Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2018/02726

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2018/02726

Улаанбаатар хот

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч                    Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч:  “Б” ХХК  /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч:  ЦЦ /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,583,883 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, хариуцагч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Найданжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагч Ц.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүсэлт гаргаж, 5,000,000 төгрөгийг 1 сарын 5.5 хувийн хүү буюу 275,000 төгрөг, нийт 825,000 төгрөгийн хүүтэйгээр 90 хоногийн хугацаатайгаар, өдрийн 75,000 төгрөгийн эргэн төлөлттэйгээр талууд харилцан тохиролцож ЗГ-201712251 тоот зээлийн гэрээ, БГ-201712251 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж зээл олгосон.

Тус гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусах байсан бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 5,652,260 төгрөг төлж, 172,740 төгрөгийг үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээнд заасан нөхцлийн дагуу өдрийн 0.5 хувиар 863,7 төгрөгийн алданги тооцон нийт 40 хоногийн 34,548 төгрөгийн алданги бодогдож, зээлийн нийт үлдэгдэл 207,288 төгрөг болж хуримтлагдсан.

Ц.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн хүсэлт гаргаж, 5,000,000 төгрөгийг 1 сарыг 6 хувийн хүүтэй буюу 300,000 төгрөг, нийт 900,000 төгрөгийн хүүтэйгээр 90 хоногийн хугацаатай өдрийн 76,000 төгрөгийн эргэн төлөлттэйгээр харилцан тохиролцож ЗГ-201802264 тоот зээлийн гэрээ, БГ-201802264 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, зээл олгосон. Зээлийн гэрээнд зааснаар нийт 4,865,745 төгрөг болж хуримтлагдсан.

Ц.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зээлийн хүсэлт гаргаж, “Би Ти Нэмэх” ХХК  нь хүсэлтийг хүлээн авсаны дагуу 3,000,000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэй буюу 180,000 төгрөг, нийт 360,000 төгрөгийн хүүтэйгээр 60 хоногийн хугацаатайгаар, өдрийн 65,000 төгрөгийн эргэн төлөлттэйгээр талууд харилцан тохиролцож ЗГ-201803091 тоот зээлийн гэрээ, БГ-201803091 тоот барьцааны гэрээг байгуулж, зээл олгосон. Тус гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дуусах байсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 494,000 төгрөг төлж, зээлийн үлдэгдэл 2,866,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

Хариуцагч өрөө 5,000,000 төгрөг хүлээн авсан гээд гарын үсэг зурсан байдаг. 2018 оны 03 дугаар сарын 09-ний гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 25-ны гэрээний талаар маргадаггүй. Иймд Ц.Цгаас ЗГ-201712251 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 207,288 төгрөг, ЗГ-201802264 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 4,856,745 төгрөг, ЗГ-201803091 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 3,510,850 төгрөг буюу зээлийн нийт үлдэгдэл 8,583,883 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 780,000 төгрөг төлөхдөө 5,000,000 төгрөгийг бэлнээр авъя гэж очиход 2,100,000 төгрөгийг өгч, 2,800,000 төгрөг аваагүй байхад надаас авна гэж хэлээд суутгаж авсан. Би найдвартай сайн зээлдэгч байсан. 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Би Ти Нэмэх” ХХК-иас 3,000,000 төгрөгийн зээл 8 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлээд 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 3,480,000 төгрөг төлөөд дууссан.

Дахин зээлд хамрагдсан. 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн. Хугацаанаас 11 хоногийн өмнө төлсөн. 136,800 төгрөгийг илүү төлсөн.

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөгийг 7 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай аваад 6,050,000 төгрөгийг төлсөн.

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг 7 хувийн 3 сарын хугацаатай аваад 5,900,000 төгрөгөөс 7,171,560 төгрөгийг 1,271,560 төгрөгийг илүү төлсөн.

2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгийг 6 хувийн 3 сар хугацаатай аваад 5,825,000 төгрөгөөс 575,000 төгрөгийг дутуу төлсөн.

2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай өгсөн.

2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай авсан. Зээлээ төлөөд явж байтал цагаан сарын дараагаас орлого муудаж эхэлсэн. “Би Ти Нэмэх” ХХК-ийн эвлэрүүлэн зуучлах төвд хандаад намайг гарын үсэг зурахыг шаардаж эхэлсэн. Хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө дуудаж эхэлсэн. Зээлийн хугацаа 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дуусах байсан. Энэ хугацаанд “Би Ти Нэмэх” ХХК-иас 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл үлдэгдэл 1,629,640 төгрөгийг нэхдэг. Миний авсан 5, 6 дугаар зээлийн үлдэгдэл 780,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Би энэ байгууллагаас зээл авах гээд очихдоо 5,000,000 төгрөгийн зээлээс 4,200,000 төгрөг авах ёстой гэж бодсон. Гэвч би 2,100,000 төгрөг авсан. Тэгээд энэ талаар 2 цаг гаран маргалдаад аргагүйн эрхэнд гарын үсэг зураад явсан, нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

       ҮНДЭСЛЭХ нь: 

     

          Нэхэмжлэгч Б ХХК  нь хариуцагч Ц.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,583,883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч талаас “...хариуцагч буюу зээлдэгч нь 3 ширхэг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул зээлийн үлдэгдлүүдийг гэрээнд заасны дагуу алдангийн хамт тооцож шаардаж байна”, хариуцагч талаас “...гэрээ байгуулсан эсэхэд маргахгүй, харин нэг зээлээр өмнөх зээлийн үлдэгдлийг хаасан тул тухайн зээл дууссан, шинээр авсан зээлийн хувьд зарим хэсгийг зөвшөөрнө, тухай бүрдээ төлж байсан” гэсэн тайлбаруудыг тус тус гарган маргадаг.

 

Зохигчийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000  төгрөгийг 90 хоногийн хугацаатай, 5.5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохооо 201712251 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, 6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор 201802264 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 3.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай, мөн алданги тооцохоор 201803091 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ /хх-17-26/ тус тус байгуулагдсан, хүсэл зоригоо илэрхийлсэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 286 дугаар зүйлийн 286.5-д заасны дагуу бичгээр байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагч талаас гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу төлбөрийг, алдангийн хамт гаргуулна гэх байх ба дээрх хуулийн зүйл, заалт буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу шаардах эрхтэй.

 

Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараас үзэхэд тэдний хооронд өмнө нь хэд хэдэн удаа зээлийн гэрээ байгуулагдаж байсан бөгөөд сүүлд байгуулсан 3 гэрээ буюу 2017 оны 12 сарын 25-ны өдрийн, 2018 оны 2 сарын 26-ны өдрийн, 2018 оны 3 сарын 9-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардаж, улмаар зээлийн болон барьцааны гэрээ, ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл буюу мөнгө хүлээн авсан гэх баримт, зээл төлөлтийн график тооцоо зэргээр нотолно гэдэг.

 

2018 оны 2 сарын 26-ны өдрийн гэрээгээр зээлдэгч буюу хариуцагч тал 5 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, үүнээс 2,844,620 төгрөгөөр өмнөх зээлийн төлбөрөөс төлсөн, үлдэх 2,105,380 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргадаггүй ба дээрх үйл баримт тэдний тайлбар, Ц.Цгийн ХААН банкны дансны хуулга, мөнгө хүлээн авсан буюу шилжүүлгийн мэдээллээр тогтоогддог. Харин хариуцагч талаас дээрх суутгалыг буюу өмнөх зээлийн төлбөр төлсөн үнийн дүнг хүлээн зөвшөөрдөггүй.

 

Нэхэмжлэгч талын шаардлагын үндэслэлээ нотолж буй гэх 2018 оны 2 сарын 26-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэлд /хх-24/ “...Зээл олгов, зөрүүг шилжүүлэв, хүлээн авсан Цэрмаа, зээл хаасан 2,844,620 төгрөг, шимтгэл 1%, 50,000 төгрөг, суутгасныг хүлээн зөвшөөрөв Цэрмаа” гэсэн тэмдэглэл байх бөгөөд нэхэмжлэгч нь ...2017 оны 12 сарын 9, 12 сарын 25-ны өдрүүдийн зээлийн үлдэгдэл төлбөрт дээрх мөнгийг шилжүүлсэн, 12 сарын 25-ны зээлийн гэрээний төлбөр бүрэн төлөгдөөгүй үлдэгдэлтэй байсан учраас тухайн зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа гэж, хариуцагч нь ...2018 оны 2 сарын 26-нд 5 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, 2,844,620 төгрөг суутгаж авсан, ийм хэмжээний төлбөр үлдэгдэл байгаагүй байсан ч аргагүйн эрхэнд зөвшөөрч мөнгөний хэрэгцээ байснаас гарын үсэг зурсан гэж тайлбарладаг.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд талууд 2018 оны 2 сарын 26-ны өдөр 5 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж уг зээлээс зээлдэгч Ц.Ц нь өмнөх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг буюу суутгахыг хүлээн зөвшөөрсөн байх ба зээлдүүлэгчийн үйлдсэн шилжүүлгийн мэдээлэлд өмнөх зээлийг хаасан болон шимтгэл, суутгал авсан тухай тэмдэглэсэн, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлжээ.

 

Хариуцагч талаас өмнөх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч суутгуулсан үйл баримт нэхэмжлэгч талын өмнөх зээлийн төлбөрт суутгасан үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч нэхэмжлэгч талын 2017 оны 12 сарын 9-ний  зээлээс 1,731,366 төгрөгийг төлж зээл хаагдсан, 2017 оны 12 сарын 25-ны зээлийн үлдэгдлээс зээлдэгчийн хүсэлтээр 1,113,260 төгрөгийг хааж 172,740 төгрөгийн үлдэгдэлтэй болсон гэх тайлбар ойлгомжгүй, зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд энэ талаар харилцан тохиролцсон баримт, тооцоолол байхгүй байх бөгөөд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу “...Зээл олгов, зөрүүг шилжүүлэв, хүлээн авсан Цэрмаа, зээл хаасан 2,844,620 төгрөг, шимтгэл 1%, 50,000 төгрөг, суутгасныг хүлээн зөвшөөрөв Цэрмаа” гэсэн баримтын “Зээл хаасан” гэдгийг тухайн цаг мөчөөс өмнөх зээлүүд бүрэн хаагдсан гэж тайлбарлах нь зүйтэй.

 

Хэдий нэхэмжлэгч тал 2017 оны 12 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ бүрэн хаагдаагүй, дуусгавар болоогүй гэх тайлбарыг гаргадаг ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, үйл баримтаа нотолж чадаагүй тул тухайн тайлбарыг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээ бүхий байна.

 

Иймээс нэхэмжлэгч талын 2017 оны 12 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл, алдангийн хамт нийт 207,288 төгрөг гаргуулах тухай шаардлага нь хуулийн үндэслэлгүй гэж үзэв. Шүүхээс дээрх зээлийн гэрээний үүрэг 2018 оны 2 сарын 26-ны өдөр дуусгавар болсон гэж үзэж буй тул мөн өдрөөс хойш хариуцагч талын зээлийн үүрэгт төлсөн гэх төлбөрийг 2018 оны 2 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 3 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт тооцох нь хуульд нийцнэ.

 

Хэрэгт авагдсан зохигчийн зээлийн төлбөрийн тооцоо баримт, Ц.Цгийн ХААН банкны дансны хуулга, талуудын тайлбар зэргээс үзэхэд 2018 оны 2 сарын 26-ны өдрөөс 2018 оны 5 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 4,024,000 төгрөгийг зээлдэгч Ц.Цгаас зээлдүүлэгч “Би Ти Нэмэх” ХХК-ийн ХААН банкны 5447245437 дансанд шилжүүлсэн байна. Дээрх зээлийн төлбөр дурдсан дансанд ороогүй гэх маргаан талуудын хооронд үүсээгүй болно.

 

Зээл төлөлтийн талаар тодруулбал, 2018 оны 2 сарын 27-нд 228,000 төгрөг, 2 сарын 28-нд 228,000 төгрөг, 3 сарын 01-нд 228,000 төгрөг, 3 сарын 02-нд 228,000 төгрөг, 3 сарын 03-нд 228,000 төгрөг, 3 сарын 04-нд 228,000 төгрөг, 3 сарын 06-нд 228,000 төгрөг, 3 сарын 07-нд 228,000 төгрөг, 3 сарын 08-нд 228,000 төгрөг, 3 сарын 29-нд 228,000 төгрөг, 3 сарын 10-нд 216,000 төгрөг, 3 сарын 12-нд 150,000 төгрөг, 3 сарын 13-нд 100,000 төгрөг, 3 сарын 15-нд 80,000 төгрөг, 3 сарын 16-нд 116,000 төгрөг, 3 сарын 17-нд 116,000 төгрөг, 3 сарын 22-нд 430,000 төгрөг, 3 сарын 24-нд 80,000 төгрөг, 3 сарын 28-нд 65,000 төгрөг, 4 сарын 03-нд 141,000 төгрөг, 4 сарын 14-нд 50,000 төгрөг, 4 сарын 30-нд 50,000 төгрөг, 5 сарын 02-нд 50,000 төгрөг, 5 сарын 13-нд 100,000 төгрөг тус тус төлсөн болох нь Ц.Цгийн ХААН банкны дасны хуулгаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2018 оны 2 сарын 26-ны өдрийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 90 хоногийн хугацаатай, зээлийн гэрээний хугацаа 2018 оны 5 сарын 27-нд дуусахаар, 2018 оны 3 сарын 09-ний өдрийн гэрээгээр 3,000,000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, зээлийн гэрээний хугацаа 2018 оны 5 сарын 08-нд дуусахаар тус тус харилцан тохиролцож зээлийн гэрээнүүдийг байгуулсан байна.

 

2018 оны 2 сарын 26-ний өдрийн 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд зээлдэгч Ц.Ц нь 2018 оны 5 сарын 27-нд үндсэн зээл, хүүгийн хамт нийт 5,900,000 төгрөгийг төлснөөр, 2018 оны 3 сарын 9-ний өдрийн 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд зээлдэгч нь 2018 оны 5 сарын 8-нд зээл, хүүгийн хамт нийт 3,360,000 төгрөгийг төлснөөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох байсан хэдий ч зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд үүргээ бүрэн гүйцэтгээгүй тул гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, хугацаандаа гүйцэтгээгүйгээс төлөх ёстой төлбөр алдангийн хамт нэхэмжилсэн нэхэмжлэлийн үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын /алданги, торгууль/ гэрээг бичгээр хийнэ” гэж заасантай нийцэж байна.

 

Дээр дурдсан зээлдэгч буюу хариуцагч Ц.Цгаас зээлдүүлэгч буюу “Би Ти Нэмэх” ХХК-д төлсөн төлбөрөөс 2018 оны 2 сарын 27-ноос 3 сарын 9-ны хооронд төлсөн 2,280,000 төгрөгийг, 3 сарын 10-аас 5 сарын 13-ны хооронд төлсөн 1,744,000 төгрөгийн 50 хувь болох 872,000 төгрөг, нийт 3,152,000 төгрөгийг 2018 оны 2 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт тооцох зүйтэй бөгөөд зээлдэгчээс төлөх ёстой 5,900,000 төгрөгөөс 3,152,000 төгрөгийг хасахад гүйцэтгээгүй үүрэг 2,748,000 төгрөг болно. Нэхэмжлэгч талын шаардлагын хүрээнд буюу 27 хоногийн хэтэрсэн хугацааны алдангийг тооцоход /2,748,000х0.5%=13,740х27/ 370,980 болох ба тухайн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2,748,000 төгрөг, алданги 370,980 төгрөг нийт 3,118,980 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагч Ц.Ц хариуцах үндэслэлтэй.

 

Зээл, хүүгийн хамт 3,360,000 төгрөг төлөх үүрэг бүхий гэрээний хувьд 2018 оны 3 сарын 9-ний гэрээний хувьд 3 сарын 10-наас 5 сарын 13-ны хооронд зээлдэгчээс төлөгдсөн 1,744,000 төгрөгийн 50 хувь буюу 872,000 төгрөгийг төлөгдсөнд тооцох бөгөөд 2,488,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл, 45 хоногийн алданги /2,488,000х0.5%=12,440х45/ 559,800 төгрөг, нийт 3,047,800 төгрөгийг мөн хариуцагч Ц.Ц хариуцуулах бөгөөд хариуцагч Ц.Цгаас 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 6,166,780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Би Ти Нэмэх” ХХК-д олгохоор буюу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.   

 

Харин зээлийн гэрээний үүрэгт нийт 8,583,883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2,417,103 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл хангагдсан хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 113,618 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Цгаас 6,166,780 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Би ти нэмэх” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,417,053 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 113,618 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ