Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2022/00600

 

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 136/ШШ2020/00155 дугаар шийдвэртэй,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 202/МА2020/00016 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т холбогдох

Үндэслэлгүйгээр олж авсан 10,625,928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг нарын  гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т холбогдуулан үндэслэлгүйгээр олж авсан 10,625,928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 136/ШШ2020/00155 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т холбогдох, үндэслэлгүйгээр олж авсан 10,625,928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 202/МА2020/00016 дугаар магадлалаар Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 136/ШШ2020/00155 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1,  496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас 10,625,928 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-д олгосугай.” гэж, 2 дугаар заалтын “... үлдээсүгэй.” гэснийг “үлдээж,” гэж өөрчилж, заалтад “хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас улсын тэмдэгтийн хураамжид 184,965 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо, Э.Энхцэцэг нарын давж заалдсан гомдлыг хангаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,965 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэг нар  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Давж заалдах шатны шүүх магадлалдаа ““,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ыг ... бусдын хөрөнгийг үндэслэлгүй олж авсан буюу нэхэмжилж буй 10,625,928 төгрөгийн хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж уг мөнгөн хөрөнгийг буцаан төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй тул ...” гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан “Гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно”, Иргэний хуулийн 198 дугаар зүйлд гэрээг ойлгомжтой болгох үүднээс тайлбарласан байна. Ингэхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний шууд утгыг анхаарна” гэж заажээ. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын “Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэл”-ийн холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.13-т зааснаар “20-с доошгүй жил тасралтгүй ажилласан ажилтан нь тэтгэвэрт гарах нас болоогүй боловч өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан бол тэтгэвэрт гарах үед нь энэ гэрээний 3.11-д заасан тэтгэмжийг хөдөлмөрийн гэрээ цуцлагдах үеийн дундаж цалин хөлснөөс бодож олгож болно” гэж заасны дагуу Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн даргын 2019.09.04-ний өдрийн Б-903 дугаар тушаалаар 10,625,928 төгрөг олгосон байгаа нь хуулийн энэ заалтад тохирч байна. Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.4-т “Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана” гэж заасныг анхаарч үзсэнгүй. Энэ хуулийн заалтуудыг хэрэглэсэнгүй. 2018-2019 онд батлагдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хамтын гэрээний 3.13-т “УБТЗ-д 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан ажилтан тэтгэвэрт гарах нас болоогүй боловч (группд гараагүй, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн тухайн орон тоог цомхтгосон, эрүүл мэндийн хөдөлгөөнтэй холбоотой ажилд тэнцэхгүй гэсэн эмнэлгийн акт гарсан) өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан бол тэтгэвэрт гарах үед нь энэ гэрээний 3.11-д заасан тэтгэмжийг хөдөлмөрийн гэрээ цуцлагдах үеийн дундаж цалин хөлснөөс бодож олгож болно” гэж заасан  ба заалтын шууд утгыг анхаарч үзвэл хаалтад байгаа (группд гараагүй, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, тухайн орон тоог цомхтгосон, эрүүл мэндийн хувьд хөдөлгөөнтэй холбоотой ажилд тэнцэхгүй гэсэн эмнэлгийн акт гарсан) заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах” хуулийн зохицуулалтын шаардлага байгааг шүүх анхаарч үзээгүй, нэхэмжлэгч тал ч энэ дээр маргаагүй байгааг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзнэ үү.

4.2. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Давж заалдах шатны шүүх “...Эндээс үзэхэд хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь цаг хугацааны хувьд тухайн хамтын гэрээ хэлэлцээр байгуулагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хамтын гэрээ түүнд үйлчилнэ гэж үзэх ба энэ нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй байх зарчимд нийцнэ...” гэж, ...2018-2019 оны хамтын гэрээний 10.1-д “Энэхүү хамтын гэрээг хуульд заасан журмын дагуу бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөрт тооцон, жил бүр дүгнэж зохих журмын дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж хоёр жилийн хугацаатай мөрдөнө”... гэж тус тус заасан байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна...” гэж дүгнэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хамтын гэрээнээс хэрэглэсэн заалт нь “зөвхөн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нийгэмлэгийн байгууллагуудад 20-оос доошгүй жил тасралтгүй ажиллаад өндөр насны тэтгэврээ тогтоолгосон байх ёстой” гэж онцолж заагаагүй байгааг анхаарч үзэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь үндэслэлгүйгээр (нэг удаагийн тэтгэмж 10,625,928 төгрөгийг) олж авсан гэж үзэхгүй ба эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр буюу тушаалын үндсэн дээр түүнд олгогдсон мөнгөн хөрөнгө байхад Иргэний хуулийн 492, 496 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т нэг удаагийн тэтгэмж олгох тухай Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн даргын 2019.09.04-ний өдрийн Б-903 дугаар тушаал одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа ба хүчингүй болгосон энэ тушаал дээр төлбөр тавигдсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хавтаст хэрэгт байхгүй байгааг анхаарч үзнэ үү. Төмөр замын байгууллагад тасралтгүй 26 жил, 2 сар ажилласан гэж арван сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 10,625,928 төгрөг олгосныг бусдыг төөрөгдүүлэн, хууль зүйн үндэслэлгүйгээр хөрөнгө, орлого олж авсан байна гэж  буцаан төлүүлэх шаардлага байхгүй ба “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь төмөр замын байгууллагад 30 жил ажилласан, тэтгэвэр тогтоолгоход 26 жил, 2 сар гэж гарсан. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ын “Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэл”-ийн холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.13-т зааснаар “... 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан ажилтан нь тэтгэвэрт гарах нас болоогүй боловч... өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан бол тэтгэвэрт гарах үед нь энэ гэрээний 3.11-д заасан тэтгэмжийг хөдөлмөрийн гэрээ цуцлагдах үеийн дундаж цалин хөлснөөс бодож олгож болно” гэж заасны дагуу Улаанбаатар Төмөр замын Сайншанд татах хэсгийн даргын 2019.09.04-ний өдрийн Б-903 дугаар тушаалаар 10,625 928 төгрөгийг надад олгосон. Өөрөө дур мэдэн энэ тэтгэмжийг аваагүй, андуурагдаж орж ирсэн мөнгийг үндэслэлгүйгээр аваагүй, бусдыг төөрөгдүүлэх ямар ч боломж байхгүй. Хамтын гэрээнд заасны дагуу 20-оос доошгүй жил ажилласан өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан байсан болохоор гэрээнд заасны дагуу хүсэлтээ бичиж өгөхөд холбогдох албан тушаалтнууд нь хянаад олгосон “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”ын мөнгөн хөрөнгө юм. Улаанбаатар төмөр замын Санхүү нягтлан бодох бүртгэлийн алба нь 2019 оны 10 дугаар сард шалгалт хийж илрүүлсэн гэжээ. Энэ шалгалтаар хэнээр төлүүлэхээр акт тавигдсан нь тодорхойгүй ба Улаанбаатар төмөр замын татах хэсэгт үүрэг болгон байгууллагад нь авлага үүсгэсэн гэж нэхэмжлэгч тал маргадаг боловч нотлох баримт байдаггүй. Төмөр замын байгууллагад залуу нас, бүхий л амьдралынхаа ид эрч хүчтэй ажиллах бүхий л хүч хөдөлмөрөө хүнд нөхцөлд зарцуулсан учраас энэ тэтгэмжийг олгосон байна. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.28-ны өдрийн 202/МА2020/00016 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал “Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т холбогдуулан үндэслэлгүйгээр олж авсан 10,625,928 төгрөг  гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангажээ.

8. Нэхэмжлэгчээс “...”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсэгт илчит тэрэгний машинчаар ажиллаж байгаад 2011.02.01-ний өдрийн 73 дугаар  тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан. Үүнээс хойш өөр байгууллагад ажиллаж байгаад 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх боловч 2019 онд ... Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгээс Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хамтын гэрээний дагуу тус байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахад олгогддог тэтгэмжийг үндэслэлгүйгээр авсан байна. Сайншанд татах хэсгийн даргын 2019.09.09-ний өдрийн Б-3-903 дугаар тушаалаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-т 2018-2019 оны хамтын гэрээний 3.13, 3.11.1 дэх заалтуудыг үндэслэн төмөр замын байгууллагад тасралтгүй 26 жил, 2 сар ажилласан гэж 10 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 10,625,928 төгрөгийг олгосон нь хууль бус байна... 2018-2019 оны хамтын гэрээний 3.13-т “Улаанбаатар төмөр замд хориос доошгүй жил тасралтгүй ажилласан ажилтан тэтгэвэрт гарах нас болоогүй боловч (группд гараагүй, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, тухайн орон тоог цомхтгосон, эрүүл мэндийн хувьд хөдөлгөөнтэй холбоотой ажилд тэнцэхгүй гэсэн эмнэлгийн акт гарсан) өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан бол тэтгэвэрт гарах үед нь энэ гэрээний 3.11-д заасан тэтгэмжийг хөдөлмөрийн гэрээ цуцлагдах үеийн дундаж цалин хөлснөөс бодож олгож болно” гэж заасан. Энэхүү заалт нь 2012-2013 оны хамтын гэрээнд анх орсон зохицуулалт бөгөөд үүнтэй холбоотойгоор Замын даргын баталсан журам мөрдөгдөж байгаа болно. Энэ журмын 2.6-д “Энэхүү журам “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нийгэмлэг болон Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2012-2013 оны хамтын гэрээ батлагдсан үеэс хүчин төгөлдөр гэж тооцон мөрдөгдөнө” гэж заасан. Гэтэл “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь 2011 онд өөрийн хүсэлтээр ажлаас халагдсан байх тул 2012-2013 оны хамтын гэрээний зохицуулалтад хамаарахгүй. Мөн журмын 3.1-д “Энэ журамд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлуулж байгаа ажилтан тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхэд 4 ба түүнээс доош жилийн хугацаа байна” гэжээ. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” журамд заасан хугацааны шаардлагыг хангахгүй буюу ажлаас халагдсанаас хойш 7 жил өнгөрсний дараа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх тул 10 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгох хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн 2011 онд өөрийн хүсэлтээр ажлаас халагдаад Улаанбаатар төмөр замын харьяа бус өөр байгууллагад 7 жил ажиллаж байгаад, тухайн байгууллагаасаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон атлаа Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгээс өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг бусдыг төөрөгдүүлэн, хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр олж авсан… Иймд 10,625,928 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү...” гэснийг

хариуцагч эс зөвшөөрч “...миний бие төмөр замын байгууллагад 30 жил ажилласан ба тэтгэвэр тогтоолгоход 26 жил, 2 сар гэж гарсан. Тиймээс 2018-2019 оны хамтын гэрээний 3.13-т “... хориос доошгүй жил тасралтгүй ажилласан ажилтан тэтгэвэрт гарах нас болоогүй боловч ... өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан бол тэтгэвэрт гарах үед нь энэ гэрээний 3.11-д заасан тэтгэмжийг хөдөлмөрийн гэрээ цуцлагдах үеийн дундаж цалин хөлснөөс бодож олгож болно” гэж заасны дагуу Улаанбаатар төмөр замын Сайншанд татах хэсгийн даргын 2019.09.04-ний өдрийн Б-3-903 дугаар тушаалаар надад 10,625,928 төгрөг олгосон. Би өөрөө дур мэдэн энэ тэтгэмжийг аваагүй. Хамтын гэрээнд заасны дагуу 20-иос доошгүй жил ажилласан өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан байсан болохоор гэрээнд заасны дагуу олгогдсон гэж бодож байгаа… би өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ 2011 онд цуцлуулсан боловч 2018 онд тэтгэвэрт гарч байгаа болохоор энэ утгаар нь ойлгоод надад тэтгэмж олгосон гэж бодож байна... Улаанбаатар төмөр замын татах хэсгийн даргын тушаалаар авсан болохоор өөрийгөө би хууль дүрэм зөрчиж, үндэслэлгүйгээр хөрөнгө, орлого олсон гэж үзэхгүй... Тэтгэмж олгочхоод тэтгэврийн надаар энэ мөнгийг буцаан төлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ. 

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Хариуцагчийг үндэслэлгүйгээр нэг удаагийн тэтгэмж 10,625,928 төгрөгийг олж авсан гэж үзэхгүй, эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр буюу тушаалын үндсэн дээр түүнд олгогдсон мөнгөн хөрөнгө байна, иймд нэхэмжлэгч нь Иргэний хуульд зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан, эсхүл бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэн хариуцагчаас 10,625,928 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн үйл баримтыг буруу дүгнэснээс холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

10.1. Хэргийн үйл баримтаас үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байгаад (26 жил, 2 сар) 2011.02.01-ний өдөр өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалж ажлаас чөлөөлөгдсөн, 2018.10.15-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарч, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-ын Сайншанд татах хэсгийн даргын 2019.09.09-ний өдрийн Б-3-903 дугаар тушаалаар 10,625,982 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж авсан.  Уг тушаал нь тус байгууллагын 2018-2019 оны хамтын гэрээний 3.13 “УБТЗ-д 20-оос доошгүй жил тасралтгүй ажилласан ажилтан тэтгэвэрт гарах нас болоогүй боловч (группд гараагүй, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, тухайн орон тоог цомхтгосон, эрүүл мэндийн хувьд хөдөлгөөнтэй холбоотой ажилд тэнцэхгүй гэсэн эмнэлгийн акт гарсан)  өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулсан бол тэтгэвэрт гарах үед нь энэ гэрээний 3.11-д заасан тэтгэмжийг хөдөлмөрийн гэрээ цуцлагдах үеийн дундаж цалин хөлснөөс бодож олгож болно” гэсэн заалт болон 3.11.1-д үндэслэгджээ.  

10.2. Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөнд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй, иймд хэдийгээр хариуцагчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч байгууллагын Сайншанд татах хэсгийн даргын тушаалаар түүнд нэг удаагийн тэтгэмж олгосон боловч уг тушаал нь хууль болон тухайн байгууллагын дотоод дүрэм, журам, гэрээнд нийцээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тэтгэмж олгох үүрэг хүлээгээгүй атлаа өөрөө мэдэж буюу андуурч олгосон тохиолдолд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

10.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-ийн агуулгаар хамтын гэрээ нь хэлэлцээрт оролцогч талуудын нийт ажил олгогч, ажилтныг хамарч үйлчлэх ба энэхүү маргааны зүйл болох нэг удаагийн буцалтгүй тусламж авах болзол, нөхцөл нь нэхэмжлэгч байгууллагын хувьд анх 2012-2013 оны хамтын гэрээний 3.11-д орсон, 2018-2019 оны гэрээнд ч мөн энэ агуулгаар уг заалт хэвээр байна. Харин хариуцагчийн хувьд 2011 онд хөдөлмөрийн гэрээгээ цуцалж ажлаас чөлөөлөгдсөн, ийнхүү нэхэмжлэгч байгууллагатай хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгосноос хойш тухайн байгууллагад ажиллагсдад хамааралтай хамтын гэрээнд орсон нэмэлт, өөрчлөлт нь гэрээний оролцогч биш этгээдэд хамааралгүй юм. Харин хариуцагчийг ажиллаж байх үед дээрх агуулга бүхий заалт байсан бөгөөд түүнийг тэтгэвэрт гарах үед ч тухайн үеийн хамтын гэрээнд нь хэвээр хадгалагдаж байгаа бол түүний хувьд тэтгэмж авах эрх үүсэхээр байжээ (гэхдээ хөдөлмөрийн гэрээг цуцлах үеэс тэтгэвэр тогтоолгох хүртэлх хугацааны талаар хамтын гэрээ болон холбогдох журамд заасан тусгай нөхцөлийг хангасан тохиолдолд). Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээд нь шийдвэр гаргахдаа тухайн цаг үед үйлчилж буй хамтын гэрээг үндэслэхээс бус өмнө нь үйлчилж байсан буюу хүчингүй болсон (жишээ нь хариуцагчийн ажиллаж байсан үед мөрдөгдөж байсан) гэрээг үндэслэхгүй, энэ утгаараа Сайншанд татах хэлтсийн дарга тушаал гаргахдаа хариуцагчийн тэтгэвэрт гарах үеийн буюу 2018-2019 оны хамтын гэрээг үндэслэснийг буруу гэж үзэхгүй. Гагцхүү тухайн хамтын гэрээний холбогдох заалт нь хариуцагчид хамааралгүй байхад түүнд тэтгэмж олгосноороо хууль бус байна.

11. Иймээс “...”,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь 2018-2019 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.13-т ... гэж заасны дагуу Улаанбаатар Төмөр замын Сайншанд татах хэсгийн даргын тушаалаар тэтгэмж авсан, өөрөө дур мэдэн аваагүй, андуурагдаж орж ирсэн мөнгийг үндэслэлгүйгээр аваагүй, бусдыг төөрөгдүүлэх ямар ч боломж байхгүй, эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр буюу тушаалын үндсэн дээр түүнд олгогдсон мөнгөн хөрөнгө байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492, 496 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэсэн агуулга бүхий энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

12. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 202/МА2020/00016 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 184,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.        

                                                  

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ