Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/03

 

Ч.Аод холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                         С.Алтай

Нарийн бичгийн дарга                                Н.Энхнаран

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн

өмгөөлөгч                                                        Ө.Батболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               М.Энхтуяа

Шүүгдэгч                                                          Ч.А нар оролцов.

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/386 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Аод холбогдох эрүүгийн ________ дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, Буурал овогт Чулуунбаатарын А.

Шүүгдэгч Ч.А нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны орой 23 цаг 30 минутын үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 40 дүгээр байрны урд талын төв засмал замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд ______ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалт, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус замаар гарч явсан явган зорчигч М.Э, Н.Т нарыг мөргөж, М.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Н.Тгийн амь насыг хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай шүүгдэгч Ч.Аыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Э, Н.Т нарыг мөргөж, М.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Н.Тгийн амь насыг хохироосон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/386 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Б овогт Ч.Аыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний биед хөнгөн хохирол учруулж, нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ч.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аод оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Эт 6.000.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-д 12.500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ч.Аын ______ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  даруй хүргүүлж,

- Хохирогч М.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс  нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,  

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Батболд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх ял халдаахдаа баримттай хохирлоос нь 1 800 000 төгрөг илүү төлсөн байгаа нөхцөл байдал /амь хохирогчийн/ хохирогч М.Эийн хохиролд 6 сая төгрөг төлсөн нөхцөл байдалд дүгнэлт хийж хохирлоо төлсөн гэдэг агуулгаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан 1 жилийн хорих ял оногдуулсанг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хохирогч нарын зүгээс нэгэнт босоод ирэхгүй гэдэг хорвоогийн үнэнтэй дөрөө харшуулж, ухаан зааж, уудам сэтгэл гаргасан нөхцөл байдлыг тунгаалгүй андуу ташаа ойлгож Монгол төрийн албан хаагч хэрнээ архидан согтуурч өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болтлоо согтож Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.2, 12.3-т заасан дүрмүүдийг ноцтой зөрчиж, дөнгөж амьдралаа зохиож байгаа нэгэн гэр бүлийн эхнэр нөхөр хоёрыг зэрэг дайрч, 1 хүний биед хөнгөн гэмтэл учруулж, 1 хүний амийг авч одсон этгээдэд 1 жилийн хорих ял оногдуулж байгаа нь зүйд нийцэх үү?

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэх ёстой байтал нийгэмд гарч буй энэ мэт завхралыг дэмжсэн агуулгатай шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч М.Э нарын ухаан зааж үлдээсэн уучлалыг хүлээн авч шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болголоо болголоо гэхэд заналт дайсанд хоолоо дээрэмдүүлсэн, цагаан сүүнээсээ салаагүй байсан амь хохирогчийн үрийг яагаад бодсонгүй вэ? Алаг үрдээ эм аваад явж байсан эхнэр нөхрийг дайрч амийг нь бүрэлгэсэн этгээдэд яагаад ганцхан жилийн хорих ял оногдуулна гэж. Яагаад 4 жил, 5 жил байж болохгүй гэж? Ийм асуудалд яагаад ийм мэдрэмжгүй хандаж байна вэ?

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Батболд гаргасан тайлбартаа: Миний бие давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Сая шүүгч гомдлыг бүрэн эхээр нь уншиж танилцууллаа. Мөн гомдлыг хэргийн оролцогч нарт бичгээр танилцуулсан учир нэмж ярих зүйл алга байна. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.А гаргасан тайлбартаа: Миний хувьд өөрийн энэ гаргасан үйлдэлд маш их гэмшиж, харамсаж байгаа. Гомдлын талаар надад хэлээд байх зүйл алга байна. Боломж байдаг бол би цаашдаа энэ хүмүүстэйгээ холбоотой байж, бага насны хүүхдэд тусалж дэмжиж явахыг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа гаргасан тайлбар, саналдаа: ...Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хэрэг нь болгоомжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн. ...Өмгөөлөгч Батболд мөн ял хүндрүүлэх талаар ямар нэгэн санал гаргаж байгаагүй. ...Архи уусан явдал нь буруутай гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийнх биш байсан. Жолооч нь маш их согтолттой байсан учир гэрт нь хүргээд өгчихье гэсэн байр суурьтай явж байгаад энэ ослыг гаргасан. Хохирогч Э 6 000 000 төгрөг нэхэмжилж авсан байдаг. Гэхдээ хэргийн материалд эмчилгээний зардал гэж нэг ч баримт гаргаж өгөөгүй санагдаж байна. Оршуулгын зардал 11 000 000 төгрөг гаргаж өгсөн. Мөн насанд хүрээгүй хүүхдийн хадгаламжид 1 000 000 төгрөг хийж, цаашдаа боломжоороо нэмээд явна гэж байгаа. Талийгаачийн хадгаламжийн асуудлыг нь шийдвэрлэж өгсөн. Ээж нь тэтгэврээ тогтоолгож чадаагүй 2, 3 жил өнгөрсөн байсныг хөөцөлдөж тогтоолгож өгсөн. Ажилгүй байсан аав, дүүд нь ажлын байр санал болгож өгсөн. Ийм байдлаар шүүгдэгч өөрийн хувийн зүгээс боломжтой бүхнийг сэтгэл гарган дэмжиж тусалсан. Үүнийг нь буруутгах үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Алтай гаргасан дүгнэлтдээ: ...Ч.Аын үйлдсэн гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5-8 жилийн хугацаагаар хасаж, 2-8 жилийн хугацаагаар хорих санкцтай хэрэг байдаг. Хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр анхан шатны журмаар хэлэлцэж, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгчийн зүгээс “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн нь, түүнчлэн энэ хүнийг олон жилийн хугацаагаар явуулбал яах вэ гэсэн байр суурьтай байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдах байх. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэсэн нь хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болов уу гэсэн байр суурьтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гомдлыг үндэслэн  хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Ч.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний биед хөнгөн хохирол учруулж, нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тухайлбал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн гэж дүгнэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ч.А нь 2,23 промилле буюу дунд зэргийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, урсгал сөрж замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Тгийн амь нас хохирч, зорчигч М.Эийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд шүүгдэгчийн гэм буруу, хор уршигт бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялын хоёрны нэгээс багагүй хэмжээний буюу 1 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Батболдын гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Ч.Аын хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09ий өдрийн 2020/ШЦТ/386 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Ч.Аыг анхан шатны шүүхэд очих хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                Ж.ДОЛГОРМАА