Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2022/00502

 

 

 

 

 

 

 

 

2022 03 15

 

181/ШШ2022/00502

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган 3-р баг Агуйт 3б-14 тоотод оршин суух Боржигон Ачуут овогт Мэндсайханы Угтахбаяр /РД:ГЮ86042604/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Бага тойруу Ж.Самбуугийн гудамж-32 Бльюмон төв 11 давхарт байрлах Мүгэн ХХК /РД:5027551/-д холбогдох

Зуучлалын хөлс 3,800,000 төгрөг болон бичиг баримт гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давгажанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, гэрч П.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон:

 

Япон хэлний сургалт явуулж, хэлний шалгалтад тэнцсэн оюутныг Япон улс руу дадлагажигч ажилтнаар явуулдаг тул 2019 оны 04 сард нэхэмжлэгч М.Угтахбаяр нь хариуцагч Мүгэн ХХК-ийн Япон хэлний анхан шатны сургалтад хамрагдсан.

Нэхэмжлэгч нь 2019 оны 09 сарын 05-ны өдөр Асрахуйн ярилцлагад тэнцсэн бөгөөд Япон Улс руу явах зардал, зуучлалын хураамж 3.800.000 төгрөгийг 2019 оны 10 сарын 29-ны өдөр хариуцагч Мүгэн ХХК-д тушаасан. Хариуцагч компаниас нэхэмжлэгчийг хичээл таслалт их, хичээл зүтгэл гаргахгүй байна гэсэн шалтгаан хэлж Япон Улс руу явуулах боломжгүй гэдэг тайлбар хэлдэг.

Хариуцагч компани нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Машины эд анги шалгах мэргэжлээр ажлын ярилцлагад нэхэмжлэгчийг оруулж нэхэмжлэгч нь мөн уг ярилцлагад тэнцсэн. Хариуцагчаас 2021 оны 08 сарын 19-ны өдөр нэхэмжлэгч М.Угтахбаярт дугаар 21/035 тоот мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдлээр .. таныг Япон улсад дадлагажигч ажилтнаар илгээхээс албан ёсоор татгалзаж байна... хэмээн мэдэгдсэн.

Нэхэмжлэгч М.Угтахбаяр нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн Машины эд анги шалгах мэргэжлээр дадлагажигч ажилтнаар Япон Улс руу явах хүсэл эрмэлзэлгүй. Мөн хариуцагч нь Япон улс руу явуулахаас татгалзаж байгаа албан ёсоор мэдэгддэг тул 2019 оны 10 сарын 29-ны өдөр тушаасан зуучлалын хураамжид төлсөн 3,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн М.Угтахбаярын гадаад паспорт болон дипломыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан тайлбарыг гаргасан:

Мүгэн ХХК нь Монгол Улсын иргэдийг гадаад хөдөлмөр эрхлэх, зуучлах тусгай зөвшөөрөлтэй компани тус зөвшөөрлийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Япон хэлний сургалтад хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх журмаар дадлагажигч ажилтнуудаа явуулдаг. Уг журмын дагуу М.Угтахбаяр нь хүсэлт тавьж , Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтын гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Мүгэн ХХК-ний гүйцэтгэх захирал Бямбасүрэнтэй хийсэн. Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт нь хөдөлмөр эрхлэх зуучлалаар явж байгаа хүмүүсийн анхан шатны N-4, N-5 түвшин гэсэн сургалттай.

М.Угтахбаяр нь Асрахуйн чиглэлээр Япон Улсын компани руу явах ёстой учраас заавал N-4 түвшингийн шаардлагыг хангасан байх ёстой. Хавтаст хэрэгт М.Угтахбаярын хичээлийн ирцтэй холбоотой материалуудыг өгсөн. Үүнээс харвал М.Угтахбаяр нь хичээлээ тасалдаг, мөн N-4, N-5 түвшингийн шалгалтуудыг хангалтгүй өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хичээлийн явц буюу ирц нь нийт 79 байх ёстойгоос тасралт 6, хоцролт 2, чөлөө 2 удаа авч 88 гэсэн үнэлгээгээр 1-р хичээлээ хаалгасан. Харин 2 дугаар хичээлээ 90 гэх үнэлгээтэй хаалгасан.

М.Угтахбаярын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хичээлийн ирц болон N-4 шалгалтын материалаас харахад 57 удаагийн хичээл орсноос ирц 33, таслалт 24, N-4 түвшингийн шалгалтад 42 хувьтай хамгаалж, дараагийн шалгалтыг 34 хувьтай, тестийн шалгалтыг 73 хувьтай хамгаалсан. М.Угтахбаяр нь N-4 шалгалтдаа хангалтгүй үнэлгээнүүдийг авсан, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл N-4 түвшин тогтоох шалгалтад 101 удаагийн хичээл орсноос М.Угтахбаяр нь таслалт 56, хоцролт 3, чөлөө 14 удаа авч, дүрмийн үгсийн сан өгөөгүй, мөн хичээлийн ирц болон хичээлийн дүнг хангалтгүй өгсөн. 

 

М.Угтахбаяр нь өөрийн материал болон намтар, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн хуудас зэрэг шаардлагатай баримтуудыг өгөөгүй. М.Угтахбаяраас удаа дараа шаардсан учраас 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажлын сонгон шалгаруулалтыг цуцлах тухай мэдэгдлийг тус компаниас М.Угтахбаярт ирүүлсэн. Энэ үндэслэлээр манай компани 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр М.Угтахбаярт цаашид дахиж үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдэж мэдэгдэл өгсөн. Ур чадварын дадлагажигч ажилтнаар зуучлуулсан хураамж болох 3,800,000 төгрөгийг манай компани буцааж өгөх боломжгүй. 3,800,000 төгрөгт 2 компанид зуучилсны хөлс, орчуулгын хураамж, Япон компанийн баримт бичиг бүрдүүлэлт зэрэгт орсон. М.Угтахбаяр Япон хэлний анхан шатны сургалтыг авахын тулд 2 удаа бүтэн төлбөр төлсөн. Энэ нь Япон хэлний мэдэгдэхүй олгох сургалтын төлбөр учраас зуучлалын хөлсөнд хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Гэрч П.Нямаа шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбартаа:

 

Би Япон хэлний багш хийдэг, Япон хэл заагаад 10 жил болж байгаа. 2021 оны 03 сараас бичиг баримтыг бие дааж хийж эхэлсэн учраас энэ асуудлыг маш сайн мэднэ. Сүүлийн 5 жил илгээгч байгууллагатай холбоотой ажил хийж байгаа М.Угтахбаяр нь N-5 шалгалтаа дажгүй өгсөн гэсэн, N-4 дээр ирц хангалтгүй, суралцах хугацаандаа суухаар дажгүй байдаг, таслаад явахаар дүн нь доошоо буурдаг. Өөрөө хичээвэл N-4 хангалттай авч чадах хүн байсан гэтэл чадаагүй гэв.

 

 

N-4 түвшинд тэнцвэл асаргааны ажлаар визийг хөөцөлддөг, гэтэл М.Угтахбаяр нь N-4 түвшинг авч чадаагүй хоёр ч удаа N-4 ангид суусан, түвшингээ авч чадаагүй учраас асаргаанд материалыг нь өгөөгүй, Сакура нийгэмлэг нэлээн удаан хүлээгээд эцэст нь энэ хүнийг авч чадахгүй юм байна гэдэг дүгнэлтийг тавиад цуцалсан гэв.

Багш нар хичээл эхлэхэд сургалтын журмыг бүгдийг тайлбарлан танилцуулж, 2 хувь гэрээ өгч, хүүхдүүд маань өөрсдөө уншиж танилцаад гарын үсэг зураад нэг хувийг нь өөртөө авч, нэг хувийг нь буцаагаад багшид өгч, багш нь цааш оффисын менежерт өгдөг. Иймээс уншиж танилцсаны үндсэн дээр л гарын үсэг зурсан байх ёстой.

 

Манай компанийн зуучлалын хураамж 5,800,000 төгрөг байдаг. Урьдчилгаа болох сонгон шалгаруулалтад тэнцээд бичиг баримттайгаа хамт урьдчилгаа болгоод 3,800,000 төгрөг өгдөг. Ингэснээр бид энэ хүний оршин суух зөвшөөрлийг хөөцөлдөж бичиг баримтын орчуулга гэх мэтчилэн бэлтгэл ажиллагаагаа эхэлдэг. Сургалтын төлбөр тусдаа нэг сарын 150,000 төгрөг, 3 сар нь 450,000 төгрөг болно. Манай нэг ангид сонгогдсон бол нэг түвшиндээ хэдэн ч удаа суух боломжтой. Яван явтлаа хэдэн ч удаа хүссэн түвшиндээ дахиж суух боломжтой. Япон талаас илүү олон хүн ирдэг, мөн орчуулга шуудангийн мөнгө зэрэг маш олон зүйлд 3,800,000 төгрөг зарцуулагдана.

М.Угтахбаяр нь N-5 шалгалтад тэнцсэн гэж сонссон, гэхдээ би сертификатыг нь хараагүй, харин N-4 шалгалтыг 2 удаа өгсөн боловч тэнцээгүй гэв.


4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, орлогын ордер, итгэмжлэл,

5. Хариуцагчаас нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Мүгэн ХХК-ний дүрэм, бичгээр гаргасан тайлбар, итгэмжлэл, Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтын гэрээ, Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ, оюутны ирцийн бүртгэл, хөдөлмөрийн нөхцөл заасан бичиг, Япон хэлний анхан болон ахисан анхан шатны сургалтын хөтөлбөр, ажлын сонгон шалгаруулалтыг цуцлах тухай мэдэгдэл, Япон хэлний сургалтанд хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх журам, Монгол улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл, М.Угтахбаярын хичээлийн дүн, ирц N4 түвшин, хичээлийн явц N5 түвшин, Ангид мөрдөх журам зэрэг бичгийн баримтыг шүүхэд ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдэв.

2.Нэхэмжлэгч М.Угтахбаяр нь хариуцагч Мүгэн ХХК-нд холбогдуулан зуучлалын хураамжинд төлсөн 3,800,000 төгрөг болон М.Угтахбаяр миний гадаад паспорт, дипломыг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Мүгэн ХХК нь М.Угтахбаяр нь манай компианиар дамжуулан 2 компанид зуучлуулсан. Япон хэлний N4 түвшингийн шалгалтандаа тэнцээгүй, бид дахин боломж олгож, машины эд анги шалгах мэргэжилд материалыг нь өгч хөдөлмөр зуучлалын дагуу зуучилсан боловч М.Угтахбаяр нь өөрийн материал болон намтар, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн хуудас зэрэг баримтуудыг өгөөгүй, өөрөө явахаас татгалзсан тул Япон тал татгалзсан хариуг бичгээр өгсөн. Бид зуучлалын үүргээ гүйцэтгэсэн тул 3,800,000 төгрөгийг төлөхгүй. Харин М.Угтахбаярын гадаад паспорт, дипломыг өгөхөд татгалзахгүй гэсэн тайлбарыг гаргасан.

4. Нэхэмжлэгч М.Угтахбаяр нь 2021 оны 8 дугаар сарын 16-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,26 дугаар зүйлд заасан эрхийг 3 жилийн хугацаатай Б.Дагважанцанд олгосон. /х.х-ийн 3 хуу/

5. Хариуцагч Мүгэн ХХК нь 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг 3 жилийн хугацаатай олгосон байна. /х.х-ийн 27 хуу/

6. Хариуцагч Мүгэн ХХК нь Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамнаас Монгол улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ний өдрөөс 2019 оны 12 дугаар 31-ний өдрийг хүртэл хугацаатай авч, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаа сунгагдсан. Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны Мэргэжлийн боловсрол сургалтын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газраас 2022 оны 12 сарын 28-ний өдрийг хүртэл хугацаатай Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээг тус тус авчээ. /х.х-ийн 10, 41, 122 хуу/

7. М.Угтахбаяр Мүгэн ХХК-ний хооронд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтын гэрээ-г байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажсан байна. /х.х-ийн 39,40 хуу/

Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтын гэрээ-ний 1.1-д Япон хэлний сургалт нь Япон улсад явуулах баталгаа биш болно., 4.3-т суралцагч нь сургалтын үйл явцад идэвхи санаачлагатай оролцох үүрэгтэй, 4.5-д сургалтын төвийн дотоод дүрэм болон ангид мөрдөх журмыг хатуу чанд мөрдөх үүрэгтэй., 5.1-д суралцагч нь сургалтын явцад 5 удаагийн хоцорсон, 3 өдрийн хичээл тасалсан тохиолдолд нэг удаа сануулах бөгөөд уг снуулгыг биелүүлээгүй нөхцөлд сургалтын төв нь суралцагчид үлдэгдэл төлбөрийг буцаан олгохгүй, гэрээг дуусгавар болгоно., 5.3-т Суралцагч сургалтын явцын шалгалтанд 60%-иас доош үнэлгээ авсан тохиолдолд сургалтаас хасна., 6.2-т Японд мэргэжил дээшлүүлэхээр сонгогдон зуучлалын хураамжийг төлөн сургалтанд хамрагдаж байгаа иргэн тус сургалтын гэрээг зөрчин хасагдсан тохиолдолд зуучлалын хураамж буцааж олгогдохгүй гэж тус тус заажээ. /х.х-ийн 39 хуу/

Мөн Ур чадварын дадлагажигчаар ажиллагчтай байгуулах хөдөлмөрийн гэрээ 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр талууд байгуулсан байна.

М.Угтахбаяр нь дээрхи гэрээний дагуу Япон хэлний N5, N4 түвшингийн сургалтанд хамрагдаж сургалтын төлбөр болон зуучлалын хураамж 3,800,000 төгрөгийг Мүгэн ХХК-нд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн болох нь Мүгэн ХХК-ний санхүүгийн бэлэн мөнгөний орлогын баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон энэ талаар хариуцагч маргаагүй. /х.х-ийн 5 хуу/

8. Нэхэмжлэгч М.Угтахбаяр хариуцагч Мүгэн ХХК нарын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан гэрээний үүрэг үүсэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж хуульчилсан.

Миэ муж набари чёо шимохиначи 3515-5 Цүжи кинзокү сэй сакү шё захирал Цүжи Такахито нь М.Угтахбаярт Ажлын сонгон шалгаруулалтыг цуцлах тухай мэдэгдэл-ийг 2021 оны 8 дугаар сарын 18-ний өдөр ирүүлсэн, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Мүгэн ХХК нь 21/035 дугаартай Мэдэгдэл хүргээлэх албан бичгээр мэдэгдсэн байна. /х.х-ийн 6, 61,62 хуу/

Хариуцагч Мүгэн ХХК нь бид гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, М.Угтахбаяр нь Асрахуйн чиглэлээр Япон Улс руу явахад заавал Япон хэлний N-4 түвшинг хангасан байх шаардлагатай гэтэл 2 удаа шалгалт өгөөд тэнцээгүй, бид боломж олгон дараагийн компанид зуучилсан боловч өөрөөс шалтгаалах баримтыг ирүүлээгүй гэх тайлбар гаргасан нь доорхи нотлох баримтаар тогтоогдоно.

М.Угтахбаяр нь 2019 оны 04 сараас 2020 оны 6 дугаар сар хүртэл суралцах хугацааны Оюутны ирцийн бүртгэл-ээр 86 цагийн таслалт, 5 цагийн хоцролт, 16 цагийн чөлөө авсан, /х.х-ийн 42-46 хуу/

2019 оны 9 дүгээр сарын 16-ний өдрөөс 12 дугаар сарын 06-ний өдөр хүртэлх N-4 түвшингийн шалгалты тест 144-т тэнцэх 350 оноо авахаас 88 оноогоор, тест 146-д тэнцэх 350 оноо авахаас 141 оноо, N4-т тэнцэх 97 оноо авахаас 49 оноо, N4 түвшингийн дүрмийн шалгалтыг өгөөгүй болох нь оюутны ирц, хичээл бүрийн дүрэм, үгийн сангийн жишиг шалгалт, явцын шалгалтын дүн, жишиг шалгалтын тайлангийн материалаар тогтоогдож байна. / х.х-ийн 69-115 хуу/

 

Хариуцагч Мүгэн ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Япон хэлний сургалтанд хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх журам-ын 3-т ажиллаж амьдрах зөвшөөрөл гарах болон Япон улс руу зорчих явцад хэсгийн 1-д Япон улсад ажиллаж амьдрах зөвшөөрлийн хуудас хүлээн авах хэсгийн тайлбарт NAT тест болон J тестийн түвшин тогтоох шалгалт буюу N5 түвшинд тэнцэж сертификат авсан тохиолдолд, Асрахуйн дадлагажигчаар зуучлуулахад N4 түвшингийн шалгалтанд заавал тэнцэж сертификат авсан тохиолдолд Япон улсад зорчихоор журамд заажээ. /х.х-ийн 116,117 хуу/

 

Дээрхи журмыг суралцагч нарт танилцуулан сургалтанд хамруулдаг болох нь гэрч П.Нямаагийн М.Угтахбаяр нь N-4 түвшингийн шалгалтанд тэнцээгүй хоёр ч удаа N-4 ангид суусан, тэнцээгүй учраас асаргаанд материалыг нь өгөөгүй, Сакура нийгэмлэг нэлээн удаан хүлээгээд эцэст нь энэ хүнийг авч чадахгүй гэдэг дүгнэлтийг тавиад цуцалсан хариуг ирүүлсэн. Суралцагч нарт багш нар журмыг танилцуулдаг гэх мэдүүлэг, хариуцагчийн тайлбар болон бусад бичгийн баримтаар тогтоогдсон.

 

Сакура нийгэмлэгийн захирал Каору Миятакэ нь 2021 оны 10 дугаар сарын 27-ний өдөр М.Мэндсайханы талаар тайлбар бичиг ирүүлсэн уг бичигт ... Японд асаргаа судалгааны ур чадварын дадлагажигчаар Японд нэвтрэхийн тулд Японы хуулийн дагуу Япон хэлний шалгалтын 4-р түвшинд тэнцсэн байх ёстой шаардлагыг тайлбарлаж, хагас жилийн дотор 4-р түвшинд өгч тэнцсэн байхыг даалгасан... атал тэнцээгүй, хэрэв тууштай судлахгүй бол Япон хэлний шалгалтын 4-р түвшинд тэнцэхгүй байх нь зүйн хэрэг. Энэ нь хэн нэгний хариуцлага биш, 1-р шатны сонгогчдын үүрэг юм. гэжээ.

9. Дээрхи баримтуудаар нэхэмжлэгч М.Угтахбаяр нь Япон хэлний N4 түвшинд тэнцээгүй, өөрөөс шалтгаалах бичгийн баримтуудыг хариуцагч Мүгэн ХХК-д гаргаж өгөөгүй болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтууд хариуцагчийн тайлбар, гэрч П.Нямаа нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгчийн зуучлалын хөлсөнд төлсөн 3,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Хариуцагч Мүгэн ХХК нь нэхэмжлэгч М.Угтахбаярын гадаад паспорт болон дипломыг гаргаж өгөхөд татгалзахгүй гэсэн тайлбарыг өгсөн.

Иймд М.Угтахбаярын зуучлалын хөлс 3,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, М.Угтахбаярын гадаад паспорт, дипломыг хариуцагч Мүгэн ХХК нь зөвшөөрсөнийг баталж шийдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Угтахбаярын хариуцагч Мүгэн ХХК-аас 3,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар М.Угтахбаярын гадаад паспорт болон диплом гаргуулах шаардлагыг хариуцагч Мүгэн ХХК нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мүгэн ХХК-иас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Угтахбаярт олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 145,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ