Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2019/02230

 

 

 

 

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2019/02230

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  НШШГГ т холбогдох

3.106.931 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1652 тоот захирамжийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, нарийн бичгийн даргад Б.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 23 өдрийн 872 дугаар шийдвэрийн төлбөрийг С.А би төлөх ёсгүй байхад миний бусдад төлөх төлбөрийн мөнгөнөөс 3.106.931 төгрөгийг авч С.Т т олгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчиж хийгдсэн гэж үзэж байна.

Уг шийдвэрт Самбуугийн Ганбатаас төлбөр гаргуулж Содномын Төмөрт олгохоор шийдвэрлэсэн байна.

С.Г нь өөрөө төлбөрөө төлөх ёстой байсан. С.Г өмнө нь миний нөхөр байсан 2004 оноос хойш тусдаа амьдарч байгаад 2006 оны 3 сарын 29- нд эд хөрөнгө болон элдэв маргаангүй гэж захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулсан.

С.Г 2004 онд хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл хийж нотариатаар орж байсан. Энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь бидний гэрлэлтийг цуцалж, түүнтэй ямар ч хамааралгүй болсон хойно хийгдсэн ажиллагаа юм.

Шийдвэр гүйцэтгэгч Ц.Цолмонтуяагийн энэ ажиллагаанаас дуусаагүй төлбөр үлдсэн тул хууль зөрчиж авсан 3.106.931 төгрөгийг гаргуулж төлбөрөө төлөх шаардлагатай байна. Шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагуудад гомдолоо гаргасан ч шийдвэрлэж өгөөгүй.

Иймд миний төлбөрийн мөнгөнөөс Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж авсан 3.106.931 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1652 тоот захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь бүхэлдээ хууль зөрчсөн улмаар төлбөр төлөгчийн эрх ашгийг хохироосон ажиллагаа болсон байгаа юм.

Учир нь С.А нь С.Г ын бусдад төлөх төлбөрийг төлөх тухай ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байхад түүний өмчлөлд байсан өмч хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж С.Т ийн төлбөрийг барагдуулсан нь хууль бус юм.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1652 тоот захирамжийн дагуу явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төлбөр төлөгч С.А , С Ганбат нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн тул шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх, дансалсан буюу битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болохыг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн.

Дээрх тогтоолоор С.Г ыг Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 258.1-д зааснаар 2 сар баривчлах, 260 дугаар зүйлийн 260.1-д зааснаар 3 сар баривчлах ялаар, С.А д холбогдох Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 258.1, 260 дугаар зүйлийн 260.1-д заасан хэргийг 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч С.А гаас 54.439.267 төгрөгийг гаргуулан нэр бүхий иргэдэд олгохоор шийдвэрлэснээс манайд төлбөр авагч Г.Оюунгэрэл, Бат энд инвест ББСБ, Оюу Алт ХЗХ нар гүйцэтгэх хуудсаа бичүүлэн ирүүлжээ.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 872 дугаар шийдвэрээр С.Г аас 8.330.000 төгрөгийг гаргуулж С.Т т, мөн шүүхийн 2002 оны 1062 дугаар шийдвэрээр С.А , С.Г нараас 1.979.420 төгрөгийг гаргуулан Б.Нямхүүд олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан болно.

Төлбөр төлөгч С.Г ын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй талаар лавлагаа авахад Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын 2005 оны 3-107 дугаар албан бичгээр иргэн С.А , С.Г нарын өмчлөлд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаагийн 801 дүгээр ангийн зүүн хойно байрлах амины орон сууц бүртгэлтэй, Тээвэр хөгжлийн банкны барьцаанд бүртгэлтэй тухай хариу ирүүлжээ.

Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, 2003 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1/6645 тоот албан бичгийг хүргүүлсэн.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 1068 дугаар шийдвэрээр С.А гаас 46,677,871 төгрөгийг гаргуулан Тээвэр хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан С.А , С.Г нарын хамтран өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу төлбөр авагчид өмчлөх эрхийг шилжүүлж, зөрүү төлбөрөөр дээрх 2 төлбөр төлөгчийн бусдад төлөх төлбөрийг төлүүлсэн.

Тухайн үед төлөгдөөгүй үлдсэн 41.878.825 төгрөгийн 6 гүйцэтгэх баримт бичигт 15.620.000 төгрөг олгон, тус албанд бүртгэлтэй 5 гүйцэтгэх хуудсыг хааж дуусгавар болгожээ. Банк хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанд бүртгэлтэй гүйцэтгэх баримт бичигт шиидвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй байсан болно.

Төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Хорих 407 дугаар ангид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай албан бичгийг хүргүүлснээр төлбөр төлөгч С.А нь хорих ангиас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсаны дараа шийдвэр гүйцэтгэлийн бүх хувийн хэргүүдтэй танилцан, холбогдох бүх байгууллагад гомдол гаргаж байсан болно.

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1451 дүгээр шийдвэрээр Тээвэр хөгжлийн банкнаас 27.868.071 төгрөгийг гаргуулж С.А д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусгавар болгосон байна

Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул 3.106.931 төгрөгийг С.А д буцаан олгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 1068 дугаар шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч С.А нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 3.106.931 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1652 тоот захирамжийн дагуу явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч НШШГГ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1652 тоот захирамжийн дагуу явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухайд:

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1068 дугаартай захирамжаар хариуцагч С.А гаас зээлийн гэрээний үүрэгт 46.508.600 төгрөг нэхэмжилсэн Тээвэр хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, С.А гаас улсын тэмдэгтийн хураамжид 169269 төгрөгийг гаргуулан Тээвэр хөгжлийн банкинд олгох, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С.Г , С.А нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цагдаагийн 801 дүгээр ангийн хойно байрлах 395,38 м.кв талбай бүхий зочид буудлын 4 давхар барилга, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хорооллыг Мондет ХХК-ийн 2 дугаар байрны 10 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж төлүүлэхийг дурьдаж шийдвэрлэжээ./хх-ийн 13-15, 97-р хуудас/

Дээрх шийдвэрийг С.А сайн дураараа биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1652 дугаартай шүүгчийн захирамжийг гаргаж , 460 дугаартай гүйцэтгэх хуудсыг бичсэн байна. /хх-ийн 23,24-26, 78,79-р хуудас/

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1068 дугаартай шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд төлбөр төлөгч С.А гомдол гаргаж Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 87 дугаартай шийдвэрээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 360 тоот үнэлгээг хүчингүй болгожээ./хх-ийн 28,29, 112-114-р хуудас/

Үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ хүчингүй болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвтгөн явуулж, төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх тухай актыг 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр үйлдэж 2007 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 443 дугаартай тогтоолыг үйлджээ./хх-ийн 87-93,97-117-р хуудас/

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1068 дугаартай шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх явцад С.А , С.Г нарыг шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжилсэн байрыг банкны барьцаанд тавьж бусдад шилжүүлсэн үйлдэлд нь дансалсан буюу битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2006 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоол гарчээ. /хх-ийн 34-37-р хуудас/

Энэ бүхний эцэст С.А нь зочид буудлын барилгын 75.000.000 төгрөг, 1 өрөө орон сууцыг бусдад худалдсан 18.200.000 төгрөг, нийт 93.200.000 төгрөгийг Тээвэр хөгжлийн банк авсан. Үүнээс шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 46.677.869 төгрөг, бусдын өр төлбөрт суутгасан 15.620.000 төгрөг, Тээвэр хөгжлийн банкны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд төлөх 1.500.000 төгрөгийг хасч үлдэх 30.902.131 төгрөгийг Тээвэр хөгжлийн банкинаас гаргуулан өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1451 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 911 дүгээр магадлал, Дээд шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор Тээвэр хөгжлийн банкнаас 27.868.071 төгрөг гаргуулан С.А д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.034.060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ./хх-ийн 58-65-р хуудас/

Дээрх бүхнээс дүгнэхэд нэхэмжлэгч /төлбөр төлөгч/ С.А нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1652 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж , 460 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүлээн зөвшөөрч төлбөр авагч Тээвэр хөгжлийн банкны болон бусдад төлөх төлбөрийг төлж, үлдсэн 27.868.071 төгрөгийг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1451 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 911 дүгээр магадлал, Дээд шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаартай тогтоолын дагуу С.А авсан байна. /хх-ийн 56, 57, 66, 67-р хуудас/

Иймд Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1652 тоот захирамжийн дагуу явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болсон гэж дүгнэх үндэслэлгүй байна.

2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 3.106.931 төгрөг гаргуулах тухайд:

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 872 дугаартай шийдвэрээр С.Г аас 8.330.000 төгрөгийг гаргуулж С.Т т олгохоор шийдвэрлэжээ./хх-ийн 4-р хуудас/

Дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэх явцад С.А нь:

1.Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1062 дугаартай шийдвэрээр Б.Нямхүүд 1.979.420 төгрөгийн,

2. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 206 дугаартай шийдвэрээр Г.Оюунгэрэлд 6.804.000 төгрөгийн,

3. Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1531 дугаартай шийдвэрээр О.Янжмаад 1.979.420 төгрөгийн,

4. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Бат Энд инвест ББСБ-д 5.915.000 төгрөгийн,

5. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Оюун Алт ХХК-д 6.000.000 төгрөгийн,

6.Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1068 дугаартай шийдвэрээр 46.677.871 төгрөгийн төлбөртэй шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан болох нь зохигчын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 30-37, 46-52, 55-р хуудас/

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 872 дугаартай шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч С.Г ын хамтран өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цагдаагийн 801 дүгээр ангийн хойно байрлах 395,38 м.кв талбай бүхий зочид буудлын 4 давхар барилгыг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр төлөгч С.Г ад оногдох хэсгээс 3.106.931 төгрөгийг төлбөр авагч С.Т т олгосон нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна./хх-ийн 4,7,9-р хуудас/

Мөн Тээвэр хөгжлийн банкны шилжүүлэн авсан 75.000.000 төгрөгийн үнэтэй зочид буудлын барилга, 1 өрөө орон сууцыг бусдад худалдсан үнэ18.200.000 төгрөг, нийт 93.200.000 төгрөгнөөс:

С.А гийн шүүхийн шийдвэрийн дагуу төлөх зээлийн төлбөр 46.677.871 төгрөг, бусдын өр төлбөрт шилжүүлсэн 15.620.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд банкны төлсөн 3.030.060 төгрөгийг тус тус хасч үлдэх 27.868.071 төгрөгийг С.А д олгож, нэхэмжлэлээс 3.034.060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1451 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 911 дүгээр магадлал, Дээд шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаартай тогтоол байгааг дурьдах нь зүйтэй. /хх-ийн 59-р хуудас/

Учир нь: шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч С.А гийн төлбөрийг төлбөр авагч нарт хувь тэнцүүлэн олгосон бусдад төлөх төлбөр 15.620.000 төгрөгт С.Г аас С.Т т төлөх 3.106.931 төгрөгийг шилжүүлсэн нь багтсан байна. /хх-ийн 8, 46, 59-р хуудас/

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.А гийн төлбөрийн мөнгөнөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж авсан гэх 3.106.931 төгрөгийн асуудлыг багтаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байна гэж үзнэ.

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, анхны болон хоёр дах дуудлага худалдаанд оруулсан тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад баримтууд болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд:

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1652 тоот захирамжийн дагуу явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 30 дугаар зүйлийн 30.1., 31 дүгээр зүйлийн 31.1., 34 дүгээр зүйлийн 34.1.1., 34.1.6., 35 дугаар зүйлийн 35.4., 35.7., 37 дугаар зүйлийн 37.2.2.,48 дугаар зүйлийн 48.7. дугаар зүйлд заасан шаардлагатай,

Төлбөр төлөгч С.Г ын өмчлөлийн бусдад барьцаалсан эд хөрөнгөнөөс түүний төлөх төлбөрийн 3.106.931 төгрөгийг төлбөр авагч С.Т т шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 54 дүгээр зүйлийн 54.1.-т заасантай тус тус нийцжээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3.-т заасны дагуу Төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заажээ.

Нэхэмжлэгч /төлбөр төлөгч/ нь хууль зөрчиж шилжүүлэн авсан гэх 3.106.931 төгрөгийг гаргуулах тухай гомдлоо НШШГГ т өгч 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 4/149 дугаартай тоот бичгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчээс, 2019 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 2/205 дугаартай тоот бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргааас тус тус хариу авсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3.-т заасны дагуу гомдол гаргаж хариу авсан гэж үзэх үндэсгүй байна./хх-ийн 10,11-р хуудас/

Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1068 дугаартай захирамж, мөн тус шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 872 дугаартай шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаж байсан гэж үзэх үндэсгүй.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 3.106.931 төгрөг гаргуулж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1652 тоот захирамжийн дагуу явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон                                                  ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3. дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 3.106.931 төгрөг гаргуулж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1652 тоот захирамжийн дагуу явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО