Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 174

 

 

 

 

 

 

 

 

 

“Т-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02330 дугаар шийдвэртэй, “Т-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ч- ББСБ” ХХК, М.Э- болон Ө.М- нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 153 723 134.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч “Ч- ББСБ” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, А.Э, Н.Б, хариуцагч “Ч- ББСБ” ХХК болон М.Э- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч “Ч- ББСБ” ХХК нь “Т-” ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12/16-23 тоот, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 12/16-23-1 тоот Шугамын зээлийн гэрээг байгуулан 2 000 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12/17-11 тоот Эргэлтийн хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг байгуулан 1 000 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр зээлэн авч Т- дахь өөрийн нэрийн 106000038270 тоот дансанд тус тус шилжүүлэн авсан. Зээлийн гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх заалт болон хавсралт №1-ийн дагуу зээлийг сар бүрийн тогтсон өдөр хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн байдаг боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг биелүүлээгүй байна. Банкны зүгээс удаа дараа уулзалт хийсэн бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр №01 дугаартай Мэдэгдлийг гардуулж гэрээний үүргээ биелүүлж, төлөгдөөгүй байгаа үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх хугацаа олгосон боловч төлөөгүй, удаа дараа зээлдэгчтэй уулзаж, зээлийн гэрээний үүргийг биелүүлэх талаар уулзалт зохион байгуулж улмаар 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлдэгчтэй уулзан №02 дугаартай мэдэгдлийг танилцуулж, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1.2.2.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1 дэх заалтад тус тус заасны дагуу зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул Банк шүүхийн журмаар дээрх мөнгөн төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлтийг хангуулах хүртэл арга хэмжээ авах гэж байгааг мэдэгдэж зээлдэгчид мэдэгдлийг гардуулан өгсөн. Зээлдэгч нь Зээлийн гэрээнүүдэд заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа нь зээлээ төлөөгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 12/16-23 тоот зээлийн гэрээ, 12/17-11 тоот зээлийн гэрээнүүдийн хугацаа хэтэрч 3 153 723 134.32 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтын дагуу 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12/16-23 тоот, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 12/16-23-1 тоот Шугамын зээлийн гэрээ болон 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12/17-11 тоот Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээнүүдийн дагуу төлөх ёстой 3 153 723 134.32 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцааны гэрээний дагуу Ү-2204015053 улсын бүртгэлийн дугаар, №000264089 тоот гэрчилгээтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол /13321/, Дандарбаатарын гудамж 26, Г26/1 тоот хаягт байрлалтай авто аж ахуйн зориулалттай цогцолбор барилга, 133017/0083, 18647311657342 нэгж талбарын дугаар, №000548720 тоот гэрчилгээтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай үйлчилгээний орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12/17-12 тоот барьцааны гэрээний дагуу Ү-2206022556 дугаар, №000576357 тоот гэрчилгээтэй Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан ар Зайсан гудамж 82 байр 5 тоот хаяг байршилтай хувийн сууц, граж зориулалтай үл хөдлөх хөрөнгөөр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ө.М-, хариуцагч бөгөөд хариуцагч “Ч- ББСБ” ХХК-ийн төлөөлөгч М.Э- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банк бус санхүүгийн байгууллага Т-наас бусдад дамжуулан зээл олгох зорилгоор 2016 оны 3 дугаар сард № 12/16-23 тоот, 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр №12/16-23-1 тоот, 2017 оны 1 дүгээр сард № 12/17-11 тоот зээлийн гэрээнүүдийг байгуулан нийт 3 тэр бум төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Манай байгууллага Т-наас зээл авч цааш нь дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байсан. Гэтэл сүүлийн 2 жилд болсон санхүүгийн хямралаас шалтгаалан манай зээлдэгч болох барилга, авто зам засвар, газар тариалан эрхлэгч болон нүүрс экспортлогч, худалдаачин нарын ажил бизнес доголдсоноос эдгээр зээлдэгч нар манайхаас авсан зээл, зээлийн хүүгээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Миний бие Т-тай ярилцсаны дагуу “П-” компанийн захирал Г.Ц-д хүсэлт гарган, танайх ХААН банкнаас зээлийн хүсэлтээ буцаагаад авчих, Т-наас танайд шаардлагатай байгаа 2 тэрбум төгрөгийн зээлийг гаргуулж өгөх боломж гарлаа, харин танай компани манайхаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж Анома хотхон дахь 436 м.кв талбай бүхий хаусыг худалдаад авчих, энэ хаусны үнэ 3 тэрбум төгрөгийг та нар банкнаас зээл аваад манайд төлчих, танайд нийтдээ 5 тэрбум төгрөгийн зээлийг Т- гаргаж өгнө, харин манайх энэ үл хөдлөх хөрөнгө худалдсан 3 тэрбум төгрөгөөрөө банкны бүх өр зээлээ төлж дуусгана гэсэн саналыг тавихад тухайн компанийн удирдлага зөвшөөрсөн юм. Ингээд “П-” ХХК-ийн захирал Г.Ц- Т-ны зээлийн хэлтсийн захирал А зэрэг холбогдох хүмүүстэй өөрийн биеэр очиж уулзаад манай дээрх санал үнэн бодитой эсэхийг тодруулахад банкны зүгээс үнэн болохыг мэдэгдээд, Т- тус компанийг зээлийн хүсэлтээ манайд өгч судалгаанд оруул, харин Анома хотхоны хаусын байрыг танайх худалдан авахад зориулж олгох зээлийн мөнгөнөөс “Ч- ББСБ” ХХК-ийн зээлийн өр болох 2,8 тэрбум төгрөгийг үүгээрээ суутган авна гэхэд захирал Г.Ц- зөвшөөрсөн. “П-” ХХК-аас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор зээлийн хүсэлтээ Т-инд өгсөн. Ингэхдээ Т-, “Ч- ББСБ” ХХК, “П-” ХХК гэсэн 3 талын тохиролцсоны дагуу санхүүгийн тооцооллоо хийж оруулсан. “П-” ХХК нь анх орон сууцны барилгаа барихад зориулан Хөгжлийн банкнаас ихээхэн хэмжээний зээл авсан байсан бөгөөд энэ зээл нь хэвийн ангилалд байсныг Т-ны ажилтнууд мэдэж байсан. “П-” ХХК, манай компанийн холбоотой зээлийн асуудлыг Т-ны зээлийн хорооны хурлаар нийтдээ 4 удаа хэлэлцсэн. Банкны зарим ажилтан асуудлаа буруу ойлгон, удирдлагадаа буруу мэдээлэл өгсөн байна гээд манайх тус банкинд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 67 тоот албан бичгээр тайлбар өгсөн боловч авч хэлэлцээгүй. Т- өөрөө манайд өөр зээлдэгч олоод ир гэж анх санал тавьсан, манай компани болон “П-” ХХК-ийн ажлыг 3 сар орчим алдагдуулсан, энэ хугацаанд манай үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах ажиллагааг зогсоож бидний зээлийн төлөлтийг хойшлуулан хохироосон, олон сар 2 компанийн ажил алба алдагдуулсан, банк өөрөө зээл олгох шийдвэрээ ямар ч үндэслэлгүй, зүй бусаар цуцалж манай 2 компанийг хохироосон байж эцэст нь ихээхэн хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүү, торгууль тооцон гаргаад нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Манай байгууллага 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүгээр хохирч байна. Иймд 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх үндсэн хүү 139 828 444 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх үндсэн хүү 119 701 911 төгрөг, нийт 259 530 355 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-т зааснаар “Т-” ХХК нь “П-” ХХК-д олгох зээлээс татгалзсанаас үүссэн хохирол гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь “Ч- ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан, Ө.М-гийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгаа, иргэн М.Э- “Ч- ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн боловч энд хамааралгүй бөгөөд компанийн хөрөнгөөр л хариуцах ёстой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ч- ББСБ” ХХК, М.Э-, Ө.М- нараас 3 153 723 134.32 /гурван тэр бум нэг зуун тавин гурван сая долоон зуун хорин гурван мянга нэг зуун гучин дөрвөн төгрөг, гучин хоёр мөнгө/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Т-” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж 26, Г26/1 тоот хаягт байрлалтай, 3378,5 м.кв талбайтай, авто аж ахуйн зориулалттай цогцолбор барилга, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай үйлчилгээ орон сууцны зориулалттай, 10106 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, “Ч- ББСБ” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны орлого, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх төрлийн авлага, бараа материал түүхий эд, Т- дахь болон бусад арилжааны банкууд дахь харилцах, хадгаламжийн дансын бүх төрлийн орлого, үлдэгдэл зэргийн үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “Т-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 084 517 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 16 084 517 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч “Т-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Т-ны нэхэмжлэлтэй, "Ч- ББСБ" ХХК, иргэн М.Э, Ө.М- нарт холбогдох иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн тул 2019 оны 11 сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ЩШ2019/02330 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02330 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нъ: хэсэгт "...Хариуцагч нар нь “Т-” ХХК-ийг дээрх шийдвэрийн дагуу “П-” ХХК-д 4 000 000 000 төгрөгийн зээлийг олгоогүйгээс уг зээлийг олгуулах талаар хөөцөлдөж хугацаа алдсанаас өөрийн авсан 3 000 000 000 төгрөгийн зээл, хүүг төлөх боломжгүй болсон тул 2019 оын 3 дугаар сарын 19-ны өдрийг хүртэлх үндсэн хүү 139 828 444 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх үндсэн хүү 119 701 911 төгрөг, нийт 259 530 355 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч, татгалзсан үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шиидвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар тайлбар түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжуүлж нэхэмжлэлийн шаардлагыг няиаагаагуй байна." гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж ишйдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь хариуцагч "Ч- ББСБ" ХХК нь өмнөх штэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд-Эрдэнээс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал М.Э- 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс оролцож, хэргийн материалтай танилцаад 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 39 тоот албан бичгээр шүүхэд нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтийг гаргахад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/11132019/12372 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус үндэслэн хүсэлтүүдийг хангахгүй шийдвэрлэсэн билээ. Уг хүсэлтийг хангахгүй шийдвэрлэхдээ "хариуцагчийн төлөөлөгч дээрх хүсэлтийг шүүх хуралдаанаас өмнө шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан, хүсэлтүүд нь ач холбогдолгуй байх тул" гээд хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч "Ч- ББСБ" ХХК нь өмнөх итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ээс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинээр компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гүйцэтгэх захирал М.Э- 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс оролцож, хэргийн материалтай танилцаад 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 39 тоот албан бичгээр шүүхэд нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтийг гаргасан байхад шүүх хуралдаанаас өмнө шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжтой гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийг буруу хэрэглэж хариуцагч өөрийн татгалзын үндэслэлээ нотлох баримтыг шүүхээр гаргуулах хүсэлтийг хангалгүй шийдвэрлэсэн. Мөн түүнчлэн анхан шатны шүүх, шүүгч "нотлох баримтыг нотолгооны ач холбогдолгүй гэж шаардан авахаас татгалзах эрхийг" зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтаар олгосон билээ. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч "Ч- ББСБ" ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 39 тоот албан бичгээр шүүхэд нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтийг хангахгүй, түүгээр ч зогсохгүй захирамжид гомдол гаргах эрхгүй байхаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хуулийг буруу хэрэглэж хүсэлтийг шийдвэрлэсэн. Энэ хүсэлт нь хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох, анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгтээ "... Хариуцагч нар нь ..мийт 259 530 355 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч, татгалзсан үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүилийн 25.2.2-т зааснаар тайлбар түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг няцаагаагүй байна." гэж дүгнээд байгаа хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой чухал нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлт байсан билээ. Уг нотлох баримт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх хангахгүй шийдвэрлэсэн нь хариуцагч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаас нийт 259 530 355 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа нотлох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Мэтгэлзэх зарчмыг бүрэн хэрэгжүүлэх боломжгүй болсон билээ. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дах хэсэгт заасны дагуу 2019 оны 11 сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2019/02330 дугаар ишйдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч гэрээний оролцогч талуудыг зөв тодорхойлоогүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “Т-” ХХК нь хариуцагч “Ч- ББСБ” ХХК, М.Э-, Ө.М- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 153 723 134.32 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 259 530 355 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “Т-” ХХК, хариуцагч “Ч- ББСБ” ХХК-ийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 12/16-23 дугаартай Зээлийн шугамын гэрээ байгуулагдаж, 1 000 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, зээлийн шугамын эрхийн ашиглаагүй үлдэгдэлд 4,8 хувийн комитмент хүүтэй, 24 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Ө.М-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж 26, Г26/1 тоот хаягт байрлалтай, 3378,5 м.кв талбайтай, авто аж ахуйн зориулалттай цогцолбор барилга, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай үйлчилгээ орон сууцны зориулалттай, 10106 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, “Ч- ББСБ” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны орлого, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх төрлийн авлага, бараа материал түүхий эд, Т- дахь болон бусад арилжааны банкууд дахь харилцах, хадгаламжийн дансын бүх төрлийн орлого, үлдэгдэл зэргийг тус тус барьцаалж, улмаар 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дээрх зээлийн гэрээнд 12/16-23-1 дугаартай гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн шугамын эрхийн хэмжээг 2 000 000 000 төгрөг болгожээ./1хх 26 дугаар тал/

 

            Түүнчлэн, зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 12/17-11 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 1 000 000 000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Ө.М-гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж 82 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 436,38 м.кв талбайтай, хувийн сууц, граж, Ч- ББСБ ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны орлого, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх төрлийн авлага, бараа материал түүхий эд, Т- дахь болон бусад арилжааны банкууд дахь харилцах, хадгаламжийн дансын бүх төрлийн орлого, үлдэгдэл зэргийг барьцаалсан байна./1хх 30-34 дүгээр тал/

 

            Дээрх гурван гэрээгээр “Ч- ББСБ” ХХК нь “Т-” ХХК-аас  3 000 000 000 төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж тус бүр зээл, барьцааны болон батлан даалтын гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 165 дугаар зүйлийн 165.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүсжээ. Талууд 12/16-23, 12/16-23-1 дугаартай гэрээгээр ашиглаагүй зээлийн үлдэгдэлд 4,8 хувийн коминтмент хүү тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

            Зохигчид зээлийн дүн, эргэн төлөлтийн хуваарь, гэрээ тус бүрийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

 

            Зээлдэгч “Ч- ББСБ” ХХК зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчих болсноор зээлдүүлэгч “Т-” ХХК нь дээрх зээлийн гэрээнүүдийн үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөөгүй байх тул гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа олгон мэдэгдэл хүргүүлж, удаа дараа шаардсан байна./1хх-ийн 38-41 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч нараас гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

            Зохигчид зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

            Хариуцагч талаас шүүх нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах тухай хүсэлтийг хүлээж авалгүйгээр талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж байх боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтэд дурдагдаж буй “Т-” ХХК-ийн Зээлийн ерөнхий хорооны 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “П-” ХХК-д 5 000 000 000 төгрөгийн зээл олгохоос татгалзсан 97/02 дугаартай шийдвэр, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “П-” ХХК-д 4 000 000 000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн 110/01 дугаартай шийдвэр, маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “П-” ХХК-д 4 000 000 000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн 110/01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн баримтууд хэрэгт авагджээ. /1хх-ийн 141-143 дугаар тал/

 

            Хэдийгээр хариуцагч нар нэхэмжлэгч “Т-” ХХК нь “П-” ХХК-д         4 000 000 000 төгрөгийн зээлийг олгоогүйгээс уг зээлийг олгуулах талаар хөөцөлдөж хугацаа алдсанаас өөрийн авсан 3 000 000 000 төгрөгийн зээл, хүүг төлөх боломжгүй болсон тул 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх үндсэн хүү 139 828 444 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх үндсэн хүү 119 701 911 төгрөг, нийт 259 530 355 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч нь “П-” ХХК -тай зээлийн гэрээ байгуулсан эсэх нь хариуцагч  “Ч- ББСБ” ХХК нь өөрийн байгуулсан зээлийн гэрээний үүргээс буюу хугацаа хэтрүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч “Ч- ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

            Иймд “Т-” ХХК нь “П-” ХХК-д 4 000 000 000 төгрөгийн зээл олгоогүйгээс “Ч- ББСБ” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойшхи зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 259 530 355 төгрөгөөр хохирсон гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

            Хариуцагч “Ч- ББСБ” ХХК нь 12/16-23, 12/16-23-1 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 997 992 573,86 төгрөг, зээлийн гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хүүд 555 606 667,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44 361 269,67 төгрөг, нөөцлөн баталгаажуулсаны хүү 820 424,69 төгрөг нийт 2 598 780 935,28 төгрөгийг, мөн 12/17-11 дугаартай Зээлийн гэрээгээр авсан 1 000 000 000 төгрөгийн зээлийн хүү 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 460 000 000 төгрөг, зээлийн гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хүүд 90 517 125,13 төгрөг, мөн хугацааны нэмэгдүүлсэн хүүд 4 425 073,97 төгрөг, бүгд 554 942 199,10 төгрөг, нийт 3 153 723 134,32 төгрөг төлөх үүрэгтэй. Үүнийг хариуцагч талаас үгүйсгэсэн баримтыг гаргаагүй байна.

 

            Харин, шүүхээс хариуцагч М.Э-, Ө.М- нараас дээрх зээлийн гэрээний дагуу зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 3 153 723 134,32 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь дээрх зээлийн гэрээний зээлдэгч нь “Ч- ББСБ” ХХК байх ба М.Э-, Ө.М- нар нь хувь хүнийхээ зүгээс гэрээний оролцогч болоогүй байх тул зээлийн гэрээний төлбөрийг шууд төлөх үүрэг үүсэхгүй. Хариуцагч “Ч- ББСБ” ХХК-иас төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээний дагуу барьцаалбараас хуулийн дагуу төлбөрийг барагдуулах ажиллагаа явагдана.

 

Иймээс үүргийн гүйцэтгэлийг барьцаанд байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02330 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ч- ББСБ” ХХК-аас 3 153 753 723 134 төгрөгийг гаргуулж, “Т-” ХХК-д олгож, нэхэмжлэлээс иргэн М.Э-, Ө.М- нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 455 602 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ТУЯА

 

                                                        ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ

                   

                                                                                                        С.ЭНХТӨР