Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/166

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ... А-од холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Улс төр судлаач мэргэжилтэй, Хэрлэн сумын ... дугаар багийн нийгмийн ажилтан ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ...оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  ... овогт ... А /РД: .../

 

Шүүгдэгч ... А нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны орой 23 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 40 дүгээр байрны урд талын төв засмал замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд ...ДОР улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалт, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас тус замаар гарч явсан явган зорчигч ...Э, ...Т нарыг мөргөж, ...Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, ...Тамь нас  хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө нь мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна...гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ...Эмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 5-13 тоотод нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Талийгаач Т нь миний төрсөн охин. ... 2020 оны 09 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн орчимд найзуудтайгаа хоолонд ороод ирье гэж хэлээд гэрээсээ гарсан бөгөөд тухай өдрөө осолд орж нас барсан...” гэжээ. /хх-ийн 16 тал/

 

 

Хохирогч ...Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 09 дүгээр сарын 17-ны орой эхнэр Т, О, У нарын хамт Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний төвийн баруун талын “Vip” караоке-д дуулсан. Бид 4 караокенаас 23 цагийн орчимд гараад баруун тийш эмийн сан орж эмээ авчихаад буцаад зүүн тийш 40 дүгээр байрны харалдаа урд талын төв замаар явж байсан ба тухайн үед би эхнэр Тгийн хамт, бид хоёрын ард О, У хоёр 10-аад алхмын ард явж байсан. ... 40 дүгээр байрны харалдаа байдаг автобусны буудлын чигтээ зам хөндлөн гарах гээд явж байхад ертөнцийн зүгээр баруун талаас замаар машин ирээд эхнэр бид хоёрыг ард талаас мөргөсөн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэжээ /хх-ийн 19 тал/

Гэрч ...У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхээ: “...Тухайн газраас 22 цаг 50 минутын орчимд гараад 24 цагийн эмийн сан руу Т, Э нарын хүүхдэд нь эм аваад эмийн сангаас гараад замаар ертөнцийн зүгээр зүүн тийш замын урд талд 8 орчим метрийн зайд Э, Т нар явж байсан. Улмаар зам гарах гэхэд ертөнцийн зүгээр баруун талаас машин урсгал сөрөөд бид хоёрын хажуугаар өнгөрөөд урд явж байсан Э, Т хоёрын араас нь мөргөсөн. ... замын хашлаганаас 1 метр орчим зайд хоёулаа зам дээр унасан. Мөргөсний дараа харахад Приус-20 маркийн ...ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан ба жолооч нь бууж ирэхэд согтуу, архи уусан байдалтай байсан. Мөн жолоочийн хажуу талын суудал дээр согтуу хүн байсан...” гэжээ /хх-ийн 21 тал/

 

Гэрч О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зам гарах гэхэд ертөнцийн зүгээр баруун талаас машин урсгал сөрөөд бид хоёрын хажуугаар өнгөрөөд урд явж байсан Э, Т хоёрын араас нь мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/

 

Гэрч М мөрдөн шалгах ажиллагаад мэдүүлэхдээ: “...Бид хоёр буудлын гадаа  авсан архиа задалж ууж байгаад талаар нь үлдээгээд Ч-гийн гэрийнх нь гадаа очсон. ... Ч-гийн гэрийн гадаа бид 3 сууж байгаад 37 дугаар байрны дэлгүүр рүү очиж дахиж 1 шил архи аваад буцаад Ч-гийн гэрийн гадаа буюу 36 дугаар байрны урд зогссон. Тэнд очоод авсан архиа бид гурав задалж уусан ба архи дуусаагүй байхад Ч-аа гэр рүүгээ орсон. Үлдсэн архийг А бид хоёр ууж байгаад би унтаад өгсөн. Нэг мэдэхэд түс тас гэх чимээ гарсан ба би машиныхаа урд талыг мөргөж сэрсэн. ... харахад машины урд талын шил нь хагарсан байсан. Тухайн үед машиныг найз А бариад явсан байсан. Тухайн үед А бид хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэжээ /хх-ийн 24-25 тал/

 

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 740 тоот дүгнэлтэд:

  1. ...Э-ийн биед зүүн нүдний ухархайн дээд хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, зүүн жавьжны зүсэгдсэн шарх, нүүрний зулгарал, зүүн өвдөгний язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн цаг хугацаанд  үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 28-29 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 121 тоот дүгнэлтэд:

1. Талийгаач ...Т цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, зулай дэлбэн нилэнхүйдээ, бага тархины баруун тал аалзан хальсны доорх цус харвалт, дух хэсгийн хуйхан доорх цус хуралт, дух, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, нуруу, баруун зүүн сарвуу, зүүн ташааны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүдээс гавал тархины гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад дух хэсгийн хуйхан доорх цус хуралт, дух, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын язарсан шарх, нуруу, баруун зүүн сарвуу, зүүн ташааны зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй.

5. Талийгаач нь их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэн нилэхүйдээ, бага тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсны доорх цус харвалт, дух хэсгийн хуйхан доорх цус хуралт гэмтлийн улмаас нас баржээ.

6. Талийгаачийн цусанд хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд спиртын алкаголь илрээгүй” гэжээ. /хх-ийн 38-40 тал/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар тал/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-10 дугаар тал/

-Зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 11-13 дугаар тал/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ий 34-36 дугаар тал/

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 60 дугаар тал/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар тал/

-А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ... овогт ... А нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны орой 23 цаг 30 минутын орчимд Дорнод аймаг, Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг, 40 дүгээр байрны урд талын төв засмал замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд ...ДОР улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсний улмаас тус замаар гарч явсан явган зорчигч ...Э, ...Т нарыг мөргөж, ...Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, ...Т амь нас  хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч ...Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э, гэрч У, О, М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 740 тоот дүгнэлт, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 121 тоот шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, мөрдөгчийн магадлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч А-од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний биед хөнгөн хохирол учруулж, нэг хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний биед хөнгөн хохирол учруулж, нэг хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шүүгдэгч А нь хохирогч ...Э-ийн эмчилгээний зардалд 6000.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд нийт 12500.000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Хохирогч ...Э нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ...Э-т 6000.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э 12500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч А-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт ... А-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний биед хөнгөн хохирол учруулж, нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч ... А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-од оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ын цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч ...Эт 600.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э-д 12500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч А-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  даруй хүргүүлсүгэй.

 

7. Хохирогч ...Э нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс  жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.БАТЖАРГАЛ