Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00326

 

Г Б ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/02635 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г Б ХХК-ийн хариуцагч Г.Тд холбогдуулан гаргасан 3 959 302.30 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Голомт банктай ЗГ/160722400 тоот зэс кредит картын гэрээ байгуулж 3 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг бэлэн зээлийн хэрэгцээнд сарын 3.5 хувийн хүүтэй, бэлэн бус зээлийн хэрэгцээнд 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан болно. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй Зэс кредит картыг 14 сар хугацаа хэтрүүлж банкийг хохироож байгаа тул кредит картын гэрээний 6.1.11 -д заасны дагуу Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар буцаан дуудаж байна. Иймд 2020 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 2 572 393.37 төгрөг, зээлийн хүү 1 026 318.80 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 69 540.88 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 290 749.25 төгрөг, нийт 3 959 302.30 төгрөгийг Г.Тгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т надад Голомт банкны тусгай активын хэлтсийн дарга Б.Энхтүвшингээс нэхэмжлэл гаргаж Зэс кредит картын зээлийн төлбөр болох 3 959 302 төгрөгийг банкийг хохироосон гэж үзэж хүү болон алданги тооцож зээлийн үндсэн төлбөрөөс гадна зээлийн хүү, зээлийн эрх хэтрүүлсний хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэн хүү болон улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шаардан шүүхийн байгууллагад хандсан байна. Иймд иргэний хувиар хариу тайлбар гаргаж байна. Шүүх хурлыг хэвлэл мэдээлэлд нээлттэй хийх хүсэлтэй байна. Миний бие үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажил хийж өөрийн орлогоо олж гэр бүлээ авч явдаг. Харин надаас шалтгаалаагүй дэлхий дахинд тохиолдсон цар тахалтай үед олон нийтийн бүх арга хэмжээг улсын хэмжээнд цуцалснаар үндсэндээ миний бизнест маш сөрөг нөлөө үзүүлсэн. Харин банкны зүгээс хэрэглэгч болох миний биеэс хариу тайлбар авалгүйгээр, эрхэлдэг ажил цаг үеийн нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйл зэргийг харгалзалгүй шууд шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргасан нь сэтгэл санааны хувьд дарамтад орсон. Иймд уг хэргийг олон нийтэд нээлттэй хийж надаас гадна надтай ижил хүнд нөхцөл байдалд орсон иргэдэд мэдээлэх, тэдэнтэй хамтрах цаашлаад хэвлэлийн бага хурал хийх, шүүхийн үйл явц шийдвэрийг хүргэх, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандах зэргээр өөрийн эрхийг хамгаалах нөхцөлийг хангаж өгөхийг хүсэж байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуульд 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүнгээс зөвхөн үдсэн зээлийн төлбөрийг төлнө. Бусад хүүгийн төлбөрийг төлөхгүй гэжээ.

 

 

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Г.Тгээс 3,668,253 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г Б ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 291,049 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 сарын 07-ны өдөр урьдчилан төлсөн 78,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Тгээс 73 642 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

 

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн хуралдаан дээр Голомт банкний эсрэг маргах үйл явцад шуүгчийн зүгээс шаардагдах нотлох баримтыг авч ирж шүүхэд хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх үндэслэл болохгүй, харин шүүгчийн харгалзан үзэж болох нөхцөл байдал хэдий ч уг хариуцагчийн татгалзлыг хүчингүй буюу үндэслэлгүй хэмээн үзсэн. Миний зүгээс Голомт банкнаас уг зээлийн картны дансны хуулга болох нотлох баримтыг банкнаас авахыг хүссэн боловч зээлийн эдийн засагчаас авах боломжтой хэмээн хариу өгсөнийг Г Б харилцагчийн лавлах утсыг бичиж авдаг архивд хадгалаатай байгаа хэмээн таамаглаж байна. Харамсалтай нь уг шүүхийн шийдвэр гарсан даруйд Ковид-19 өвчний улмаас хөл хорионд орсон. Мөн нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргахад банк өөрсдийн үйл ажиллагааны

ашигтай байдлын үүднээс баримтыг иргэн надад өгөхгүй байх татгалзах бүрэн

боломжтой юм. Миний бие зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар

сард дууссан байхад өндөр хүү бүхий алданги хуримтлагдсаар байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн уг шүүхийн ажиллагаанд иргэн хүнийхээ хувьд судалж цуглуулсан мэдээлэл болох Үндсэн хууль, Хэрэглэгчийн хамгаалах хууль, Хэрэглэгчийн эрхийг

хамгаалах тухай хуулиудаас иш татсаныг огтхон ч хүлээж авалгүйгээр банкны талд

шийдвэрээ гаргасан хэмээн үзэж байна. Иймд дээрх шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ

 

Нэхэмжлэгч Г Б ХХК нь хариуцагч Г.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 959 302.30 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч 2 100 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/160722400 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулагдаж, 3 000 000 төгрөгийн лимит /хязгаар/ бүхий зээлийн картыг бэлэн бус гүйлгээнд сарын 2 хувь, бэлэн мөнгөний гүйлгээнд сарын 3.5 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 6-8 дугаар тал/ Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч Г.Т нь нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн 2 100 000 төгрөг л төлөх үүрэгтэй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан зээлийн картны тооцооллоос үзэхэд нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс кредит карт ашиглан зээл авч, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн төлөлтийг бүрэн төлж дуусгасан байна. 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс дахин зээл авч, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 700 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 861 000 төгрөгийг тус тус төлсөн байх ба 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 2 572 393.37 төгрөг, зээлийн хүү 1 026 318.80 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 69 540.88 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 290 749.25 төгрөг, нийт 3 959 302.30 төгрөг хуримтлагдсан талаар зээлийн картны дансны хуулгад дурьджээ. /хэргийн 9-12 дугаар тал/ Иймээс хариуцагч Г.Тгээс зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6-д төлбөр эргэн төлөгдөх өдрөөс өмнө эргэн төлөгдөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээгээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг сарын 1 хувиар тооцохоор дээрх зээлийн картны дансан дахь хуулгаар тохиролцсон байх тул 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс зээлийн төлбөрийг эргэн төлөх хугацааг зөрчснөөс хойшхи хугацааны нэмэгдүүлсэн хүү 69 540 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэгч зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх тухай заалттай нийцээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 291 049 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөрт 2 572 393.37 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 026 318.80 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүүгийн төлбөрт 69 540.88 төгрөг гаргуулах шаардлага буюу нийт 3 668 253 төгрөгийн шаардлагыг хангаж, 291 049 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

 

Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, талаас нь үнэлсэн гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/02635 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 78 642 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

С.ЭНХТӨР