Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 03

 

 

             Б.Б-д холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 484 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай Б.Бд холбогдох, 2035000500143 дугаартай эрүүгийн 1 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Х.Энхтуул нар оролцов.

Монгол Улсын иргэн, ........ оны ..... дугаар сарын .....-ны өдөр Увс аймгийн ....... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, ........... боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ......, ............... хамт Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, З ургийн овогт Б-ийн Б /Регистрийн дугаар: .........../

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутагт 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Д.Б-ыг өөрийн амьдралд оролцлоо гэх шалтгааны улмаас гэрээсээ шидэж гарган түүний хөлөн тус газарт   өшиглөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М ургийн овогт Б-ийн Б-д холбогдох хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд “Хэргийг прокурорт буцаах тухай” 484 дүгээр захирамжаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.Б-д холбогдох  хэргийг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн бөгөөд 484 дугаартай шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүхээс  мөрдөгч, прокурор нь гэмт хэргийг зүйчлэхдээ хэргийн үйл баримтыг бүх талаас нь бүрэн бодиттойгоор дүгнэж, шүүгдэгчийн үйлдэлд тухайн зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байгаа эсэхийг зайлшгүй шалган тогтоох ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “гэж тухайн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлийг тодорхойлсон байна. Прокурор хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж “үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдал байсан эсэхийг шалгаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Учир нь: Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан санаатайгаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргүүдийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэх  нөхцөлийг хуульчилсан.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж” үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл болно гэж заасан .Харин тухайн хүндрүүлэх нөхцөлд хууль тогтоогч “ахмад настан” хүний эсрэг үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөлд тооцогдохоор хуульчлаагүй.

        Шүүх хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтод хохирогч өндөр настай буюу ахмад настан, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй мөн биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсвэл мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байхыг ойлгоно” гэж дүгнэсэн бөгөөд тухайн дүгнэлтээр бүх ахмад настныг биеэ хамгаалж чадахгүй байх ойлголтод хамруулсан нь хэт өрөөсгөл ойлголт юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б-ын өгсөн “....Би ..... сумын .... дугаар багт амьдардаг 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед өөрийн гэрээсээ ганцаараа морь унаад хойш гарч 300 орчим метр газарт байх том хүргэн болох Б-ийн гэрт очсон...” гэх мэдүүлгээс түүнийг “биеэ хамгаалж чадахгүй” гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 9900 дугаартай “Д.Б-ын биед баруун дунд чөмөг их, бага эргүүлэг дайрсан далд хугарал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлтээр тогтоосон.

Тухайн дүгнэлтээр Б.Б-ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна гэдгийг шинжээч дүгнэлтдээ тодорхой тусгаж өгсөн бөгөөд дээрх гэмтэл нь шүүгдэгч Б.Б-ийн шууд санаатай үйлдлийн улмаас үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог бөгөөд тухайн гэмтэл нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн эсэхээс үл хамааран өөрөөр хэлбэл нэг удаагийн, эсхүл хоёр удаагийн үйлчлэл, шидсэн, өшиглөсний улмаас үүссэн эсэхээс үл хамааран хохирогчийн эрүүл мэндэд “баруун дунд чөмөг их, бага эргүүлэг дайрсан далд хугарал гэмтэл” учирсан байна.

Иймд шүүх хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтойг тогтоох шаардлагатай гэх заалт нь ач холбогдолгүй заалт юм.

Хэрэв шүүх хохирогч Д.Б-ын биед учирсан баруун дунд чөмгөний их бага эргүүлэг дайрсан далд хугарал гэмтэл хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг тодруулах шаардлагатай гэж үзвэл шинжээчийг шүүх хуралдаанд оруулж, энэ талаар тодруулах боломжтой юм.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 484 дүгээр хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав. 

           Прокуророос шүүгдэгч Б.Б-г Увс аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нутагт 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Д.Б-г “ өөрийн амьдралд оролцлоо” гэх шалтгааны улмаас гэрээсээ шидэж гарган, түүний хөлийн хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

            Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокурорт буцаан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

           Анхан шатны шүүх “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамждаа “прокурор хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж байгаа эсэх, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан “ хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”  гэсэн хүндрүүлэх шинж байгаа эсэхийг шалгаж тодруулаагүй. Хохирогч нь өндөр настай хүн байх тул биеэ хамгаалж чадахгүй гэх шинж байгаа эсэхийг шалгах, мөн хохирогчийн биед учирсан хүндэвтэр гэмтэл нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтойг тогтоогоогүй тул нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай” гэх үндэслэлүүдийг зааж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэх зарчимд нийцээгүй байна. Үүнд :

           1.Хохирогч Д.Б нь энэ гэмт хэрэгт өртөх үедээ 67 настай байсан, Ахмад настны тухай хуульд зааснаар ахмад настан гэх ангилалд хамаарах боловч түүний  биеийн эрүүл мэнд, ухаан мэдрэл /сэтгэцийн байдал/, өөрийгөө илэрхийлэх, хөдөлгөөн хийх чадвар хэвийн, хохирогч илтэд биеэ хамгаалах чадваргүй болох нь тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн зүгээс хохирогчийн эсрэг ямар үйлдэл хийсэн ч эсэргүүцэх чадваргүй сул дорой, хөдөлгөөн хязгаарлагдмал, өвчин эмгэгтэй буюу бие махбодын болон сэтгэхүйн хувьд өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй нь илэрхий байсан гэх үндэслэл, нотолгоо хэрэгт тогтоогдоогүй байна.

          Нөгөө талаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ ахмад настай хүний эсрэг үйлдсэн” бол энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцохоор  хуульчлаагүй, мөн түүнчлэн ахмад настай хүн бүрийг биеэ хамгаалах чадваргүй гэж тодорхойлох нь бодит байдалтай нийцэхгүй юм. 

          2. Хэрэгт авагдсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 9900 дугаар дүгнэлтээр хохирогч Д.Б-ын биед баруун дунд чөмгөний их, бага эргүүлэг дайрсан далд хугарал гэмтэл учирсан нь тогтоогдсон, уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой талаар дүгнэлтэд тусгасан байх ба энэхүү дүгнэлтийг үгүйсгэх, эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.

          Түүнчлэн хохирогчийн биед учирсан энэхүү гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас тухайн цаг хугацаанд үүссэн болох нь хохирогчийн “ ...Б нь гаднаас орж ирээд надтай мэнд асуухгүйгээр шууд “ чи манай алхавч/ гэрийн босго/ -аар яах гэж орж ирэв, чи манай эхнэр амаржих үед олон, таван үг хэлсэн гэнэ лээ” гэж хэлээд миний 2 суганаас өргөөд гэрийн хаалгаар гаргаж шидсэн, би газар унахдаа баруун ташаа хэсгээрээ хавтгай чулуун дээр унасан, тэгээд Б миний ташаа хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Би тухайн газраас босож чадалгүй, орилоод нэлээн удаан суусан, тэгж байтал манай охин М, мөн Б, Ц нар ирсэн. Дараа нь Э, Л нар мотоциклтэй ирээд намайг мотоциклийн суудал дээр хэвтүүлээд, Л толгойноос бариад, О гэдэг залуу миний хөлөөс бариад мотоциклоор удаан, зөөлөн явж манай гэрт намайг хүргэсэн. Маргааш нь аймгийн төв рүү орж эмч нарт үзүүлэхэд “ түнхний ясны толгой нь хугарсан байна, яаралтай хот руу яв гэж хэлсэн. Тэгээд онгоцоор УБ хотод ирж, эмнэлэгт   хэвтэн мэс засалд орж, 3 хадаас хадуулсан. Одоо босож чадахгүй, хэвтрийн дэглэмтэй байна” гэх мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон.

           Энэ гэмт хэргийн хувьд хохирогчийн биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн эсэх нь шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзлээ.    

 Давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагааг хянаад Б.Б-д  холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, шаардлагатай тохиолдолд хохирогч, гэрч, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоон шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

            Иймд анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч,  хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.  

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

             1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 484 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох, 2035000000143 дугаартай эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

             2. Хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.Б-д  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

             Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.    

  

 

   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                       Н.МӨНХЖАРГАЛ

              

          ШҮҮГЧИД                                                                  Л.АЛТАН

 

                                                                                             Д.ЖАМБАЛСҮРЭН