Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 136/ШШ2020/00155

 

2020 04 15 136/ШШ2020/00155

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: У хот, дүүрэг, 1 дугаар хороо, С гудамж- байрлах, МСын хувь нийлүүлсэн нийгэмлэг У төмөр зам /РД:2333333333333/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймаг, С сум, 8 дүгээр баг, Г гудамж, 34 дүгээр байрны 25 тоотод оршин суух, З овогт Дийн З /РД:6666666666/-т холбогдох

 

Үндэслэлгүйгээр олж авсан 10 625 928 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч НБ, Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч МСын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.З нь УБТЗ-ын С татах хэсэгт илчит тэрэгний машинчаар ажиллаж байгаад 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 73 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан. УБТЗ-аас 2011 онд ажлаас халагдсанаас хойш өөр байгууллагад ажиллаж байгаад 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.УБТЗ-ын С татах хэсгийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б-3-903 тоот тушаалаар Д.Зт МСын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 3.13, 3.11.1 дэх заалтуудыг үндэслэн төмөр замын байгууллагад тасралтгүй 26 жил 2 сар ажилласан гэж арван сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 10,625,928 төгрөгийг олгожээ. Д.Зт 10 625 928 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлгүй болох нь дараах дүрэм, журмаар тогтоогдож байна. Үүнд:

МСын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2018-2019 оны Хамтын гэрээний 3.13-д: УБТЗ-д 20-иос доошгүй жил тасралтгүй ажилласан ажилтан тэтгэвэрт гарах нас болоогүй боловч /группт гараагүй, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, тухайн орон тоог цомхтгосон, эрүүл мэндийн хувьд хөдөлгөөнтэй холбоотой ажилд тэнцэхгүй гэсэн эмнэлгийн акт гарсан/ өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан бол тэтгэвэрт гарах үед нь энэ гэрээний 3.11-т заасан тэтгэмжийг хөдөлмөрийн дундаж цалин хөлснөөс бодож олгож болно. гэж заасан. Энэхүү заалт нь 2012-2013 оны Хамтын гэрээнд анх орсон зохицуулалт бөгөөд үүнтэй холбоотойгоор Замын даргын баталсан 2012-2013 оны Хамтын гэрээний 3.11 дэх заалтыг хэрэгжүүлэх журам-ыг баталж мөрдөгдөж байгаа. Энэ журмын 2.6-д: Энэхүү журам МСын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, МТЗ-чдын ҮЭХ-ны 2012-2013 оны хамтын гэрээ батлагдсан үеэс хүчин төгөлдөр гэж тооцон мөрдөгдөнө. гэж заасан. Гэтэл Д.З нь 2011 онд өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан байх тул 2012-2013 оны Хамтын гэрээний зохицуулалтад хамаарахгүй болно.

 

1. Мөн журмын 3.1-д: Энэ журамд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлуулж байгаа ажилтан тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхэд 4 ба түүнээс доош жилийн хүгацаа байна. гэжээ.

Д.З нь 2011 онд өөрийн хүсэлтээр ажпаас халагдаад, УБТЗ-ын харьяа бус өөр байгууллагад 7 жил ажиллаж байгаад, тухайн байгууллагаасаа 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон атлаа УБТЗ-ын С татах хэсгээс өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг бусдыг төөрөгдүүлэн, хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр авч, үндэслэлгүйгээр хөрөнгө, орлого олж авсан байна. Д.Зт үндэслэлгүйгээр 10 625 928 төгрөгийг олгосон асуудлыг УБТЗ-ын Санхүү нягтлан бодох бүртгэлийн алба 2019 оны 10 дугаар сард илрүүлж, үндэслэлгүй олгосон мөнгийг иргэнээс буцаан гаргуулж авахыг УБТЗ-ын С татах хэсэгт үүрэг болгон байгууллагад нь авлага үүсгэсэн. Иймд Д.Заас үндэслэлгүйгээр олж авсан 10,625,928 /арван сая зургаан зуун хорин таван мянга есөн зуун хорин найман/ төгрөгийг буцаан гаргуулж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэх тухай хуулинд зааснаар МСын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь захиргааны хэргийн шүүхэд харъяалагддаг байгууллага юм. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хамтын гэрээнд заасан 3.13 дахь заалтыг тушаалд зааснаар .... Улаанбаатар төмөр замд 20 доошгүй жил тасралтгүй ажилласан ажилтан тэтгэвэрт гарах нас болоогүй боловч /группд гараагүй, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, тухайн орон тоог цомхтгосон, эрүүл мэндийн хувьд хөдөлгөөнтэй холбоотой ажилд тэнцэхгүй гэсэн эмнэлгийн акт гарсан/ өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан бол тэтгэвэрт гарах үед нь энэ гэрээнд заасан тэтгэмжийг хөдөлмөрийн гэрээ цуцлагдах үеийн дундаж цалин хөлснөөс бодож олгоно гэж заасан заалтыг тайлбарлахдаа ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээгээ цуцлах асуудал гэж. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарч байгаа. Нэхэмжлэгч тал хариуцагчийг хамтын гэрээний нэг тал биш гэж байгаа боловч Нийгмийн даатгалын тухай хууль болон тэтгэвэр, тэтгэмж авч байгаа нотлох баримтаар төмөр замд тасралтгүй 20 жил тасралтгүй ажилласан гэдэг нь тогтоогдож байна. Тухайн хамтын гэрээг Төмөр замын дэргэдэх эвлэлийн хороо зөвшилцсөний үндсэн дээр гэрээг баталсан байх, гэрээний биелэлтийг зөв эсэх тал дээр дотоод хяналт шалгалтаа хийж явах талаар тус гэрээний 10 дугаар зүйлд заасан байна. Өөрөөр хариуцагч дур мэдэн, хэн нэгнийг төөрөгдүүлж тухайн тэтгэмжийг авсан асуудал биш юм. Тухайн үеийн дарга нь хариуцагчийн гаргасан хүсэлтийг 30 хоногийн дотор хянаж үзээд тушаал гаргаж тэтгэмж олгосон. Албан тушаалтан буруу тушаал гаргаж тэтгэмж олгосон тухайд арга хэмжээ авсан тухай нотлох баримт хавтас хэрэгт байхгүй. Хамтын гэрээний заалтыг өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талын тайлбарласнаар журам гаргаж зохицуулсан байхад тухайн үед Хорлоо гэх хүн энэ тэтгэмжийг олгох тухай тушаал гаргасан нь эргэлзээтэй байна. Иймд гэрээг зохицуулах журмыг хэзээ баталсан, журмыг батлах үеийн хурлын тэмдэглэл гэх мэт нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь өөрөө дээрх журмыг хэзээ ч баталсан байх боломжтой гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч тал тухайн гэрээг тайлбарласан тайлбараа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаагүй байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Д.З шүүхэд гаргасан тайлбартаа: 1.Миний бие нь төмөр замын байгууллагад 30 жил ажиласан ба тэтгэвэр тогтоолгоход 26 жил 2 сар гэж гарсан. Тэгэхээр МСын Хувь Нийлүүлсэн Нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын нийгмэлдэг, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.13-д зааснаар:... 20-иос доошгүй жил тасралтгүй ажилласан ажилтан нь тэтгэвэрт гарах нас болоогүй боловч....өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан бол тэтгэвэрт гарах үед нь энэ гэрээний 3.11-т заасан тэтгэмжийг хөдөлмөрийн гэрээ цуцлагдах үеийн дундаж цалин хөлснөөс бодож олгож болно гэж заасны дагуу Улаанбаатар Төмөр замын С татах хэсгийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн Б-III- 903 дугаартай тушаалаар надад 10.625.928 төгрөг олгосон. Би өөрөө дур мэдэн энэ тэтгэмжийг аваагүй. Хамтын гэрээнд заасны дагуу 20-оос доошгүй жил ажилсан өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан байсан болохоор гэрээнд заасны дагуу олгогдсон гэж бодож байгаа. Монгол Улсын Иргэний хуулийн 198 дугаар зүйлд: гэрээг тайлбарлахдаа гэрээний шууд утгыг анхаарна гэж заасан байна. Тэгэхээр би өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ 2011 онд цуцлуулсан боловч 2018 онд тэтгэвэрт гарч байгаа болохоор энэ утгаар нь ойлгоод надад тэтгэмж олгосон гэж бодож байгаа.

3.УБТЗамын Санхүү нягтлан бодох бүртгэлийн алба нь 2019 оны 10 дугаар сард шалгалт хийж илрүүлсэн гэжээ. Энэ шалгалтаар хэнээр төлүүлэхээр акт тавигдсан нь тодорхойгүй ба УБТЗамын татах хэсэгт үүрэг болгон байгууллагад нь авлага үүсгэсэн гэж нэхэмжлэлдээ дурьджээ. Үүнээс харахад би энэ хэргийн хариуцагч биш гэж бодож байна. Учир нь би дураараа энэ мөнгийг аваагүй, даргын тушаалаар авсан. УБТЗамын татах хэсгийн даргын тушаалаар авсан болохоор өөрийгөө би хууль дүрэм зөрчиж, үндэслэлгүйгээр хөрөнгө, орлого олсон гэж үзэхгүй байна. Төмөр замын байгууллага надад тэтгэмж олгохдоо хууль.дүрэм журмаа үзэж байгаад надад олгож болно гэж үзээд олгосон байх гэж бодож байгаа. Төмөр замын байгууллагад би залуу нас, бүхий л амьдралынхаа ид эрч хүчтэй ажиллах бүхий л хүч хөдөлмөрөө зарцуулсан учраас энэ тэтгэмжийг олгосон гэж бодсон. Би ажиллаж байх хугацаандаа муу ажилтан байгаагүй. Тэтгэмж олгочихоод тэтгэврийн надаар энэ мөнгийг буцаан төлүүлнэ гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Төр, цэргийн албанд ажиллаж байсан хүмүүсийг ажпаасаа өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгосны дараа төрөөс тэтгэмж олгож байгаатай адил гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэн миний эрхийг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч НБ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Хамтын гэрээний нэг тал нь ажил олгогч юм уу Улаанбаатар төмөр зам нөгөө тал нь тухайн байгууллагын ажилтан байна. Дээрх субъектүүдийн хооронд эрх зүйн харилцаа үүсэж эрх, үүрэг үүсэж байна. Хөдөлмөрийн тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д зааснаар ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байгаа иргэнийг ажилчин гэнэ. Дээрх утгаар авч үзэхэд хариуцагч Улаанбаатар төмөр замын ажилтан биш байна. Хариуцагч нь хамтын гэрээний нэг тал буюу субъект нь болж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг няцаагаад байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.3-д зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж тайлбарлаж байна. Тухайн байгууллага нь өөрөө дотооддоо Хамтын гэрээг яаж ойлгох талаар журам гаргасан байгаа. Тухайн журмыг гаргаагүй бол дээрх хуульд зааснаар гэрээний утгыг тайлбарлах зүйтэй байна гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хамтын гэрээнд заасан 3.13 дахь заалтыг тушаалд зааснаар .... Улаанбаатар төмөр замд 20 доошгүй жил тасралтгүй ажилласан ажилтан тэтгэвэрт гарах нас болоогүй боловч /группд гараагүй, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, тухайн орон тоог цомхтгосон, эрүүл мэндийн хувьд хөдөлгөөнтэй холбоотой ажилд тэнцэхгүй гэсэн эмнэлгийн акт гарсан/ өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан бол тэтгэвэрт гарах үед нь энэ гэрээнд заасан тэтгэмжийг хөдөлмөрийн гэрээ цуцлагдах үеийн дундаж цалин хөлснөөс бодож олгоно гэж заасан заалтыг тайлбарлахдаа ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах асуудал байна гэж хэлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарч байгаа. Тухайн ажилчинд өөрт нь сонголт бий болж байна. Тухайлбал таны өндөр насны тэтгэвэрт гарах нас дөхсөн байна. Ийм учраас та ажил олгогчоос гаргасан дээрх нөхцөлүүдээс сонголт хийх боломжтой гэдгийг харуулж байна. Үүний дагуу тухайн тэтгэмжийг олгох нөхцөл бүрдэж тухайн тушаалд тусгагдсанаар хамтын гэрээнд зааснаар тэтгэмж олгох нөхцөл бий болж байна гэв.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн маргаан таслах комиссод хамаарах маргаан гэж байна. Хариуцагч нь манай ажилтан биш учраас хөдөлмөрийн маргаан таслах комисс тухайн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн ойлголт байхгүй юм. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.2-д зааснаар үндэслэлгүйгээр олж авсан 10 625 928 төгрөгийг буцаан төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байгаа гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Жигжиднямааг нэхэмжлэл гаргах эрхгүй субъект гэж байна. Улаанбаатар төмөр зам гэдэг нь нэг л байгууллага юм. Манай байгууллагын хувьд МСын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам гэсэн нийгэмлэг юм. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд юм. Энэ талаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан байдаг. Бидний хувьд төрөөс төсөв авдаггүй учраас төсвийн ерөнхийлөн захирагч гэсэн ойлголт байхгүй. Бид нар ашиг олбол ашгаасаа хоёр засгийн газарт хувь өгдөг байгууллага юм. Хавтас хэрэгт тухайн байгууллагын гэрчилгээ авагдсан түүний захирал Жигжиднямааг гэж заасан байгаа учраас Иргэний хуулийн 26 дугаар зүйлд зааснаар аливаа байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлдөг субъект нь захирал юм. Иймд байгууллагыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект нь Жигжиднямаа мөн юм. Манай байгууллагад дотоод аудитын хяналтын байгууллагын нэгжүүд байдаг. Хэдийгээр тухайн аудит дотоод хяналт шалгалтаараа акт гаргасан байсан ч нэхэмжлэлийг Жигжиднямаа гаргана эсвэл түүний итгэмжлэл олгогдсон субъект гаргах эрхтэй түүнээс аудитын байгууллага нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Мөн Санхүүгийн байгууллагын акт байхгүй учраас энэ хэргийн хариуцагч биш гэх тайлбарыг хариуцагч тал гаргаж байна. Тухайн үед ажиллаж байсан хүний нөөцийн тасгийн дарга нь 3 сарын хугацаатай туршилтын журмаар ажиллаж байсан үедээ тухайн хариуцагчид тэтгэмж олгох тухай тушаал гаргасан. Иймд дээрх туршлагагүй, хариуцлагагүй хүний алдаанаас болж үүссэн асуудал юм. Тухайн зөрчлийн санхүүгийн байгууллага балансаа хөтлөөд илрүүлсэн зөрчил юм. Манай байгууллагын төлөвлөгөө тооцоонд нэг жилд хэдэн хүн тэтгэвэрт гарах тухай төсөвлөсөн байдаг. Тухайлбал 10 сарын балансыг шалгахад төлөвлөгдөөгүй тэтгэмж олгогдсон байснаас үүдээд хариуцагчид олгосон тухай мэдэж байгууллагыг хохиролгүй болгох тухай үүргийг өгсөн байгаа гэв. Үүний дагуу хариуцагчид энэ талаар мэдэгдэхэд тухайн үед боломжтой үедээ өгнө гэх тайлбар ярьдаг байсан. Одоо бол хариуцагч би дураараа авсан юмуу гэж тайлбарлаж байгаа нь ёс зүйгүй байна. Өнөөдрийн хувьд хөдөлмөрийн харилцааны маргаан биш иргэний хуульд заасан маргаан үүсэж байгаа. Дээрх хамтын гэрээний зорилго нь тухайн байгууллагын ажилчидаа тогтвор суурьшилтай ажилуулах зорилготой хийгдсэн гэрээ гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МСын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь хариуцагч Д.Зт холбогдуулан үндэслэлгүйгээр олж авсан арван сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 10 625 928 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч тал: Төмөр замын байгууллагад нийт 26 жил 2 сар ажилласан, Төмөр замын байгууллагад би залуу нас, бүхий л амьдралынхаа ид эрч хүчтэй ажиллах бүхий л хүч хөдөлмөрөө зарцуулсан учраас энэ тэтгэмжийг олгосон гэж бодсон. Би ажиллаж байх хугацаандаа муу ажилтан байгаагүй. Тэтгэмж олгочихоод тэтгэврийн надаар энэ мөнгийг буцаан төлүүлнэ гэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Төр, цэргийн албанд ажиллаж байсан хүмүүсийг ажлаасаа өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгосны дараа төрөөс тэтгэмж олгож байгаатай адил гэж үзэж байна. Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.13-д заасны дагуу уг тэтгэмжийг авсан учир төлөхгүй гэж,

 

Нэхэмжлэгч тал: 2018-2019 оны Хамтын гэрээний 3.13-д: УБТЗ-д 20-иос доошгүй жил тасралтгүй ажилласан ажилтан тэтгэвэрт гарах нас болоогүй боловч /группт гараагүй, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, тухайн орон тоог цомхтгосон, эрүүл мэндийн хувьд хөдөлгөөнтэй холбоотой ажилд тэнцэхгүй гэсэн эмнэлгийн акт гарсан/ өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан бол тэтгэвэрт гарах үед нь энэ гэрээний 3.11-т заасан тэтгэмжийг хөдөлмөрийн дундаж цалин хөлснөөс бодож олгож болно. гэж заасан байхад бусдыг төөрөгдүүлж, үндэслэлгүйгээр 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 10 625 928 төгрөг авсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.2-д зааснаар нэхэмжилнэ гэж маргажээ.

 

Хариуцагч Д.З нь 1981 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар төмөр замын харьяа С татах хэсэгт ачигчаар ажилд орж, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж, 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 73 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, төмөр замын байгууллагад нийт 26 жил, 2 сар ажиллаж, Улаанбаатар Төмөр замын С татах хэсгийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б-III-903 дугаартай тушаалаар Д.Зт 10.625.928 төгрөг олгосон үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй болно. /хх-25, 27, 94-98/

 

Хариуцагч Д.З нь төмөр замын байгууллагад нийт 26 жил, 2 сар ажилласан ба хүнд хортой нөхцөлд ажилласан гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэрт 2018 оны 10 дугаар сарын ны өдөр /Төмөр-Замын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвөөс/ өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ.

 

МСын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг болон МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2018-2019 оны Хамтын гэрээний 3.13-д: УБТЗ-д 20-иос доошгүй жил тасралтгүй ажилласан ажилтан тэтгэвэрт гарах нас болоогүй боловч /группт гараагүй, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, тухайн орон тоог цомхотгосон, эрүүл мэндийн хувьд хөдөлгөөнтэй холбоотой ажилд тэнцэхгүй гэсэн эмнэлгийн акт гарсан/ өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан бол тэтгэвэрт гарах үед нь энэ гэрээний 3.11-т заасан тэтгэмжийг хөдөлмөрийн дундаж цалин хөлснөөс бодож олгож болно. гэж заажээ.

 

Дээрх гэрээний гол нөхцөл нь УБТЗ-д 20-иос доошгүй жил тасралтгүй ажилласан ажилтанд, тэтгэвэрт гарах үед нь энэ гэрээний 3.11-т заасан тэтгэмжийг хөдөлмөрийн дундаж цалин хөлснөөс бодож олгож болно гэжээ.

 

Зөвхөн МСын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн байгууллагуудаас өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон гэж онцолж заагаагүй,

 

2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б-III-903 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт УБТЗ-ын С Татах хэсгийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5, Монгол- Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, МТЗ-дын ҮЭ-ийн Холбооны 2018 - 2019 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.13, 3.11.1 дэх заалтуудыг үндэслэн

1.Татах хэсэгт илчит тэрэгний машинчаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан Д.З нь өндөр насны тэтгэвэрт гарсан тул төмөр замд тасралтгүй ажилласны тэтгэмж олгосугай.

2.Д.З нь төмөр замын байгууллагад тасралтгүй 26 жил 02 сар ажилласан байх тул арван сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг Ерөнхий нягтлан бодогч /Г.Гантуяа/-д зөвшөөрсүгэй гэж бичжээ./хх-27/

 

Д.Зын хүсэлтийн дагуу түүнд Улаанбаатар Төмөр замын С татах хэсгийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б-III-903 дугаартай дээр дурдсан тушаалаар нэг удаагийн тэтгэмж 10 625 928 төгрөг олгосон байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйл. Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг, 492 дугаар зүйлийн 492.1.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж,

Мөн хуулийн 496 дугаар зүйл. Бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэжээ.

 

Хариуцагч Д.Зыг үндэслэлгүйгээр /нэг удаагийн тэтгэмж 10 625 928 төгрөгийг/ олж авсан гэж үзэхгүй ба эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр буюу тушаалын үндсэн дээр түүнд олгогдсон мөнгөн хөрөнгө юм.

 

Тэгэхээр Иргэний хуульд зааснаар Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан эсхүл Бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэн хариуцагчаас нэг удаагийн тэтгэмж 10 625 928 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгч МСын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй үндэслэлгүйгээр олж авсан 10 625 928 гаргуулах тухай хариуцагч Д.Зт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Хариуцагч тал: Байгууллагыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь Жигжиднямаа биш нэхэмжлэл гаргах эрхгүй, Аудит нь нэхэмжлэл гаргах эрхтэй гэж маргасныг

Нэхэмжлэгч тал: Иргэний хуулийн 26 дугаар зүйлд зааснаар аливаа байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлдөг субъект нь захирал юм. Иймд байгууллагыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект нь Жигжиднямаа мөн гэж тайлбар хийсэн нь үндэслэлтэй.

 

Мөн түүнчлэн Аудит нь санхүүгийн тайлан тэнцэл, баримтад шалгалт хийж, дүгнэлт гаргадаг чиг үүрэгтэй, харин нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэдгийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч МСын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Зт холбогдох, үндэслэлгүйгээр олж авсан 10 625 928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ