Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2019/00040

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 27 өдөр    Дугаар 182/ШШ2019/00040                Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

    

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.Б нэхэмжлэлтэй,

  

Хариуцагч: Э ХК-д холбогдох 

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нэмэлт цалин урамшууллыг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т,   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, Э.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга С.Н нар оролцов.

                                                                                              

         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Э ХХК-ийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд ажил үүргээ зөрчилгүй, хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэж байсан. Гэтэл ажил олгогчийн зүгээс 45 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэлгүй 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 15/425 тоот тушаал гаргаж уг ажлын байр нь цомхтголд орсон гэж худал тушаал гаргаж, миний оронд өөр хүн ажилд авч, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн явуулж, сахилгын болон ямар нэгэн сануулах арга хэмжээ авч байгаагүй. Намайг ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас халсан учир дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэр гарч, ажилд эргэн орох хүртэлх хугацааны үндсэн цалинг гаргуулах, дээрх хугацаан дахь Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх, ажиллаж байсан хугацаандаа авч байсан бусад хангамж болох жилийн эцэст олгодог 13 дахь сарын нэмэлт цалин урамшуулал болох 3.895.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нэхэмжлэлд бичгээр өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч М.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 26 тоот тогтоолоор Хувьцаа, IPO хариуцсан нэгж байгуулагдаж чиг үүргийн давхардал үүссэн тул компанийн хэмжээнд бүтцийн өөрчлөлт хийгдэж, зарим ажлын байрыг хасаж, ажилтны орон тоог цөөрүүлэн шинэчилсэн байдаг. Байгууллагын зүгээс тухайн тогтоолтой холбогдуулан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон талаар 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 01 тоот мэдэгдлээр мэдэгдсэн бөгөөд М.Б нь тухайн өдөр “Мэдэгдлийг хүлээн авсан, агуулгыг ойлгосон "гэж гарын үсэг зурсан байдаг. М.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн санаачлагаар ...Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 26 тоот шийдвэрийн дагуу бүтцийн өөрчлөлт орж, Хувьцаа, IPO хариуцсан газар шинээр бий болж хэлтсийн чиг үүрэг уг газарт шилжиж байгааг ойлгож байна, ажлаас гэнэт халагдсан гурван сарын тэтгэмжийг олгон ажлаас чөлөөлөхөд ямар нэгэн гомдолгүй болно.” гэж ямар нэгэн гомдол байхгүй гэдгээ илэрхийлсэн өргөдлийг гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Э ХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээний 8 дугаар зүйлийн 8.17.1-д “...ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор 1-3 жил ажилласан бол 3 хүртэл сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно...” гэж заасны дагуу М.Бд 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн Голомт банкны 1809040357 тоот дансанд олгосон. Өөрөөр хэлбэл М.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр өргөдөл гаргахдаа өөрийн ажиллаж байсан орон тоонд шинэчлэлт орж байгааг ойлгосон бүтэц, орон тоог шинэчилэн танилцуулсан бүдүүвчтэй танилцаж мэдсэн бөгөөд ажлаас чөлөөлөгдөхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Б нь Э ХХК-д холбогдуулан урд эрхэлж байсан Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж энэ тухай дэвтэрт бичилт хийлгэх, жилийн эцэст олгодог нэмэлт цалин, урамшууллыг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ Төлөөлөн удирдах зөвлөлийн “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 26 тоот тогтоолоор Хувьцаа, IPO хариуцсан нэгж байгуулагдаж чиг үүргийн давхардал  үүссэн тул компанийн хэмжээнд бүтцийн өөрчлөлт хийгдсэн учир ажилтны орон тоог цөөрүүлэн шинэчилсэн тул М.Бг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Шүүх хуралдаанаар дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд

 

Э Хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/425 дугаартай “М.Бг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Э хувьцаат компанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3.4, 10.3.12, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 3 дугаар зүйлийн 3.14 дэх хэсэг, Төлөөлөн удирдах зөвлөлийн компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 26 тоот тогтоол, хамтын гэрээний 8 дугаар зүйлийн 8.17.1 дэх заалтыг үндэслэн Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Мөнхбаатарын Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, үндэслэлээ “орон тоог цөөрүүлсэн” гэж тодотгосон байна.

 

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар тухай байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон зүйлгүй, уг албан тушаал байхгүй байхаар баталсан зүйл алга байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. “Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэх заалтыг үндэслэн М.Бг ажлаас чөлөөлсөн боловч дээрх тохиолдол тус бүрийн аль нь хамаарч буйг нэрлэн заагаагүй, тодруулбал уг тушаал эх сурвалжийг хэрэглэсэн байдлын хувьд тухайн эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч М.Бг Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход М.Бгийн 2018 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 12.920.161 төгрөгийг 3 сард тооцоод /4.306.720 төгрөг: 3 сар/ дундаж цалин 4.306.720 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын дундаж цалин 4.306.720 төгрөгийг ажлын 22 хоногт тооцоод /4.306.720 төгрөг: 22 хоног/ 195.760 төгрөг болж байна.

 

2018 оны 09 дүгээр сарын 13-наас 2018 оны 12 дугаар сарын 26-ыг хүртэлх хугацааны цалин 14.920.481 төгрөг болж байна.

 

Хариуцагч байгууллага нь 3 сарын цалинтай тэнцэх 12.920.160 төгрөгийн тэтгэмжийг нэхэмжлэгчид олгосон нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн төлбөрийн даалгаврын хуулгаар тогтоогдож байх тул үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй.

 

Иймд ажилгүй байсан хугацааны цалин 1.370.321 төгрөгийг хариуцагч Э ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч М.Б олгож шийдвэрлэв. 

      

М.Б нь Э ХХК-иас жилийн эцэст олгодог 13 дах сарын нэмэлт цалин, урамшуулал 3.895.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. М.Б нь 13 дахь сарын нэмэлт цалин, урамшуулал 3.895.000 төгрөгийг 100 хувь зайлшгүй авах талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Иймд 13 дахь сарын нэмэлт цалин, урамшуулал болох 3.895.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

 

Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдах нь зүйтэй.    

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч М.Бг Э ХХК-ийн Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.370.321 /нэг сая гурван зуун далан мянга гурван зуун хорин нэгэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 дахь сарын нэмэлт цалин, урамшуулал болох 3.895.000 /гурван сая найман зуун ерэн таван мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч М.Бгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Э ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 37.437 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ДАВААСҮРЭН