Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2019/02330

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2019/02330

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ч ХХК 

Хариуцагч:  М.Э 

Хариуцагч: Ө.М нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3.153.723.134,32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, А.Э, Д.А, хариуцагч Ч болон М.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагч Ө.М гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Ч ХХК нь Т ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12/16-23 тоот, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 12/16-23-1 тоот Шугамын зээлийн гэрээг байгуулан 2.000.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 21.6%-ийн хүүтэйгээр, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12/17-11 тоот Эргэлтийн хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг байгуулан 1.000.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 22.8% -ийн хүүтэйгээр зээлэн авч Т дахь өөрийн нэрийн 106000038270 тоот дансанд тус тус шилжүүлэн авсан байдаг.

Зээлийн гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх заалт болон хавсралт №1-ийн дагуу зээлийг сар бүрийн тогтсон өдөр хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байдаг боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг биелүүлээгүй байна.

Банкны зүгээс удаа дараа уулзалт хийсэн бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр №01 дугаартай Мэдэгдлийг гардуулж гэрээний үүргээ биелүүлж, төлөгдөөгүй байгаа үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх хугацаа олгосон боловч төлөөгүй, удаа дараа зээлдэгчтэй уулзаж, зээлийн гэрээний үүргийг биелүүлэх талаар уулзалт зохион байгуулж улмаар 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлдэгчтэй уулзан №02 дугаартай мэдэгдлийг танилцуулж, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1.2.2.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1 дэх заалтад тус тус заасны дагуу зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул Банк шүүхийн журмаар дээрх мөнгөн төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлтийг хангуулах хүртэл арга хэмжээ авах гэж байгааг мэдэгдэж зээлдэгчид мэдэгдлийг гардуулан өгсөн.

Зээлдэгч нь Зээлийн гэрээнүүдэд заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа нь зээлээ төлөөгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон.

2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 12/16-23 тоот зээлийн гэрээ, 12/17-11 тоот зээлийн гэрээнүүдийн хугацаа хэтэрч 3.153.723.134,32 төгрөг төлөгдөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтын дагуу 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 2016 оны 3-р сарын 31-ний өдрийн 12/16-23 тоот, 2016 оны 04-р сарын 28-ны өдрийн 12/16-23-1 тоот Шугамын зээлийн гэрээ болон 2017 оны 01-р сарын 18- ны өдрийн 12/17-11 тоот Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээнүүдийн дагуу төлөх ёстой 3.153.723.134,32 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцааны гэрээний дагуу Ү-2204015053 улсын бүртгэлийн дугаар, №000264089 тоот гэрчилгээтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол /13321/, Дандарбаатарын гудамж 26, Г26/1 тоот хаягт байрлалтай авто аж ахуйн зориулалттай цогцолбор барилга, 133017/0083, 18647311657342 нэгж талбарын дугаар, №000548720 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай үйлчилгээний орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар, 2017 оны 01-р сарын 18-ны өдрийн 12/17-12 тоот барьцааны гэрээний дагуу Ү-2206022556 дугаар, №000576357 тоот гэрчилгээтэй Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан ар Зайсан гудамж 82 байр 5 тоот хаяг байршилтай хувийн сууц, граж зориулалтай үл хөдлөх хөрөнгөөр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан өгнө үү гэв.

Хариуцагч Ө.М , хариуцагч бөгөөд хариуцагч Ч ХХК-ийн төлөөлөгч М.Эрдэнэтөмөр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т наас 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр манай байгууллагыг зээлийн төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой үндэслэлээр бүрэн зөвшөөрөхгүй байна.

Манай банк бус санхүүгийн байгууллага Т наас бусдад дамжуулан зээл олгох зорилгоор 2016 оны 3 дугаар сард № 12/16-23 тоот, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр №12/16-23-1 тоот, 2017 оны 1 дүгээр сард № 12/17-11 тоот зээлийн гэрээнүүдийг байгуулан нийт 3 тэр бум төгрөгийн зээл авсан нь үнэн болно.

Т ны нэхэмжилж байгаа зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү, торгуулийн үнийн дүнг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй.

Манай байгууллага Т наас зээл авч цааш нь дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байсан.

Гэтэл сүүлийн 2 жилд болсон санхүүгийн хямралаас шалтгаалан манай зээлдэгч болох барилга, авто зам засвар, газар тариалан эрхлэгч болон нүүрс экспортлогч, худалдаачин нарын ажил бизнес доголдсоноос эдгээр зээлдэгч нар манайхаас авсан зээл, зээлийн хүүгээ төлж чадахгүй байдалд хүрсэн.

Ингээд манайх өөрийн зээлдэгч нараас зээлдүүлсэн мөнгөө авч чадахгүй болохоор өөрсдөө банкинд төлөх мөнгөө мөн төлж чадахгүйд хүрч санхүүгийн хувьд хүнд байдалд орсон.

Энэ бүхнийг Т ны холбогдох хүмүүст байнга ярьж танилцуулж, зээлийн өр төлбөр барагдуулах өөр ямар боломж, бололцоо байхыг олон янзаар хэлэлцэж байсан.

2018 оны 10 дугаар сарын эхээр Т ны Байгууллагын банкны газрын захирал Ө.Гантөр, зээлийн хэлтсийн захирал Амараа, зээлийн мэргэжилтэн Д.Амарзаяа нараас бидэнтэй хийсэн нэгэн албан уулзалтаар дээрх ажилтнууд өөрсдөө санаачилж танайх зээлийг чинь төлж өгөхөд туслаад өрийг чинь төлж өгөхийг зөвшөөрөх, манайхаас зээл авах нөхцөл шаардлагыг хангах өөр зээлдэгч олоод ирвэл Т наас бодитойгоор дэмжиж түүнд зээл олгож болно гэсэн.

Энэ саналыг манайх боломжтой санал гэж үзээд өөр зээлдэгч компани болох барилгын үйл ажиллагаа эрхэлдэг П ХХК-ийг санал болгосон. Энэ үед П ХХК нь 16 давхар 4 блок орон сууцны хотхон бариад дуусч байсан ба барилгын ажлаа бүрэн дуусгахад мөнгөн хөрөнгө дутаад ХААН банкинд зээл хүссэн хүсэлтээ өгч зээлийн судалгаанд байсан.

Миний бие Т тай ярилцсаны дагуу П компанийн захирал Г.Ц д хүсэлт гарган, танайх ХААН банкнаас зээлийн хүсэлтээ буцаагаад авчих, Т наас танайд шаардлагатай байгаа 2 тэрбум төгрөгийн зээлийг гаргуулж өгөх боломж гарлаа, харин танай компани манайхаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж Анома хотхон дахь 436 м.кв талбай бүхий хаусыг худалдаад авчих, энэ хаусны үнэ 3 тэрбум төгрөгийг та нар банкнаас зээл аваад манайд төлчих, танайд нийтдээ 5 тэрбум төгрөгийн зээлийг Т гаргаж өгнө, харин манайх энэ үл хөдлөх хөрөнгө худалдсан 3 тэрбум төгрөгөөрөө банкны бүх өр зээлээ төлж дуусгана гэсэн саналыг тавихад тухайн компанийн удирдлага зөвшөөрсөн юм.

Ингээд П ХХК-н захирал Г.Ц Т ны зээлийн хэлтсийн захирал Амараа зэрэг холбогдох хүмүүстэй өөрийн биеэр очиж уулзаад манай дээрх санал үнэн бодитой эсэхийг тодруулахад банкны зүгээс үнэн болохыг мэдэгдээд, Т тус компанийг зээлийн хүсэлтээ манайд өгч судалгаанд оруул, харин Анома хотхоны хаусын байрыг танайх худалдан авахад зориулж олгох зээлийн мөнгөнөөс Ч ХХК-ийн зээлийн өр болох 2,8 тэрбум төгрөгийг үүгээрээ суутган авна гэхэд захирал Г.Ц зөвшөөрсөн.

П ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор зээлийн хүсэлтээ Т инд өгсөн. Ингэхдээ Т , Ч ХХК, Пирамид- Орд ХХК гэсэн 3 талын тохиролцсоны дагуу санхүүгийн тооцоололоо хийж оруулсан.

П ХХК нь анх орон сууцны барилгаа барихад зориулан Хөгжлийн банкнаас ихээхэн хэмжээний зээл авсан байсан бөгөөд энэ зээл нь хэвийн ангилалд байсныг Т ны ажилтнууд мэдэж байсан.

П ХХК, манай компанийн холбоотой зээлийн асуудлыг Т ны зээлийн хорооны хурлаар нийтдээ 4 удаа хэлэлцсэн. Үүнд:

1.Анхны зээлийн хүсэлтийг Т ны зээлийн хороо 2018 оны 11 дүгээр сарын 20-доор хэлэлцээд эхний удаа зээл олгохоос татгалзсан.

Ч ХХК-иас 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 62 тоот албан бичгээр П ХХК-д зээл олгох шалтгаан, ач холбогдлыг тайлбарлаад, зээлийн асуудлыг дахин авч үзэхийг хүссэн хүсэлтээ Т инд өгсөн.

2.Дээрх хүсэлтийг Т 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дахин авч хэлэлцээд манай Ч ХХК-н зээлийн өрийг хаах нөхцөлтэй 3,0 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарсан.

Ч ХХК нь 2018 оны 12 дугаар 13-ны өдрийн 63 тоот албан бичгээр тус банкинд дахин хүсэлт гаргаж энэ шийдвэрийн дагуу 3,0 тэрбум төгрөгийн зээл олгох тохиолдолд П ХХК-нь танай банкинд өөрийнхөө хөрөнгийг барьцаалж, өөрийн компанийн нэрээр зээл аваад, энэ зээлийн мөнгөөрөө бусдын өрийг хааж өгөөд, эцэст нь өөрт зайлшгүй шаардлагатай байгаа мөнгөө нөхөх эх үүсвэргүй үлдэх нь зохимжгүй байгааг тайлбарлаад, Т 3,5 тэрбум төгрөгийн зээл олгоод, манай өр болох 2,8 тэрбум төгрөгийг бүхэлд нь биш 1,5 тэрбум төгрөгөөр нь өр хаах нөхцлөөр энэ зээлийн асуудлыг дахин авч үзэхийг хүссэн хүсэлтээ өгсөн.

Энэ хүсэлтийг Т дахин авч хэлэлцээд 3,5 тэрбум төгрөг олгох боломжтой, гэхдээ Ч ХХК-ийн өрийг хаагаад үлдсэнийг П ХХК-д олгоно гэсэн. Энэ шийдвэрийг зөвшөөрөх боломжгүй байсан тул манай компани дахин 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 64 тоот албан бичгээр ... 2,0 тэрбум төгрөгийг манай өрнөөс хасч, 1,5 тэрбум төгрөгийг зээлдэгч П ХХК-д олгож өгөөч гэсэн хүсэлтээ Т инд гаргасан.

Мөн энэ өдөр М.Эрдэнэтөмөр миний бие Т ны зээлийн газар, хэлтсийн захирлуудтай биеэр уулзаад танай банк дээрх зээлийг олгохдоо заавал манай өрийг бүхэлд нь хаахаас өөрөөр шийдэх боломжгүй байгаа бол олгох зээлийн хэмжээгээ нэмж 4,0 тэрбум төгрөг болгон зээл олгоод, үүнээсээ манай ББСБ-ын 2,8 тэрбум төгрөгийг бүхэлд нь хаагаад, үлдэх 1,2 тэр бум төгрөгийг нь П ХХК-д олгооч гэж аргагүйн эрхэнд нэмэлт хүсэлт тавихад боломжтой санал гэж ярилцаж байсан.

3.Эцэст нь Т ны зээлийн хэлтсээс 2018 оны 12 дугаар сарын 27-ны үед М.Эрдэнэтөмөр над руу ярьж манай зээлийн хороо шийдвэрээ гарган П ХХК-д 4,0 тэрбум төгрөгийн зээл олгох болсон, иймд зээлдэгч П ХХК компани болон Чингис хаан холдинг ХХК-н хувь нийлүүлэгч Ө.М , та нар бүгд яаралтай банкин дээр ирж зээлийн гэрээндээ гарын үсэг зур гэж дуудсан.

Ингээд П ХХК-н захирал Г.Ц , гүйцэтгэх захирал Ц.Хонгормаа нар зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах, манай ББСБ-ын хувьцаа эзэмшигч Ө.М бид 2 энэ зээлийн батлан даалтын гэрээнд гарын үсэг зурахаар дуудагдан ирж, хэвлэж бэлэн болгосон байсан зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурж, Т ны гэрээт нотиаратын ажилтан ирж гэрээг бүртгэж байсан. Нотиаратын ажилтан ч гэрээнүүдэд тэмдгээ дарж дэвтэртээ бүртгэсэн.

4.Гэтэл зээлийн эдийн засагч Бат-Эрдэнэ манай 2 компанийн ажилтнууд гарын үсгээ зурж дуусгасны дараа бүх гэрээнүүдийг өөртөө хураан аваад маргааш ир гээд тараасан. Тэр үед он дуусах дөхөж барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд хугацаа бага байсан учир бид маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажил цуглангуут л банкин дээр очиход хүлээж бай гээд өдөржин хүлээлгээд орой тийш танайд зээл олгох шийдвэр цуцлагдлаа гэсэн.

Зээлийн шийдвэрээ цуцалсан шалтгаан нь 3 сар орчим энэ зээлийн асуудлаар янз бүрээр л асууж танилцаж судлах явцад нэг ч удаа яригдаж байгаагүй манай өөрийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэгт байрлах одоо Өндөр цайз нэртэй хүнсний зах ажиллаж байгаа 8,0 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө /3378 м.кв талбай бүхий/-ийг яг зээлийн хорооны хурал болж байх өдөр гэнэт П ХХК-ийн зээлийн барьцаанд тавихаар судлагдсан байсан 30,0 орчим тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө /9000 орчим м.кв талбай бүхий/-нд нэмж давхар барьцаална гэж банкнаас мэдэгдэхэд бид аргагүйн эрхэнд зөвшөөрөөд, харин үүнээс өөр хөрөнгө нэмж барьцаалах боломжгүй шүү гэж хэлснийг банк үл тоосон маягаар хандсан гээд нэгэнт гарын үсэг зурагдсан зээлийн гэрээгээ цуцлаж шийдвэрлэн Т манай ББСБ болон П ХХК-ийн үйл ажиллагааг 3 сар хойшлуулан удаашруулж хохиролд оруулсан.

Банкны зарим ажилтан асуудлаа буруу ойлгон, удирдлагадаа буруу мэдээлэл өгсөн байна гээд манайх тус банкинд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот албан бичгээр тайлбар өгсөн боловч авч хэлэлцээгүй.

Т өөрөө манайд өөр зээлдэгч олоод ир гэж анх санал тавьсан, манай компани болон П ХХК-н ажлыг 3 сар орчим алдагдуулсан, энэ хугацаанд манай үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах ажиллагааг зогсоож бидний зээлийн төлөлтийг хойшлуулан хохироосон, олон сар 2 компанийн ажил алба алдагдуулсан, банк өөрөө зээл олгох шийдвэрээ ямар ч үндэслэлгүй, зүй бусаар цуцалж манай 2 компанийг хохироосон байж эцэст нь ихээхэн хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү, торгууль тооцон гаргаад нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Манай байгууллага 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүгээр хохирч байна.

Иймд 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх үндсэн хүү 139.828.444 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх үндсэн хүү 119.701.911 төгрөг, нийт 259.530.355 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-т зааснаар Т ХХК нь Пирамид Орд ХХК-д олгох зээлээс татгалзсанаас үүссэн хохирол гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь Ч ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан, Ө.М гийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгаа, иргэн М.Эрдэнэтөмөр Ч У ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн боловч энд хамааралгүй бөгөөд компанийн хөрөнгөөр л хариуцах ёстой гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ч ХХК, М.Эрдэнэтөмөр, Ө.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.153.723.134,32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ч ХХК, М.Эрдэнэтөмөр, Ө.М нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

НЭГ: Нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч Ч ХХК, тус компанийн хувьцаа эзэмшигч Ө.М нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 12/16-23 дугаартай Зээлийн шугамын гэрээ байгуулагдаж 1.000.000.000 /нэг тэр бум/ төгрөгийг жилийн 21,6%-ийн хүүтэй, зээлийн шугамын эрхийн ашиглаагүй үлдэгдэлд 4,8%-ийн комитмент хүүтэй, 2 жилийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл авч зээлийн барьцаанд

1.Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж 26, Г26/1 тоот хаягт байрлалтай, 3378,5 м.кв талбайтай, авто аж ахуйн зориулалттай цогцолбор барилга,

2.Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай үйлчилгээ орон сууцны зориулалттай, 10106 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар,

3.Ч ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны орлого, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх төрлийн авлага, бараа материал түүхий эд, Т дахь болон бусад арилжааны банкууд дахь харилцах, хадгаламжийн дансын бүх төрлийн орлого, үлдэгдэл зэргийг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, 12/16-23 дугаартай Зээлийн гэрээ, №12/16-24 дугаартай Барьцааны гэрээ, №12/16-25 дугаартай Батлан даалтын гэрээ, №11-648726 дугаартай Барьцаалбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, мөнгө шилжүүлсэн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн гэрчилгээ, болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 9,18-25, 152,153-р хуудас /

ХОЁР: Т ХХК нь Ч ХХК болон тус компанийн хувьцаа эзэмшигч Ө.М нартай 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 12/16-23-1 дугаартай Зээлийн шугамын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, дээрх гэрээний нөхцөлөөр 1.000.000.000 /нэг тэр бум/ төгрөгийг нэмж олгохоор тус тус тохирон зээл авч зээлийн барьцаанд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 12/16-23 дугаартай Зээлийн шугамын гэрээгээр авсан зээлд барьцаалсан дээрх хөрөнгүүдийг барьцаалан 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 12/16-38 дугаартай Барьцааны гэрээ, 11-648726-01 дугаартай Барьцаалбар үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн давхар барьцаа үйлдсэн болох нь зохигчийн тайлбар, 12/16-23-1 дугаартай Зээлийн шугамын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 12/16-38 дугаартай Барьцааны гэрээ, Барьцаалбар үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгийн давхар барьцаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 26-29,154-156-р хуудас/

Дээрх 12/16-23, 12/16-23-1 дугаартай гэрээнүүд нь Зээлийн шугамын гэрээ байх бөгөөд онцлог нь зээлдүүлэгч нь зээлдэгчид тухайн зээлийн гэрээгээр тохирсон зээлийн эрхийн хэмжээгээр тодорхой мөнгөн хөрөнгийг нөөцлөн баталгаажуулдаг онцлогтой гэрээ байна.

Энэ онцлогтой нь холбогдуулан талууд ашиглаагүй зээлийн үлдэгдэлд 4,8% коминтмент хүү тохирч байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-т заасан Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэсэн зарчимд нийцсэн байна.

Дээрх комитмент хүүг /нөөцлөн баталгаажуулсны/ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т заасан хүүнд оруулан ойлгох нь зүйтэй.

ГУРАВ: Т ХХК нь Ч ХХК, тус компанийн хувьцаа эзэмшигч Ө.М нартай 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 12/17-11 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 1.000.000.000 /нэг тэр бум/ төгрөгийг жилийн 22,8%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл олгож, зээлийн барьцаанд

1.Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 82 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 436,38 м.кв талбайтай, хувийн сууц, граж,

2.Зээлдэгчийн банк бус санхүүгийн үйл ажиллагааны орлого, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх төрлийн авлага, бараа материал түүхий эд, Т дахь болон бусад арилжааны банкууд дахь харилцах, хадгаламжийн дансын бүх төрлийн орлого, үлдэгдэл зэргийг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12/17-11 дугаартай Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн 12/17-12 дугаартай Барьцааны гэрээ, 12/17-13 дугаартай Батлан даалтын гэрээ, 11-852341 дугаартай Барьцаалбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 26-29-р хуудас/

Дээрх гурван гэрээгээр Т ХХК нь 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, Ч ХХК, тус компанийн гүйцэтгэх захирал М.Эрдэнэтөмөр, хувьцаа эзэмшигч Ө.М нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, 12/16-23, 12/16-23-1 дугаартай гэрээнд коммитмент хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээнүүд гэж үзнэ. /хх-ийн 18-37-р хуудас/

Талууд зээлийн дүн, эргэн төлөлтийн хуваарь, гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.

Зээлдүүлэгч Т ХХК нь зээлдэгч Ч ХХК -ийг дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй байх тул гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгон мэдэгдэл хүргүүлж, удаа дараа шаарджээ./хх-ийн 38-41-р хуудас/

Зээлдэгч Ч ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Эрдэнэтөмөр, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ө.М нар нь дээрх гурван зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийн тулд зээлийн барьцаанд тавьсан Ө.М гийн өмчлөлийн Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Ар Зайсан гудамж, Анома хотхоны 82 дугаар байрны 5 тоот, 432 м.кв талбай бүхий орон сууцыг Пирамид Орд ХХК-д худалдах, Пирамид Орд ХХК-д Т зээл олгосон тохиолдолд банк байрыг барьцаанаас чөлөөлж Пирамид орд ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгч, Пирамид орд ХХК-иас орох мөнгөөр зээлээ бүрэн төлөх тухай санал болон зээл төлөх тухайгаа 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаартай албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 64 дугаартай албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаартай албан бичиг, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай албан бичгүүдийг Т ХХК-д хүргүүлжээ./хх-ийн 96,97,98, 101,102-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд банкнаас зээл олгох гэрээгээр зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

Т ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон байх тул 12/16-23, 12/16-13-1, 12/17-11 дугаартай зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлжээ. /х.х-ийн 18-20, 26, 30-32-р хуудас/

Дээрх гэрээнүүдэд заасан үүргээ Т ХХК биелүүлсэн учир зээлдэгч нараас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Ч ХХК, М.Эрдэнэтөмөр, Ө.М нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч нь зээлийн гэрээний нөхцөлийг болон зээлийн үүрэгт төлөгдсөн мөнгөний тооцоог үгүйсгээгүй ба тэрээр зээлийг хүлээн авч, өөрөө захиран зарцуулсан байна.

Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж байгаад 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс хойш хуваарийн дагуу зээлээ төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 42-64-р хуудас/

Зохигчид Зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Т ХХК-ийн Зээлийн ерөнхий хорооны 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Пирамид Орд ХХК-д 5.000.000.000 төгрөгийн зээл олгохоос татгалзсан 97/02 дугаартай шийдвэр, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Пирамид Орд ХХК-д 4.000.000.000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн 110/01 дугаартай шийдвэр, , маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Пирамид Орд ХХК-д 4.000.000.000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн 110/01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 141-143-р хуудас/

Хариуцагч нар нь нэхэмжлэгч Т ХХК-ийг дээрх шийдвэрийн дагуу Пирамид Орд ХХК-д 4.000.000.000 төгрөгийн зээлийг олгоогүйгээс уг зээлийг олгуулах талаар хөөцөлдөж хугацаа алдсанаас өөрийн авсан 3 тэр бум зээл, хүүг төлөх боломжгүй болсон тул 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх үндсэн хүү 139.828.444 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх үндсэн хүү 119.701.911 төгрөг, нийт 259.530.355 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч, татгалзсан үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар тайлбар түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг няцаагаагүй байна.

Тодруулбал: Т ХХК нь Пирамид Орд ХХК-д 4 тэрбум төгрөгийн зээл олгоогүйгээс Ч ХХК, М.Эрдэнэтөмөр, Ө.М нар нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүү болох 259.530.355 төгрөгөөр хохирсон гэж үзэх үндэсгүй.

Хариуцагч нар нь 12/16-23, 12/16-23-1 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.997.992.573,86 төгрөг, зээлийн гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хүүд 555.606.667,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44.361.269,67 төгрөг, нөөцлөн баталгаажуулсаны хүү 820.424,69 төгрөг нийт 2.598.780.935,28 төгрөгийг,

12/17-11 дугаартай Зээлийн гэрээгээр авсан 1.000.000.000 төгрөгийн зээлийн хүү 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 460.000.000 төгрөг, зээлийн гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хүүд 90.517.125,13 төгрөг, мөн хугацааны нэмэгдүүлсэн хүүд 4.425.073,97 төгрөг, нийт 554.942.199,10 төгрөг, бүгд нийтдээ 3.153.723.134,32 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Ч ХХК, гүйцэтгэх захирал М.Эрдэнэтөмөр, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ө.М нараас 3.153.723.134,32 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаанд байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч ХХК, М.Эрдэнэтөмөр, Ө.М нараас 3.153.723.134,32 /гурван тэр бум нэг зуун тавин гурван сая долоон зуун хорин гурван мянга нэг зуун гучин дөрвөн төгрөг, гучин хоёр мөнгө/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Т ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

а. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж 26, Г26/1 тоот хаягт байрлалтай, 3378,5 м.кв талбайтай, авто аж ахуйн зориулалттай цогцолбор барилга,

б.Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай үйлчилгээ орон сууцны зориулалттай, 10106 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар

в. Ч ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны орлого, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх төрлийн авлага, бараа материал түүхий эд, Т дахь болон бусад арилжааны банкууд дахь харилцах, хадгаламжийн дансын бүх төрлийн орлого, үлдэгдэл зэргийн үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Хас банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.084.517 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 16.084.517 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО