Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2020/02635

 

 

 

 

 

 

 

 

2020 оны10 сарын23 өдөр

181/ШШ2020/02635

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.б ХХК /Р/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Г.Т /РД:/-д холбогдох,

 

3,959,302.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Алтан шарнууд овгийн Гармаа овогтой нь 2017 оны 10 сарын 26-ны өдөр Г.бтай ЗГ/160722400 тоот ЗЭС кредит картын гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг бэлэн зээлийн хэрэгцээнд сарын 3,5 хувийн хүүтэй, бэлэн бус зээлийн хэрэгцээнд 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан болно. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй Зэс кредит картыг 14 сар хугацаа хэтрүүлж банкыг хохироож байгаа тул кредит картын гэрээний 6.1.11 -д заасны дагуу Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар буцаан дуудаж байна. Иймд 2020 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 2,572,393.37 төгрөг, зээлийн хүү 1,026.318.80 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 69,540.88 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 290,749.25 төгрөг, нийт 3,959,302.30 төгрөгийг Г.гээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. надад Г.бны тусгай активын хэлтсийн дарга *******гээс нэхэмжлэл гаргаж Зэс кредит картын зээлийн төлбөр болох 3,959,302 төгрөгийг банкийг хохироосон гэж үзэж хүү болон алданги тооцож зээлийн үндсэн төлбөрөөс гадна зээлийн хүү, зээлийн эрх хэтрүүлсний хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэн хүү болон улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шаардан шүүхийн байгууллагад хандсан байна. Иймд иргэний хувиар хариу тайлбар гаргаж байна. Шүүх хурлыг хэвлэл мэдээлэлд нээлттэй хийх хүсэлтэй байна. Миний бие үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажил хийж өөрийн орлогоо олж гэр бүлээ авч явдаг. Харин надаас шалтгаалаагүй дэлхий дахинд тохиолдсон цар тахалтай КОВИД-19 үед олон нийтийн бүх арга хэмжээг улсын хэмжээнд цуцалснаар үндсэндээ миний бизнест маш сөрөг нөлөө үзүүлсэн. Харин банкны зүгээс хэрэглэгч болох миний биеэс хариу тайлбар авалгүйгээр, эрхэлдэг ажил цаг үеийн нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйл зэргийг харгалзалгүй шууд шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргасан нь сэтгэл санааны хувьд дарамтад оруулж депрестэх нөхцөл байдал үүсгэсэн хэмээн үзэж байна. Иймд уг хэргийг олон нийтэд нээлттэй хийж надаас гадна надтай ижил хүнд нөхцөл байдалд орсон иргэдэд мэдээлэх, тэдэнтэй хамтрах цаашлаад хэвлэлийн бага хурал хийх, шүүхийн үйл явц шийдвэрийг хүргэх, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандах зэргээр өөрийн эрхийг хамгаалах нөхцөлийг хангаж өгөхийг хүсэж байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуульд 3.1.1 Хэрэглэгч гэж бараа. ажил. үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус. зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг хэлнэ хэмээн заасан байна. Мөн төлбөрийн асуудлаар мэдээлэлгүйгээр эрхэлдэг ажил, үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй картын үйлчилгээ өгсөн банкнаас 100 метр ч хүрэхгүй оршин суудаг надад хандалгүйгээр шүүхэд нэхэмжлэл үүсгэж албадлагын шинж чанартай төрийн албан хаагчаар шүүхийн нэхэмжлэхийг хүргүүлэн өгсөн зэрэг нь МУ-н Хэрэглэгчийг хамгаалах тухай хууль-ийн: 4.1.2.хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл олж авах, хэрэглээний соёл эзэмших боломжоор хангагдсан байх; 5.4.Бараа, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаагүйгээс хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсны төлбөрийг Иргэний хуулийн арван найм. тавин хоёрдугаар бүлэгт заасны дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрхтэй гэсэн заалтууд дахь үйлчилгээний талаар мэдээлэл авах боломжоор хангагдах эрх зөрчигдөж, ажил үйлчилгээний чанар. аюулгүй байдал хангаагүйгээс эрүүл мэндэд нөлөөлж депресстэх нөхцөл байдал үүссэн зэрэг нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Мөн ажил эрхлэлт байдлыг харгалзан үзэлгүй, үйлчлүүлэгч болох миний биетэй зөвшилцөлд хүрэлгүй уг нэр хүнд бүхий Г.б нь шууд шүүхийн байгууллагад уг асуудлыг шилжүүлсэн нь өөрөө иргэн миний биеийг үл тоомсорлосон үйлдэл болох бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэж заасныг зөрчсөн үйлдэл мөн хэмээн үзэж байна. Уг картын бэлэн мөнгөний зарлагын хүү нь өөрөө 3,5 хувь байдаг нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн 12.9. Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэсэн заалтыг мөн зөрчиж харилцагч хэрэглэгчдэд илтэд хохиролтой уг банкны хувьд ашигтай нөхцөлтэй хэт нэг талыг барьж хийгдсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүнгээс зөвхөн үдсэн зээлийн төлбөрийг төлнө. Бусад хүүгийн төлбөрийг төлөхгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.б ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,959,302.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдлийг төлнө, бусад хүүгийн төлбөрийг төлөхгүй, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 2,100,000 орчим төгрөг байх ёстой гэсэн тайлбар гаргаж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2017 оны 10 сарын 26-ны өдөр Г.б ХХК болон Г. нарын хооронд ЗГ/160722400 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ нэртэй гэрээ /хх-6-8 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Г.б ХХК нь Г.д кредит картын үйлчилгээгээр дамжуулан зээл олгох, Г. нь кредит картад үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл, хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцлийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Г.б ХХК нь Г.гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, Г. нь зээл, зээлийн хүүг Г.б ХХК-д буцаан төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Г. нь нэхэмжлэгч Г.б ХХК-д төлөх үндсэн төлбөрийн үлдэгдлийн хэмжээ нь 2,100,000 орчим төгрөг байх ёстой гэж маргаж байх боловч уг тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй байна.

Хариуцагч шүүх хуралдаанд зээлийн үндсэн төлбөрөөс бусад хүүгийн төлбөрийг төлөхгүй гэх шалтгаанаа Ковид 19 халдварт өвчний улмаас авсан хязгаарлалтын арга хэмжээтэй холбон тайлбарлаж, уг арга хэмжээний улмаас түүний эрхлэн үйл ажиллагааг нь явуулдаг компанийн ашиг орлого муудсан гэж тайлбарлаж байх боловч хариуцагч ямар компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг болон тухайн компанийн үйл ажиллагаа нь хэрхэн доголдсон, ашиг орлого нь хэрхэн буурсан, ийнхүү үйл ажиллагаа доголдох болон ашиг орлого буурахад Ковид 19 халдварт өвчний улмаас авсан хязгаарлалтын арга хэмжээ нөлөөлсөн гэдгийг шүүхэд баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байхын зэрэгцээ дээрх шалтгаан нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх үндэслэл болохгүй, харин шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзэх нөхцөл байдал тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Г.б ХХК нь нэхэмжлэгчээс 2020 оны 09 сарын 04-ний өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн үндсэн төлбөрт 2,572,393.37 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,026,318.80 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүүгийн төлбөрт 69,540.88 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн хийсэн тооцоолол /хх-9-12 тал/ зөв байна.

Харин нэхэмжлэгч нь зээлийн хугацаа хэтрүүлсний хүүг 1 хувиар тооцохоор гэрээнд заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтад Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөрт 2,572,393.37 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,026,318.80 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүүгийн төлбөрт 69,540.88 төгрөг гаргуулах шаардлага буюу нийт 3,668,253 төгрөгийн шаардлагыг хангаж, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүгийн төлбөрт шаардсан 290,749.25 төгрөгийн шаардлагыг, мөн нэхэмжлэгчийн зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, зээлийн эрх хэтрүүлсний хүүгийн төлбөр, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүгийн төлбөрийн дүнг хооронд нь нэмж нэгтгэн тооцохдоо алдаж тооцсоны улмаас илүү тооцож нэхэмжилсэн 300 төгрөгийн шаардлагыг, нийт 291,049 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Г.гээс 3,668,253 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 291,049 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн хариу тайлбарт шүүх хуралдааныг нээлттэй явуулах, уг хэргийг олон нийтэд мэдээлэх, хэвлэлийн бага хурал хийх, шүүхийн шийдвэрийн үйл явцыг олон нийтэд хүргэх, өрсөлдөөний байгууллагад хадах зэргээр өөрийн эрхийг хамгаалах нөхцлийг хангуулах гэж дурдагдсан байдлыг шүүх хуралдаанд хариуцагчаас тодруулсан, хариуцагч дээрх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх асуудал биш гэдгээ шүүх хуралдаанд зөвшөөрсөн болохыг, мөн шүүх хуралдаанд нээлттэй явагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Г.гээс 3,668,253 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 291,049 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 78,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гээс 73,642 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.б ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.УУГАНБАЯР