Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 90

 

Б.А-, А.Т- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01028/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 307 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч С- овогтой Б-ийн А-,

Нэхэмжлэгч С- овогтой А-гийн Т- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б- овогтой Д-ийн А-т холбогдох

          “Орон сууцны талбайн зөрүү 11.868.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч А.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А-, нэхэмжлэгчийн өмгөөөлөгч Ө.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч А.Т-аас:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хорооллын 42 дугаар байрны 18 тоот, 2 өрөө орон сууцыг 1мкв-ын 1.200.000 төгрөгөөр тооцож, нийт 58 мкв талбайтай орон сууцыг 69.600.000 төгрөгөөр Д.А-ээс худалдаж авсан. 2016 оны 04 дүгээр сард “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-иас орон сууцнуудын талбайн хэмжээг шинэчлэн тогтоох хэмжилт хийхэд уг байрны ашиглалтын талбай 46.0 мкв болсон учир дахин хэмжилтийг “Тоонто гранд” ХХК-иар хийлгэхэд 48.31 мкв болох нь тогтоогдсон. Иймд уг байрны талбайн зөрүү 9.69 мкв талбайн үнэ 11.628.000 төгрөг, талбайн хэмжээ тогтоолгосон төлбөр 70.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.А-гаас:

2013 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг 2-р хорооллын 42-19 тоот 58 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг ашиглалтад орсны дараа 69.600.000 төгрөгөөр худалдаж авсан. “Дархан дулааны сүлжээ” ТӨХК нь 2016 оны 04 дүгээр сард хэмжилт хийхэд худалдан авсан 2 өрөө орон сууцны талбайн хэмжээ 58 мкв биш 46 мкв талбайтай болохыг мэдсэн. 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын “Тоонто гранд” ХХК-иар орон сууцанд талбайн хэмжилт хийлгэхэд манай орон сууцны талбайн хэмжээ 48.17 мкв байсан. Иймд би хүү А.Т-аас итгэмжлэл авч, өөрийн байрны талбайн зөрүү 11.868.000 төгрөг, хүүгийн байрны талбайн зөрүү 11.700.000 төгрөг, нийт 23.568.000 төгрөгийг авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишээс:

Нэхэмжлэгч нар болон хариуцагч Д.А-ийн хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгын гэрээ” хэрэгт авагдсан байна. Талуудын хооронд орон сууц захиалгын гэрээ биш худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан нь хавтаст хэрэгт авагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах” тухай актаар Д.А-ийн орон сууцны зориулалттай барилгыг улсын комисс 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан байна. Улсын комиссын актаас харахад 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн барилгыг ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн. Худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь нэхэмжлэгч Б.А-гийн тайлбараар нотлогдож байна. Иймд худалдан авагч нарын гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн, орон сууц худалдан авах үедээ хэмжилт хийлгээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч Д.А-ээс:

Улсын комисс байрыг хүлээн авсан өдрөөс хойш 3 сар 18 хоногийн дараа нэхэмжлэгч Б.А-, А.Т- нар нь уг орон сууцыг худалдаж авсан. Байрыг худалдаж авахдаа талбайн хэмжээнд зохих байгууллагаар хэмжилт хийлгэн худалдан авч болох байсан. Гэтэл худалдан авахдаа хэмжилт хийлгэж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 307 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.А-т холбогдох, нэхэмжлэгч Б.А-гийн 11.868.000 төгрөг, нэхэмжлэгч Б.Т-ын 11.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.А-гаас төлсөн 204.850 төгрөг, нэхэмжлэгч А.Т-аас төлсөн 202.150 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-, түүний өмгөөлөгч Ө.Ганзориг нар давж заалдсан гомдолдоо:

Орон сууцны талбайг тусгай зөвшөөрөлтэй компаниуд “Орон сууц барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058:2009 стандартын зохих зааврын дагуу хэмжилт хийж, багаж нь лазарметр буюу шалгалт тохирлын гэрчилгээтэй баталгаажсан мэргэжлийн багажаар хэмжилт хийж дүгнэлт гаргадаг. Худалдан авагч нарын хувьд мэдэх боломжтой биет  байдлын доголдол биш харин Иргэний хуульд зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаа болох 3 жилийн дотор анхны үнийг бууруулахаар шаардаж болох эрхийнхээ дагуу шаардлага гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээн дээр 58 м2 гэж өндөр дүн тависан нь ашиг олохоос гадна анхнаасаа тухайн орон сууцыг м2 дутуу шилжүүлсэн нотолж байхад шүүх дүгнэлт хийгээгүй. Хариуцагч Д.А- нь Б.А-тай ярилцсан бичлэг болох эд мөрийн баримт дээр хохирлыг барагдуулж тохиролцох тухай яригдсан яриа нь өөрийн буруутай болохыг нотолж байна. Иймд анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Арьяа, А.Т- нар хариуцагч Д.А-т холбогдуулж орон сууцны талбайн зөрүү үнэ болон талбайн хэмжилт хийлгэхэд гарсан зардал нийт 23.568.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Д.А- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш нар орон сууцны талбайн хэмжээ нь далд доголдол биш, орон сууцыг хүлээн авах үед мэдэх боломжтой байсан доголдол тул нэхэмжлэгч нар шаардлага гаргах эрхээ алдсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч Б.Арьяа болон түүний өмгөөлөгч Ө.Ганзориг нар эс зөвшөөрч давж заалдсан гомдолдоо “шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэт нэг талыг барьж, шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

Болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн судлан үзвэл анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.А- 11.868.000 төгрөг, нэхэмжлэгч А.Т- 11.700.000 төгрөг хариуцагч Д.А-ээс гаргуулахаар тус тусдаа нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Б.Арьяа, А.Т- нар хариуцагч Д.А-тэй “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 25 айлын сууцны 42 дугаар байрны 19 тоотын 58 м.кв талбай бүхий сууцыг Б.Арьяа, 19 тоотын 58 м.кв талбай бүхий сууцыг А.Т- нар 1 м.кв-ыг  1.200.000 төгрөгөөр үнэлж, тус бүр 69.600.000 төгрөг төлж, худалдаж авсан байх бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар нотлогдох бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй болно.

Хэргийн 33-34, 85-86 дугаар талд авагдсан баримтуудаас харвал талуудын хооронд “орон сууц захиалгын гэрээ” нэртэй гэрээ байгуулагдсан байх боловч энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байна. 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254 .1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Арьяа, А.Т- нар 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрээнд заасан орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн нь тухайн өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000214838, 000214839 дугаартай гэрчилгээнүүд, 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдоно.

Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад  түүнийг авсан” бол шаардлага гаргах эрхээ алдахаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл болж буй доголдол нь мэдэх боломжтой доголдол байсан буюу нэхэмжлэгч нар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл орон сууцыг хүлээж авахаас өмнө буюу хүлээж авахдаа талбайн хэмжээг гэрээнд зааснаас зөрүүтэй эсэхийг шалгах, хэмжилт хийх зэргээр мэдэх боломжтой байжээ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Энэ доголдол нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийг ашиглах эзэмших явцад илэрдэг эд хөрөнгийн доголдол биш юм.

Иймд нэхэмжлэгч Б.Арьяа болон түүний өмгөөлөгч Ө.Ганзориг нарын орон сууцны талбайн зөрүүтэй биет байдлын доголдол нь мэдэх боломжтой биет байдлын доголдол биш бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т “... доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно” гэж зааснаар шаардлага гаргах эрхээ алдаагүй гэсэн давж заалдсан гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн  254.2 дахь заалт нь гэрээний зүйлийг хүлээн авах үед доголдол илэрч, түүнийг арилгах боломжтой бөгөөд ийнхүү гарах зардлын хэмжээг үнэ бууруулах тохиолдолд хэрэглэх заалт тул тухайн маргаантай харилцаанд нийцэх байдлаар шийдвэрлэж болохгүй юм.

Иймд давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Арьяа түүний өмгөөлөгч Ө.Ганзориг нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Арьяагаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202.150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        О.НАРАНГЭРЭЛ 

                                        ШҮҮГЧИД                                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                               Л.АМАРСАНАА