Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2017/00064/И |
Дугаар | 142/ШШ2017/00400 |
Огноо | 2017-04-06 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 142/ШШ2017/00400
2017 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 142/ШШ2017/00400 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ОЖ.И
Хариуцагч: Я.С
Хамтран ажиллах гэрээ, тооцоо нийлэх гэрээний дагуу төлбөл зохих 4 400 000 төгрөг гаргуулж, Булган аймгийн Б сумын Б багийн Цохионы өвөрт байрлах 5 га чацарганы талбайд байгаа Я.С ногдох чацарганы мод, гүний худаг, талбайг хашаалсан тор, талбайд байрлах байшингийн өмчлөх эрх бүхэлдээ шилжсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.И , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О , З.Б , хариуцагч Я.С , хариуцагчийн өмгөөлөгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ж.И нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд хариуцагч Я.С тэй 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Тооцоо нийлэх тухай гэрээний дагуу 4 400 000 төгрөг гаргуулах, эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэнийг тогтоолгохоор дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: Ж.И би хариуцагч Я.С тэй 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хуучин авто машин худалдан авч, задалж борлуулах, шинэ, хуучин сэлбэгийн худалдаа эрхлэх зорилгоор харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгуулан нотариатаар батлуулсан. Уг хамтран ажиллах гэрээний 1-р зүйлд заасны дагуу миний бие хамтын үйл ажиллагаанд зориулж 5 000 000 төгрөгийг Я.С гаргаж өгөх үүрэг хүлээсний дагуу гаргаж өгсөн. Мөн гэрээнд хамтын үйл ажиллагаанд миний бие 20 хувийн оролцоотой байх, Я.С нь 80 хувь буюу уг үйл ажиллагааг удирдан явуулахаар заасан ба гэрээний 2-р зүйлд заасны дагуу надад хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг сар бүр тогтмол тайлагнах үүрэг хүлээсэн. Миний зүгээс хамтын үйл ажиллагаа явуулах зорилгоор одоо ажиллаж буй хашааг түрээслэх, сэлбэг хадгалах төмөр амбаар, бусад эд зүйлсээр тусалж ирсэн байдаг. Харин гэрээний 3-р зүйлд Я.С нь гэрээний хавсралтаар гаргаж өгсөн хамтын үйл ажиллагааны тооцоондоо талууд сар бүр тус бүр 1 500 000 төгрөгийн ашигтай ажиллах ба надад сар бүр үйл ажиллагааны орлогоос 750 000 төгрөгийг тогтмол өгч байх ба үлдэх 750 000 төгрөгийг хамтын үйл ажиллаагаанд зориулан хадгалж байхаар харилцан тохиролцсон. Я.С нь хамтын үйл ажиллагаанаас надад ногдох 750 000 төгрөгийг 2011 он дуустал сар бүр төлж байсан боловч 2012 оноос хойш тогтмол өгөхөө больсон. Улмаар миний бие гэрээний дагуух менгөө Я.С эс шаардахад удахгүй өгнө, автомашийн сэлбэг борлуулах нь ашиггүй байна гэх зэрэг элдэв шалтаг хэлэн өгөхгүй байсаар ирсэн бөгөөд үүнд би хүлээцтэй хандаж ирсэн. Хамтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө миний бие 2010 онд Булган аймгийн Б сумын Б багийн нутаг “Цохион хөвөр” гэдэг газар жимс, ногоо тариалах зориулалтаар 5 га газар эзэмших эрх олж авсан бөгөөд 2013 онд уг газарт чацаргана тарих зорилгоор төсөл бичин чацарганы 2 000 мод олж авсан. Улмаар миний бие чацаргана тариалах зорилготойгоо Я.С хэлж хамтрах санал тавьсан бөгөөд Я.С зөвшөөрч уг газарт тариалах модноос 1 000 модыг түүнд өгсөн. Мөн уг талбайг хашаалах, гүний худаг гаргах зэрэг үйл ажиллагааны зардлыг бид хамтран гаргаж ирсэн ба тус тусдаа уг талбайдаа модон байшин барьсан. Уг чацарганы талбайг хамтран ашиглах талаар бид амаар тохиролцон хамтран ажиллаж байсан. Чацаргана тариалах хамтын үйл ажиллагааг Я.С тэй хамтран эхлүүлсэн хэдий ч миний бие автомашины сэлбэг борлуулах хамтын үйл ажиллагааны дагуу авах ёстой мөнгөө Я.С эс удаа дараа шаардаж ирсэн боловч Я.С нь надад оногдох ашгийг өгөхгүй, хамтын үйл ажиллагааны тайланг гаргаж өгөхгүй элдэв шалтаг хэлэх атлаа өөртөө автомашин худалдаж авах, бусдын бизнест хөрөнгө оруулах зэрэг үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Улмаар миний бие хамтын үйл ажиллагаанаас өөрт ногдох орлогыг бүгдийг нь төлөхийг Я.С эс 2015 онд тусгайлан шаардсан. Улмаар Я.С нь цаашид надтай хамтран ажиллах сонирхолгүй байгаагаа илэрхийлж Хамтран ажиллах гэрээгээ цуцалж, хоорондын тооцоо нийлэх санал тавьсан. Уг саналын дагуу бид уулзалдаж 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хамтын үйл ажиллагааг дуусгавар болгож тооцоо нийлэх гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурцгаасан. Уг тооцоо нийлэх гэрээний дагуу Я.С нь 2015 он хүртэл надад хамтын үйл ажиллагааны орлогоос 47 сая төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд талуудын нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж нийт 22 сая төгрөгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгө оролцуулан надад төлж хамтын үйл ажиллагааг дуусгавар болгохоор тохиролцсон. Уг тохиролцооны дагуу Я.С нь: Тугалтай 2 үхэр, 6 000 000 төгрөг бэлнээр, Дээр дурдсан чацарганы талбайд өөрт ногдох чацарганы мод, өөрийн зүгээс гаргасан гүний худаг, тор татах зардал, уг талбайд барьсан байшин зэргийг 14 сая төгрөгт үнэлэн миний өмчлөлд шилжүүлэхээр зөвшөөрсөн. Уг тооцоо нийлэх гэрээ байгуулснаас хойш Я.С нь надад тугалтай 2 үхэр, 1 сая 600 мянган төгрөг бэлнээр өгсөн боловч үлдэх 4 сая 400 мянган төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй. Мөн тооцоо нийлэх гэрээний дагуу миний өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон дээрх эд хөрөнгө нь одоо ч өөрийнх нэр дээр байгаа хэмээн үзэх болсон. Миний бие дээрх төлбөрийг төлөхийг Я.С эс удаа дараа шаардсан боловч төлөлгүй өнөөг хүрсэн тул 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвд уг маргааныг эврэлүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч Я.С нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Миний бие үүссэн маргааныг Я.С тэй эвээр шийдвэрлэхээр удаа дараагийн оролдого хийсэн, өдийг хүртэл хүлээцтэй хандсан боловч Я.С нь итгэл эвдэж өнөөг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй явсаар ирлээ. Иймд Я.С эс 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Тооцоо нийлэх гэрээний дагуу төлбөл зохих 4 400 000 төгрөгийг гаргуулж, Тооцоо нийлэх гэрээний 2-р хуудасны 3 дахь хэсэгт заасан Булган аймгийн Б сумын Б багийн нутаг “Цохионы өвөр”-д байрлах 5 га чацарганы тайлбайд байгаа Я.С ноогдох чацарганы мод, гүний худаг, талбайг хашаалсан тор, талбайд байрлах байшин зэргийг нэхэмжлэгч Ж.И гийн өмчлөх эрхэд бүхэлдээ шилжсэн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Я.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Ж.И гийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие Я.С нь 2003 оноос эхлэн Орхон аймгийн авто сэлбэгийн төрөлжсөн худалдаа эрхлэгчдийн зах болох “Солонго зах”-д хуучин, шинэ сэлбэгийн худалдаа эрхэлж эхэлсэн. Үүнээс хойш 2011 онд “Солонго зах”-ыг нүүлгэх ажил яригдаж эхэлсэн ба энэ үед иргэн Ж.И тай танилцаж, нөхөрлөх болсон. Гэтэл 2012 онд Солонго захыг нүүлгэх болсонтой холбогдуулан Ж.И тай өөр газар шинэ хуучин сэлбэгийн худалдааг эрхлэхээр тохиролцож, улмаар Орхон тариа ХХК-ны эзэмшлийн хашааг түрээслэхээр болсон. Дутуу, эвдэрхий, хашааны банз нь ар хэсгээрээ унасан, байхгүй байсныг өөрийн зардал, хөрөнгөөр засаж 2011 оны 04 дүгээр сараас эхлэн сар бүр 250 000 төгрөгөөр, 2012 оноос 2014 оны 6 сар хүртэл сар бүр 300 000 төгрөгөөр, 2014 оны 06 сараас хойш одоог хүртэл сар бүрийн 500 000 төгрөгөер түрээсийн төлбөрт нийт 25 800 000 төгрөг төлсөн. Түүнээс нэхэмжлэлд дурьдсан шиг Ж.И гийн газрыг түрээслээгүй, түрээсийн төлбөрийг би дангаараа төлж байсан бөгөөд иргэн Ж.И огт үүнийг төлж байгаагүй. 2011 оны 04 дүгээр сараас эхлэн хуучин сэлбэг худалдах Ж.И бидний хамтын үйл ажиллагаа эхэлсэн боловч миний бие өөрийн төрсөн ах Я.Ш харуул, манаачаар ажиллуулж сар бүрийн 200 000 төгрөгөөр цалинжуулж 2014 оны 04 дүгээр сар хүртэл ажилуулсан нийт ажлын хөлс 4 800 000 төгрөг болсон. 2014 оны 05 дугаар сараас эхлэн одоо хүртэл манай ахын хүүхэд болох Ш.Ө сар бүр 200 000 төгрөгөөр, нийтдээ 6 200 000 төгрөгийг төлөөд байна. Хуучин, эвдэрч муудсан, эдэлгээ нь дууссан автомашиныг задалж ангилах ажлыг 2011 оны 04 дүгээр сараас эхлэн Э , М.Э , Б , Т.Э 4 ажилтныг ээлжлэн ажиллуулж, сар бүр 2 ажилтанг ажилуулж өдөрт тус бүр нь 20 000 төгрөг, сард дунджаар 1 200 000 төгрөгний цалинг тогтмол би дангаараа олгож байсан болно. Ийнхүү сар бүр тогтмол гардаг зардал нь түрээсийн төлбөр, манаачийн цалин, задлагч 2 ажилтны цалин гарч байсан бөгөөд үүнээс Ж.И нь огт төлөлцөөгүй, миний бие гэрээнд “хатуу” заасан 750 000 төгрөгийг ашиггүй ажиллаж байхад ч түүнд олгож байсан. Ж.И нь хамтран ажиллах гэрээний дагуу шинэ сэлбэгийн худалдааг эрхлэхээр Б багт хуучин Солонго захын ард нүүрний гудамжинд засварын
газруудын дунд иргэн Булганы хашаанд хамтарсан санхүүжилтээр 8х10 харьцаатай тоосгоор дэлгүүр барьж, ашиглаж болох ямар ч эвдрэлгүй зарим сэлбэгийг хуучин сэлбэгийн худалдаанаас шилжүүлэн 2012 оны 06 дугаар сараар эхлэн худалдаж, 2013 оны 06 дугаар сар хүртэл ажиллуулж 1 000 000 төгрөгийн ашигтай ажиллаж байсан ба энэ үед манай төрсөн ахын хүүхэд Ц.Б хүртэл туслуулж хамтран ажиллаж байсан. Нэг жил ажиллахдаа 12 000 000-13 000 000 төгрөгийн ашиг олсон атлаа надад нэг ч төгрөгний ашиг өгч байгаагүй. Ж.И нь хамтран ажиллах гэрээний дагуу 20 хувийн үйл ажиллагааг хариуцан ажиллах учиртай байтал үйл ажиллагаанд огт оролцоогүй, зардлаас хуваалцаагүй атлаа урьдаас буруу тооцсон ашиг гэх 750 000 төгрөгийг нэхэж байсан нь гэрээ нь надад хэтэрхий хохиролтой, илт хууль бус хэлцэл болохыг миний бие сүүлд олж мэдсэн. Гэрээнд заасны дагуу ашиг авах болохоор Ж.И , түүний эхнэр Б нар гарч ирээд хэрүүл хийгээд байдаг атлаа үйл ажиллагаа явуулах, зардал хуваарилах болохоор эсэргүүцдэг энэ байдал нь анхнаасаа харагдсан тул миний бие энэ хүмүүстэй муудалцаад яахав гэж бодоод, нөгөө талаас шинэ сэлбэгийн худалдааг хамтран ажиллуулах саналыг бодоод Хамтран ажиллах гэрээний 4-т заасны дагуу ашиггүй ажиллаж байсан ч 750 000 төгрөгийг 2011 оны 04 дүгээр сараас эхлэн 2013 оны 07 дугаар сарыг дуустал сар бүр тогтмол Ж.И , түүний эхнэр Болор нарт өгч байсан. 2013 оны 08 дугаар сараас дээрх “ашиг” гэх 750 000 төгрөгийг өгөхөө больсон нь үнэн. Учир нь 1-рт Ж.И нь 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хамтын үйл ажиллагаанд 20 хувь оролцох ёстой байтал огт оролцоогүй, 2-рт шинэ сэлбэг хэрэгслийг худалдах хамтын үйл ажиллаагаанааасаа надад огт ашиг өгөөгүй, 3-рт чацарганы талбайн 5 га газраасаа 2,5 га газрыг надад өгнө гэж хуурч мэхлэн дундуур нь тасалж хашаа барьж, хууран мэхлэн надаар хашаагаа бариулсан, худаг ухуулж, худгийн байшинг бариулсан зэрэг шалтгааны улмаас миний бие 2013 оны 07 дугаар сараас хойш 750 000 төгрөгийн өгөөгүй. Бидний хамтын ажиллагаа нь хуучин, шинэ сэлбэгийн худалдаагаар зогсохгүй Булган аймгийн Б сумын Цохионы өвөр, Бургааст гэх газарт чацарганы мод тариалах ажлаар үргэлжилсэн бөгөөд 2013 оны 07 дугаар сард Ж.И нь өөрөө хүсэлт гарган өөрийн эзэмшдэг 5 га газрын 50 хувь болох 2,5 га газрыг надад шилжүүлэн өгөх, миний бие тус газарт нийтэд нь бүдүүн нарийн 2 давхар торон хашаа барих, гүний худаг гаргах, худгийн байшин барих ажлыг гүйцэтгэхээр болж, хуучин сэлбэгийн худалдааны ажлаа түр хугацаагаар зогсоож, чацарганы талбайн ажилд бүх цаг зав, мөнгө хөрөнгөө зарцуулж нийт хашаа барихад 3 000 000 төгрөг, худаг ухахад 7 200 000, худгийн байшин барихад 500 000 төгрөг зарцуулсан. Уг газарт ийм эд хөрөнгийг барьж босгосон тул байнгын харуул, манаатай байх шаардлагатай тул 2013 оны 07 дугаар сараас эхлэн 2014 оны 05 дугаар сар хүртэл Завхан аймгаас дүү Я.М авчирч сар бүрийн 250 000 төгрөгөөр харуулж нийт 2 500 000 төгрөгний ажлын хөлсийг Ж.И гийн өмнөөс олгосон. Гэтэл Ж.И нь анх тохиролцсоны дагуу надад 2,5 га газрыг шилжүүлэн өгөх ёстой байтал өдийг хүртэл шилжүүлэн өгөлгүй хууран мэхэлж, эхнэрээрээ хаацайлан өгөхгүй гэж хэрүүл хийж байсан ба одоо бүр давраад миний Хөдөө аж ахуйн газраас гэрээний дагуу 2013 оны 10 дугаар сард авсан 1 000 ширхэг чацарганы модыг, миний өөрийн хөрөнгөөр өөрөө барьсан 5х7 харьцаатай дүнзэн байшинг, миний хөрөнгөөр барьсан гүний худгийг миний хөрөнгөөр авсан торон хашаа, шонгийн төмөр зэргийг “өөрийн өмчлөлд шилжсэн болохыг тогтоож өгнө үү” гэсэн нь шууд дээрэм хийж байгаа мэтээр харагдаж байна. Анхнаасаа намайг хууран мэхэлж ийнхүү хамаг хөрөнгийг нь тэрхүү чацарганы талбайд оруулсан байж магадгүй гэх бодол төрж байна. 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Чацаргана” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газартай ЧС-2013/02/намар/ дугаартай “Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ” байгуулан авсан болохоос нэхэмжлэлд бичсэн шиг Ж.И олж аваагүй юм. Миний хувийн эд хөрөнгийг Ж.И өөрийнх болсон гэж үзэж байгаа нь ямар учиртайг ойлгохгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Я.С сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Хамтран ажиллах гэрээний дагуу хамтын ажиллагаанаас үүссэн түрээсийн зардал, ажлын хөлс, дундын эд хөрөнгийн үнэ, бусдын өмнө төлөх төлбөр гаргуулах, газар эзэмших эрхийг шилжүүлэн авах, зарим эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Автосэлбэгийн талаар хамтран ажилласантай холбогдуулан гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 4-р заалтанд заасны дагуу газрын төлбөрийн 50 хувь болох 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 01-ийг хүртлэх хугацааны газрын түрээсийн төлбөр болох 1 562 500 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртлэх хугацааны газрын түрээсийн төлбөрийн 50 хувь 3 600 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 14-ны өдрийг хүртлэх хугацааны газрын түрээсийн 50 хувь 2 250 000 төгрөг, гэрээ цуцлах хүртлэх хугацааны газрын түрээсийн төлбөрийн 50 хувь 7 412 500 төгрөг, гэрээ байгуулж хамтын ажиллагаа эхэлсэн үеэс хойших 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртлэх хугацааны хуучин авто машиныг худалдан авсны дараа задалдаг ажилтнуудын ажлын хөлсний 50 хувь 21 000 000 төгрөг, авто сэлбэгийн газрын сахиулаар ажиллаж байсан ажилтнуудын цалингийн 50 хувь 3 250 000 төгрөг нийт хуучин автосэлбэгийн худалдаа эрхлэхээр хамтран ажиллах гэрээний дагуу 37 662 500 төгрөг, Чацарганы тайлбайд хамтран ажиллах гэрээний дагуу гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: 2013 оны 07 дугаар сард бид хамтран ажиллахаар тохиролцож Ж.И гийн тавьсан саналын дагуу түүний эзэмшлийн Булган аймгийн Б сумын “Цохионы өвөр” гэх нэртэй газарт байрлах 5 га газрыг 2,5 га газраар хуваан нь тус тус тэнцүү эзэмшихээр тохиролцож, харин үүний хариуд миний бие тус газарт барих хашаа, худаг ухах, цахилгааны байгууламж барих зэрэгт гарах зардлыг 50, 50 хувиар тооцон гаргаж, Ж.И нь хүн хүч муутай, дандаа охидуудтай тул тус ажлыг гүйцэтгэх хүн хүчээр миний бие илүү оролцохоор тохиролцсон. Үүнийг дагуу миний бие Хөвсгөлөөс Батбаатар гэх дүүгээ, Завхан аймгаас Я.М , М.Б , авто сэлбэг дээр ажилладаг М.Э , Ц.Э , Т.Э , Ц.Э , автосэлбэгийн манаачаар ажиллаж байсан Я.Ш , өөрийн хүү С.Н нарыг туслуулж хашаа барих, худаг барих ажлыг гүйцэтгүүлсэн. Харин энэ үед Ж.И нь өөрийн хүргэнтэйгээ хоёулаа л оролцсон болно. Гэтэл одоо шүүхэд өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа надад анх эзэмшүүлэхээр тохиролцсон газраа өгөх нь бүү хэл, миний өмчлөлийн чацарганы мод, миний өөрийн барьсан дүнзэн байшин зэргийг авахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Ж.И гийн эзэмшиж байгаа Булган аймгийн Б сумын “Цохионы өвөр” гэх газарт байрлах 5 га газрын 50 хувь болох 2,5 га газрын эзэмших эрхийг Ж.И гаас шилжүүлэн авах, 5 га газартай хамтад нь төмөр тороор давхар торлож, хашааны төмөр шон, түүний суурийг цементээр зуурч цутгасан зардал, торны үнэ, торыг бэхэлсэн төмөр утас, 50 хувь 3 000 000 төгрөг. Гүний худгийн байшинг би 100 хувь зардал гаргаж барьсан ба зардлын 50 хувь 250 000 төгрөг. 2013 оны 07 дугаар сард чацарганы талбайд худаг ухсан үеэс эхлэн сахиул буулгаж дундын эд хөрөнгийг хамгаалж ирсэн ба сахиулын ажлын хөлсийг бид хамтран хариуцаж гаргахаар тохиролцсон хөлсний 50 хувь 4 125 000 төгрөг. Орхон аймгийн техникийн “ТАНИЛ” захаас 2016 оны 7 дугаар сард № Ф-16 дугаартай павилоноос худалдан авсан өвс хадагч түрдэг автомат машин 1 ширхэгийн үнэ 1 400 000 төгрөгийн миний гаргасан 1 000 000 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байна.
3. Хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох:
Гүний худаг ухуулсан, нийт 7 200 000 төгрөгний зардал гарсан бөгөөд үүний 50 хувь болох 3 600 000 төгрөгийг би гаргасан. Худаг ухсан 3 хүний хоол, ор хоногийн мөнгөнд нийт 850 000 төгрөг төлсөн ба үүнээс Ж.И нь огт төлөлцөөгүй. Ийнхүү миний бие тус худгийг ухаж, ашиглахад бэлэн болгоход гарах зардлын 50 хувиас илүүг гаргасан тул энэхүү гүний худаг нь бидний хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож өгнө үү.
3.2 Бидний хамтран байгуулсан 6 000 вольт шугамнаас 850 метр газар 14 ширхэг цахилгааны шон татаж, 380 вольт болгон бууруулах цахилгааны байгууламж /трансформатор/-ийг мөн бид тус тус 6 000 000 /зургаан сая/ төгрөг гаргаж хамтран байгуулсан бөгөөд энэ нь бидний хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож хэн хэн тэгш эрхтэйгээр ашиглах, эзэмших эрхтэй байтал Ж.И нь дан ганц өөрийн хуваарьт өмч мэтээр үзэж байна. Иймээс энэхүү цахилгааны байгууламжийг бидний хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.С сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Г-208 дугаартай Хамтран ажиллах гэрээний 3 дахь хэсэгт заасан сар бүр ашгаас А, Б тал тус бүр 750 000 төгрөг авч байх заалтыг тус заалтанд үндэслэж байгуулсан “Хамтран ажиллаж байгаа хоёр талын зүгээс хамтран ажиллаж байсаны тухай эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээг” хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ж.И нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбараа шүүхэд ирүүлсэн бөгөөд сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбарлан хурлыг үргэлжлүүлэх саналтай байна.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.И нь хариуцагч Я.С холбогдуулан 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан тооцоо нийлэх тухай гэрээний дагуу 4 400 000 төгрөг гаргуулах, Булган аймгийн Б сумын Б багийн Цохионы өвөрт байрлах 5 га чацарганы талбайд байгаа Я.С ногдох чацарганы мод, гүний худаг, талбайг хашаалсан тор, талбайд байрлах байшингийн өмчлөх эрх бүхэлдээ шилжсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Я.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хамтран ажиллах гэрээний дагуу ажилтнуудын цалин хөлсний 50 хувь, түрээсийн төлбөрийн 50 хувь, 2.5 га газрын эзэмших эрх шилжүүлэн авах, чацарганы талбайд оруулсан хөрөнгө гаргуулах, гүний худаг, цахилгааны байгууламжийг дундын хөрөнгөд тооцуулах, хамтран ажиллах гэрээ болон хамтран ажиллаж байгаа хоёр талын зүгээс хамтран ажиллаж байсаны тухай эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган мэтгэлцэж байна.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
Нэг. Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан “хамтран ажиллах гэрээ”, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “хамтран ажиллаж байгаа хоёр талын зүгээс хамтран ажиллаж байсаны тухай эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээ”-нд үндэслэн 47 сая төгрөг авах ёстойгоос 22 сая төгрөгт ногдох эд зүйлсийг Я.Сэлэнгийн өөрийнх нь тодорхойлсноор гэрээ байгуулсан. Гэрээний үүргээс 2 тугалтай үхэр, 1 600 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Одоо гэрээний дагуу төлөх 4 400 000 төгрөг болон Булган аймгийн Б сумын Б багийн Цохионы өвөрт байрлах 5 га чацарганы талбайд байгаа Я.С ногдох чацарганы мод, гүний худаг, талбайг хашаалсан тор, талбайд байрлах байшингийн өмчлөх эрх бүхэлдээ шилжсэн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Бидний хооронд дээрхи гэрээнүүд байгуулагдсан нь үнэн боловч бодит байдалд нийцэхгүй байна. Хамтран ажиллах гэрээгээр талуудын оролцоог тодорхойлсон боловч Ж.И нь үйл ажиллагаанд огт оролцдоггүй, хүн бүл цөөнтэй гээд чацарганы талбайд ч гэсэн хүргэнийхээ хамтаар л ажиллаж байсан. Хамтран ажиллах гэрээгээр надаас эд зүйл нэхэж байгаа бол би ч гэсэн хамтран ажиллах гэрээнд заасны дагуу гарсан зардлыг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.
Зохигчдын хооронд 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, гэрээнд оролцогч талууд хөрөнгийн эх үүсвэр, ашиг орлого хувиарлах, болон хамтын үйл ажиллагааны зохион байгуулалт, хариуцлагын асуудлыг тохирч, А тал буюу нэхэмжлэгч Ж.И нь 5 000 000 төгрөгийг Б тал буюу хариуцагч Я.С шилжүүлсэн болох нь хамтран ажиллах гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Дээрхи гэрээний 3-т зааснаар Б тал нь А талд сар бүр 750 000 төгрөгийг төлөх бөгөөд 4 дэх хэсэгт 750 000 төгрөгийг төлөх хугацааг хэтрүүлбэл хоног тутам 0.3 хувийн алданги төлөх, нэмэлт нөхцөлд 750 000 төгрөгийг бидний хамтарсан үндсэн мөнгө 10 000 000 төгрөгт нэмэгдэж хуримтлал болж байх, хэрэв гэрээ цуцлагдвал үндсэн хөрөнгөө тэнцүү хувааж авах, үндсэн хөрөнгийн хуримтлалд хүн тус бүр 750 000 төгрөгийг оруулж тооцохоор тохиролцжээ.
Гэрээ ёсоор Б тал болох хариуцагч Я.С эс 750 000 төгрөг сар бүр төлөгдөж байсан боловч хэсэг хугацааны дараа мөнгө нь алдаг оног шаардуулж байж орж ирдэг болсон тул 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр талууд тохиролцон “хамтран ажиллаж байгаа хоёр талын зүгээс хамтран ажиллаж байсаны тухай эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээ” байгуулсан байна.
Уг гэрээ нь 2011 оны хамтран ажиллах гэрээг дүгнэж байгуулагдсан гэрээ бөгөөд хамтран ажиллах гэрээгээр хариуцагч Я.С нь нэхэмжлэгч Ж.И д төлөх ёстой 47 000 000 төгрөгийг хоёр талаас ярьж тохиролцоод 22 000 000 төгрөг байхаар, Я.С өөрт байгаа хөрөнгө болон орлогынхоо нөхцлөөс хамаарч санаагаа оруулж байгаад Ж.И гийн хувьд боломжоороо тохиролцон шийдэхийг зөвшөөрч байгуулав гэжээ.
2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “хамтран ажиллаж байгаа хоёр талын зүгээс хамтран ажиллаж байсаны тухай эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээ”-нд Я.С нь Ж.И д 2 тугалтай үхэр, Говилд байгаа хашааны 6 000 000 төгрөг, чацарганы талбайд байгаа өөрт ногдох эд хөрөнгө, гүний худгийг гаргахад орсон хөрөнгийн тал 4 000 000 төгрөг, байшин 5 000 000 төгрөг, торны мөнгө ажлын хөлстэйгээ нийлээд 5 000 000 төгрөг бүгд нийлээд 22 000 000 төгрөгөөр бодож тохиролцсон байх бөгөөд тохиролцоо ёсоор 2 тугалтай үхэр, 1 600 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар талууд маргаагүй.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан, мөн хуулийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол өмнөх үүрэг дуусгавар болж нэхэмжлэгч Ж.И нь шинэ үүргийн дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу үүссэн үүргийг дуусгавар болгож өөр үүргийг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн тохиолдолд гэрээ байгуулахыг шаардах бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээ нь уг шаардлагыг хангаж байна.
Хариуцагч Я.С нэг бүр нь 1 500 000 төгрөгийн үнэтэй үхрийг 1 000 000 төгрөг гэж тооцсон тул үнэлгээ хийлгэх хүсэл гаргасныг нэхэмжлэгч Ж.И 1 500 000 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрч маргаагүй, шинжээч томилох шаардлагагүй гэсэн тул нэгэнт маргаагүй үйл баримтын талаар шүүх дүгнэхдээ 4 400 000 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 1 000 000 төгрөгийг хасч тооцсон болно.
2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “хамтран ажиллаж байгаа хоёр талын зүгээс хамтран ажиллаж байсаны тухай эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээ” буюу тооцоо нийлэх гэрээнд Я.С ногдох чацарганы модны асуудал тусгагдаагүй байх бөгөөд Я.С ногдох эд хөрөнгө гэдэгт чацарганы мод байгаа гэж үзэх үндэслэлгүй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Ж.И нь 2 000 ширхэг чацарганы модыг Орхон аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрийн газартай байгуулсан гэрээний дагуу авсан бөгөөд 1 000 ширхэгийг нь Я.С хүлээлгэн өгсөн болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлдэг.
Иймд хариуцагч Я.С эс 3 400 000 төгрөг, Булган аймгийн Б сумын Б багийн Цохионы өвөрт байрлах гүний худаг, 5 га талбайг хашаалсан тор, талбайд байрлах байшин зэргийг нэхэмжлэгч Ж.И гийн өмчлөлд шилжсэн болохыг тогтоож, шаардах эрхийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөг, Я.С ногдох чацарганы мод шилжсэн болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч Я.С нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үндэслэлээ: 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээнд талуудын оролцоо, хамтын үйл ажиллагааны үр дүн, алдагдал, хохиролыг хувь тэнцүү хэмжээгээр хамтран хариуцна гэж заасан атал түрээсийн төлбөр болон ажилчдын цалин хөлснөөс төлөлцөж байгаагүй. Эдийн засгийн алдагдалтай гаргасан тооцоог үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд хамтран ажиллах гэрээний дагуу хамтын ажиллагаанаас үүссэн түрээсийн зардал, ажилчдын цалин хөлс, дундын эд хөрөнгийн үнэ, бусдын өмнө төлөх төлбөр 46 037 500 төгрөг гаргуулах, 2.5 га газар эзэмших эрхийг шилжүүлэн авах, гүний худаг, цахилгааны байгууламжууд хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох, 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “хамтран ажиллах гэрээ” болон 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “хамтран ажиллаж байгаа хоёр талын зүгээс хамтран ажиллаж байсаны тухай эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж тайлбарладаг.
Ж.И сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Хамтран ажиллах гэрээг дүгнэж 2015 оны 02 дугаар сарын 14-ний “хамтран ажиллаж байгаа хоёр талын зүгээс хамтран ажиллаж байсаны тухай эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээ” байгуулсан. Иймд ажилчдын болон түрээсийн зардал нэхэмжлэх үндэслэлгүй, чацарганы талбайд ажиллуулсан манаач нарын цалингийн талаар бид тохиролцоогүй, тухайн үед өөрөө гэрээгээ бичээд тохиролцсон байж одоо ийм зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Түрээсийн төлбөрт өөрт ногдох 750 000 төгрөгөөс 50 000 төгрөгийг өгч байсан, дээрхи гэрээнүүд хүчин төгөлдөр гэрээнүүд гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээн гэж заасан байх тул зохигдын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Хамтран ажиллах тухай гэрээг бичгээр болон амаар байгуулж болохоор хуульд заасан байх тул зохигдын хооронд байгуулсан шинэ хуучин сэлбэгийн худалдаа болон чацарганы суулгац тариалах 5 га газарт хамтран хөрөнгө оруулалт хийх тухай гэрээнүүд хуулийн дээрхи шаардлагыг хангасан гэрээнүүд гэж дүгнэв.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч Ж.И гийн эзэмшилийн 2.5 га газрийг шилжүүлэн авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулагдаагүй, зохих этгээд болох Засаг даргаас зөвшөөрөл олгогдоогүй байхад эзэмших эрх шилжүүлэн авах шаардлага үндэслэлгүй байна.
Талууд 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “хамтран ажиллах гэрээ”-г дуусгавар болгон 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “хамтран ажиллаж байгаа хоёр талын зүгээс хамтран ажиллаж байсаны тухай эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээ” байгуулсан бөгөөд өмнөх гэрээний үүрэг дуусгавар болсон байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохоор байвал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэдэг ба өвс хадагч машинд оруулсан мөнгө болох 1 000 000 төгрөг гаргуулах шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй гэж дүгнэлээ. Иймд Я.Сэлэнгийн хамтран ажиллах гэрээний газрын түрээсийн төлбөр, ажилчдын цалин хөлс нийт 38 662 500 /7 412 500+27 000 000+3 250 000+ 1 000 000/ төгрөгийг шаардах эрхгүй гэж үзнэ.
Гүний худгийг ухсан 3 ажилтаны хоолны мөнгө 850 000 төгрөг нь холбогдох баримтаар нотлогдоогүй тул түүний 50 хувийг гаргуулах үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээд нэмэлт төлбөр тусгагдаагүй, мөн гэрч М.Э ын ...чацарганы талбайн сахиулын хөлсийг хувааж хариуцахаар тохирсон гэсэн мэдүүлэг нь 4 125 000 төгрөгийг Ж.И гаас гаргуулах хангалттай нотолгоо биш гэж үзлээ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Талууд цахилгааны байгууламжийн талаар мэтгэлцээгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хангаж шийдвэрлэсэн гүний худаг, хашаалсан тор түүнийг хийсэн ажлын хөлс нийт 6 850 000 төгрөгийг /3 000 000+3 600 000+250 000/ Ж.И гаас гаргуулж, 2.5 га газар эзэмших эрх, гүний худгийг дундын өмч болохыг тогтоолгох, 43 212 500 төгрөгийг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгч Ж.И гаас урьдчилан төлсөн 125 550 төгрөг, Я.С эс төлсөн 528 537 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.С эс 139 550 төгрөг гаргуулан Ж.И д, Ж.И гаас 124 550 төгрөг гаргуулан Я.С олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4, 236 дугаар зүйлийн 236.1.2, 236.1.3, 199 дүгээр зүйлийн 199.1-д заасныг баримтлан хариуцагч Я.С эс 3 400 000 төгрөг, Булган аймгийн Б сумын Б багийн Цохионы өвөрт байрлах Я.С ногдох гүний худаг, 5 га талбайг хашаалсан тор, талбайд байрлах байшин зэргийг гаргуулан нэхэмжлэгч Ж.И гийн өмчлөлд шилжсэн болохыг тогтоож, шаардах эрхийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөг, Я.С ногдох чацарганы мод шилжсэн болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2, 56 дугаар зүйлийн 56.1.8, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан Ж.И гаас 6 850 000 төгрөг гаргуулж Я.С олгож, цахилгааны байгууламж дундын өмч болохыг тогтоож, 2.5 га газар шилжүүлэх, гүний худаг дундын өмч болохыг тогтоолгох, 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хамтран ажиллаж байгаа хоёр талын зүгээс хамтран ажиллаж байсаны тухай эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.И гаас урьдчилан төлсөн 125 550 төгрөг, Я.С эс төлсөн 528 537 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.С эс 139 550 төгрөг гаргуулан Ж.И д, Ж.И гаас 124 550 төгрөг гаргуулан Я.С олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ