Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 363

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00040 дугаар шийдвэртэй М.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Э” ХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болон нэмэлт цалин урамшууллыг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн “Э” ХК-ийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажлын байр цомхтголд орсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн явуулж, сахилгын болон ямар нэгэн сануулах арга хэмжээ авч байгаагүй. Намайг ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас халсан тул Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэр гарч, ажилд эргэн томилогдох хүртэлх хугацааны үндсэн цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх, ажиллаж байсан хугацаандаа авч байсан бусад хангамж болох жилийн эцэст олгодог 13 дах сарын нэмэлт цалин урамшуулал болох 3 895 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлөөлөн Удирдах Зөвлөлийн “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 26 тоот тогтоолоор хувьцаа, IPO хариуцсан нэгж байгуулагдаж чиг үүргийн давхардал үүссэн тул компанийн хэмжээнд бүтцийн өөрчлөлт хийгдэж зарим ажлын байрыг хасаж, ажилтны орон тоог цөөрүүлэн шинэчилсэн. Хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон талаар 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 01 тоот мэдэгдлээр мэдэгдсэн бөгөөд М.Б нь тухайн өдөр “Мэдэгдлийг хүлээн авсан, агуулгыг ойлгосон” гэж гарын үсэг зурсан бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн санаачлагаар “Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 26 тоот шийдвэрийн дагуу бүтцийн өөрчлөлт орж, хувьцаа, IPO хариуцсан газар шинээр бий болж хэлтсийн чиг үүрэг уг газарт шилжиж байгааг ойлгож байна, ажлаас гэнэт халагдсан гурван сарын тэтгэмжийг авч ажлаас чөлөөлөгдөхөд ямар нэгэн гомдолгүй болно” гэж хүсэлт бичиж өгсөн. Үүний дагуу нэхэмжлэгчид 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б-г “Э” ХК-ийн Стратеги. бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 370 321 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 дахь сарын нэмэлт цалин, урамшуулал болох 3 895 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37 437 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс “Э” ХК-д Стратеги бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилогдон ажиллах хугацаандаа ажил үүргээ хэвийн гүйцэтгэж компанийн 2017-2020 оны бизнес төлөвлөгөөг амжилттай шинэчлэн боловсруулж батлуулсан. Энэхүү бизнес төлөвлөгөөний дагуу тус компани нь 2017, 2018 онуудад түүхэндээ байгаагүй их ашигтай ажилласан. Гэтэл байгууллагын зүгээс орон тоо цомхтгосон гэх хуурамч тушаал гарган, Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Хэрэв нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдөөгүй, ажлаа хэвийн хийж байсан бол байгууллагаас авдаг байсан улирлын урамшуулал болох 13 дах сарын цалинг авах боломжтой байсан. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг бүрэн хангаж 2018 оны үр дүнгийн урамшуулал, нэмэлт цалин, улирал тутмын бонус 150 000 төгрөгийг нэмж хариуцагч талаас гаргуулах шаардлагатай байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр дээр нэхэмжлэгч талын сарын үндсэн цалин 4 627 260 төгрөгийг 3 850 000 төгрөг болгон буруу тооцсоныг залруулан шийдвэрт өөрчлөлт оруулан, урамшууллыг 4 627 260 төгрөгөөс тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч “Э” ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1/ хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.19/

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Э” ХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч М.Б нь Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/425 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх.5-9/ Уг тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэл болгосон бөгөөд хариуцагч нь тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар тогтоолоор бүтцийн өөрчлөлт хийж, орон тоог цөөрүүлсэн тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэх тайлбар гарган мэтгэлцсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар орон тоо хасагдсан, цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон, адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоо хасагдсан гэх нөхцөлүүдийн аль нэг нь тогтоогдсон байх шаардлагатай. Хариуцагч компанийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б/425 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан аль үндэслэл, нөхцөл бүрдсэнийг нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Хэрэгт авагдсан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” 26 дугаар тогтоолын /хх.64-65/ нэг, хоёрдугаар хавсралтын “Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газар”-т “Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтэс” байна. Хариуцагч нь дээрх тогтоолоор Хувьцаа, IPO хариуцсан газар байгуулагдаж, үүнтэй холбоотойгоор чиг үүргийн давхардал үүссэн тул бүтцийн өөрчлөлт хийж, зарим ажлын байрыг хассан, уг өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан тул түүнийг чөлөөлсөн гэж тайлбарладаг /хх.19/ боловч тус тогтоолоос харахад нэхэмжлэгчийн ажлын байр цомхтгогдсон гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч М.Б-ийн “Э” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт хандаж гаргасан “Хувьцаа, IPO хариуцсан газар шинээр бий болж Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн чиг үүрэг уг газарт шилжиж байгааг ойлгож байна” гэж бичсэн баримт хэрэгт авагдсан. /хх.30/ Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор өөрийнх нь даргаар ажиллаж байсан хэлтэс зохион байгуулалтын нэгжийн хувьд байхгүй болсон гэж ойлгон, тэтгэмжээ авах хүсэлт гаргасан гэх агуулгатай байна. Иймд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхийг зөвшөөрсөн, өөрөө хүссэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Хариуцагч компани нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч М.Б-д 3 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж болох 12 920 160 төгрөгийг олгосон болох нь талуудын тайлбар, мөнгө шилжүүлсэн баримт /хх.20/ зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрын зөрүү 1 370 321 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагч “Э” ХК-д даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт нийцсэн байна.

Нэхэмжлэгч нь 13 дах сарын нэмэлт цалин, урамшуулал болох 3 895 000 төгрөг гаргуулахтай холбоотой шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй, мөн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр нэхэмжлэгч М.Б-ийн сарын үндсэн цалин 3 895 000 төгрөг болж өөрчлөгдсөн байх тул 4 627 260 төгрөгөөс урамшууллыг тооцуулах талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2019/00040 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ