьцаанд байгаа гэдгийг мэдэж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ үндэслэлээр орон сууцыг шилжүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал байгаа гэдгийг хариуцагч Х.******* хүлээн зөвшөөрдөг болно.

 

Нэхэмжлэгч Г.******* нь ******* банкны ******* салбарыг орон сууц барьцаанд байгаа ч шилжүүлэн авах боломжтой гэсэн ойлголт өгч, итгэл төрүүлсний улмаас тус барьцаанд байгаа байрыг авсан тул миний өмчлөх эрх ашгийг зөрчиж байна гэж тайлбарлаж байгаа боловч орон сууцны хууль ёсны өмчлөгч болох Х.******* нь өөрийн авсан зээлийн барьцаанд тус орон сууцыг барьцаалж, зээлийн гэрээний үүрэг хүлээсэн байгаа, энэхүү үүрэг нь дуусгавар болоогүй зэрэг нь хэрэгт авагдсан Х.*******ын ******* банктай байгуулсан зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ, *******-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 809 дугаартай шийдвэр, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 4176 дугаартай захирамж, мөн өдрийн 677 дугаартай гүйцэтгэх хуудас зэргээр тогтоогдож байх тул ******* банкны ******* салбар нь нэхэмжлэгч Г.*******гийн өмчлөх эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Г.*******гийн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******гийн хариуцагч Х.*******, ******* банкны ******* салбарт тус тус холбогдуулан гаргасан *******-Уул аймгийн ******* сумын 10 дугаар баг, 12 дугаар хороолол, 1 дүгээр байрны 05 тоот, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ