Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2018/01727

 

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2018/01727

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

НэхэмжлэгчБ.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Т Б” ХХК-нд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн төлөөлөгч Н.Б, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бминий бие 2005 онд Зоос банкинд сургалтын менежер, сургалтын ахлах ажилтан зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байгаад Зоос банк Төрийн банк-д шилжсэнээс хойш үргэлжлүүлэн 2009 оноос Төрийн банкинд хүний нөөцийн газар ахлах ажилтан, байгууллагын харилцаа сургалтын албаны ажилтан, Тамгын хэлтсийн хүний нөөц ба сургалт хариуцсан ажилтан, Сургалт хөгжлийн хэлтсийн захирал, хүний нөөцийн газрын сургалт хөгжлийн албаны захирал зэрэг албан тушаалд нийтдээ 14 жил тасралтгүй ажиллаж байгаад Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан болно. Дээрх байдлаар миний бие тус банкинд хүний нөөц сургалтын чиглэлээр тасралтгүй ажиллах хугацаандаа өөрийн бүхий л мэдлэг чадвараа эрхэлсэн үүрэгт ажилдаа зориулж ямар нэг зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн болно.

Төрийн банк нь 2009 оны 11 дүгээр сарын 24-өөс эхлэн Төрийн өмчит хуулийн этгээд болсон учир Банкны удирдах албан тушаалд сонгогдох албан тушаалтны сонгон шалгаруулалтыг хийж ТУЗ-д танилцуулан баталгаажуулсны дараа Авилгатай тэмцэх газарт тухайн нэр дэвшигчийн мэдээллийг хүргүүлэн ажлын байрны тодорхойлолт хангасан эсэх, мэргэжил ур чадвар, ажлын туршлага, ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг хянан үзэж, тухайн албан тушаалын шаардлагыг хангаж байгааг тодорхойлсон албан тоотын дагуу томилогдон ажиллаж байсан. Улмаар өөрийн хариуцсан ажил үүргийн хүрээнд, мэргэжил, ур чадвар, боловсролоо бие даан суралцах, өөрөө сургалтын төлбөрөө төлж суралцах, төсөл хөтөлбөрийн шалгаруулалтанд тэнцэн үнэ төлбөргүй сургалтанд хамрагдан эрх авах, Зоос банк болон Төрийн банкнаас сургалтын төлбөрийг төлж тасралтгүй хөгжүүлж ирсэн ба үүний үр дүнд хурдацтай хөгжиж байгаа банкны системийн үйл ажиллагаанд анхан шатны мэргэжилтэн болох 1600 орчим чадварлаг мэргэшсэн теллер, эдийн засагч буюу харилцааны менежер 500 орчмыг бэлтгэн хувь нэмрээ оруулан ажилласан. Өөртөө байнга өндөр шаардлага тавьж, хамт олондоо үлгэр дуурайлал болох чадварлаг удирдах ажилтны загварыг бий болгохын тулд мэргэжил ур чадвараа дээшлүүлэн ажиллаж ирсэн бөгөөд тухайлбал 2006 онд Герман улсын Монтабаур Training of sales trainer-ын сургалтад, 2009 онд Сингапур улсад Executive Training Programme /Productivity & Quality/-ын сургалтанд, 2014 онд Люксембургийн вант улсад зохион байгуулагдсан HR@The crossroad-Multinational Perspectives сэдэвт олон улсын хүний нөөцийн сургалтанд, 2016 онд Бүгд Найрамдах Энэтхэг улсад зохион байгуулагдсан International Trainers Training Programme сургалтанд, 2016 онд АНУ-ын Вашингтон хотод Society fot human resource management чуулга уулзалт сургалтанд, 2017 онд Улаанбаатар хотод Mentors for the dual Vocational Training сургалтад, 2017 онд ХБНГУ-ын Буденхайм хотноо зохион байгуулагдсан Харилцаа, банк доторх харилцаа хүний нөөцийн хөгжил сэдэвт сургалтанд тус тус хамрагдсан.

 

Гэтэл Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалаар Төрийн банкны удирдлага зохион байгууллатын бүтэц шинэчлэгдэн батлагдаж орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн банк өмнө нь удаа дараа бүтцийн өөрчлөлт хийж байсан боловч миний хийж гүйцэтгэж байсан ажил албан тушаалын харъяалагдах нэгж алба өөрчлөгдсөн эсхүл хийж гүйцэтгэж байсан ажил албан тушаалын нэршил өөрчлөгдсөн зэргээр үндсэн хийж гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр байдаг учир үргэлжлүүлэн томилж ажиллуулж ирсэн. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалаар Төрийн банкны удирдлага зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн хэмээн миний өмнө гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр байсаар атал намайг үндэслэлгүйгээр ажлаас халлаа. Иймд Төрийн банкны 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Бнамайг өмнө эрхэлж байсан ажил албан тушаал болох Сургалтын албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Болормаагаас 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажил албан тушаал болох Сургалтын албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажлаас үндэслэлгүй халснаас хойших ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасантай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

1.Нэхэмжлэгч Б.Б-ийнажиллаж байсан Сургалт, хөгжлийн алба гэсэн бүтэц нь Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоот тогтоолоор банкны зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсанаар хасагдаж, мөн тогтоолын дагуу Төрийн банкны Гүйцэтгэх захирлын 2018.01,17-ны өдрийн Төрийн банкны газар хэлтэс, албаны чиг үүрэг, орон тоо батлах тухай А/12 тоот тушаалаар ажлын байр нь мөн хасагдсан болно. Үүнд:

а/ Сургалт хөгжлийн алба гэсэн бодлого, хөгжүүлэлтийн чиг үүрэг бүхий бүтцийг татан буулгаж зөвхөн батлагдсан хөтөлбөрийн хүрээнд сургалт явуулдаг Сургалтын алба гэсэн бүтцийг бий болгосон. Тодруулбап: Сургалтын нэгдсэн бодлого боловсруүлах. ажилтнуүдын ур чадварыг нэмэгдүүлэх, улмаар идэвхжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч бодлого боловсруулан хэрэгжүүлэх чиг үурэг нь үгүй болж тухайн чиг үүргийг хүний нөөцийн бодлогын чиг үүрэг бүхий Хүний нөөцийн удирдлагын хэлтэст хамааруулж хэрэгжүүлэх болсон. Б.Бнь өмнөх зохион байгуулалтын бүтцэд Сургалт хөгжлийн албаны захирлын албан тушаалд томилогдон, Банкны хүний нөөцийн үйл ажиллагааг шинжлэх, дүгнэлт гаргах, зорилго, зорилтоо хэрэгжүүлэхэд нөөцийг оновчтой зохион байгуулах, шийдвэрийн хэрэгжилтийг хангах болон сургалт, хөгжлийн төлөвлөлт, сэдэлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэйгээр Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байсан. Өөрөөр хэлбэл Сургалт, хөгжлийн албаны захирал Б.Б-ийнажил нъ Төрийн банкны сургалтын бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүулдэг баисан бол харин одоогийн Сургалтын албаны менежерийн чиг үүрэг нъ батлагдсан бодлого хөтөлбөрийн хүрээнд зөвхөн сургалт явуулах байдлаар хязгаарлагдсан.

б/ Орон тоо бүтэц: Энэ чиг үүргийн дагуу нэхэмжлэгч Б.Б-ийнажиллаж байсан Сургалт хөгжлийн алба нь захирал-1, мэргэжилтэн-7 /идэвхижүүлэлт харицсан-1 хөгжүүлэлт хариуцсан-2, судалгаа шинжилгээ хариуцсан-2, сургалт хариуцсан-2/-тэй нийт 8 орон тоотой байсан бол, одоогийн сургалтын алба нь менежер /ахлах/-1, сургалтын мэргэжилтэн-3 нийт 4 орон тоотой ажиллаж байна.

в/ Цалингийн бутцийн хувьд: Сургалт, хөгжлийн албаны захирлын цалин -3,5 сая төгрөг байсан бол Сургалтын албаны менежерийн цалин 1,8 сая төгрөг байна.

г/ Удирдлагын чиг үүрэг: Сургалт, хөгжлийн албаны удирдлага зохион байгуулалтыг албаны захирал шууд өөрөө хэрэгжүүлж байсан бол Сургалтын албаныг удирдлага зохион байгуулалтаар хангах нь Хүний нөөцийн газрын даргад хадгалагдаж байна. Сургалт хөгжлийн албаны чиг үүрэг болон захирлын албан тушаал хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ингэхдээ тухайн албаны захирал болох Б.Болормаад ажил олгогчийн зүгээс Бүтээгдэхүүн хөгжил судалгааны газар болон Харилцагчийн үйлчилгээ мэдээллийн албанд мэргэжилтны албан тушаалыг санал болгосон боловч өөрөө татгалзан хүлээн аваагүй.

 

2. Төрийн банкны дүрэм-ийн 9 дүгээр зүйлийн 9.2.19 дэх заалтын дагуу Гүйцэтгэх захирал Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан зардлын хэмжээнд багтаан банкны ажилтнуудын орон тоог тогтоох эрхтэй ба банкны шинэчлэн батлагдсан зохион байгуулалтын бүтцийн дагуу гүйцэтгэх захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд банкны орон тоог 2018 оны 01 дүгээр сарын сарын 17-ны өдрийн А/12 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар дээрх байдлаар баталсан.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Сургалт, хөгжлийн албаны захирлаар ажиллаж байсан Б.Болормаад мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдэж, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Мэдэгдэл-ийг гардуулсан боловч Мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсан байдаг тул мөн өдөр Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай мэдэгдэл гардуулах ажлын хэсэг байгуулагдан тэмдэглэл хөтөлсөн байдаг. Улмаар хуульд заасны дагуу мэдэгдэлд заасан 1 сарын хугацаа дуусгавар болсноор Төрийн банкны Хүний нөөцийн хорооны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай хурлын шийдвэр болон Гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалаар Сургалт, хөгжлийн албаны захирал албан тушаалд ажиллаж байсан Б.Бтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн цуцалсан болно.

Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсантай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу Б.Бд 1сарын үндсэн цалинтай тэнцэх 3.500,000 төгрөгийн тэтгэмж олгосон болно.

 

3. Сургалтын албаны менежер албан тушаал нь Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор Төрийн банкны зохион байгуулалтын шинэ бүтцээр энэ албан тушаал нь шинээр бий болсон. Шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Сургалтын албаны менежер Б.Тын ажлын байрны чиг үүрэг нь батлагдсан хөтөлбөрийн хүрээнд сургалт явуулах үүрэгтэйгээр Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байна. Мөн энэ албан тушаал нь багш мэргэжилтэй, сургагч багшийн сертификаттай, мэргэшсэн боловсон хүчин байх шалгуурт нийцүүлж ажиллуулж байгаагаараа онцлогтой юм. Ийнхүү Сургалтын албаны менежер албан тушаал нь банкны бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлтээр шинээр батлагдсан орон тоо бөгөөд албан тушаалын нэр, ажлын байрны чиг үүрэг, тавигдах шаардлага, босоо шатлалын хувьд өмнөх Сургалт, хөгжпийн албаны захирал албан тушаалтай адилтган үзэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Б.Б-ийнХөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахтай холбоотой бүхий л асуудалд банк Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажилласан болно. Иймд нэхэмжлэгч Б.Б-ийнтус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч “Т Б” ХХК-нд холбогдуулан урьд эрхэлж байсан, нэршлийн хувьд өөрчлөгдсөн албан тушаал болох Хүний нөөцийн газрын Сургалтын албаны менежерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22,876,438 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, түүнийг ажлаас чөлөөлсөн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаал нь хууль бус тушаал юм. Банкны бүтэц өөрчлөгдөх тохиолдол байдаг хэдий ч маргаан бүхий тохиолдолд нэршлээ өөрчилсөн байх ба тухайн ажлын байрны чиг үүрэг “Т Б” ХХК-нд хэвээр үлдсэн байдаг. Гэтэл мэргэшсэн албан хаагчаа сольж шинэ ажилтнуудыг авах үндэслэлээр орон тоо хасагдсан гэж тайлбарлаж байгаа нь хууль бус гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна.

 

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Б.Бг хуульд заасан журмын дагуу чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан нөхцөл байдал үүсэж, чиг үүрэг өөрчлөгдөн орон тоо хасагдсан гэдгийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснөөрөө өөрөө ч хүлээн зөвшөөрч байна гэж маргаж байна.

 

“Т Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/417 тоот Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг нэхэмжлэгч хүлээн авч, хуульд заасан хугацааны дотор буюу 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасныг зөрчөөгүй байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. Үүнд:

 

1.  Нэхэмжлэгч Б.Бнь “Т Б” ХХК-ийн Хүний нөөцийн газар сургалт, хөгжлийн албаны захирлын албан тушаалд ажиллаж байсан үйл баримтын талаар талууд харилцан маргахгүй байна.

 

2.  Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан нөхцөл байдал буюу ...аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн нөхцөл байдал бүрдээгүй. Түүний ажиллаж байсан сургалт хөгжлийн албаны нэгжийн чиг үүрэг хэвээр үргэлжилсээр байгаа. Б.Бнь хүний нөөцийн болон сургалтын аль ч чиглэлээр ажиллах боломжтой эдгээр чиглэлээр гадаад дотоодод мэргэшсэн, аль аль чиглэлийн албан тушаалыг тус банкинд амжилттай эрхэлж байсан ажилтан хэмээн тайлбарлаж байна. Харин хариуцагч талаас Б.Б-ийнажиллаж байсан сургалт хөгжлийн албаны захирал нь сургалтын бодлого боловсруулах чиг үүрэгтэй байсан бол одоогийн бүтцээр бий болсон сургалтын албаны менежер нь батлагдсан бодлого, төлөвлөгөөний хүрээнд сургалт явуулах чиг үүрэгтэй. гэж маргаж байна.

 

Хариуцагч “Т Б” ХХК ийнхүү тухайн байгууллагад орон тоо, бүтцийн өөрчлөлт хийгдэж цомхотгол явагдсан хэмээн тайлбарлаж байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасны дагуу адил чанарын, өөр ажил албан тушаалд ажиллуулах үүргээ хэрхэн биелүүлсэн буюу тухайлан хүний нөөцийн болон, сургалтын алба, хэлтсийн захирал, менежерийн албан тушаалуудыг нэхэмжлэгчид яагаад санал болгоогүй талаар үндэслэл бүхий хариулт өгөөгүй болно.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэл бүхий буюу “Т Б” ХХК-нд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж байгууллагын ... нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоо цөөрсөн гэх нөхцөл байдал бүрдээгүй гэж үзлээ.

“Т Б” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоот тогтоолоороо Төрийн банкны хувьцаа эзэмшигчээс ирүүлсэн чиглэлийг үндэслэн Төрийн банкны удирдлага, зохион байгуулалтын бүтцийг баталсан байна. Тус тогтоолын хавсралт ёсоор Төрийн банкны хүний нөөцийн газар Хүний нөөцийн удирдлагын хэлтэс, Хүний нөөцийн үйл ажиллагааны хэлтэс, Сургалтын алба гэсэн гурван нэгжтэй байхаар тогтжээ. /хх-ийн 98, 99 дүгээр тал/

Нэхэмжлэгч Б.Бг ажиллаж байх үед “Т Б” ХХК нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 18 тоот тогтоолоор баталсан бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байжээ. Тус бүтцийн дагуу Хүний нөөцийн газар нь Захиргаа хүний нөөцийн хэлтэс, Сургалт хөгжлийн алба гэсэн үндсэн хоёр нэгжтэй байснаас нэхэмжлэгч нь Сургалт хөгжлийн албаны захирлын албан тушаалд ажиллаж байжээ. /хх-ийн107 дугаар тал болон арын нүүр/

Орон тоо бүтцийг дахин тогтоосон 03 тоот тогтоол гарснаар хүний нөөцийн газарт хамаарах нэгжийн тоо хасагдаагүй, харин хуучин нэгжүүдийн чиг үүрэг хэвээр хадгалагдсаны зэрэгцээ нэгжийн тоо нэгээр нэмэгдсэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Б-ийгажиллаж байх үеийн ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх үндсэн үүрэгт хүний нөөцтэй холбоотой дүрэм журам, зааврыг боловсруулах, батлуулах, шинэчлэх, таниулах, хүний нөөцийн бодлогыг оновчтой тодорхойлоход шаардлагатай судалгаа шинжилгээг хийх удирдлагыг мэдээллээр хангах, хүний нөөцийн мэдээллийн системийг найдвартай, үр ашигтай ажиллуулж, мэдээллийн санг баяжуулах, хөгжүүлэх, нийтийн албан тушаалд тавигдах хориглолт, хязгаарлалтыг мөрдүүлж ажиллах гэх мэт хүний нөөцийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг, сургалтын төсөв, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хөтөлбөр боловсруулах, гадаад, дотоод сургалт зохион байгуулах, сургалтын техник хэрэгсэл, гарын авлага, материал бэлтгэх, орчинг сайжруулах гэх мэт сургалтын албаны үндсэн чиг үүргүүд аль аль нь багтаж байжээ. Гэтэл шинээр батлуулсан бүтцэд заасан Хүний нөөцийн үйл ажиллагааны хэлтсийн захирлын үндсэн чиг үүрэгт нэхэмжлэгчийн ажиллаж байсан Сургалт хөгжлийн албаны захирлын чиг үүргээс хүний нөөцийн үйл ажиллагааны чиг үүрэгт холбогдох хэсэг шилжиж, хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах нэмэлт үүрэг ногдуулсан болох нь хавтаст хэргийн 163 дугаар талд авагдсан Хүний нөөцийн үйл ажиллагааны хэлтсийн захирлын ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байна. Улмаар Сургалтын албаны менежер нь Сургалт хөгжлийн албаны захирлын сургалтын чиг үүргийг дангаараа хэрэгжүүлж өөр бусад нэмэлт чиг үүргийг хүлээлгээгүй байна. Үүний зэрэгцээ 2017 оны бүтцийн дагуу ажиллаж байсан Захиргаа хүний нөөцийн хэлтсийн чиг үүрэгт хамаарах хүний нөөцийн удирдлагын чиг үүргийг 2018 оны бүтцээр Хүний нөөцийн удирдлагын хэлтэст шилжүүлжээ. /хх-ийн 168, 169, 257 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан, ажлын байр цөөрүүлсэн гэх томьёоллыг тухайн нэр бүхий орон тоо алга болсон, эсхүл байхгүй болсон гэх хэлбэрийн байдлаар ойлгохоосоо илүүтэй тухайн ажлын байрны чиг үүрэг ажил олгогчид шаардлагагүй буюу хэрэгцээгүй болж байгууллагын бүтцээс мөн чанараараа алга болох, эсхүл тухайн ажлын байрны чиг үүрэг нэг, эсхүл хэд хэдэн орон тоог бүрдүүлэхээргүй болж орон тоо буурах, цөөрөх тоо зүйн утгаараа багасахыг ойлгох учиртай. Энэ ч агуулгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1 дэх хэсэгтэй уялдуулан орон тооны цомхотголын үр дагаврыг мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зохицуулсан байдаг.

Энэ талаар хөдөлмөрийн эрх зүйд Хуулийн этгээд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх явцад бүтцийн дотор өөрчлөлт оруулж, ажлын байрны хэрэгцээ шаардлага, мөн орон тоо, ажлын байрны ачааллыг нягтлах замаар орон тоо зардлаа хэмнэх явцдаа аж ахуйн нэгж байгууллага өөрийн үйл ажиллагааны зорилго, чиглэлд онцын шаардлагагүй мэргэжлийн ажлын байрыг буюу тодорхой ажил үүргийг зохион байгуулалтын бүтцээсээ гаргахыг орон тоо хасах гэж үзэх тухай тодорхойлсон нь бий.

Иймд Сургалт хөгжлийн албаны захирлын дангаар хэрэгжүүлж байсан чиг үүргийг хоёр хуваан нэг захирал, нэг менежерийн хоёр ажлын байр үүсгэн өргөжүүлсэн нөхцөл байдлыг мөн чанарын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан салбар, нэгж, байгууллага татан буугдах, орон тоо хасагдах, ажлын байр цөөрөх хууль зүйн үзэгдэл гэж дүгнэх боломжгүй юм.

Дээр дурдсан үйл баримтуудаар хариуцагч “Т Б” ХХК-ийн Хүний нөөцийн газарт харьяалагдах Сургалт хөгжлийн албаны захирлын ажил үүрэг тухайн байгууллагад шаардлагагүй буюу хэрэгцээгүй болсон нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Б-ийгажлаас чөлөөлөх үндэслэл болсон Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг үндэслэсэн нь хууль бус болжээ.

Иймд нэхэмжлэгч Б.Б-ийгнэршлийн хувьд өөрчлөгдөн Сургалтын албаны менежер гэж нэрлэгдэх болсон хуучин чиг үүрэг бүхий албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

3.  Ийнхүү нэхэмжлэгч Б.Б-ийнажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байх хугацааны буюу 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны 5 сар 17 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 22,841,210 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус шаардлагаас үлдэх 35,228 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг нийгмийн даатгалын дэвтэр дэх бүрэн цалин хөлсөө авсан сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцож 3,944,466 төгрөг гэж үзсэн ба нэг өдрийн дундаж цалин хөлсийг 183,463 төгрөгөөр тооцох үндэстэй байна. Улмаар 5 сар 17 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг 3,944,466*5+183,463*17 гэх аргачлалаар тогтоосон болно.

 

4.  Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-ийннийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч “Т Б” ХХК-нд даалган шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагчаас 272,156 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-ийг”Т Б” ХХК-ийн Хүний нөөцийн газрын Сургалтын албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22,841,210 төгрөгийг хариуцагч “Т Б” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Болормаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,228 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-ийннийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч “Т Б” ХХК-нд даалгасугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагчаас 272,156 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА