Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 314

 

 “Б.Т.Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/02726 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч  “Б.Т.Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ц-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 8 583 883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Ц.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Б.Т.Н” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүсэлт гаргаж, 5,000,000 төгрөгийг 1 сарын 5.5 хувийн хүү буюу 275.000 төгрөг, нийт 825.000 төгрөгийн хүүтэйгээр 90 хоногийн хугацаатайгаар, өдрийн 75.000 төгрөгийн эргэн төлөлттэйгээр талууд харилцан тохиролцож ЗГ-201712251 тоот зээлийн гэрээ, БГ-201712251 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж зээл олгосон. Тус гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусах байсан бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 5.652.260 төгрөг төлж, 172.740 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээнд заасан нөхцлийн дагуу өдрийн 0.5 хувиар 863,7 төгрөгийн алданги тооцон нийт 40 хоногийн 34.548 төгрөгийн алданги бодогдож, зээлийн нийт үлдэгдэл 207.288 төгрөг болж хуримтлагдсан. Ц.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн хүсэлт гаргаж, 5.000.000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэй буюу 300.000 төгрөг, нийт 900.000 төгрөгийн хүүтэйгээр 90 хоногийн хугацаатай өдрийн 76.000 төгрөгийн эргэн төлөлттэйгээр харилцан тохиролцож ЗГ-201802264 тоот зээлийн гэрээ, БГ-201802264 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, зээл олгосон. Зээлийн гэрээнд зааснаар нийт 4.865.745 төгрөг болж хуримтлагдсан. Ц.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зээлийн хүсэлт гаргаж, “Б.Т.Н” ХХК нь хүсэлтийг хүлээн авсаны дагуу 3.000.000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэй буюу 180.000 төгрөг, нийт 360.000 төгрөгийн хүүтэйгээр 60 хоногийн хугацаатайгаар, өдрийн 65.000 төгрөгийн эргэн төлөлттэйгээр талууд харилцан тохиролцож ЗГ-201803091 тоот зээлийн гэрээ, БГ-201803091 тоот барьцааны гэрээг байгуулж, зээл олгосон. Тус гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дуусах байсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 494.000 төгрөг төлж, зээлийн үлдэгдэл 2.866.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. 2018 оны 03 дугаар сарын 09-ний гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 25-ны гэрээний талаар маргадаггүй. Иймд Ц.Ц-гаас ЗГ-201712251 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 207.288 төгрөг, ЗГ-201802264 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 4.856.745 төгрөг, ЗГ-201803091 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 3.510.850 төгрөг буюу зээлийн нийт үлдэгдэл 8.583.883 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: би 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Б.Т.Н” ХХК-иас 3.000.000 төгрөгийн зээл 8 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлээд 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 3.480.000 төгрөг төлөөд дууссан. Дахин 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн. Хугацаанаас 11 хоногийн өмнө төлсөн. 136.800 төгрөгийг илүү төлсөн. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, хугацаатай аваад хэвийн төлсөн. 3 сарын хугацаатай аваад 6.050.000 төгрөгийг төлсөн. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөгийг 6 хувийн 3 сарын хугацаатай аваад 5.900.000 төгрөгөөс 7.171.560 төгрөгийг 1.271.560 төгрөгийг илүү төлсөн. 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 5.000.000 төгрөгийг 6 хувийн 3 сар хугацаатай аваад 5 900 000 төгрөг төлөхөөс 5 695 000 төгрөг төлж, 205 000 төгрөг дутуу төлсөн. 2017 оны 12 дугаар сарын 25-нд 5 000 000 төгрөг, 5.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай аваад 5.825.000 төгрөгөөс 575.000 төгрөгийг дутуу төлсөн.  Энэ 2 зээлийн үлдэгдэл 780 000 төгрөг төлөх ёстой байснаас 2 844 620 төгрөг суутгасан. 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай өгсөн. Урьдах зээлүүдийн /5, 6/ үлдэгдэл алданги гээд 2 844 620 төгрөг суутгаж авсан учрыг би ердөө ч ойлгохгүй байна. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 3.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай авсан. Зээлээ төлөөд явж байтал цагаан сарын дараагаас орлого муудаж эхэлсэн. “Б.Т.Н” ХХК-ийн эвлэрүүлэн зуучлах төвд хандаад намайг гарын үсэг зурахыг шаардаж эхэлсэн. Хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө дуудаж эхэлсэн. Зээлийн хугацаа 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дуусах байсан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 29-нд эвлэрүүлэн зуучлах төвд очсон боловч 9 400 000 төгрөг нэхэмжилж буй учрыг олоогүй. Энэ хугацаанд “Б.Т.Н” ХХК-иас 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 34 000 0000 төгрөгөөс 32 370 360 төгрөг төлсөн үлдэгдэл 1.629.640 төгрөг байдаг.  Миний авсан 5, 6 дугаар зээлийн үлдэгдэл 780.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Би 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 780.000 төгрөг төлөхдөө 5.000.000 төгрөгийг бэлнээр авъя гэж очиход 2.100.000 төгрөгийг өгч, 2.800.000 төгрөг аваагүй байхад надаас авна гэж хэлээд суутгаж авсан. Би найдвартай сайн зээлдэгч байсан. Би энэ байгууллагаас зээл авах гээд очихдоо 5.000.000 төгрөгийн зээлээс 4.200.000 төгрөг авах ёстой гэж бодсон. Гэвч би 2.100.000 төгрөг авсан. Тэгээд энэ талаар 2 цаг гаран маргалдаад аргагүйн эрхэнд гарын үсэг зураад явсан, нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ц-гаас 6,166,780 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Б.Т.Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.417.053 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152.292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 113.618 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан баримт нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний зээлийн гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж чадаагүй хариуцагчийн төлбөрийг  2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 2.844.620 төгрөг шилжүүлж, эргэн төлөлтийн хуваарийг хэвийн болгож хаасан гэх агууллага бүхий үг өгүүлбэр болно. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дах хэсэгт зохицуулжээ. Шүүх Хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан баримтыг тооцоо нийлсэн баримт хэмээн үзэж өмнөх зээлнйн гэрээнүүдийг дуусгавар болгосон бөгөөд тус зээлийн гэрээнүүдийг " Б.Т.Н " ХХК-ийн харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн Б.Батчимэг" гэх ажилтан тооцоо нийлж зээлийн гэрээг дуусгавар болгосон байна гэж үзвэл " Б.Т.Н " ХХК гүйцэтгэх захирал О.Тулга болон Ц.Ц нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг дуусгавар болгох тооцоо нийлэх эрх бүхий субъект мөн эсэх тал дээр эрх зүйн дүгнэлт өгөх шаардагатай юм. Нэхэмжлэгч өөрт буй бүхий л нотлох баримтыг эх хувиар нь гаргаж өгсөн болохыг дурдах нь зүйтэй. Хариуцагчийн хувьд хариу тайлбартаа 5 болон 6 дугаар зээлийн гэрээг төлж дуусгасан тухай дурддаг бөгөөд энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй мөн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрдөггүй ч нотлох үүргээ биелүүлээгүй болно. 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зээлинн гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон хэмээн үзэх үндэслэлгүй байх бөгөөд дээрх гэрээнүүдээс төлсөн төлбөрийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ болон 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнд суутган тооцох үндэслэлгүй юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлага болох 8.583.883 төгрөгийг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 2.417.053 төгрөгийг хариуцагчаас гаргуулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгч " Б.Т.Н " ХХК хариуцагч Ц.Цэрмаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 583 883 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд бичгээр хийгдсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, 5.5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор 201712251 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор 201802264 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 3 000 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай, мөн алданги тооцохоор 201803091 дугаартай зээлийн гэрээг  бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 286 дугаар зүйлийн 286.5 дах хэсэгт тус тус нийцжээ. /хх-17-26/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээ мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж дүгнэсэн байхаас гадна хэрэгт авагдсан 201802264 дугаартай барьцааны гэрээний агуулга /хх-ийн 22-23/, нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг /хх-ийн 7/ зэргээс үзэхэд  барьцаалан зээлдэх журмаар зээл олгосон гэж үзэхээр байна.

Зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагчийн дансанд тухай бүр шилжүүлж байсан зээлийн гэрээ, хариуцагч Ц.Ц-гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон, энэ талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Харин нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээнд зааснаар 5 000 000 төгрөг шилжүүлэх байтал 4 950 000 төгрөг /хх-ийн 143, 146/, 3 000 000 төгрөг шилжүүлэх байтал 2 970 000 төгрөг /хх-ийн 147/ тус тус шилжүүлсэн нь хууль болон гэрээнд нийцээгүй боловч хариуцагч зээлийг дутуу олгосон талаар маргаагүй байна

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дах хэсэгт заасан болон  барьцааны гэрээнд заасан журмын дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй буюу уг журмыг хэрэгжүүлэх боломжгүйгээс шүүхэд хандсан учир шалтгаан тодорхой бус байгааг дурдах нь зүйтэй.

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тэдний хооронд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нийт 8 удаа зээлийн гэрээ хийгдснээс нэхэмжлэгч нь  сүүлд байгуулсан 3 гэрээ буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардаж, улмаар зээлийн болон барьцааны гэрээ, ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл буюу мөнгө хүлээн авсан гэх баримт, зээл төлөлтийн график тооцоо бүхий бичмэл баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ.

Зээлийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн гэрээгээр зээлдэгч 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, үүнээс 2 844 620 төгрөгийг өмнөх 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн болон 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн төлбөрт  тооцон суутгасныг хариуцагч эс зөвшөөрч, энэ талаарх баримтанд /хх-ийн 24/ аргагүйн эрхэнд гарын үсэг зураад явсан талаар тайлбар гаргаж байсан боловч тэрээр энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул анхан шатны шүүх  өмнөх зээлүүдийн гэрээний үүрэг энэ хэмжээгээр хаагдаж дуусгавар болсон гэж үзэж 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 207 288 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж үзэв.

 

Хэргийн 24 дүгээр талд авагдсан баримтанд зээлдэгч Ц.Ц  2 844 620 төгрөгийг, шимтгэл 50 000 төгрөгийн хамт суутгасныг хүлээн зөвшөөрсөн гэж гарын үсэг зурсан байхаас гадна зээл хаасан гэх уг баримтанд зээлдүүлэгч тал хүүгийн талаар болон өөрөөр заагаагүй тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.4, 236.5 дах тус тус зааснаар  мөнгөн төлбөрийн үүрэг бүхэлдээ дуусгавар болсон, өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй болно.

Би “Б.Т.Н " ХХК-ийн харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн Б.Батчимэг гэх ажилтан тооцоо нийлж зээлийн гэрээг дуусгавар болгосон эрх бүхий субъект мөн эсэх талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаж байгаа боловч энэ талаар талууд анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцээгүй байхаас гадна, энэ нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт нийцэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон гэж үзэж, мөн өдрөөс хойшхи хугацаанд хариуцагчийн төлсөн төлбөр  4 024 000 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн болон 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт тооцсон нь үндэслэлтэй байна. Хариуцагчаас зээлийн эргэн төлөлт хийсэн хэмжээ, хугацааны талаар талууд маргаагүй байна.

 

 Улмаар шүүх 2 зээлийн гэрээний үүргийн хэмжээг гэрээнд заасан агуулгаар тодорхойлж,  2018-02-27-ноос 2018-03-09-ний хооронд төлсөн 2 280 000 төгрөгийг болон 2018-03-10-наас 2018-05-13-ны хооронд төлсөн 1 744 000 төгрөгийн 50 хувь болох 872 000 төгрөг, нийт 3 152 000 төгрөгийг 2018 оны 2 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг 5 900 000 төгрөгт тооцож үлдэгдэл 2 748 000 төгрөгт 27 хоногийн алдангийг тооцон нийт 3 118 980 төгрөгийг, 2018 оны 3 дугаар сарын 09-ний гэрээний хувьд 2018-03-10-наас 2018-05-13-ны хооронд төлсөн 1 744 000 төгрөгийн 50 хувь болох 872 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэг 3 360 000 төгрөгөөс хасч тооцон 2 488 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлд  45 хоногийн алданги тооцон нийт 3 047 800 төгрөгийг, 2 зээлийн гэрээний үүрэгт бүгд 6 166 780 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч зээл олгохдоо шимтгэл тооцсон, эргэн төлөлтийн хуваарь гэх баримтанд зээлдэгч гарын үсэг зураагүй байхад өдрийн хүү, алданги тооцсон зэрэг асуудлаар, түүнчлэн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойшхи зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор хариуцагч тайлбар гаргаж, өдөр тутам төлөлт хийсэн санхүүгийн баримтыг гаргаж  байсан боловч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй тул эдгээр асуудлаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/02726 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 318 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.ТУЯА   

                                                          ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА        

                                                                                                       Н.БАТЗОРИГ