Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00466

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Н.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01727 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2251 дүгээр магадлалтай,

Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

“Т” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгаль, Б.Эрдэнэтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б-, түүний өмгөөлөгч С.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгаль, Н.Батгэрэл,  нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2005 онд Зоос банкинд сургалтын менежер, сургалтын ахлах ажилтан зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байгаад Зоос банк Т ХХК-д шилжсэнээс хойш үргэлжлүүлэн 2009 оноос Тинд хүний нөөцийн газар ахлах ажилтан, байгууллагын харилцаа сургалтын албаны ажилтан, Тамгын хэлтсийн хүний нөөц ба сургалт хариуцсан ажилтан, Сургалт хөгжлийн хэлтсийн захирал, хүний нөөцийн газрын сургалт хөгжлийн албаны захирал зэрэг албан тушаалд нийтдээ 14 жил тасралтгүй ажиллаж байгаад Тны гүйцэтгэх захирлын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан болно. Т өмнө нь удаа дараа бүтцийн өөрчлөлт хийж байсан боловч миний хийж гүйцэтгэж байсан ажил албан тушаалын харьяалагдах нэгж алба өөрчлөгдсөн эсхүл хийж гүйцэтгэж байсан ажил албан тушаалын нэршил өөрчлөгдсөн зэргээр үндсэн хийж гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр байдаг учир үргэлжлүүлэн томилж ажиллуулж ирсэн. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалаар Тны удирдлага зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн хэмээн миний өмнө гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр байсаар атал намайг үндэслэлгүйгээр ажлаас халлаа. Иймд Тны 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг өмнө эрхэлж байсан ажил албан тушаал болох Сургалтын албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Т” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б-гийн ажиллаж байсан Сургалт, хөгжлийн алба гэсэн бүтэц нь Тны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоот тогтоолоор банкны зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсанаар хасагдаж, мөн тогтоолын дагуу Тны гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Тны газар хэлтэс, албаны чиг үүрэг, орон тоо батлах тухай А/12 тоот тушаалаар ажлын байр нь мөн хасагдсан. Улмаар хуульд заасны дагуу мэдэгдэлд заасан 1 сарын хугацаа дуусгавар болсноор Тны Хүний нөөцийн хорооны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаартай хурлын шийдвэр болон Гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалаар Сургалт, хөгжлийн албаны захирал албан тушаалд ажиллаж байсан Б.Б-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн цуцалсан болно. Б.Б-д 1 сарын үндсэн цалинтай тэнцэх 3.500.000 төгрөгийн тэтгэмж олгосон болно. Сургалтын албаны менежер албан тушаал нь Тны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор Тны зохион байгуулалтын шинэ бүтцээр энэ албан тушаал нь шинээр бий болсон. Шинэчлэн батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Сургалтын албаны менежер Б.Туулын ажлын байрны чиг үүрэг нь батлагдсан хөтөлбөрийн хүрээнд сургалт явуулах үүрэгтэйгээр Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байна. Мөн энэ албан тушаал нь багш мэргэжилтэй, сургагч багшийн сертификаттай, мэргэшсэн боловсон хүчин байх шалгуурт нийцүүлж ажиллуулж байгаагаараа онцлогтой юм. Иймд нэхэмжлэгч Б.Б-гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01727 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-г Т ХХК-ийн Хүний нөөцийн газрын Сургалтын албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22.841.210 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35.228 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч Т ХХК-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 272.156 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2251 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01727 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 272.157 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгаль, Б.Эрдэнэтуяа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01727 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2251 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд илтгэгч шүүгч хэргийг танилцуулж нэхэмжлэгчийн гомдол, хариуцагчийн тайлбарыг сонсож талуудаас “эвлэрэх боломжтой юу гэсэн ” ганц асуулт асууж, шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж 1 /нэгхэн/ минут гаруй хугацаанд хэлэлцээд шүүх бүрэлдэхүүн гарч ирж хуралдаан даргалагч нь Магадлалын тогтоох хэсэг болох шийдвэрийг хэвээр үлдээсэн тухай танилцуулаад шүүх хуралдаан дууссан. Зүй нь процессын хуульд заасны "Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх ", "...хэргийн материалыг судалснаар шуух хуралдаан завсарлан..." гэсний дагуу давж заалдах шатны шүүх "хэргийг бүхэлд хянах. хэргийг материалыг судлах” эрхийг эдэлж, үүргээ хэрэгжүүлсэнгүй дээ. Энэ нөхцөлд байдалд дээрх байдлаар хийсвэр дүгнэлт хийж магадлал гаргах нь аргагүй юм. Уг нь хавтаст хэрэгт байгаа үйл, нотлох баримтыг хуульд заасны дагуу “хэргийг бүхэлд нь хянан үзэж судалсан” бол: Ажил олгогч нь нэхэмжлэгчийг 2018.03.16-ны өдрийн Б/417 тоот Тушаалаар ажлаас чөлөөлөхдөө тус банкны Сургалт хөгжлийн албаны Захирлын албан тушаалын орон тоо нь Хөдөлмөрийн хуулийн 40.1.1-д заагдсанаар хасагдсан тухай доорх нотлох баримтуудаар нотлогдож байгааг олж хянан үзэх байлаа. Үүнд: Тны ТУЗ-ийн 2018.01.12-ны өдрийн 03 тоот тогтоолын хавсралт /х.х-ийн 99 хуудас/, Тны төв банкны орон тоо нь Хэлтэс /алба, төв/-ийн захирлын орон тоо нь 35 байснаас 22 болж буурсан нь Тны Гүйцэтгэх захирлын 2016.10.21-ний өдрийн А/331 дугаар тушаалын хавсралт/х.х-ийн 183 хуудас/, Тны Гүйцэтгэх захирлын 2018.01.17-ны өдрийн А/12 дугаар тушаалын хавсралт /х.х-ийн 106 хуудас/, Тны Гүйцэтгэх захирлын 2018.01.17-ны өдрийн А/12 дугаар тушаалын хавсралт /х.х-ийн 106 хуудас/. Мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан Сургалт, хөгжлийн албаны орон тоо 1 захирал, 7 мэргэжилтэнтэй нийт 8 орон тоотой байсныг шинэ бүтцийн өөрчлөлтөөр 1 менежер, 3 мэргэжилтэнтэй нийт 4 орон тоо болж цөөрч Захирлын албан тушаалын орон тоо хасагдсан нь Сургалт, хөгжлийн албаны захирал болон Сургалтын албаны менежерийн Ажлын байрны тодорхойлолтоор /х.х 153 хуудас/ тус тус шууд нотлогдож байгааг тогтоож болох байлаа, гэвч ийм ажиллагаа хийсэнгүй. Ажил олгогч нь шинэ бүтцээр орон тоо хасагдсан буюу Сургалт, хөгжлийн албаны захирлын албан тушаалын орон тоо хасагдсан гэж маргаж, татгалзлын үндэслэлийг тайлбарлаж байхад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхаарч гомдлыг хянаж үзсэнгүй. 2016.10.21-ний өдрийн А/331 тоот тушаалын хавсралт /х.х-ийн 178 хуудас/ Сургалт, хөгжлийн алба нь “Сургалтын нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх” чиг үүрэгтэй байсан бол 2018.01.17-ны өдрийн А/12 тоот тушаалын хавсралтад /х.х-ийн 105 хуудас/ Сургалтын алба нь “Ажилтнуудыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах, ерөнхий болон мэргэжлийн, онолын мэдлэг олгох сургалт зохион байгуулах” чиг үүрэг хэрэгжүүлдэг болж өөрчлөгдөж Сургалтын албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд Захирлын орон тоо шаардлагагүй буюу хэрэгцээгүй болсон байгаа.

Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.11-ний өдрийн 182/ШШ2018/01727 дугаар бүхий Шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.11.05-ны өдрийн 2251 дугаар бүхий Магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Б.Б-гийн “...сургалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг хариуцагч Т ХХК эс зөвшөөрч, “...орон тоо бүтцийн өөрчлөлт хийгдсэн...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. дэх заалтыг үндэслэл болгожээ /хэргийн 6 дугаар тал/.

Хуулийн дээрх зохицуулалтаар аж ахуйн нэгж,  байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцална.

Тны  Хүний нөөцийн газар нь Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Сургалт хөгжлийн алба гэсэн 2 нэгжтэй байсан ба тус банкны ТУЗ-ийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ний өдрийн 03 тоот тогтоолоор Хүний нөөцийн газар нь хүний нөөцийн удирдлагын хэлтэс, хүний нөөцийн үйл ажиллагааны хэлтэс, сургалтын алба гэсэн нэгжтэй байхаар бүтцийг баталжээ.  /хэргийн 98-99, 177-180 дугаар тал/.

Дээр дурдсанаас үзвэл тухайн газарт харьяалагдаж байсан нэгжүүд хасагдаагүй, харин нэмэгдсэн байх ба сургалт хөгжлийн албаны захирлын хэрэгжүүлж байсан сургалтын чиг үүргийг сургалтын албаны менежер хэрэгжүүлэхээр ажлын байрны тодорхойлолтод тусгагджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн “... нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил, албан тушаалын чиг үүрэг байхгүй болсон, орон тоо хасагдсан” гэх тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Б.Б-г  сургалтын албаны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 22.841.210 төгрөгийг  ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг зөрчөөгүй байна. 

Түүнчлэн хөдөлмөрийн маргааны талаар шүүхэд мэдүүлэх хөөн хэлэлцэх хугацаа, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах, аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн зэрэг хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2018/01727 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2251 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгаль, Б.Эрдэнэтуяа нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 272.157 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ