Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2017/00307

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2017/00307

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/01028/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум,тоотод оршин суух С овогт Б-ийн А /РД: ......./,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, тоотод оршин суух С овогт А-ийн Т /РД:,,,,,,,,,,,/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 ....... тоотод оршин суух Б овогт Д-ийн А /РД: ......../-т холбогдох,

Орон сууцны талбайн үнийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 ....

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч А.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Я нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн Д.А-с Дархан-Уул аймгийн Дархан сумын 1,,,,, тоот, 2 өрөө орон сууцыг 1 мкв-ыг 1,200,000 төгрөгөөр тооцож, нийт 58 мкв талбайтай орон сууцыг 69,600,000 төгрөгөөр худалдан авсан. 2016 оны 04 дүгээр сард Дархан дулааны сүлжээ ТӨХК-иас орон сууцнуудын талбайн хэмжээг шинэчлэн тогтоох хэмжилт хийхэд уг байрны ашиглалтын талбай 46,0 мкв болсон тул дахин хэмжилтийг Т ХХК-иар хийлгэхэд 48,31 мкв болох нь тогтоогдсон. Иймд уг байрны талбайн зөрүү 9,69 мкв талбайн үнэ 11,628,000 төгрөг, талбайн хэмжээ тогтоолгосон төлбөр 72,000 төгрөгийг иргэн Д.А-с гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би иргэн Д.А-ийн данс руу 69.600.000 төгрөгийг шилжүүлэн 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-,,,,,,тоот 58 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Уг орон сууцыг ашиглалтад орсны дараа худалдан авсан юм. Дархан Дулааны Сүлжээ ТӨХК нь шинэ орон сууцуудад дулааны төлбөрийн хэмжээг тогтоохын тулд хэмжилт хийдэг юм байна. Ингээд 2016 оны 4-р сард Дархан Дулаан сүлжээ ТӨХК-иас хэмжилт хийхэд миний худалдан авсан 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ 58 мкв биш 46 мкв талбайтай болохыг мэдэж, орон сууцны талбай зөрүүтэй талаар мэдсэн. Тэгээд 2016 оны 6 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Т ХХК-иар орон сууцандаа талбайн хэмжилт хийлгэхэд манай орон сууцны талбайн хэмжээ 48,17 мкв байсан учир 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл орон сууцыг худалдан авахад илүү төлсөн төлбөр, хэмжилт хийлгэсэн зардал болох 11,868,000 төгрөгийг Д.А-с гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. А.Т нь миний төрсөн хүү байгаа юм. Миний хүү А.Т нь мөн Д.А-ийн данс руу 69.600.000 төгрөгийг шилжүүлэн 2013 оны 7 сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 2-р хорооллын 42-18 тоот 58 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Манай хүү худалдан авсан байрандаа талбайн хэмжилт хийлгэхэд 48,19 мкв байсан бөгөөд үнийн зөрүү болон зардал нийт 11,700,000 төгрөг болсон. Иймд би хүү А.Т-аасаа итгэмжлэл авч, өөрийн байрны талбайн зөрүү 11,868,000 төгрөг, хүүгийн байрны талбайн зөрүү 11,700,000 төгрөг, нийт 23,568,000 төгрөгийг Д.А-ээс авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч А.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Д.А-т холбогдуулан байрны талбайн хэмжээний зөрүү төлбөр нийт 23,568,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.А, А.Т нар болон Д.А нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ хэрэгт авагдсан байдаг. Гэхдээ талуудын хооронд орон сууц захиалгын гэрээ биш худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай актаар Д.А-ийн орон сууцны зориулалттай барилгыг улсын комисс 2016.3.20-ны өдөр хүлээн авсан байдаг. Улсын комиссын актаас харахад 2013.3.21-ний өдрөөс эхлэн барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн. Улсын комиссын актад улсын комиссын бүрэлдэхүүнд Б, О, А, Б, Б нарын нэр бүхий хүмүүс гарын үсэг зурж хүлээн авсан байдаг. Улсын комисс байрыг хүлээн авсан өдрөөс хойш 3 сар 18 хоногийн дараа иргэн Б.А, А.Т нар нь уг байрыг худалдан авсан. Худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэдэг нь нэхэмжлэгч Б.А-ийн тайлбараар нотлогддог. Б.А А.Т нар нь Д.А-с байрыг худалдан авахдаа байрны талбайн хэмжээнд зохих байгууллагаар хэмжилт хийлгэн худалдан авч болох байсан. Гэтэл анх худалдан авахдаа талбайн хэмжээнд хэмжилт хийлгэсэн зүйл байдаггүй. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно. гэж тодорхой заасан. Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлд зааснаар байрыг худалдан авагч Б.А, А.Т нарын гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Д.А-т холбогдуулан орон сууцны талбайн зөрүү үнэ болон талбайн хэмжилт хийлгэхэд гарсан зардалд нэхэмжлэгч Б.А нийт 11,868,000 төгрөг, нэхэмжлэгч Б.Тамир нийт 11,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус тус шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд зохигчдын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 сарын 15-ны өдрийн ,,,, дугаар захирамжаар дээрх хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Б.А, А.Т нар нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг 2013 оны 07 сарын 08-ны өдөр хариуцагч Д.Аээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 1,,,,,,, 18, 19 тоот тус бүр 2 өрөө, 58,0 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авч, үнийг бүрэн төлсөн боловч талбайн хэмжээ дутуу болохыг 2016 оны 4 дүгээр сард мэдсэний үндсэн дээр Б.А нь дутуу талбай болох 9,83 мкв талбайн үнэ 11,796,000 төгрөг, А.Т нь 9,69 мкв талбайн үнэ 11,628,000 төгрөг, мөн хариуцагч Д.А нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гарсан зардлыг нэмж төлөх үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Б.А, Б.Т нар нь хариуцагч Д.А-тэй Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын ,,,,,,, 19 тоот, 58,0 мкв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг Б.А, 18 тоот, 58,0 мкв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг А.Т авахаар, 1 мкв-ыг 1,200,000 төгрөгөөр тооцож, 2 өрөө орон сууцны үнэ 69,600,000 төгрөг байхаар тус тус тохирсон болох нь хэрэгт авагдсан орон сууц захиалгын гэрээнүүд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 33-34, 85-86 дугаар хуудас/

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.А, А.Т нар нь 2013 оны 07 сарын 08-ны өдөр орон сууцны үнэ 69,600,000 төгрөгийг тус тус хариуцагч Д.А-т төлсөн, хариуцагч Д.А нь гэрээнд заасан орон сууцыг 2013 оны 07 сарын 05-ны өдөр тус тус нэхэмжлэгч Б.А, А.Т нарын өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 2013 оны 07 сарын 08-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2013 оны 07 сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000214838, 000214839 дугаартай гэрчилгээнүүд, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Талуудын байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-нд орон сууцны барилгыг 2013 оны 04 сарын 01-ний дотор батлагдсан зураг төслийн дагуу барьж захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан байгаа боловч барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2013 оны 03 сарын 20-ны өдрийн 2013/05-II дугаартай актаар Дархан сумын ,,,,,,,, 25 айлын орон сууцыг 2013 оны 03 сарын 21-ний өдрөөс ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн байна. /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

Дээрх үйл баримтуудаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээг Орон сууц захиалгын гэрээ гэж нэрлэсэн хэдий ч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч Д.А орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нар нь тохирсон үнийг төлөх үүргээ тус тус биелүүлсэн байна.

Нэхэмжлэгч нар нь гэрээний зүйл болсон орон сууц нь гэрээнд зааснаас дутуу хэмжээтэй, биет байдлын доголдолтой байсан гэж үзэж, орон сууцны дутуу талбайн үнийг, гарсан зардлын хамт гаргуулах үндэслэлтэй гэж, хариуцагч Д.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ орон сууцны талбайн хэмжээ нь далд доголдол биш, түүнийг хүлээн авах үедээ талбайн хэмжээний дутуу байдлыг мэдэх боломжтой байхад хүлээн авсан тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж тус тус тайлбарладаг болно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гэрээний зүйл болох орон сууцны талбайн хэмжээг нэг бүр нь 58,0 мкв гэж заасан байгаа боловч нэхэмжлэгч Б.А-ийн өмчлөлийн 19 тоот орон сууцны хэмжээ 48,79 буюу 9,21 мкв-аар, А.Т-ын өмчлөлийн 18 тоот орон сууцны хэмжээ 48,91 буюу 9,09 мкв-аар тус тус дутуу болох нь хэрэгт авагдсан зохигчдын хүсэлтээр шүүхээс томилсон шинжээч А ХХК-ийн сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, дүгнэлтээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д: гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийн биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заажээ.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан хэмжээнээс дутуу талбай бүхий орон сууц шилжүүлж байгаа нь дээрх хуульд заасны дагуу эд хөрөнгийн биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар энэхүү доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д худалдагч ....тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй, мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар байна.

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч Б.А, А.Т нар нь 2013 оны 07 сарын 05-ны өдөр гэрээнд заасан орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн байх тул энэхүү хугацаанаас орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэж үзнэ. Ийнхүү орон сууцыг хүлээн авахаас өмнө буюу хүлээж авахдаа талбайн хэмжээг гэрээнд зааснаас зөрүүтэй эсэхийг шалгах, хэмжилт хийлгэх зэргээр мэдэх боломжтой байжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т зааснаар худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд хуульд заасан шаардлагыг гаргаагүй бол доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах эрхтэй гэсний дагуу дутуу талбайн хэмжээний үнийг шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасан шаардах эрхийн үндэслэл нь эд хөрөнгийн үнийг төлөөгүй байх үеийн шаардлага гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нар орон сууцны талбайн хэмжээг түүнийг хүлээн авах үед мэдэх боломжгүй доголдол гэж тайлбарлаж байгаа бөгөөд талуудын байгуулсан гэрээнд орон сууцны нийт хэмжээг тодорхой заасан байхад уг хэмжээнд хүрч байгаа эсэхийг хэмжиж мэдэх бололцоотой байсан, мөн нэхэмжлэгч Б.А нь тус орон сууцны байрыг ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын гишүүн байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан ... тухайн үед би аймгийн архивын тасгийн дарга байх үедээ албан тушаалаараа тус комиссын гишүүнээр орж байсан... гэсэн тайлбар, 2013 оны 03 сарын 20-ны өдрийн 2013/05-II дугаартай актаар тогтоогдож байгаа зэргээс үзэхэд орон сууцны талбайн хэмжээний дутуу нь түүнийг хүлээн авах үед мэдэх боломжтой байсан доголдол байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авагч болох нэхэмжлэгч нар нь тус эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан байна.

Иймд нэхэмжлэгч Б.А, А.Т нарын хариуцагч Д.Ат холбогдуулан гаргасан гэрээнд зааснаас дутуу талбай бүхий орон сууцны үнийн зөрүү гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Тоонто гранд ХХК-иар хэмжилт хийлгэсний төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч нарыг гэрээний зүйлийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэсэн тул түүнтэй холбоотой хохирол гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.А, А.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.А-т холбогдох, нэхэмжлэгч Б.А-ийн 11,868,000 төгрөг, нэхэмжлэгч Б.Т-н 11,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.А-с төлсөн 204,850 төгрөг, нэхэмжлэгч А.Т-аас төлсөн 202,150 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ