Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2022/01214

 

 

 

 

 

 

 

 

2022 06 27 210/МА2022/01214

 

 

М.У ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15ы өдрийн 181/ШШ2022/00502 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.У ын хариуцагч М ХХК -д холбогдуулан гаргасан зуучлалын хөлс 3,800,000 төгрөг болон бичиг баримт гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Япон хэлний сургалт явуулж, хэлний шалгалтад тэнцсэн оюутныг Япон улс руу дадлагажигч ажилтнаар явуулдаг тул 2019 оны 04 дүгээр сард нэхэмжлэгч М.У нь хариуцагч М ХХК -ийн Япон хэлний анхан шатны сургалтад хамрагдсан. Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Асрахуйн ярилцлагад тэнцсэн бөгөөд Япон Улс руу явах зардал, зуучлалын хураамж 3,800,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч М ХХК -д тушаасан. Хариуцагч компаниас нэхэмжлэгчийг хичээл таслалт их, хичээл зүтгэл гаргахгүй байна гэсэн шалтгаан хэлж Япон Улс руу явуулах боломжгүй гэдэг тайлбар хэлдэг. Хариуцагч компани нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр машины эд анги шалгах мэргэжлээр ажлын ярилцлагад нэхэмжлэгчийг оруулж нэхэмжлэгч нь мөн уг ярилцлагад тэнцсэн. Хариуцагчаас 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч М.У т хүргүүлсэн мэдэгдлээр .. таныг Япон улсад дадлагажигч ажилтнаар илгээхээс албан ёсоор татгалзаж байна... хэмээн мэдэгдсэн. Нэхэмжлэгч М.У нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн машины эд анги шалгах мэргэжлээр дадлагажигч ажилтнаар Япон Улс руу явах хүсэл эрмэлзэлгүй. Мөн хариуцагч нь Япон улс руу явуулахаас татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгддэг тул 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тушаасан зуучлалын хураамжид төлсөн 3,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн М.У ын гадаад паспорт болон дипломыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: М ХХК нь Монгол Улсын иргэдийг гадаад хөдөлмөр эрхлэх, зуучлах тусгай зөвшөөрөлтэй компани тус зөвшөөрлийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Япон хэлний сургалтад хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх журмаар дадлагажигч ажилтнуудаа явуулдаг. Уг журмын дагуу М.У нь хүсэлт тавьж , Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтын гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр М ХХК -ний гүйцэтгэх захирал Бямбасүрэнтэй хийсэн. Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалт нь хөдөлмөр эрхлэх зуучлалаар явж байгаа хүмүүсийн анхан шатны H-4, H-5 түвшин гэсэн сургалттай. М.У нь Асрахуйн чиглэлээр Япон Улсын компани руу явах ёстой учраас заавал H-4 түвшингийн шаардлагыг хангасан байх ёстой. Хавтаст хэрэгт М.У ын хичээлийн ирцтэй холбоотой материалуудыг өгсөн. Үүнээс харвал М.У нь хичээлээ тасалдаг, мөн H-4, H-5 түвшингийн шалгалтуудыг хангалтгүй өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хичээлийн явц буюу ирц нь нийт 79 байх ёстойгоос тасралт 6, хоцролт 2, чөлөө 2 удаа авч 88 гэсэн үнэлгээгээр 1-р хичээлээ хаалгасан. Харин 2 дугаар хичээлээ 90 гэх үнэлгээтэй хаалгасан. М.У ын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хичээлийн ирц болон H-4 шалгалтын материалаас харахад 57 удаагийн хичээл орсноос ирц 33, таслалт 24, H-4 түвшингийн шалгалтад 42 хувьтай хамгаалж, дараагийн шалгалтыг 34 хувьтай, тестийн шалгалтыг 73 хувьтай хамгаалсан. М.У нь H-4 шалгалтдаа хангалтгүй үнэлгээнүүдийг авсан, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл H-4 түвшин тогтоох шалгалтад 101 удаагийн хичээл орсноос М.У нь таслалт 56, хоцролт 3, чөлөө 14 удаа авч, дүрмийн үгсийн сан өгөөгүй, мөн хичээлийн ирц болон хичээлийн дүнг хангалтгүй өгсөн гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.У ын хариуцагч М ХХК -аас 3,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар М.У ын гадаад паспорт болон диплом гаргуулах шаардлагыг хариуцагч М ХХК нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар хариуцагч М ХХК -иас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.У т олгож, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 145,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус зааж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь журамд заасан шаардлагыг хангаагүй учир Япон улсад зорчих боломжгүй болсон. Хариуцагчийн зүгээс Япон улс руу зуучлах шаардлагыг хангахгүйг мэдэж байгаа учир нэхэмжлэгчийг зуучлах шаардлагагүй болдог. Хариуцагч компани нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр машины эд анги шалгах мэргэжлээр ажлын ярилцлагад нэхэмжлэгчийг оруулж нэхэмжлэгч нь мөн уг ярилцлагад тэнцсэн. Нэхэмжлэгчийн зүгээс машины эд анги шалгах мэргэжлээр Япон улс руу явах боломжгүй талаар мэдэгдэж талууд зуучлалын гэрээг албан ёсоор хэн аль нь татгалзсан. Хариуцагчаас 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч М.У т и-мэйлээр хүргүүлсэн мэдэгдлээр ...таныг Япон улсад дадлагажигч ажилтнаар илгээхээс албан ёсоор татгалзаж байна. хэмээн мэдэгдсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн үед гэрээнээс татгалзсанд талууд зохигчид хэн аль нь маргаагүй, уг үйл баримтыг тогтоогдсон. Гэрээнээс татгалзсантай холбогдуулан нэхэмжлэгч нь шаардах эрх үүссэн. Мөн ковид-19 цар тахалтай холбогдуулан Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай дугаар 239 тогтоолоор хилийн бүх боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоосон зэрэг үйл баримтаар Япон улс руу зуучлах боломжгүй зэрэг нөхцөл байдал үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч манай байгууллагатай анх сувилахуйн чиглэлээр явах зуучлалын гэрээ байгуулсан. Өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас япон хэлний түвшин тогтоох шалгалт буюу Н5 түвшинд тэнцээгүй учир манай компанийн зүгээс нэхэмжлэгчид дахин боломж олгож машин угсралтын газарт дахин зуучилсан. Нэхэмжлэгчийн хувийн зохион байгуулалтаас шалтгаалах ирц, идэвхээс болж Н4 түвшний шаардлагыг хангаагүй учир татгалзсан мэдэгдэл өгсөн. Машины эд анги угсрах зуучлалын байгууллагад тэнцээгүй тул японоос татгалзсан шийдвэр гарсан. Цар тахалтай холбогдуулж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч өөрөө Н4, Н5 түвшний шалгалтад тэнцсэн бол явах бүрэн боломжтой байсан. 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Япон улсаас албан ёсоор хариу мэдэгдэл ирсэн учир манай байгууллагын зүгээс танилцуулсан. Манай байгууллагын хувьд Япон хэлний анхан шатны мэдэгдэхүүн болон түвшин тогтоох шалгалтыг авдаг. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн зуучлалын гэрээний харилцааны талаар зөв дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

3. Нэхэмжлэгч М.У нь хариуцагч М ХХК -д холбогдуулан зуучлалын хураамжинд төлсөн 3,800,000 төгрөг болон гадаад паспорт, диплом гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нь гадаад паспорт, диплом өгөхийг зөвшөөрч, зуучлалын үүргээ гүйцэтгэсэн тул 3,800,000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

4. Хариуцагч М ХХК нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас авсан, хүчин төгөлдөр Монгол улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл, мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээгээр тус тус зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны хүрээнд М.У тай 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтын гэрээг байгуулжээ.

Уг гэрээний 1.1, 4.3, 4.5, 5.1, 5.3 дахь заалтын зохицуулалт нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжийг, гэрээний 6.2 дахь заалт нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний шинжийг агуулсан байх тул зохигчид хоорондоо Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан холимог гэрээг байгуулсан гэж дүгнэхээр байна.

5. М.У нь 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 06 дугаар сар хүртэл суралцах хугацааны Оюутан ирцийн бүртгэл-ээр 86 цагийн таслалт, 5 цагийн хоцролт, 16 цагийн чөлөө авсан, түүнчлэн, М ХХК -ийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Япон хэлний сургалтанд хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх журмын 3-т заасан асрахуйн дадлагажигчаар зуучлуулахад Япон хэлний шалгалтын 4-р түвшинд тэнцээгүй болох нь оюутны ирц, хичээл бүрийн дүрэм, үгийн сангийн жижиг шалгалт, явцын шалтгалтын дүн, жишиг шалгалтын тайлангийн материалаар тогтоогдсон байна. /хх42-46, 69-115/

6. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч М.У нь Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтын гэрээний 5.1, 5.3, 6.2-т заасны дагуу зуучлалын хураамж 3,800,000 төгрөгийн буцаан шаардах эрхгүй талаар зөв дүгнэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул зуучлалын хөлс шаардах эрхтэй гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15ы өдрийн 181/ШШ2022/00502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН